Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0232

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Одхүү, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                      Г.Урантуяа

Иргэдийн төлөөлөгч                     *******

Улсын яллагч                                 *******атбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч               ******* 

Шүүгдэгч                                       ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******атбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох  2139001780206  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр  сарын 16-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 24-1 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шижээ овогт Тын Ц /РД: СО87041602/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Хатны 4-709 тоотод байрлах Ю.Аын гэрт*******тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 7-8-р хуудас/

2. Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2021 оны 06 сарын 02-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед  Золжаргал манайд ирээд хоёулаа Жаргалтхаан сум яваад ирье гээд байхаар нь хамт яваад 21 цаг өнгөрч байхад Золжаргал бид хоёр Мөрөн суманд ирээд Золжаргал нь манай гэрт орчихоод удаагүй гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь гэрээ түгжээд дэлгүүр ороод 1 пиво аваад Ю.Аын гэрт очсон чинь Золжаргал, Ц хоёр пиво ууж байсан. Тэгээд бид гурав хоёр том пиво хувааж уугаад байж байхад, Ц маргалдсан. Би хойд орон дээр сууж байсан. Ц нь миний баруун талд сандал дээр сууж байсан. Нэг мэдсэн Ц нь хутга барьчихсан намайг хутгалсан. Би Цыг хаанаас хутга авсан  талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор яг юунаас болж хоорондоо маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг гэрийн хойно байрлах орон дээр сууж байхад Ц нь гэрийн баруун талд байсан ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ирээд миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалсан юм... Би Цыг таньдаг болоод 20 гаран хонож байна... Би гомдолтой байна, миний эмчилгээний зардалд гурван сая гаран төгрөг орсон бас миний бие эрүүл мэндийн байдал хүнд байна... Ц нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 18-22 -р хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Ю.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 02-ны ...шөнө 02 цагийн үед сумын цагдаа Баасандорж над руу утасдаад чи хаана байгаа юм, танай гэрт хүн хутгалуулчихсан байна. Чи энд хамт байсан уу гэж асуухаар нь ''би наана чинь байгаагүй, хөдөө эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн байна'' гэхэд Баасандорж за тэгвэл хурдан хүрээд ир гэж хэлсэн... Баттүлхүүр бид хоёр шууд манайд ирсэн. Тэгэхэд манайд сумын эмч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирчихсэн, Ж манай гэрийн хойд талын буйдан дээр хутгалуулаад цус алдсан байдалтай хэвтэж байсан. Харин сумын эмч Жөд боолт хийж байсан... тэр шөнө нь гэр орноо цэвэрлэхэд Жийн хэвтэж байсан буйдангийн дэвсгэр нь цус нэвчээд арилахааргүй болчихсон байсан. Тухайн буйдан дээр бага насны хүүхдээ унтуулж амраадаг болохоор сэжиглээд буйдангаа гаргаж хашаан дотор шатаасан... буйдангаа 2019 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос 460.000 төгрөгөөр худалдаж авч байсан болохоор буйдангаа нэхэмжилнэ... сумын цагдаа Баасандорж, манай сумын Ц гэх эмэгтэйг хутгалсан байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-27-р хуудас/

4. Гэрч *******аттүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөрөн сумын цагдаа Баасандорж нь над руу залгаад Аын гэрт хутганы хэрэг гарлаа гээд ...А бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө 02 цагийн үед Мөрөн сумын 4 дүгээр баг, Хатны 4-709 тоотод очоод Аын гэрт ороход Ж хойд орон дээр цээжин хэсэг нь цус болсон Мөрөн сумын эмч Энхтуул үзлэг хийж байсан. Хажууд нь Золжаргал гэх залуу сууж байсан. Аын хойд ор, хулдаас хоёр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 30-31-р хуудас/

5. Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баттүлхүүр найзын гэрт нь хоноод ...09 цагийн үед босоод Баттүлхүүрийн гэрээс гараад Улаанаагийн гэрт очоод Ц, Улаанаагийн эхнэр, Баттүлхүүрийн эхнэр, Улаанаа бид тав 2 том пиво хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед Жийн гэрт очоод бид хоёр Жаргалтхаан сум яваад найз Ууганхүүтэй уулзаад 21 цаг өнгөрч байхад Ж бид хоёр Мөрөн суманд ирээд Жийг гэрт нь оруулаад би гэр рүүгээ харих гээд алхаад явж байгаад Цын гэрийн хойд хаалгаар нь гараад явж байхад Ж нь машинтайгаа ирээд нэг пиво байна хамт уух уу гэхээр нь би за тэгье гээд машинд нь суусан чинь Ц гэрээсээ гараад ирсэн. Тэгээд Ж, Ц бид гурав Улаанаагийн гэрт хүн байхгүй болохоор нь Улаанааг хүлээнгээ 1 пиво хувааж уугаад би унтаж байхад 2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө 02 цагийн үед гэнэт Ц нь би хүн алчихлаа гээд орилж чарлахаар нь сэрээд хартал Ж нь хойд орон дээр хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд Ц гараад зугтаагаад явсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн байсан... Би Ц гэдэг хүнийг зүс танихаас өөрөөр бол сайн танихгүй... Би Цыг Жийг хутгалахыг хараагүй, тухайн үед би унтаж байсан... Ж, Ц бид 3 пиво уусан... Ж нээх согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 34-35-р хуудас/

Гэрч Б.Золжаргалын дахин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Энх-Амгалан ахын машинд Ж, Ууганхүү бид гурав 2.5 литрийн 3-4 ширхэг пиво ууцгаасан. Тэгээд орой 21 цагийн үед Жаргалтхаанаас гараад Мөрөн суманд ...Жийн гадаа буугаад Жийн гэр рүү орсон. Тэгсэн Ж машинаас үлдсэн юм гээд 1 ширхэг том пиво гаргаж ирсэн. Тэр үед би нилээн согтчихсон ухаан санаа орж гараад байсан болохоор Жөд хөгшин нь одоо уухгүй, болсон харилаа гээд гарсан. Тэгсэн нэг мэдсэн Цын гадаа ирчихсэн гэрийнх хаалгаар шагайчхаад хойд талынх нь хашааг даваад гарч байхад Ж нэг машинаас пиво барьчихсан бууж байсан. Тэгээд Жтэй уулзаад байж байхад Ц гарч ирээд бид гурав Атай хувааж ууя гээд Аын гэрт ирэхэд А гэртээ байхгүй байсан. Тэгээд бид гурав Аынд орсон. Тэгээд авчирсан пивоо бид гурав задлаад тойруулаад ууцгаасан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор тасраад унтаад өгсөн байна. Тэгээд унтаж байхад эмэгтэй хүн ''би хүн алчихлаа ш дээ” гээд чанга орилохоор нь юу билээ гээд сэрээд харахад Ц үүдээр орилоод гарч байсан. Харин хойд талын буйдан дээр Ж цээж нүцгэн дээшээ хараад хэвтчихсэн цээжнээс нь цус их хэмжээгээр гарч байсан. Тэгээд хажууд нь байсан цагаан фудволкоор цусыг нь дараад байж байхад цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн... Мөн дараа нь гэрийн эзэн А ирсэн...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 37-39-р хуудас/

6. Гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Мөрөн суманд байдаг эгч Цынд хонохоор ирсэн тэгэхэд Ц эгч гэртээ эзгүй, гэр нь онгорхой байхаар нь хашааны хойд талд гараад харахад Ц эгчийн найз Оюунтуяагийн машин А ахын хашааны гадаа байхаар нь явж очоод харахад Ц эгч найз Оюунтуяа болон хүүхдүүдтэйгээ хамт халамцуу юм үнэртүүлчихсэн машин дотроо сууж байсан. Харин А ахын гэрийн гадаа 2 залуу байх шиг байсан. Тэгээд эгчийг одоо харих уу гээд бид хэд гэртээ хамт ирсэн. Тэгээд эгч найзтайгаа машин  дотор байсан 2.5 литрийн талаар болсон пиво оруулж ирээд гэртээ ууж байсан. Тэгээд 2-3 цагийн дараа нэг залуу хаалгаар шагайсан чинь эгч гараад тэр залуутай гэрийн ард юм яриад уулзахаар нь би араас нь гараад эгчийг орж амар гэж хэлэхэд, нөгөө залуу нь ч хашаа даваад яваад өгсөн. Тэгээд гэрт орж ирээд би ороо засаад орондоо ороод хэвтэхэд нөгөө залуу дахиад хаалга шагайсан, тэгсэн эгч гараад явчихсан. Тэгээд би уулзчихаад ороод ирэх байлгүй, орж ирэхгүй бол араас нь гарахаас гээд хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд унтаж байхад Ц эгч гаднаас орилсоор ороод ирэхээр нь юу болсон бэ гэж асуухад орилоод юм ярьж өгөхгүй, би хүн дүрчих шиг боллоо гэж хэлэхээр нь хаана юу болсон юм гэхэд Аынд гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ахынд гүйгээд очиход хойд талынх нь буйдан дээр нэг залуу цээж нүцгэн цус, өтгөн, шингэнтэйгээ холилдчихсон, цээжиндээ хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн миний араас нэг залуу гүйсээр орж ирсэн. Нөгөө залуугийнхаа өтгөнийг арчаад цэвэрлэж байсан, тэгээд би буцаж гараад цагдаагийн кобон дээр очоод хүн хутгалуулчихсан байна гэж хэлээд, сумын 2 цагдааг дагуулаад хэргийн газар ирсэн. Дараа нь эмнэлгийн машин ирсэн. Тэгээд сумын цагдаатай хамт Ц эгчийн гэрт ирсэн. Сумын цагдаа Ц эгчийг машинд суулгаад аваад явсан...Намайг унтаж байхад орилоод орж ирэхдээ шөнийн 01 цагийн үед орж ирэв үү гэж бодсон, пиво уух нь уусан байсан, тэгэхдээ тийм их согтуу байгаагүй, өөрийн гэсэн ухаантай, согтууруулах ундаа үнэртэх нь үнэртэж байсан...Аягүй сандарчихсан юм ярьж чадахгүй уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-51-р хуудас/

7. Гэрч Г.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед манай сумын Баттүлхүүр ах, эхнэртэйгээ 2.5 литрийн Нийслэл пивотой ирсэн. Харин Баттүлхүүр манайд цай уучхаад ажил руугаа явлаа гээд гараад явсан. Тэгээд Мөнхсүрэн бид хоёр Мөнхсүрэнгийн авчирсан пивыг тойруулаад сууж байхад Золжаргал манайд орж ирээд пивоноос ганц нэг татчихаад Жийнх рүү явлаа гээд гараад явсан. Тэгээд төд удалгүй Ж, Золжаргал хоёр манайд орж ирсэн. Тэр хоёрын ар дээр Ц ганцаараа орж ирсэн. Тэгсэн Золжаргал хүнтэй утсаар ярьснаа Жаргалтхаан явлаа колонк дээр машин ирчихсэн гээд Ж тэр хоёр гараад явсан. Тэр хоёрын дараах нь Ц гэр рүүгээ харилаа гээд гараад явсан. Мөнхсүрэн мөн манайд жоохон сууж байгаад харилаа гээд гараад явсан... 16 цагийн үед нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ, мөн Баттүлхүүр ах эхнэр хүүхдүүдээ аваад бид хэд Мөрөн сумын ногооны зүүн талд байдаг Хүрэлбаатарын гэрийг нүүлгэхээр очсон юм... 02 цагийн үед сумын цагдаа Баасандорж манай хүн рүү утасдаад танай гэрт хүн хутгалуулчихсан байна, чи энд хамт байсан уу гэж асууж байсан. Тэгээд манай хүн Баттүлхүүр ахын машинтай тэр хоёр явах гэхэд нь би хамт явъя гэхэд манай хүн эндээ амарч бай Баттүлхүүр бид хоёр явчхаад ирье гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь гэртээ ирэхэд манай гэрийн хойд талаар нил цус, өтгөн шингэн болчихсон байсан...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 52-54-р хуудас/

8. Гэрч П.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би зургаан хүүхэдтэй, Ц манай 3 дахь охин байгаа юм... Ц 2 хүүхэдтэйгээ хамт Мөрөн суманд амьдарч байгаад сарын өмнө аймгийн төвд нүүж ирээд байгаа юм... Бага насандаа эцэг эхийн хараа хяналтанд өсөж хүмүүжсэн. Одоо 17 настай, 6 настай 2 хүүтэйгээ өрх толгойлж амьдардаг юм, 2008 онд ...Төгөлдөр гээд бааранд тогоочоор ажиллаж байхдаа нэг өдөр харих гэж явахдаа хүнд зодуулаад гэмтэл авч байсан. Тухайн үед энэ асуудал нь цагдаад шалгагдаад хаагдаж байсан юм, ер нь бол тэрнээс хойш огцом уурлаад байдаг зантай болсон. Тэрнээс өмнө ямар нэгэн уур уцаар байдаггүй, тайван занатай л хүн байсан...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 56-57-р хуудас/

9. Гэрч З.Оюунтуяагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед аймгаас хоёр хүүхэдтэйгээ Мөрөн суманд Цынд очсон юм. Намайг очиход Ц бага хүүтэйгээ, мөн эрэгтэй дүүтэйгээ хамт гэртээ байсан. Тэгээд намайг ирлээ гээд Ц хоол хийж өгөөд хоол  унд идсэн. Би очихдоо 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч очсон, пиво задлаад уух гээд сууж байхад Цын гэрийн хаалгаар нэг залуу 2-3 удаа шагайгаад байхаар нь Цт энэ юун хүн юм гэхэд найз нь зүс таньдаг юм, гарч уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд буцаад орж ирэхгүй удахаар нь би Цын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байна гэсэн, тэгээд гэрт нь хүлээгээд байж байхад Ц 40 орчим минутын дараа аягүй айдастай, уйлчихсан би хүн алчихлаа ш дээ гэсээр орж ирэхээр нь юу болсон юм миний найз тайвшир гээд тэврээд тайвшруулсан. Тэгж  Цыг тайвшруулаад сууж байхад сумын цагдаа орж ирээд Цыг аваад явсан... багцаагаар 19 цагаас 20 цагийн хооронд гарч яваад 40 орчим минутын дараа гэртээ орж ...ирэхдээ согтуу байгаагүй, уйлчихсан орилсоор орж ирсэн...Ц бид ...багын найзууд гэж явдаг, зан байдлын хувьд бол уур уцаар байхгүй, тайван зантай, хүнд тусархуу зантай, 2 хүүхэдтэйгээ өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Архи согтууруулах ундаа хэрэглээд байгаа нээх харагддаггүй...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 59-61-р хуудас/

10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай...

1.2  Э.Жийн биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт  /1-р ХХ-ийн 65-66-р хуудас/

11. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 2021/ДШ-296 дугаартай “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 2019 оны 02 дугаар сард 460.000 ...төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 127-129-р хуудас,

12.Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 23 дугаартай дүгнэлт, /хх-н 133-135-р хуудас/

13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 45 дугаартай “...

1. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэд “...******* хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

2.*******ын сэтгэцийн байдал болон санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэх талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр тогтоох боломжтой...” гэх дүгнэлт  

14.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2021 оны 06 сарын 02-ны орой гэртээ байж байхад 23 цагийн үед Золжаргал нь манай гэрт ирээд Ж дуудаж байна гэхээр нь би гэрээсээ гараад Жтэй уулзах гээд очтол Ж нь миний танихгүй айлд байсан. Тэгээд Ж, Золжаргал бид гурав 1 том пиво хувааж уусан. Жтэй өмнө нь 2-3 удаа уулзаж байсан. Миний биений юм ирэхгүй болохоор нь би Жөд би хүүхэдтэй болсон байна, хэрвээ чамайг архи уугаад байх юм бол би хүүхдээ авхуулна гэж хэлсэн. Тэгсэн Ж нь хүүхдээ авхуулахгүй гээд над руу алуурчин хүүхдээ авхуулах гэлээ гээд уурласан. Тэгэхээр нь би Жөд би ийм архичин хүнтэй байж чадахгүй би өмнө хоёр амьдрал алдсан. Тийм болохоор би чамтай амьдарч чадахгүй энэ хүүхдийг авхуулна гэж хэлсэн чинь Ж нь хүүхдээ авхуулахгүй гээд орилж дайрч миний өөдөөс аяга болон пивоны сав над руу шидсэн. Нэг мэдэхэд миний гарт хутга байж байсан. Тэгээд би айсандаа болоод хутгыг тэр дор нь газар чулуудаад гүйж гараад гэртээ ирээд дүүгээрээ түргэн болон цагдаа дуудуулсан... Би Ж гэх хүнийг танина, урьд нь бол уулзаж учирдаг байсан. Тэрнээс бол садан төрлийн хамаарал байхгүй... Ж бид хоёр 2-3 удаа дотно харилцаанд орсон. Миний биений юмны хугацаа нь болсон боловч ирэхгүй байсан. Тэгээд би жирэмсэн болсон юм болов уу гээд хэд хоног сэтгэл санаа хямарч тогтворгүй байсан. Энэ тухай Жтэй ярилцах гээд очиход тэр архи уусан байсан. Тэгээд энэ тухай ярилцах гэхэд өөдөөс намайг элдвээр хэлээд эцэггүй 2 хүүхэд гаргачхаад 3 дахь хүүхдээ яаж ч гаргасан яадаг юм гээд пизда, гичий, алуурчин гэх мэтээр хэл амаар доромжилсон. Ж нь намайг эцэггүй хоёр хүүхэд гаргачхаад миний хүүхдийг гаргаад өгөхөд яадаг юм гэж хэлсэн үгийг сонсоод би цочролд орсон, нэг мэдэхэд гарт маань утга байж байсан. Би хутга яаж аваад Жийг хаана нь хутгалснаа бол санахгүй байна. Жийг би эрэгтэй хүний хувьд бол намайг аргадаад тайвшруулж хамтдаа сайхан амьдарна гэж хэлэх байх гэж бодсон. Тэгтэл тэс өөр байдал гаргахад нь сэтгэл санаа хямарч цочролд орж юу хийснээ бол мэдэхгүй байна... Би айсандаа хутгаа хаячхаад гэр рүүгээ гүйгээд дүүгээр цагдаа эмнэлэг дуудуулсан... Хэдийгээр би Жийг хутгалснаа санахгүй байгаач өөрийн буруугаа хүлээж гэмшиж байна миний буруу Жөөс би уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-59-р хуудас/

15. Яллагдагч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед манай гэр Мөрөн суманд байсан юм. 2021 оны 06 сарын 02-ны өдөр манай найз, дүү хоёр маань ирчихсэн гэртээ хоол хийгээд орой гэртээ байж байхад Золжаргал манай гэрийн хаалгаар 2-3 удаа шагайгаад байхаар нь манай найз энэ хэн юм бэ, яагаад шагайгаад байгаа юм гэхээр нь манай найз байгаа юм, би гарч уулзчихаад ирье гээд гэрээс гарсан. Тэгээд Золжаргалтай гэрийн гадаа уулзахад Золжаргал хоёулаа Аынх руу явъя гэхээр нь тэднийх рүү явж яах гэж байгаа юм гэхэд тэнд  Ж байгаа хоёулаа  явчхаад ирье гэж хэлсэн.  Тэгээд Золжаргалыг дагаад Аынд очиход гэрийнх нь эзэд байхгүй Ж ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь хүүе ээ чи эзэнгүй айлд юу хийж суугаа юм гэхэд Ж зүгээрээ гэрийнх нь эзэд мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Ж намайг суучих гэхээр нь би гэрийн баруун талд суусан. Тэгэхэд Ж надад пиво хийж өгөхөөр нь пивыг нь уухгүй манайд хүн ирчихсэн байгаа гэж хэлэхэд, ямар сүртэй юм уучих гэхээр нь уухгүй гэж хэлсэн. Тэгсэн өөрөө надад хийж өгсөн пивоо уучхаад дахиад хийж өгөхөөр нь манайд хүн ирчихсэн байгаа ууж болохгүй гэж хэлэхэд Ж ямар сүртэй пизда вэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Жийг аргадаад миний найз жоохон унтчихаа, найзынх нь биений юм ирэхгүй байгаа, би  хүүхэдтэй болчихсон юм шиг байна гэж хэлэхэд Ж хоёулаа наад хүүхдээ гаргая гэхээр нь найз нь урьд нь хоёр амьдрал зохиогоод алдаж үзсэн. Одоо эцэггүй хоёр хүүхэд байхад дээр нь дахиад нэг эцэггүй хүүхэд гаргаад яахав, чи ингэж архи уугаад байгаа юм чинь чи надад хань болж чадахгүй юм шиг  байна. Би энэ хүүхдээ авхуулна гэж хэлэхэд Ж чи миний хүүхдийг гаргачихгүй алах гэлээ гээд уурлаад над руу пивоны сав аваад шидэхээр нь чи яаж байгаа юм гэхэд би чамайг алчихъя л даа гээд над руу шилэн аяга аваад шидсэн. Тэгэхэд нөгөө аяга нь миний зүүн талын цээжин дээр оноод газар унахдаа хагарсан, тэгэхэд би Жийг муухай авирлаж байгааг хараад надад айдас түгшүүр төрөөд тэрхэн зуур ухаан балартсан байсан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирчихсэн найз маань намайг тэвэрчихсэн тайвшруулаад сууж байсан. Би яаж гэртээ ирснээ, мөн яаж хутга аваад  Жийг хаана нь яаж хутгалснаа санахгүй байгаа юм... Гэртээ ирчихсэн найз маань намайг тайвшруулаад сууж байхад гаднаас цагдаа орж ирээд цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд л би Жийг хутгалсан гэдгээ мэдсэн... Аын гэрт анх очиход зуухных нь урд нэг хутга байсныг харсан...Тэр өдрийн өглөө нь 11 цагийн үед А түүний эхнэр Урнаа, Баттүлхүүрийн эхнэр бид хэд байсан юм. Тэгэхэд нөгөө хэд ганц нэг пиво тойруулахаар нь би тэр пивоноос ганц нэг татчихаад найз ирж байгаа гээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэрнээс бол Жтэй уулзаад пиво, архи уугаагүй... Ер нь бол Золжаргал над дээр ирэхдээ нилээн согтуу ирсэн. Тэгээд бид хоёр  Ж дээр ирэхэд Жийн ууж байсан пивоноос Золжаргал ганц нэг татчихаад унтаад өгсөн. Ж над руу юм авч шидэхэд тэр үед тасарчихсан, гэрийн зүүн талд газраар унтаж байсан... Ж согтох нь бол согтсон байсан тэгэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан... 2021 оны 05 дугаар сарын 10-ны үеэр танилцаж байсан. Аынхаар орж гарч байхдаа танилцаж байсан. Ж мөн Аынхаа орж гардаг байсан... Тухайн үед миний биений юм ирэхгүй байсан болохоор би жирэмсэн болчихсон юм байх гэж бодсон. Тэрнээс бол би жирэмсэн болоогүй гэдгээ  дараа нь мэдсэн... Хууль ёсны гэр бүл бол биш, хамтран амьдарч байгаагүй... Жөд учирсан хүнд гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ би тухайн үед сэтгэл санаа, ухаан санаа балмагдсан... Би эмнэлэгт хэвтэж байхад нь уучлал гуйсан... Хохирол мөнгийг төлж барагдуулна... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 144-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 44-47-р хуудас/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Мөрдөгч Г.Нямтөгс нь  Т.Цаас өөрийнх нь эсрэг гэрчээр мэдүүлэг авахдаа гэрч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асуулгүйгээр мэдүүлэг авсан нь Монгол улсын Үндсэн хууль болон  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул уг нотлох баримтыг шүүх үнэлээгүй болно

Харин бусад нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр илрэн гардаг. 

Шүүгдэгч Т.Ц нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Хатны 4-709 тоотод байрлах Ю.Аын гэрт*******тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг, хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...пиво аваад Ю.Аын гэрт очсон чинь Золжаргал, Ц хоёр пиво ууж байсан. Тэгээд бид гурав хоёр том пиво хувааж уугаад байж байхад, Ц маргалдсан... Нэг мэдсэн Ц нь хутга барьчихсан намайг хутгалсан... намайг гэрийн хойно байрлах орон дээр сууж байхад Ц нь гэрийн баруун талд байсан ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ирээд миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалсан юм... Би Цыг таньдаг болоод 20 гаран хонож байна... Би гомдолтой байна, миний эмчилгээний зардалд гурван сая гаран төгрөг орсон бас миний бие эрүүл мэндийн байдал хүнд байна... Ц нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 18-22 -р хуудас/

Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Цын гэрийн хойд хаалгаар нь гараад явж байхад Ж нь машинтайгаа ирээд нэг пиво байна хамт уух уу гэхээр нь би за тэгье гээд машинд нь суусан чинь Ц гэрээсээ гараад ирсэн. Тэгээд Ж, Ц бид гурав Улаанаагийн гэрт хүн байхгүй болохоор нь Улаанааг хүлээнгээ 1 пиво хувааж уугаад би унтаж байхад 2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө 02 цагийн үед гэнэт Ц нь би хүн алчихлаа гээд орилж чарлахаар нь сэрээд хартал Ж нь хойд орон дээр хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд Ц гараад зугтаагаад явсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн байсан... Ж, Ц бид 3 пиво уусан... Ж нээх согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 34-35-р хуудас/

Гэрч Б.Золжаргалын дахин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...нэг мэдсэн Цын гадаа ирчихсэн гэрийнх хаалгаар шагайчхаад хойд талынх нь хашааг даваад гарч байхад Ж нэг машинаас пиво барьчихсан бууж байсан. Тэгээд Жтэй уулзаад байж байхад Ц гарч ирээд бид гурав ...Аынд орсон. Тэгээд авчирсан пивоо бид гурав задлаад тойруулаад ууцгаасан. Тэгээд унтаж байхад эмэгтэй хүн ''би хүн алчихлаа ш дээ” гээд чанга орилохоор нь юу билээ гээд сэрээд харахад Ц үүдээр орилоод гарч байсан. Харин хойд талын буйдан дээр Ж цээж нүцгэн дээшээ хараад хэвтчихсэн цээжнээс нь цус их хэмжээгээр гарч байсан. Тэгээд хажууд нь байсан цагаан фудволкоор цусыг нь дараад байж байхад цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 37-39-р хуудас/

Гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Мөрөн суманд байдаг эгч Цынд хонохоор ирсэн... Ц эгч найз Оюунтуяа болон хүүхдүүдтэйгээ хамт халамцуу юм үнэртүүлчихсэн машин дотроо сууж байсан. Харин А ахын гэрийн гадаа 2 залуу байх шиг байсан. Тэгээд эгчийг одоо харих уу гээд бид хэд гэртээ хамт ирсэн. Тэгээд эгч найзтайгаа машин  дотор байсан 2.5 литрийн талаар болсон пиво оруулж ирээд гэртээ ууж байсан. Тэгээд 2-3 цагийн дараа нэг залуу хаалгаар шагайсан чинь эгч гараад тэр залуутай гэрийн ард юм яриад уулзахаар нь би араас нь гараад эгчийг орж амар гэж хэлэхэд, нөгөө залуу нь ч хашаа даваад яваад өгсөн... нөгөө залуу дахиад хаалга шагайсан, тэгсэн эгч гараад явчихсан... Тэгээд унтаж байхад Ц эгч гаднаас орилсоор ороод ирэхээр нь юу болсон бэ гэж асуухад орилоод юм ярьж өгөхгүй, би хүн дүрчих шиг боллоо гэж хэлэхээр нь хаана юу болсон юм гэхэд Аынд гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ахынд гүйгээд очиход хойд талынх нь буйдан дээр нэг залуу цээж нүцгэн цус, өтгөн, шингэнтэйгээ холилдчихсон, цээжиндээ хутгалуулсан байдалтай хэвтэж байсан... шөнийн 01 цагийн үед орж ирэв үү гэж бодсон, пиво уух нь уусан байсан... Аягүй сандарчихсан юм ярьж чадахгүй уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-51-р хуудас/

Гэрч З.Оюунтуяагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед аймгаас хоёр хүүхэдтэйгээ Мөрөн суманд Цынд очсон юм. Намайг очиход Ц бага хүүтэйгээ, мөн эрэгтэй дүүтэйгээ хамт гэртээ байсан... Би очихдоо 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч очсон, пиво задлаад уух гээд сууж байхад Цын гэрийн хаалгаар нэг залуу 2-3 удаа шагайгаад байхаар нь Цт энэ юун хүн юм гэхэд найз нь зүс таньдаг юм, гарч уулзчихаад ирье гээд гараад явсан... 40 орчим минутын дараа аягүй айдастай, уйлчихсан би хүн алчихлаа ш дээ гэсээр орж ирэхээр нь юу болсон юм миний найз тайвшир гээд тэврээд тайвшруулсан... ирэхдээ согтуу байгаагүй, уйлчихсан орилсоор орж ирсэн...” гэх мэдүүлэг  /1-р ХХ-ийн 59-61-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 7-8-р хуудас/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай “...

1.2  Э.Жийн биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт  /1-р ХХ-ийн 65-66-р хуудас/

Яллагдагч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 06 сарын 02-ны өдөр манай найз, дүү хоёр маань ирчихсэн гэртээ хоол хийгээд орой гэртээ байж байхад Золжаргал манай гэрийн хаалгаар 2-3 удаа шагайгаад байхаар нь манай найз энэ хэн юм бэ, яагаад шагайгаад байгаа юм гэхээр нь манай найз байгаа юм, би гарч уулзчихаад ирье гээд гэрээс гарсан. Тэгээд Золжаргалтай гэрийн гадаа уулзахад Золжаргал хоёулаа Аынх руу явъя гэхээр нь тэднийх рүү явж яах гэж байгаа юм гэхэд тэнд Ж байгаа хоёулаа  явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд Золжаргалыг дагаад Аынд очиход гэрийнх нь эзэд байхгүй Ж ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь хүүе ээ чи эзэнгүй айлд юу хийж суугаа юм гэхэд Ж зүгээрээ гэрийнх нь эзэд мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Ж намайг суучих гэхээр нь би гэрийн баруун талд суусан. Тэгэхэд Ж надад пиво хийж өгөхөөр нь пивыг нь уухгүй манайд хүн ирчихсэн байгаа гэж хэлэхэд, ямар сүртэй юм уучих гэхээр нь уухгүй гэж хэлсэн. Тэгсэн өөрөө надад хийж өгсөн пивоо уучхаад дахиад хийж өгөхөөр нь манайд хүн ирчихсэн байгаа ууж болохгүй гэж хэлэхэд Ж ямар сүртэй пизда вэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Жийг аргадаад миний найз жоохон унтчих аа, найзынх нь биений юм ирэхгүй байгаа, би  хүүхэдтэй болчихсон юм шиг байна гэж хэлэхэд Ж хоёулаа наад хүүхдээ гаргая гэхээр нь найз нь урьд нь хоёр амьдрал зохиогоод алдаж үзсэн. Одоо эцэггүй хоёр хүүхэд байхад дээр нь дахиад нэг эцэггүй хүүхэд гаргаад яахав, чи ингэж архи уугаад байгаа юм чинь чи надад хань болж чадахгүй юм шиг байна. Би энэ хүүхдээ авхуулна гэж хэлэхэд Ж чи миний хүүхдийг гаргачихгүй алах гэлээ гээд уурлаад над руу пивоны сав аваад шидэхээр нь чи яаж байгаа юм гэхэд би чамайг алчихъя л даа гээд над руу шилэн аяга аваад шидсэн. Тэгхэд нөгөө аяга нь миний зүүн талын цээжин дээр оноод газар унахдаа хагарсан, би Жийг муухай авирлаж байгааг хараад надад айдас түгшүүр төрөөд тэрхэн зуур ухаан балартсан байсан... Аын гэрт анх очиход зуухных нь урд нэг хутга байсныг харсан... Ж согтох нь бол согтсон байсан тэгэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан... Тухайн үед миний биений юм ирэхгүй байсан болохоор би жирэмсэн болчихсон юм байх гэж бодсон. Тэрнээс бол би жирэмсэн болоогүй гэдгээ  дараа нь мэдсэн... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 144-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч*******ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Хатны 4-709 тоотод байрлах Ю.Аын гэрт*******тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг, хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч*******ийн өгсөн мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч Ю.Аын өгсөн мэдүүлэг, гэрч *******аттүлхүүрийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Золжаргалын өгсөн мэдүүлэг, гэрч З.Оюунтуяагийн өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 23 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч*******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Би яллах дүгнэлт дээр техникийн шинжтэй алдаа гаргаж гэрэл зургийн үзүүлэлт гэж оруулсан байна. Мөрдөгчийн гаргасан буруутай үйл ажиллагаанаас болоод гэрэл зургийг бэхжүүлээгүй байгаа. Шүүгдэгч Ц мэдүүлэг өгөхдөө анхны мэдүүлгээс өөр зүйл ярьж байна. Түлхэхээр нь цочрон давчдаж уурлаад ийм үйлдэл гаргасан гэж байна. Яаснаа мэдэхгүй л байх юм бол цочрон давчидсан болно гэж бодоод байна. Анх мэдүүлэг өгөхдөө хутгалсан тухайгаа өөрөө санаж мэдүүлэг өгсөн байдаг. Одоо бол санахгүй байна гэх мэдүүлэг өгч байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт түлхэж унагаахад санахаа больсон гэдэг зүйлийг хэлж байна.  Тухайн үед хамт байсан гэрч Золжаргалын мэдүүлгээр  би хүн алчихлаа гээд орилоод гүйсэн гэдгийг гэрчлээд байгаа. Эдгээр гэрчүүд согтуу байсан гэдэг. Харин шүүгдэгч Ц согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн байр суурьтай байна. Хэрэглэсэн талаар хамт байсан Оюунтуяагийн мэдүүлэг байгаа. Тухайн үед очсон хойноо бид 3 пиво уусан гэдэг. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нотолж чадсан эсэх талаар саналаа хэлэхийг хүсэж байна. Хохирогч*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэгт маргахгүй байгаа. Хүнд хохирол учруулахдаа ямар зэвсгээр, ямар сэтгэл зүйн байдалтайгаар хохирол учруулсан гэдэг дээр маргаж байгаа. Энэ хэргийг эхнээсээ мөрдөгч, улсын яллагч энэ хүн согтуугаар хүн хутгалсан байна гээд ялласан.  Эхний тогтоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гээд бичсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Маргахгүй байхын тулд бид нар драгер үлээлгэх ёстой байсан. Энэ олон гэрчийн мэдүүлгээр нотолж байна гэж улсын яллагч хэлэх гэж байна. Тухайн үед А согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн нийтлэг ойлголт байгаад байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэр хэмжээтэй, яаж хэрэглэсэн байсан талаар огт тогтоогдохгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж чадахгүй хэмжээний мэдүүлэг өгсөн. Хэргийн газрын үзлэгийн зургийг өгөөч ээ, хэргийн газрын үзлэг дээрээс юу ойлгосон бэ гэхээр “... маш замбараагүй, ширээн доогуур пивоны сав, аяга хэвтэж байсан, гал тогоо нь замбараагүй байсан...” гэж тусгагдсан. Хэргийн газрын зураг байхгүй болохоор нөхцөл байдал ямар байсан гэдгийг харах боломжгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг дээр эргэлзээтэй байна. Шүүгдэгчийг 11 цагийн үед пиво уусан гэдгийг Т.Энхбаяр гэдэг хүн мэдэж байгаа. Би*******аас өөрөөс нь “...өглөөнөөс хойш архидан согтуурсан асуудал байдаг уу? гэж  асуухад үгүй ээ би*******тэй уулзахаар ортол нөхцөл байдал их эвгүй, маш их хэл амаар доромжилсон байдал байсан гэж хэлсэн. Энэ хүн архи уугаагүй. Хэргийг уншихаар эргэлзээтэй нотлох баримт их байна. Энэ хүн уурлаад хутгалсан юм уу? Тасарч унаад хутгалсан юм уу гэдгийг ялгаж нотолж өгч чадаагүй. Хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй. Хүний биед хүнд хохирол учруулсан гэдгийг шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайгаар шийдэж өгнө үү. Өмнөх шүүх хурал дээр миний бие дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байгаа. Анхны шинжээчийн дүгнэлт дээр согтуу байгаа бол сэтгэл санаа цочрон давчидсан гэх үндэслэлгүй. Энэ хэргийн материалыг аль аль шинжээч нь уншсан. Уншаад согтууруулах ундаа гээд бүх тогтоолууд дээр явчихсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг тогтоож чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа учраас үүнийг харгалзаж үзээд шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байж болно. Ийм нөхцөл байдлууд байгаад байна. Хутгыг шинжилгээнд явуулаагүй. Хүний бие рүү орсон уу, үгүй юу гэдгийг тогтоож өгөөгүй. Зураг байхгүй, анх удаа харж байгаа болохоор хаа хамаагүй хутга гаргаад ирсэн байхыг үгүйсгэхгүй.  Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг хөнгөрүүлэн зүйлчлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл болгон гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллаж байгаа бол шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж маргаж байна.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэхдээ “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Хэргийн газрын зураг байхгүй болохоор нөхцөл байдал ямар байсан гэдгийг харах боломжгүй байна. Шүүгдэгчийг 11 цагийн үед пиво уусан гэдгийг Т.Энхбаяр гэдэг хүн мэдэж байгаа. Би*******аас өөрөөс нь “...өглөөнөөс хойш архидан согтуурсан асуудал байдаг уу...” гэж  асуухад үгүй ээ би*******тэй уулзахаар ортол нөхцөл байдал их эвгүй, маш их хэл амаар доромжилсон байдал байсан гэж хэлсэн. Энэ хүн уурлаад хутгалсан юм уу? тасарч унаад хутгалсан юм уу гэдгийг ялгаж нотолж өгч чадаагүй. Хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй. Хутгыг шинжилгээнд явуулаагүй. Хүний бие рүү орсон уу, үгүй юу гэдгийг тогтоож өгөөгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.

Шүүх шүүгдэгч*******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүний согтуугаар*******тэй маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь:

Хохирогч*******ийн “...пиво аваад Ю.Аын гэрт очсон чинь Золжаргал, Ц хоёр пиво ууж байсан. Тэгээд бид гурав хоёр том пиво хувааж уугаад байж байхад, Ц маргалдсан... намайг гэрийн хойно байрлах орон дээр сууж байхад Ц нь гэрийн баруун талд байсан ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ирээд миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалсан юм... Ц нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 18-22 -р хуудас/

Гэрч Б.Золжаргалын “...Ж, Ц бид гурав ...1 пиво хувааж уугаад би унтаж байхад ...шөнө 02 цагийн үед гэнэт Ц нь би хүн алчихлаа гээд орилж чарлахаар нь сэрээд хартал Ж нь хойд орон дээр хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд Ц гараад зугтаагаад явсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн байсан... Ж, Ц бид 3 пиво уусан... Ж нээх согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 34-35-р хуудас/ 

Гэрч Т.Энхбаярын “...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Мөрөн суманд байдаг эгч Цынд хонохоор ирсэн... Ц эгч найз Оюунтуяа болон хүүхдүүдтэйгээ хамт халамцуу юм үнэртүүлчихсэн машин дотроо сууж байсан. Харин А ахын гэрийн гадаа 2 залуу байх шиг байсан. Тэгээд эгчийг одоо харих уу гээд бид хэд гэртээ хамт ирсэн. Тэгээд эгч найзтайгаа машин  дотор байсан 2.5 литрийн талаар болсон пиво оруулж ирээд гэртээ ууж байсан. Тэгээд 2-3 цагийн дараа ...эгч гараад явчихсан... Тэгээд унтаж байхад Ц эгч гаднаас орилсоор ороод ирэхээр нь юу болсон бэ гэж асуухад орилоод юм ярьж өгөхгүй, би хүн дүрчих шиг боллоо гэж хэлэхээр нь хаана юу болсон юм гэхэд Аынд гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ахынд гүйгээд очиход хойд талынх нь буйдан дээр нэг залуу цээж нүцгэн цус, өтгөн, шингэнтэйгээ холилдчихсон, цээжиндээ хутгалуулсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-51-р хуудас/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай “...Э.Жийн биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /1-р ХХ-ийн 65-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийг согтуу байгаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлж, дүгнэж байгаа боловч энэ мэдүүлэг нь дээр дурдагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Түүнчлэн шүүгдэгчийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэж байгаа боловч шүүгдэгч нь хохирогчид хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, түүний болон ойр дотных нь хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, өөр ямар нэг хууль бус үйлдэл хийсний улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудад дурдагдаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

 

 2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Энхбат овогтой Ж миний бие Т овогтой Цт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /1-р ХХ-ийн 207-р хуудас/,    “... Хохирогч Энхбат овогтой Ж би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирол болох төлбөр 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг хүлээн авлаа, гомдол саналгүй болно...” гэх хүсэлт /2-р ХХ-ийн 30-р хуудас/-үүдийг тус тус гарган нотариатаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан, мөн хохирогч*******өд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ю.А, Г.Урангоо нар нь “...Т овогтой Цаас орны төлбөр болох 285.000 /хоёр зуун наян таван мянган/ төгрөгийг авсан тул  Цаас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно...” гэх хүсэлт /1-р ХХ-ийн 208-р хуудас/ гарган нотариатаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч*******ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирлоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Тус зүйл заалтад заасан 6.6 дугаар зүйл тогтоогдохгүй байна.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч*******ын үйлдсэн хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамрагдаж байх тул 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, нийт 4 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******: Асран хамгаалагчийн асуудал их хүнд байна. Хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Гэм буруугаа бол анхнаасаа хүлээж байгаа. Яг харсан гэрч байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулаад,  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж өгөөч, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгөөч гэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа болох эмчилгээний зардалд 2.800.000 төгрөгийг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулж өгнө үү гэсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаан дээр “...Ж намайг  байж бай суучих, жоохон суучхаач чи ямар сүртэй юм, өмнө уудаг байсан биз дээ” гээд... 2-3 удаа тэгж хэлсэн тэгээд намайг элдвээр доромжлоод байсан... Тэгээд намайг элдэв дээдээр доромжлоод байсан. Тэгээд би “миний найз одоо унт аа чи согтуу байна” гэхэд шууд миний малгайтай цамцнаас татаж намайг арагшаа сандал дээр суулгасан. Тэгээд байж байтал дахиад намайг уу гээд хийж өгсөн. Би уухгүй гэсэн чинь “чи муу яахаараа уудаггүй юм” гээд намайг шууд ширээ рүү түлхсэн. Ширээ рүү түлхэгдээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэж мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж заасан тул шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шижээ овогт Тын Цыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ыг  5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан  5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5,    36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

даргалагч шүүгч                         Д.Ганзориг