| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02810/И |
| Дугаар | 102/ШШ2017/02312 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/02312
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/02312 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ...дүгээр байр, ... тоотод оршин суух, Боржигон овогт Д.А.
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Д.А миний бие 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Зөвлөлтийн барилгын СОТ-3 дугаар трестед контакийн гагнуурчинаар ажилласан. СОТ-3 дугаар трестед гагнуурчнаар ажиллаж байгаад 1985 онд ажлаасаа гарч өөр ажилд орсон. Энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт маань гэр галд шатснаас болж үгүй болсон. Надад өгөх ямарч бичиг баримт байхгүй. Архиваас шүүхэд ажилд орсон тушаал өөр зүйл олдохгүй байна. Иймд намайг 1980 оноос 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зөвлөлтийн барилгын СОТ-3 дугаар трестед гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.А нь Зөвлөлтийн барилгын СОТ-3 дугаар трестед контакийн гагнуурчинаар 1980 оны 6 дугаар 10-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Д.Аийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Д.А нь Зөвлөлтийн барилгын СОТ-3 дугаар трестед контакийн гагнуурчинаар 1980 оны 6 дугаар 10-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь 1980 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Барилга барилгын материалын Үйлдвэрийн яамны харъяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын “Ажилд авах тухай” тушаал /ХХ 6-7/, 1984 оны 1 дүгээр сард авахуулж байсан фото зураг /ХХ 13/, түүнтэй хамтран ажиллаж байсан Ц.Энхжаргал, О.Энхтуяа нарын тодорхойлолтууд /ХХ 8-12/, гэрчээр асуусан тэмдэглэлүүд /ХХ 14-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Сартуул овогт Д.Агийг 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестэд контакийн гагнуурчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА