Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1037

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Б-д холбогдох 1803 0048 40265 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Ж.Б, 1966 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... аймгийн, ... сумын ... дугаар баг, ... гудамжны, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

Ж.Б-нь 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлт захын “Элбэг” худалдааны төвийн урд замд “Тоёота Витз” загварын 06-23 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Д.Т-ын жолоодон явсан “Лексүс-470” загварын 82-86 УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан Ё.Б, 8 настай М.Энарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Б-ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-оос 626.737 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сум 2 дугаар багт оршин суух ВП61040310 регистрийн дугаартай Ё.Б-д, 2.846.990 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянхонгор аймгийн Өлзийт сум 1 дүгээр баг 84-9 тоотод оршин суух ВП85083007 регистрийн дугаартай Б.Мягмарт тус тус олгож, Ж.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, иргэний нэхэмжлэгч Д.Т, Т.Н нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1077798 дугаартай В ангиллын Ж.Б-ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, Ж.Б-ын өмчлөлд бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамж 49 тоот 108 метр квадрат хувийн сууц /Ү-0320001998/ битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Ингэхдээ хохирогч Ё.Б, Б.М нарын хохирлыг төлж барагдуулаагүй гэж үзсэн. Харин давж заалдах хугацаандаа хохирогч Ё.Б, Б.М нарын хохирлыг бүрэн барагдуулсан болно. Миний бие 2015 онд Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж, ходоодоо тайруулснаар хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан учир группт орж эмчийн хяналтад байх болсон. Мөн цагаан мах гарч байнга доошоо цус алддаг, цус багадалт оноштой. Энэхүү авто осолд орж цээж, нуруу, баруун хөлөндөө хүнд гэмтэл авснаар үргэлж өвддөг болсон. Эмчид үзүүлж тус 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт одоогоор хэвтэн эмчлүүлж байна.

 Миний буруутай үйлдлээс болсон авто осолд эрдэнэт хүний амь нас хохирч, бусдын биед хүнд гэмтэл учруулсандаа миний бие туйлын ихээр гашуудан, харамсаж, маш их гэмшиж байна.

Миний бие 78 настай эхийгээ асран халамжлан хоёулаа амьдардаг. Би өөрөө 52 настай. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 сарын 21-ны өдөр шүүх хэлэлцээд 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Ингэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг хангаж байгаа боловч, хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авсан хугацаанд зарим хохирогч нарын хохирлыг бүрэн төлөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүхийн тогтоол гарснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацаанд тогтоолд дурдсан хохирогч Ё.Б-ны 626.737 төгрөг, хохирогч Б.Мягмарын 2.846.990 төгрөг, мөн хохирогч Д.Т-ын 5.821.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.

Ж.Б- нь 52 настай, 2016 онд ходоодны хагалгаанд орж, ходоодоо тайруулсан үүний улмаас бүдүүн гэдэсний архаг хам шинж, доошоо цус гарах өвчтэй болсон, мөн ослын улмаас гурван хавирга, нурууны сэртэнг яс хугарсан байдалтай 2018 оны 9 сарын 29-ны өдрөөс өвчний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ж.Б- нь дээрх өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан тул Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2018 оны 6 сарын 2-ны өдрөөс 2019 оны 6 сарын 2-ны өдрийг хүртэл 69 хувиар тогтоож, “хүнд” хөдөлмөр эрхлэх боломжгүй.

Иймд Ж.Б-ын хохирол бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өвчин эмгэг, насны байдал мөн Баянхонгор аймагт оршин суудаг өндөр настай эхийгээ асран халамжилдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг багаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ж.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлт захын “Элбэг” худалдааны төвийн урд замд “Тоёота Витз” загварын 06-23 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Д.Т-ын жолоодон явсан “Лексүс-470” загварын 82-86 УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан Ё.Б, 8 настай М.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Т-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ё.Б /1-р хх-26-29/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М /1-р хх-37-40,41/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М /1-р хх-75-77/, иргэний нэхэмжлэгч Т.Н /1-р хх-96-98, 99/, Д.Т /1-р хх-105-107, 108/, гэрч С.А /1-р хх-112/, Б.О /1-р хх-115/, С.Х /1-р хх-118/, Ё.Т /1-р хх-124/, Б.Б /1-р хх-126/ нарын мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн 429 дугаартай дүгнэлт /1-р хх-129-130/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 31427 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-131-136/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1247 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-137-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7118 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-43-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7120 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-145-147/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-3-7, 9-12/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13, 14-16/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-17-18, 24/, хохирлын баримтууд /1-р хх-34-36, 50-72, 86-95, 249-250/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-150-151/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-153-155/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.    

Шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нар нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Б нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Ж.Б-ын гэм бурууг нотолсон хохирогч Ё.Б-ын “... автомашин эсрэг урсгал руу ортол Улаанбаатар талаас буюу зүүнээс баруун чиглэлтэй нэг том жип автомашин хурдтай орж ирээд миний сууж явсан автомашины баруун дунд хэсэг рүү мөргөсөн. ... Тэгэж шидэгдэхдээ замын хажуу талд зогсож байсан “портер” загварын автомашины урд хамрыг хамаад гарсан байсан. ...” /1-р хх-26-29/ гэх мэдүүлэг.

Техникийн шинжээчийн 429 дугаартай “... 06-23 УБМ улсын дугаартай “Тоёота Витз” загварын автомашины жолооч Ж.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-129-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1247 дугаартай “... Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1-р хх-137-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7118 дугаартай “... Ё.Б-ны биед цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, сээрний 3 дугаар нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1-р хх-143-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7120 дугаартай “... М.Э-ын биед гавлын суурь болон дух ясны далд хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн талын гайморовын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор, гадны ханын хугаралууд, зүүн нүдний алимны доргилт, нүүрний хэсэгт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1-р хх-145-147/ гэх шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгч Ж.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний биед хүнд хохирол учруулсан хор уршгийн шинж чанарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б- анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарт 2.846.990 төгрөг, хохирогч Ё.Б-д 626.737 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Б- нь анхан шатны шийтгэх тогтоолд заасан 2.846.990 төгрөгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-т /РД:ВП85083007/, 626.737 төгрөгийг хохирогч Ё.Б-д /РД:ВП61040310/ тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                           

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ