| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01509/и |
| Дугаар | 102/ШШ2017/02007 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02007
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/02007
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, Тугчин овогт Долгорсүрэнгийн Мягмаржавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Голден парк хотхон, 105 дугаар байр, 36 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Ганзам хотхон, 50а байр, 77 тоот хаягт оршин суух Хун овогт Ганбаатарын Сэргэлэнд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 19.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Г.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 онд Б.Мягмартай танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа Г.Сэргэлэнгийн байрыг худалдаж авахаар тохирч, нийт 34.000.000 төгрөгийг Г.Сэргэлэнд өгсөн боловч байрны бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Г.Сэргэлэн нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний дансанд 14.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо үлдэгдэл 19.500.000 төгрөгийг өгөхгүй янз бүрийн амлалт өгч байгаа боловч надад хохиролтой байна. Иймд Г.Сэргэлэнгээс 19.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Сэргэлэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 05 сард Б.Мягмартай харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болох 35 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай байрыг 35 сая төгрөгөөр тооцож наймаалцсан болно. Тухайн үед уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд хөөцөлдөж байгаа тухай талууд ярилцаж, аль болох түргэн бичиг баримт бүрдүүлж өгөхөөр, худалдсан үнэ болох 35 сая төгрөгийг мөн л хурдан шилжүүлж дуусгах талаар тохиролцсон. 2016 оны 05 сараас эхлэн Б.Мягмарын гэр бүлийн хүн болох н.Ангир гэгч нь надтай уулзаж, наймааг буцаах, төлбөрийг буцааж авах тухай яриа үүсгэж, миний бие ч хүсэлтийг хүлээн авч өөрийн боломжит нөхцлөөр төлбөрийг буцааж өгөхөөр тохиролцсон болно. 2017 оны 04 сард лизингийн амьдарч байсан өөрийн байр болох Голден парк хотхоны 105 байрны 36 тоот, 2 өрөө байрыг иргэн н.Оюун-Эрдэнэ гэгчид хувь лизинг хэлбэрээр зарж, банкны зээлийн үлдэгдэл болох 24 саяыг төлж зээлээс чөлөөлүүлж, бэлнээр авсан 14,5 сая төгрөгийг Б.Мягмарын талд шилжүүлсэн. Үлдэгдэл 18 сая төрөгийг сар бүр 750.000 төгрөгөөр төлж байхаар хувийн тохиролцоо хийсэн болно. Байраа зарж, үлдэгдэл 18 сая төгрөгийг сар бүрийн 28-нд 750.000 төлөх нөхцөлөө Б.Мягмарын талд тайлбарлаж энэ мөнгийг танай дансанд шилжүүлээд байя, эсвэл 18 сая дээрээ байр худалдаж авсан хүмүүстэй шууд гэрээ хийгээч гэдэг хүсэлт тавьж өрийг барагдуулах боломжийг тайлбарласан ч хүлээж аваагүй. Одоо миний зүгээс үлдэгдэл төлбөрийг өөрийн орон сууцны үлдэгдэл төгрөгийг Б.Мягмарын талд шилжүүлэх замаар барагдуулах боломжтой бөгөөд хугацаанаас урьтаж санхүүгийн боломж бүрдвэл төлбөрийг яаралтай барагдуулж, энэ асуудлыг эцэслэх хүсэлтэй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Сэргэлэн нь нэхэмжлэгч талын шаардлага 19.500.000 төгрөгийг бүрэн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус 750.000 төгрөгийг нэхэмлэгч талд шилжүүлж байх, нийт төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулах нөхцөлтэйгөөр талууд эвлэрч байна. Хугацааг зөрчсөн тохиолдолд шүүхийн албадан биелүүлэх арга хэмжээг авах болно гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмаржав нь хариуцагч Г.Сэргэлэнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 19.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хугацаа тохиролцож, хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 750.000 төгрөгөөр, нийт 19.500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хугацаа зөрчигдвөл албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 127.725 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй Г.Сэргэлэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 19.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 19.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 750.000 төгрөгөөр, нийт төлбөрийг 22017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хугацаа зөрчигдвөл албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 127.725 гаргуулан нэхэмжлэгч Д.Мягмаржавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ