| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02090/И |
| Дугаар | 1853 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 35а-6 тоотод байрлах, “Итгэлт цэгц” ХХК /РД:6000444/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баасанлхүндэвийн Батболдыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Итгэлт цэгц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баасанлхүндэвийн Батболд нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай “Итгэлт цэгц” ХХК-иас өөрийн нэр дээрх Nissan teana маркийн 4166-УБН улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалах журмаар манай ажилтан Ш.Батлхагвад итгэмжлэл олгож 3 сарын хугацаатай 1 сарын 8 хувийн хүүтэй, 1 сард 400.000 төгрөгийн хүү төлөх тохиролцоогоор 5.000.000 төгрөгийг зээлсэн боловч одоо гэрээний үүргээ биелүүлээгүй ба түүний оршин суух хаяг тодорхойгүй, бид өөрсдөө олж тогтоох боломжгүй байна. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй, эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баасанлхүндэвийн Батболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Итгэлт цэгц” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баасанлхүндэвийн Батболдыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2017/06776 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Итгэлт цэгц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Батболдод холбогдох 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баасанлхүндэвийн Батболдыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батболдыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Итгэлт цэгц” ХХК-тай холбоо барих утас: 99022335, 91911280, 99017880 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Итгэлт цэгц” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баасанлхүндэвийн Батболдыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “Итгэлт цэгц” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Итгэлт цэгц” ХХК-тай холбогдох
утас: 99022335, 91911280, 99017880 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА