Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0265/З |
Дугаар | 648 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 648
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.Н, П.Н.Э, Д.Д нарыг оролцуулан “С.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “С.Г” ХХК /РД:25777../
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Соёлын төв өргөө-В корпс, ... тоот
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э, Д.Д.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Засгийн газрын .. байр
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Дын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С.Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “
1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан талаар:
Манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгууль зэргийг эс хүлээн зөвшөөрч Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн гэх албан тушаалтан С.Ц нь манай гомдлын 20,000,000 төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хангах боломжгүй гэж улсын байцаагчийн 5/06 дугаар албан шаардлага хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх хариуг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2/293 дугаар албан бичгээр өгсөн байна.
Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөрдлөгө болгох үүрэгтэйгийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтад “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.16 дахь заалтад ”Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу түүний 9 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу манай компаниас Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасны дагуу улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байдаг.
Гэтэл манай компанийн гомдлыг хангах боломжгүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн даалган шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон гэх үндэслэлтэй юм.
2. Улсын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг хүчингүй болгох үндэслэл:
Манай компани нь улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтад заасан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагааг явуулаагүй болно.
Учир нь тухайн хяналт шалгалтын хугацаанд манай компани ямар нэг байдлаар хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж ямар нэг байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн түүнчлэн ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй болно.
Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь тухайн зах зээлд өрсөлдөж байгаа аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан өрсөлдөж буй манай компанид 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан шийдвэрийг гаргасныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.
Улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу тухайн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй байдаг.
Тодруулбал, манай компани яг ямар хуулиар хориглосон худалдааны аргыг хэрэглэж хэн хэн гэх нэртэй ямар хэрэглэгчийг хэрхэн хохироосон, үүний улмаас ямар аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг яаж хязгаарлаж, ямар хохиролтой үр дагавар үүсгэсэн болохыг ямар нэг баримтаар нотлоогүй буюу манай компанийн зүгээс ийм төрлийн ямар ч үйлдэл гаргаагүй, хэн нэгний өрсөлдөөнийг хязгаарлаагүй.
Дээр дурдсанчлан бодит байдалд нийцээгүй, хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй зөрчил гэх зүйлийг арилгахыг шаардсан албан шаардлага нь үндэслэлгүй болж байгаа бөгөөд мөн тогтоогдоогүй, нотлогдоогүй зөрчилд оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгууль үндэслэлгүй болсон гэж бид үзэж байна.
Иймд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгууль зэргийг тус тус хүчингүй болгож, манай компанийн үйл ажиллагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье.” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н, улсын ахлах байцаагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1/19 дугаартай удирдамж баталж, шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд анх хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Т.П” ХХК, “М.Т” ХХК, “С.Г” ХХК-иуд хязгаарлалт хийсэн нөхцөл байдлууд тогтоогдсон.
Ийм учраас нарийвчлан хяналт шалгалтыг хийх агентлагийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай удирдамж баталж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа өмнөх хяналт шалгалтаас гадна дахин шинэ ажлын хэсэг гарган хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хэсгийн ажлын удирдамж, чиглэл нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг шалгах, “засвартай, нөөц байхгүй, төвөөс түр ажиллагаагаа зогсоо гэсэн” гэх зэрэг тодорхойгүй байдлаар үйл ажиллагааныхаа доголдлыг арилгахгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа, мөн эрх бүхий зөвлөлийн шийдвэр нэг мөр гараагүй байхад дур мэдэн бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа, мөн АИ-95, нано авто бензиний үнийг нэмэгдүүлсэн үйлдэлд хяналт шалгалт хийсэн.
Энэ хяналт шалгалт нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай удирдамжийн хүрээнд “С.Г” ХХК-д хийгдсэн хяналт шалгалт бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу прокурорт бүртгүүлж, прокурорын хяналтан дор явуулсан бөгөөд зөрчил тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн хорин мянгатай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Гэтэл “С.Г” ХХК-ийн зүгээс энэ шийтгэлийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбар няцаалтуудыг өгч байна.
Нэг. “Улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон” гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн 2010 оны шинэчилсэн найруулгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан боловч асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар 2012 оны Засгийн газрын 66 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг батлан орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилон газрын хуралдаан хийгддэг болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын дүрмээр газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоож, Өрсөлдөөний тухай хуулинд заасан 16 дугаар зүйлийн 16.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, 8 дугаар зүйлийн 8, 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17 дахь заалтуудад холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр заасан байдаг. Иймд улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг газрын хуралдаанаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно. Өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан шүүхийн практик ч улсын ерөнхий байцаагч, улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг хянах бүрэн эрхгүй гэж дүгнэж байгаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтад заасан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй” гэсэн тухайд, хяналт шалгалт хэд хэдэн удаагийн үе шаттайгаар хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизелийн түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож, дизель түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100,000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан.
Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нөөцийн мэдээллээр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс А-80 авто бензин 68, АИ-92 авто бензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй үлдэгдлийн мэдээгээр “С.Г” ХХК-ийн үлдэгдэл нөөц хэвийн хэмжээнд байгаа нь харагдаж байна.
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С.Г” ХХК-ийн ШТС-2 салбар дизель түлшийг 100 литрийн хязгаарлалттай, ШТС-28, ШТС-40 дизель түлшийг өөрийн компанийн “Ай Си” картаар борлуулж байсан.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 тоот удирдамжийн дагуу шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С.Г” ХХК-ийн ШТС-23 шатахуун түгээх станц нь бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй, “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийж байсан.
Сүхбаатар дүүргийн ШТС-43 нь АИ-95 бензинийг хязгааргүй борлуулж, АИ-92 авто бензинийг “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С.Г” ХХК-ийн ШТ-43 салбар, ШТ-42 салбаруудад бэлэн мөнгөөр үйлчлэхгүй зөвхөн “С.Г” ХХК-ийн “Ай Си” картаар үйлчилгээ үзүүлж хязгаарласан байдалтай байсан. Тухайн үед хяналт шалгалтын ажлын хэсэг тухайн Шатахуун түгээх станцуудын шатахуун хадгалах савнуудын үлдэгдлийг шалгахад доорх хэмжээний үлдэгдэлтэй байсан.
Шатахуун түгээх станц | Дизель түлш | АИ-92 | АИ-92 | А-95 |
ШТС-43 | 11135 литр | 10726 литр | 14372 литр | 25904 литр |
ШТС-42 | 6667 литр | 3025 литр | 3344 литр | 5776 литр |
“С.Г” ХХК-ийн Шатахуун түгээх станцуудын эрхлэгчдээс “Ай Си” картыг шинээр хэрэглэгчдэд олгож байгаа эсэх талаар асуухад карт хэвлэгдэхгүй байгаа, карт өглөө төвөөс авчирсан боловч дууссан гэх зэрэг тайлбар өгч байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ШТС-43, ШТС-42 салбараар үйлчлүүлж байсан иргэдээс гэрчийн мэдүүлэг дуу дүрсний бичлэгээр нотлох баримт бэхжүүлж авсан.
“С.Г” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар шатахууныг үндэслэлгүйгээр хязгаарлалттайгаар борлуулсан, хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож ялгавартай хандсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаар хандсан этгээдүүдэд үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан зэрэг нь тухайн худалдан авагчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үндэслэл болсон.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан “Шатахууны жижиглэнгийн үнэ бүрдэлт, компаниудын ашиг алдалтын тооцоог судалж, санал дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлтээр аж ахуйн нэгжүүдийг шатахууны нөөцөөс үүссэн хязгаарлалт хийх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийн хэмжээний талаарх мэдээг аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн гаргадаг байна.
Ашигт малтмал, газрын тосны газар
“С.Г” ХХК-ийн 2015-2017 оны 12 дугаар сарын авто бензин, дизель түлшний үлдэгдлийн мэдээг харьцуулахад АИ-92 авто бензиний 2017 оны 12 дугаар сарын үлдэгдэл 2016 оны 12 дугаар сараас 1668.78 тонноор илүү, дизелийн түлш 1307.4 тонноор дутуу үлдэгдэлтэй байна.
“С.Г” ХХК-ийн Авто бензин дизель
түлшний үлдэгдлийн мэдээ /2018. 01 сар/
Компанийн нэр | АИ-92 | ДТ | ||||||||
тонн | Тонн | |||||||||
1.02 | 1.09 | 1.16 | 1.23 | 1.31 | 1.02 | 1.09 | 1.16 | 1.23 | 1.31 | |
С.Г ХХК | 3048.04 | 2908.28 | 2731.43 | 2067.51 | 2358.71 | 2497.41 | 2843.86 | 2568.21 | 1576,09 | 2052,99 |
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдаанаар авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн, онцгой албан татварыг нэмэгдүүлсэн ч шатахууны жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг саармагжуулах тогтвортой байдлыг хангах талаар зөвлөмж гаргасан байдаг.
Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор зарим хилийн боомтоор импортлох авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, санал дүгнэлтийг нь зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтож, зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргах хүртэл аж ахуйн нэгжүүд аливаа хэлбэрээр шатахууны үнийг нэмэгдүүлэх, хязгаарлалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/43 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн агуулга нь “Хамтарсан зөвлөл”-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, ингэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэх, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэл, газар дээр нь хийсэн үзлэг, шалгалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан “Шатахууны жижиглэнгийн үнэ бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судалж санал дүгнэлт гаргах “ажлын хэсгийн дүгнэлт зэргээр Улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал “С.Г” ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд дизель түлш болон АИ-92 авто бензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Ай Си” картаар борлуулан авто бензин болон дизель түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж литрээр хязгаарлаж худалдаалсан, зөвхөн хэрэглэгчийн карт эзэмшигч хувь хүн, албан байгууллагад олгож бэлэн мөнгөөр хэрэглэгчдэд үйлчлээгүй зэрэг байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр хязгаарлалттайгаар борлуулсан, хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож ялгавартай хандсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаар хандсан этгээдүүдэд үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан зэрэг нь тухайн худалдан авагчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт “ хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж зааснаар хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэсэн заалтыг зөрчиж байна.
Үүнээс үүдэн өрсөлдөөн ямар сөрөг үр дагавар гаргадаг вэ гэхээр жирийн аж ахуйн нэгжийн борлуулалтын ачаалал ихсэн хэрэглэгчийг бухимдуулж байна. Энэ тохиолдол нэг удаагийн үйлдэл биш юм. 2011, 2012 онуудад зарим аж ахуйн нэгжийн хязгаарлалт хийсэн зөрчилд шүүхийн шийдвэрээс хэрэглэгчтэй ялгавартай хандсан гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н, улсын байцаагч Д.Д нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 тоот тогтоолоор А-80, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизелийн түлшний хангамж нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/04 тоот удирдамжаар ажлын хэсэг гарч “С.Г” ХХК-д хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтын ажлын хэсэг “С.Г” ХХК-ийн станцуудаар явж газар дээр нь үзлэг шалгалт хийсэн. “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь АИ-92 авто бензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн “С.Г” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18/395 тоот албан бичгийн хавсралт “Үнэ өөрчлөх хүснэгтээр” 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр АИ-92 авто бензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь нотлогдсон тул гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсвэл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэж заасныг зөрчсөн гэж үзэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Гэтэл “С.Г” ХХК-ийн зүгээс энэ шийтгэлийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбар, няцаалтуудыг өгч байна.
Нэг. “Улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль болсон” гэсэн тухайд,
“Улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон” гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн 2010 оны шинэчилсэн найруулгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан боловч асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар 2012 оны Засгийн газрын 66 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг батлан орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилон газрын хуралдаан хийгддэг болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын дүрмээр газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоож, Өрсөлдөөний тухай хуульд заасан /6.1.1, 6.1.2, 8, 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17/-д холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр заасан байдаг. Иймд Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг газрын хуралдаанаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно. Өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан шүүхийн практик ч Улсын ерөнхий байцаагч, Улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг хянах бүрэн эрхгүй гэж дүгнэж байгаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу гаргасан шийдвэр тул хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Улсын байцаагчийн албан шаардлагын тухайд:
Хяналт шалгалтын хүрээнд “С.Г” ХХК-иас хяналт шалгалтын талаарх мэдээлэл баримт материал, үнэ нэмэгдүүлсэн тушаал, шийдвэрийг гаргаж ирүүлэхийг мэдэгдсээр байтал гаргаж өгөхгүй хяналт шалгалтын ажилд саад учруулж байсан. Тус хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байсан тул хугацаа богино байсан. Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримт материалыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 тоот албан шаардлагыг хүргүүлсэн.
Гурав. “Улсын байцаагч 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан” гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/04 тоот удирдамжаар холбогдох ажлын хэсэг гарч, “С.Г” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 14-р хороонд байрлах 37-р шатахуун түгээх станц, Сүхбаатар дүүргийн 43 дугаар шатахуун түгээх станцуудаар явж газар дээр нь үзлэг шалгалт хийсэн. Эдгээр шатахуун түгээх станцууд нь АИ-92 авто бензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Мөн “С.Г” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18/395 тоот албан бичгийн хавсралт “Үнэ өөрчлөх хүснэгтээр” 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр АИ-92 авто бензинийг 1630 төгрөгөөс 1660 болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь нотлогдсон.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4 дэх хэсэгт “газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар:
1. Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний авто бензиний /A-80, AИ-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах,
2. Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон хяналт шалгалтын байгууллагад шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийг тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллах талаар зөвлөмж гаргасан байдаг.
Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоолоор А-80, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон.
Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/222 тоот мэдэгдлээр “Хамтарсан зөвлөл”-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар мэдэгдсэн.
Уг мэдэгдлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гомдол гаргаагүй тул үүнийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь АИ-92 авто бензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоол, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоол, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/222 тоот мэдэгдлийг тус тус зөрчсөн “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэж заасныг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан материал, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, үнийн самбар зэргээр тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас гадна шүүх хуралдаан дээр дараахь нэмэлт тайлбарыг хийсэн болно.
АИ-92 авто бензиний импортын мэдээ
/2018 оны 1.14 сарын байдлаар /
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2/238 тоот албан бичгээр ирүүлсэн АИ-92 авто бензиний импортын мэдээгээр 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар “Ш” ХХК, “М.Т” ХХК, “Т.П” ХХК, “М-о” ХХК, “С.Г” ХХК-иуд АИ-92 авто бензиний ихэнх хувийг импортолсон байна.
Дизель түлшний импортын мэдээ
/2018 оны 1.14 сарын байдлаар/
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2/238 тоот албан бичгээр ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар дизель түлшний импортын мэдээгээр “А.С.А.С” ХХК, “Н” ХХК, “М.Т” ХХК, “С.Г” ХХК-иуд дизель түлшний ихэнх хувийг импортолсон байна.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх талаар:
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ”, 13.2 дахь хэсэгт “Улсын нөөцийг Засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлнэ”, 13.3 дахь хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу компанийн нөөцийг бүрдүүлнэ” гэж, Засгийн газрын 2012 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-ын 2-т “Энэхүү журмыг газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани дагаж мөрдөнө”, 3-д “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани нь газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг заавал бүрдүүлнэ”, 4-д “Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь компанийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг тусгасан гэрээг компанитай байгуулна”, 10-д “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани нь чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр компанийн нөөцийг бүрдүүлэх, технологийн дагуу хадгалах үүргийг хүлээнэ”, 11-д “Компани нь нөөцийг хадгалж байгаа тухайн савны үлдэгдлийг компанийн нөөцийн хэмжээнээс бууруулахгүй байх үүрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өөр саванд шилжүүлж болно.”, 17-д “Компани нь нөөцийнхөө талаарх сарын мэдээ, тайланг дараа сарын 05-ны дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор гарган газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.” 21-д “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанитай нөөц бүрдүүлэх талаар байгуулсан гэрээний биелэлтэд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж, санхүүгийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байна.” гэж заасан нь аж ахуйн нэгжүүд хууль болон журмын дагуу нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй байна.
Засгийн газрын 2016 оны 147 тоот тогтоолоор 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг тогтоосон байна. “С.Г” ХХК-ийн хувьд дараах байдлаар тогтоосон байна.
2017 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийн жагсаалт, нөөц бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ
| |||||
№ | Компанийн нэр | 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд импортоор оруулсан бүтээгдэхүүний хэмжээ (тонн) | Бүрдүүлэх 30 хоногийн нөөцийн хэмжээ (нэр төрлөөр/тонн) | ||
А-80 | АИ-92 | Дизель түлш | |||
1 | “С.Г” ХХК | 85,469.80 | 390.0 | 3,800.0
| 2,800.0 |
Засгийн газрын 2017 оны 297 тоот тогтоолоор 2018 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг тогтоосон байна. “С.Г” ХХК-ийн хувьд дараах байдлаар тогтоосон байна.
2018 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийн жагсаалт, нөөц бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ
| |||||
№ | Компанийн нэр | 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд импортоор оруулсан бүтээгдэхүүний хэмжээ (тонн) | Бүрдүүлэх 30 хоногийн нөөцийн хэмжээ (нэр төрлөөр/тонн) | ||
А-80 | АИ-92 | Дизель түлш | |||
1 | “С.Г” ХХК | 111,729.71 | 300.0 | 3,000.0 | 4,000.0 |
Татварын талаарх төрийн зохицуулалт:
Авто бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах бодлогын хүрээнд импортын хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлттэй уялдуулж Засгийн газраас нийт 12 удаа татварын зохицуулалтыг хийсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг 3 удаа бууруулсан.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-р хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу авто бензин болон дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх Сангийн яамны саналыг хэлэлцэн, хэрэгжүүлэх хугацааг 10 дугаар сарын 30-ны өдөр болгон хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
2. Авто бензин болон дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бүтээгдэхүүний төрөл, борлуулалтад эзлэх хувь, гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоох замаар жижиглэн борлуулалтын үнийн өсөлтийг саармагжуулах үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг тухай бүр авч ажиллах Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх ,
2. Авто бензин болон дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээ 2017 оны 10 дугаар сард нэмэгдэхтэй холбоотойгоор шатахууны хангамж, жижиглэнгийн үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах Зөвлөмжийг газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх,
3. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж жижиглэн борлуулалтын үнийн талаарх бодит мэдээллийг тус тусын чиглэлээр олон нийтэд сурталчлан танилцуулах ажлыг зохион байгуулах гэсэн шийдвэр гарсан.
Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор Авто бензин болон дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 30,000-100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 190,000-230,000 төгрөгөөр тогтоосон.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн 7-р хуралдаанаар дараах шийдвэр гарсан.
- Зөвлөлийн хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын гаргасан саналаар аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн жижиглэнгийн үнэд өөрчлөлт орох нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдлийг судлан, жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн эсэх талаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх,
- Шатахууны хангамж үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр дериватив зах зээл дээр хамтран ажиллах боломжийг судлахын шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлэх гэсэн шийдвэр гарсан.
“Хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар хуралдаан, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн зөвлөмж гаргасан байна. Үүнд:
Шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах бодит нөхцөл байдал үүссэн эсэх талаар хяналт шалгалт хийж, санал боловсруулан дараагийн хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах гэсэн шийдвэрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.
Ажлын хэсэг нь:
1. Бүтээгдэхүүн нөөцлөх агуулахын үлдэгдэл нөөцийн талаар газар дээр очин нөхцөл байдалтай танилцах,
2. “Шатахууны жижиглэнгийн үнэ бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судлах,
3. Шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд үзлэг хийх гэсэн ажлын хэсгүүд ажилласан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зам тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх төрийн байгууллагууд хувийн хэвшлээс нийгэмлэгүүд оролцсон.
Ажлын хэсгийн дүгнэлтээр: 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 37 хоног 100,597,43 тоннийн нөөцтэй, үүнээс А-80 60 хоногийн 14,323,42 тонн, АМ-92 34 хоногийн 33,471,26, тонн, ДТ-35 хоногийн 51,216,76 тоннийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд шатахууны нөөцөөс үүссэн хязгаарлалт хийх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
“Хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн зөвлөмж гаргасан байна. Үүнд:
1. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд, өргөн хэрэглээний авто бензиний /А-80, АИ-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах,
2. Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох хяналт шалгалтын байгууллагад, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллах гэсний дагуу хяналт шалгалт хийгдэж явсан.
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоолоор А-80, АИ-92 авто бензиний онцгой албан татварын хэмжээг тэглэсэн байна.
Хүснэгт-1.
№ |
Засгийн газрын тогтоол |
Хийлийн боомт | Ногдуулсан онцгой албан татварын хэмжээ | |||
Авто бензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ | Дизелийн түлш | |||||
80 | 90 хүртэл | 90 болон түүнээс дээш | ||||
2 | Засгийн газрын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 26 тогтоол | Цагаан нуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бичигт, Хавирга, Тэс, Баянхошуу, Гашуунсухайт, Бургастай, Шивээхүрэн | 0 | 0 | 0 | 0 |
Ханх, Ульханмайхан | 0 | 0 | 0 | 0 | ||
Сүхбаатар, Зам-үүд, Алтанбулаг | 0 | 0 | 210,000 | 280,000 | ||
Эрээнцав | 0 | 0 | 80,000 | 150,000 |
Мөн мэдэгдлийг биелүүлээгүй, шатахууны хязгаарлалт хийж, үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл дүгнэлт гарган шийдвэрлүүлэхийг анхааруулсан.
Хяналт шалгалтын явцад ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөсөн.
Гэтэл “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож, дизель түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “С.Г” ХХК-ийн ШТС-23 шатахуун түгээх станц нь бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй, “Аи Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан. Харин Сүхбаатар дүүргийн ШТС-43, ШТС-43 нь АИ-95 бензинийг бэлэн мөнгөөр хязгааргүй борлуулж, АИ-92 авто бензинийг “Аи Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан.
Энэ нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд хийсэн зохицуулалт, “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 6, 7, 8 дугаар зөвлөмж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 тоот мэдэгдлийг тус тус зөрчсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С.Г” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18/734а тоот “Нэхэмжлэл гаргах тухай”[1] “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгууль зэргийг хүчингүй болгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0059266 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байна.
Тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2018/1797 дугаар захирамжийн[2] үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлд дурдсан 4 нэхэмжлэлийн шаардлагын 2 нь буюу ... 5/02 дугаар дүгнэлт, ... 5/06 дугаар албан шаардлага нь нэхэмжлэлээр үүсэх маргаантай холбоотой байна. Харин 2 нь буюу шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах шаардлага нь гомдлоор үүсэх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Иймд ... нэхэмжлэлийн шаардлага болон гомдлын шаардлагаа ялган зааглах боломж олгож, ... бүрдүүлбэр хангуулах шаардлагатай байна” гэжээ.
“С.Г” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18/734 тоот “Нэхэмжлэл гаргах тухай[3] “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн томьёолж, хариуцагчаа тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2018/2014 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
“С.Г” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй дээрх улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт[4], 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага[5] нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005505 дугаар шийтгэлийн хуудсаар[6] оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгууль, улсын байцаагч Б.Нийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 00592266 дугаар шийтгэлийн хуудсаар[7] оногдуулсан 500,000 төгрөгийн торгуультай холбоотой, харилцан хамааралтай болох нь тогтоогдож байна.
Эдгээр торгуулийн шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгохоор “С.Г” ХХК-иас гаргасан гомдлоор үүссэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “С.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарт холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2018/2579 дугаар шүүгчийн захирамж[8] хуулийн хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.
Маргаан бүхий 5/02 дугаар дүгнэлт нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19 дүгээр[9] “Нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хийх хяналт шалгалтын удирдамж, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дүгээр[10] “Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч, нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үр дүнд гарсан байна.
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19 дүгээр хяналт шалгалтын удирдамжид зааснаар Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндэслэл, зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхээр байна.
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 хяналт шалгалтын удирдамжид “Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажилагаанд Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндэслэл зорилготойгоор хянан шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр заажээ.
“С.Г” ХХК-д хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Н ажлын хэсгийн ахлагчаар, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Э, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Н.Э нар томилогдсон нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 1 /19 тоот удирдамжийн хавсралтаар[11] нотлогдож байна.
Хариуцагч нар нь “С.Г” ХХК-д холбогдох хяналт шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд буюу удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Энэ нь Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчөөгүй, мөн хуулийн 52.1-д ”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.” гэх хуулийн заалттай нийцэж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 1/226 тоот албан бичгээр[12] ирүүлсэн мэдээлэл, 21 аймгийн улсын ахлах байцаагч нараас ирүүлсэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07/226 тоот албан бичиг[13], Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2/238[14] тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллүүдийг тус хяналт шалгалтад ашиглажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс хүчингүй болгохоор маргаж буй улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтэд тусгагдсан мэдээллийн дээрх эх сурвалжтай маргахгүй, харин тухайн дүгнэлтийн гурав дахь буюу “Дүгнэлт” хэсэгтээ маргаж буйгаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй юм.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад “Газрын тосны бүтээгдэхүүний талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,” 5.1.4 дэх заалтад “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийг байгуулсан байна.
Тус зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар[15] авто бензин, дизель түлшний онцгой албан татварын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрөл борлуулалтад эзлэх хувь, гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоох замаар жижиглэн борлуулалтын үнийн өсөлтийг саармагжуулах, үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг тухай бүр авч ажиллах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн шатахууны хангамж, жижиглэнгийн үнийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаад хяналт тавьж ажиллах зөвлөмжийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Засгийн газрын 2017 оны 309 дүгээр[16], 2018 оны 26 дугаар[17] тогтоолоор дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизелиийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваа нарт үүрэг болгосугай гэжээ.
Мөн дээрх зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар хуралдаанаар шатахууны жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах бодит нөхцөл байдал үүссэн эсэх талаар хяналт шалгалт хийж, шийдвэрлэх боломж, арга хэмжээний саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлснээр “Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг, алдагдлын тооцоог судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан байна.
Тус ажлын хэсгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тайлангийн[18] санал дүгнэлт хэсгийн 7-д “Сүүлийн өдрүүдэд шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх асуудлыг хяналт шалгалтын эрх бүхий холбогдох төрийн байгууллага бодитоор тогтоохыг үүрэг болгохоор шийдвэрлэв” гэж заажээ.
Дээрх байдлаас дүгнэхэд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын тогтоолоор байгуулаглсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс гаргасан зөвлөмж зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрээр зах зээлд борлуулж буй авто бензин дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх, үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэгжүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хяналт шалгалтын явцад ажлын хэсэг “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд ШТС-2 дизель түлшийг 100 литрийн хязгаарлалттай, ШТС-28, ШТС-40 дизель түлшийг өөрийн компанийн “Ай Си” картаар борлуулж байсан, ШТС-23 бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй, “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийж байсан, ШТС-43 нь АИ-95 бензинийг хязгааргүй борлуулж, АИ-92 авто бензинийг “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг[19] болон шалгалтын тэмдэглэл[20] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэл, “Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг, алдагдлын тооцоог судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн дүгнэлт зэргээр улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал “С.Г” ХХК-ийн шатахуун түгээх станцууд дизель түлш болон А/92 шатахууныг иргэдэд бэлэн мөнгөөр бус өөрийн “Ай Си” картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтад “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагч улсын байцаагч нарын дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ” гэж зааснаар “С.Г” ХХК-ийн ШТС-аас дизель түлш болон шатахуун худалдан авахаар зорин очиж, үйлчлүүлж буй хувь хүнийг хэрэглэгч биш гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр хийсэн “...компанийн үйлчилгээг авахаар урьдчилан гэрээ хийж, “Ай Си” картын эзэмшигч болсноор дизель, шатахууны худалдан авалт хийж, хэрэглэж байгааг хэрэглэгч гэж ойлгоно” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох” шаардлагын тухайд,
Улсын байцаагчийн 5/06 дугаар албан шаардлагын[21] “... авто бензин, дизэлийн түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өргөх хэрэглээний авто бензиний үнийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна, ... танай компанид хандан ирж тайлбар мэдээлэл өгөхийг удаа дараа мэдэгдсээр байхад хяналт шалгалтад шаардлагатай тайлбар, мэдээллийг гаргаж өгөхгүй байгаа нь хяналт шалгалтын ажилд саад учруулсан үйлдэл болохоор байна. Иймд дараахь мэдээллүүдийг ... нэн даруй гарган ирүүлнэ үү ...” гэсэн агуулгаас дүгнэхэд хяналт шалгалтад шаардлагатай тайлбар мэдээллийг “С.Г” ХХК-иас шаардсан байна.
Мөн тус албан шаардлагад “Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан храиуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу маргаан бүхий улсын байцаагчийн 5/06 дугаар албан шаардлага нь захиргааны актын шинжийг агуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Улсын байцаагчийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “С.Г” ХХК-ийн ямар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй байна.
Тус албан шаардлагаар “Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу” гэснээс дүгнэхэд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг нэхэмжлэгч компанид урьдчилан анхааруулжээ гэж дүгнэхээр байна.
Тус албан шаардлагыг “С.Г” ХХК биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой Зөрчлийн тухай хуульд зааснаар ямар хариуцлагыг хүлээлгэсэн, нэхэмжлэгч түүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан эсэх, гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаарх ажиллагаа нь “С.Г” ХХК-ийн гаргасан гомдлоор үүссэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул шүүх улсын байцаагчийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 дугаар сарын 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С.Г” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н.Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 2-р хавтас -203 дахь тал
[2] 1-р хавтас -28 дахь тал
[3] 1-р хавтас -01 дэх тал
[4] 1-р хавтас -131 дэх тал
[5] 1-р хавтас - 187 дахь тал
[6] 1-р хавтас -153 дахь тал
[7] 1-р хавтас -193 дахь тал
[8] 2-р хавтас -206 дахь тал
[9] 2-р хавтас -43 дахь тал
[10] 1-р хавтас -52 дахь тал
[11] 2-р хавтас -45 дахь тал
[12] 2-р хавтас -168 дахь тал
[13] 1-р хавтас-88 дахь тал
[14] 1-р хавтас -119 дэх тал
[15] 1-р хавтас -93, 94 дэх тал
[16] 2-р хавтас -189 дэх тал
[17] 1-р хавтас -168 дахь тал
[18] 1-р хавтас - 95 дахь тал
[19] 1-р хавтас - 69, 72 дахь тал
[20] 1-р хавтас - 56 дахь тал
[21] 1-р хавтас - 187 дахь тал