Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0058/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа

Улсын яллагч                                              *******арангэрэл,

Шүүгдэгч                                                        *******  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******арангэрэлээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гахан овогт Ганхүүгийн Дт холбогдох 2239000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 3А-06 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Гахан овогт Г. Д /СЭ:90090610/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 29-10 тоотод байрлах хохирогч*******ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, зодож, түлхэж унаган түүний эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч*******ийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Юмзав 16 цагийн орчимд нийгмийн даатгал бөглүүлнэ гээд гарсан. Би гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн юм. Эхнэр бид 2 дундаа 1 утастай, эхнэр утсаа аваад гарсан болохоор бид холбогдож чадаагүй юм. Орой 20 цагийн орчимд манай эхнэрийн найзууд болох Болортуяа түүний нөхөр Д, Лхамжав, түүний эхнэр Мөнхчимэг нарын хамт бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. Би хүмүүс ирэхээр нь сар шинэ болоод удаагүй байгаа болохоор бууз жигнэсэн. Бууз гарсны дараа эмэгтэйчүүд караокед орж дуулахаар явахад нь би Дын приус-30 маркын машиныг жолоодож эмэгтэйчүүдийг Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед хүргэж өгөөд буцахдаа “Анужин” гэх дэлгүүрээс 0,75 граммын савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архи 1 ундаатай аваад гэртээ харьсан Тэгээд би Лхамжав, Д нартай архиа хувааж уугаад дуусах үед Д бид 2 үл ойлголцлоос болж маргалдсан. Тухайн үед миний уур хүрээд Дын хамар хэсэг рүү нэг удаа мөргөөд унагаасан Тэгээд би буцаж ширээнд суугаад ширээн дээр ундаа ууж байхад Д аймар хурдан миний нүүр хэсэгт 2 удаа цохиод авсан. Би Дыг барьж аваад гэрт хүүхдүүдийн хажууд муудалцаад яах вэ гээд гадаа гаръя гээд тавихад намайг хаалгаар гарах үед түлхэхэд нь би хий гишгэж толгойгоороо паар мөргөж унасан. Би босоод Дын ардаас гарахад намайг хэд хэд унагаасан. Биднийг Лхамжав салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

            2. Гэрч З.Юмзавын “...Гэртээ харихад манай нөхөр, Лхамжав, Д нар байхгүй, манай хүүхдүүд маань байсан. Гэрийн шал, буйдан, обой цус болсон байхаар нь ямар ч байсан муудалцсан байна даа гэж бодсон. Манай нөхөр гар утасгүй учраас холбоо барьж чадалгүй нөхрийгөө хүлээгээд сууж байтал манай нөхрийн толгойн дээд хэсгээс цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Дт зодуулсан гэж хэлсэн. ...Зүүн чихний дээд хэсэгт хагарсан, хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

3. Гэрч Э.Лхамжавын “...Архи дууссаны дараа Батцэнгэл, Д нар маргалдаж Батцэнгэл, Дыг мөргөж хамраас нь цус гарсан. Тэгээд тэр хоёрыг барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад гадаа гарна гээд салсан... Гарахдаа үүдний өрөөнд унаад зууралдаад байх шиг байсан. Би ардаас нь гадаа гараад очиход Д Батцэнгэлийн дээр гарчихсан дараад сууж байхаар нь би салгасан. Би юунаас болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л цохилцоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

4. Шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай “...Х.Бийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/

5. Яллагдагчаар *******ын “...02 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Болортуяагийн хамт найз болох Лхамжавын гэр буюу Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 22-07 тоотод 15 цагийн орчимд очсон. Биднийг очоод удаагүй байхад эхнэрийн найз Юмзав ганцаараа ирсэн. Сар шинийн баяр болоод удаагүй байсан болохоор бид бага зэрэг архи уусан. Лхамжавын гэрээс 20 цагийн орчимд Юмзавын гэр буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 29-10 тоотод очсон. Юмзавын нөхөр Батцэнгэл хүүхдүүдийнхээ хамт бууз жигнээд байж байсан. Эмэгтэйчүүд караокед орж дуулахаар болоход Батцэнгэл хүргэж өгөөд ирэхдээ 0,75 граммын савлагаатай Хараа нэртэй 1 шил архи, 1 ундаатай авч ирсэн. Тэгээд Батцэнгэл, Лхамжав бид 3 хувааж уусан. Архи дуусах үед Батцэнгэл бид 2 үл ойлголцлоос болж маргалдахад Батцэнгэл миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан. Би хамрынхаа цусыг тогтоосны дараа Батцэнгэлийн нүүр хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэр үед Батцэнгэл босож ирээд гадаа гаръя гэж хэлсэн. Би Батцэнгэлийг том өрөөнөөсөө гарах үед нь түлхэхэд Батцэнгэл үүдний хаалганы хажууд байх жижиг өрөөний паарыг толгойгоороо мөргөж унасан. Түүний дараа Батцэнгэл гарч ирээд над руу дайрах үед нь би 2 удаа тонгорч унагаад дээрээс нь дарж байхад Лхамжав биднийг салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 29-10 тоотод байрлах хохирогч*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, зодож, түлхэж унаган түүний эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хохирогч*******ийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Юмзав 16 цагийн орчимд нийгмийн даатгал бөглүүлнэ гээд гарсан. Би гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн юм. Эхнэр бид 2 дундаа 1 утастай, эхнэр утсаа аваад гарсан болохоор бид холбогдож чадаагүй юм. Орой 20 цагийн орчимд манай эхнэрийн найзууд болох Болортуяа түүний нөхөр Д, Лхамжав, түүний эхнэр Мөнхчимэг нарын хамт бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. Би хүмүүс ирэхээр нь сар шинэ болоод удаагүй байгаа болохоор бууз жигнэсэн. Бууз гарсны дараа эмэгтэйчүүд караокед орж дуулахаар явахад нь би Дын приус-30 маркын машиныг жолоодож эмэгтэйчүүдийг Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед хүргэж өгөөд буцахдаа “Анужин” гэх дэлгүүрээс 0,75 граммын савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архи 1 ундаатай аваад гэртээ харьсан Тэгээд би Лхамжав, Д нартай архиа хувааж уугаад дуусах үед Д бид 2 үл ойлголцлоос болж маргалдсан. Тухайн үед миний уур хүрээд Дын хамар хэсэг рүү нэг удаа мөргөөд унагаасан Тэгээд би буцаж ширээнд суугаад ширээн дээр ундаа ууж байхад Д аймар хурдан миний нүүр хэсэгт 2 удаа цохиод авсан. Би Дыг барьж аваад гэрт хүүхдүүдийн хажууд муудалцаад яах вэ гээд гадаа гаръя гээд тавихад намайг хаалгаар гарах үед түлхэхэд нь би хий гишгэж толгойгоороо паар мөргөж унасан. Би босоод Дын ардаас гарахад намайг хэд хэд унагаасан. Биднийг Лхамжав салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

            Гэрч З.Юмзавын “...Гэртээ харихад манай нөхөр, Лхамжав, Д нар байхгүй, манай хүүхдүүд маань байсан. Гэрийн шал, буйдан, обой цус болсон байхаар нь ямар ч байсан муудалцсан байна даа гэж бодсон. Манай нөхөр гар утасгүй учраас холбоо барьж чадалгүй нөхрийгөө хүлээгээд сууж байтал манай нөхрийн толгойн дээд хэсгээс цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Дт зодуулсан гэж хэлсэн. ...Зүүн чихний дээд хэсэгт хагарсан, хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Э.Лхамжавын “...Архи дууссаны дараа Батцэнгэл, Д нар маргалдаж Батцэнгэл, Дыг мөргөж хамраас нь цус гарсан. Тэгээд тэр хоёрыг барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад гадаа гарна гээд салсан... Гарахдаа үүдний өрөөнд унаад зууралдаад байх шиг байсан. Би ардаас нь гадаа гараад очиход Д Батцэнгэлийн дээр гарчихсан дараад сууж байхаар нь би салгасан. Би юунаас болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л цохилцоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай “...Х.Бийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/

Яллагдагчаар *******ын “...02 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Болортуяагийн хамт найз болох Лхамжавын гэр буюу Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 22-07 тоотод 15 цагийн орчимд очсон. Биднийг очоод удаагүй байхад эхнэрийн найз Юмзав ганцаараа ирсэн. Сар шинийн баяр болоод удаагүй байсан болохоор бид бага зэрэг архи уусан. Лхамжавын гэрээс 20 цагийн орчимд Юмзавын гэр буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 29-10 тоотод очсон. Юмзавын нөхөр Батцэнгэл хүүхдүүдийнхээ хамт бууз жигнээд байж байсан. Эмэгтэйчүүд караокед орж дуулахаар болоход Батцэнгэл хүргэж өгөөд ирэхдээ 0,75 граммын савлагаатай Хараа нэртэй 1 шил архи, 1 ундаатай авч ирсэн. Тэгээд Батцэнгэл, Лхамжав бид 3 хувааж уусан. Архи дуусах үед Батцэнгэл бид 2 үл ойлголцлоос болж маргалдахад Батцэнгэл миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан. Би хамрынхаа цусыг тогтоосны дараа Батцэнгэлийн нүүр хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэр үед Батцэнгэл босож ирээд гадаа гаръя гэж хэлсэн. Би Батцэнгэлийг том өрөөнөөсөө гарах үед нь түлхэхэд Батцэнгэл үүдний хаалганы хажууд байх жижиг өрөөний паарыг толгойгоороо мөргөж унасан. Түүний дараа Батцэнгэл гарч ирээд над руу дайрах үед нь би 2 удаа тонгорч унагаад дээрээс нь дарж байхад Лхамжав биднийг салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...******* миний бие нь  тухайн үед  найз *******тай харилцан ганц нэг цохилцсон. Үүнээс үүдэн******* миний биед ямар нэгэн хохирол, гомдол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” /1-р хх-ийн 72-р тал/  гэсэн баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган /  төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Гахан овогт Ганхүүгийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                                     Д.ГАНЗОРИГ