Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0178

 

М.О.Х.Н.Н-н
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогг даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, хариуцагч Д.Н, Г.Э, Д.Д , нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор М.О.Х.Н.Н-н Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэгчтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, Г.Э, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, Г.Э, Д.Д  нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25/13 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн төмөр замын ашиглалтад чухал хэрэглэгдэх тоног төхөөрөмж материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг. Аливаа барааг улсын хилээр оруулахад заавал мэдүүлэх үүрэгтэй.

Тус нийгэмлэгийн Сайншанд дахь барилга орон сууцны 3 дугаар анги нь ипотекийн зээлээр барилга барьж нийгэмлэгийн ажилчдад худалдан борлуулах нь үйл ажиллагаа нь хэлэлцээрийн татвараас төлөөлөхөөр заасан заалтад хамаарахгүй. Сайншанд дахь барилга орон сууцны 3 дугаар анги нь 2010-2012 онд

 

 

 

бараа материалдаа зохих хэмжээгээр татвараа төлж байсан. Эдгээр бараа материалыг импортлохдоо гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой гэдгээ мэдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 55 дугаар зүйлийн 55.1, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ндавж заалдах гомдолдоо: “1. Шүүх Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд дахь барилга, орон сууцны 3 ангийн импортлосон төмөр замын ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу баригдах ипотекийн зээлийн барилгын материал нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны хэлэлцээрт хамрагдахгүй юм гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон байна. Шүүх ямарваа нэгэн дүгнэлт хийж байгаа бол түүнийгээ үндэслэх нөхцөл байдал, учир шалтгааныг заавал дурьдах ёстой. Өөрөөр хэлбэл “Яагаад хамрагдахгүй байгаа юм?”, “Ямар нотлох баримтаар тэрхүү зүйл нь тогтоогдож байгаа юм?” гэх мэт асуултууд нээлттэй үлдсэн байна.

2. Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны хэлэлцээр” хэмээх Монгол Улсын олон улсын гэрээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг “шалган үзэхгүй ба гааль татвар хураахгүй”, бараа бүтээгдэхүүнээс “татварыг үл хураана”, бараа бүтээгдэхүүнд “татварыг үл ногдуулна” гэх мэтээр заасныг тусгасан атлаа “гаальд мэдүүлэх үүрэгтэй байна, түүнийгээ зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25/13 дугаар актыг дотор нь бүтцээр нь задалж үзвэл "... барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр 61.220.825,25 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар нөхөн ногдуулж, 18.366.247,54 төгрөгийн торгууль ногдуулж нийт 79.587.072,68 төгрөгийг гаргуулахаар” гэж хоёр хэсэгт хуваагдсан байдаг. Нөхөн татвар гэдэг нь төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэхийг хэлдэг юм

 

? е/

байна. Харин торгууль гэдэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хүлээлгэж байгаа хариуцлага гэж ойлгогддог.

Тийм ч учраас барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн үйлдэлдээ торгууль гэж 18.366.247,54 төгрөгийн хариуцлага хүлээлгэж байгааг бид ойлгож байгаа. Харин угаас Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны хэлэлцээрийн холбогдох заалтаар төлөх ёсгүй татварыг нөхөн төлүүлж байгааг шүүх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Татварыг нөхөн төлүүлэх" тухай ойлголт нь зөвхөн хууль, тогтоомжоор төлөх ёстой байсан татварыг төлөөгүй тохиолдолд нөхөн төлүүлэх тухай яригддаг юм билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч М.О.Х.Н УБТЗ нийгэмлэг нь Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25/13 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү актаар “барилга орон сууцны зориулалтаар импортлосон барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд 79.587.072 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс “гаалийн хилээр оруулсан барилгын материал нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” хэмээн маргажээ.

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь төмөр замын ажилчдыг орон сууцжуулах зорилгоор ажилчдын орон сууц барихаар шийдвэрлэж, барилгад хэрэглэгдэх бараа, материалыг гаалийн хилээр оруулж ирсэн ба ингэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна.

Бүгд найрамдах Монгол ард улс болон Зөвлөлт засагт нийгэм журамт бүгд найрамдах холбоот улс нь 1949 онд төмөр замын шугам тавих ба ашиглах үйл ажиллагааг зохицуулахаар хэлэлцээр байгуулж байжээ.

Энэхүү хэлэлцээрийн 8-ын ж дэх заалтад “төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган

 

 

 

узэх ба гаалийн татвар хураахгүйгээр” хилээр нэвтрэн оруулж байхаар зохицуулжээ. Уг заалтын агуулгаас дүгнэхэд хэрэглэгдэх төхөөрөмж материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл нь төмөр замын хайгуул шинжилгээ болон төмөр замын барилгад чухал хэрэглэгдэх тохиолдол байхыг заасан байна.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь төмөр замын хайгуул шинжилгээ болон төмөр замын барилгад хэрэглэгдэхгүй бараа, материал буюу ажилчдад зориулсан орон сууцны барилга барихтай холбоотой бараа материалыг гаалийн хилээр оруулж ирсэн материалыг холбогдох татвараас чөлөөлөгдөнө хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл 1949 оны хэлэлцээр нь төмөр замын барилга барих, түүнд чухал хэрэглэгдэх барааг татвараас чөлөөлөх зорилготой, энэ үүднээс гаалийн татвараас чөлөөлөхөөр тохиролцсон байхаас бусад зориулалт буюу нэхэмжлэгчийн гаалийн хилээр оруулж ирсэн ажилчдын орон сууцанд хэрэглэгдэх барааг татвараас чөлөөлөхөөр хэлэлцээрт заагаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн “төлөх ёсгүй татварыг нөхөн төлүүлж байгаа” гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “улсын байцаагч нар зохих журмын дагуу шалгалт явуулаагүй" гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч нар нь хяналт шалгалт хийх тухай нэхэмжлэгч байгууллагын эрх баригч нарт мэдэгдсэн болох нь 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Шалгалт эхлэх уулзалтын тэмдэглэлээр[1] тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс “зөвхөн дарга, удирдлагуудад танилцуулсан” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд төрийн байгууллагын харилцвал зохих эрх мэдэл бүхий албан тушаалтантай харилцсан байна.

Мөн “шалгалттай холбоотой бичиг баримттай танилцах, санхүүгийн баримттай тулгах эрхээр хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдтэй уулзалт хийхдээ шалгуулагчийн эрх, үүргийг тайлбарлаж өгч байсан, нэхэмжлэгч нь хяналт шалгалтын явцад шалгалтын баримттай танилцах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

 

 


Нэхэмжлэгчээс “шүүх 5 хайрцаг нотлох баримтыг шинжлэн судлаагүй" гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, хэргийн оролцогчид санхүүгийн баримттай холбогдуулан тоо ширхэг, дүн тооцоололтой маргаагүй тул дээр гомдол үндэслэлгүй.

Иймд, дээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 
 

[1] Хавтаст хэргийн 140 дүгээр тал