Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгачид овогт ******* т холбогдох эрүүгийн 2021004150086 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих ялаар, мөн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,

мөн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр 2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан, Булгачид овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-нөөс 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод байрлах ******* эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч хөргөгч, оёдлын машин, дөш, цахилгаан тогоо, хивсэнцэр, гоо сайханы тавиур, ширээ зэрэг эд зүйлс хулгайлж 567,990 (таван зуун жаран долоон мянга есөн зуун ер) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай ээж Оюунзул 2020 оны 03 дугаар сараас Булган сумын 3 дугаар баг “Үүдийн жаран” гэх газарт мал маллахаар явсан. Явахдаа гэр дотор байсан эд зүйлсээ заримыг нь авч яваад, үлдсэн зүйлсээ хашаан доторх байшиндаа хийгээд үлдээсэн. Би өөрөө бол Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 6-17 тоотод оршин суудаг, ээж хөдөө явсан тул би Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод байрлах хашаа байшингаа 7-14 хоног болоод нэг удаа эргэдэг байсан. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эргэх үед манай хашаа байшин зүгээр байсан. Манай ах Цэрэнбалтав 2020 оны 06 дугаар сарын 10-нд хашаа байшингаа эргэх үед хашаа байшинд ямар нэгэн хүн ороогүй зүгээр байгаа талаар хэлж байсан. Тэрнээс хойш би зав гарахгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хашаандаа 20 цагийн үед очоод үзтэл манай хөрш айлын гэх эмэгтэй “Танайх нүүж байгаа юм уу, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед нэг хүн ирээд танай байшингаас хөргөгч, хоёр хивс тэргэн дээр түрээд аваад явсан. Танай хамаатан хүн юм уу, би утсан дээрээ зураг авсан” гээд зураг үзүүлсэн. Энэ хүн мөн 2 хоногийн дараа цагаан өнгийн машинтай ирээд хивс аваад явсан гэхээр нь байшингийн цонхоор юмаа хартал улаан өнгийн 2х3 хэмжээтэй хивсэнцэр, ногоон өнгийн 2х3 хэмжээтэй хивсэнцэр, орос оёдлын машин, төмөр дөш, ногоон өнгийн хөргөгч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн цагаан өнгийн гоо сайхны тавиур, цахилгаан тогоо, хүүхдийн ягаан өнгийн ширээ зэрэг эд зүйл 2020 оны 06 дугаар сарын 10-наас 2020 оны 07 дугаар сарын 05-ны хооронд алдагдсан...” гэжээ. /хх-ийн 42-43/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудлын хувьд 2020 оны 06 дугаар сард буюу намайг сонгуулийн ажилд явж байгаад 17 цагийн орчимд гэртээ буцаж ирээд сууж байтал манай хажуу хашаанаас нэг залуу усны тэргэн дээр хөргөгч өөр бусад юм ачаад гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас “Зулаа /гийн төрсөн эх/ хэзээ ирэх юм бэ” гэж асуусан. Тэгтэл нөгөө залуу “маргааш ирнэ” гэж хэлсэн. Би лавшруулаад нөгөө залуугаас “чи хэн юм бэ” гэхэд “Зулаагийн нөхрийнх нь дүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш удалгүй хашаан дотор нь ороод ширээ сандал зөөж байхыг нь хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн шиг санагдаж байна...” гэжээ. /хх-ийн 76-77/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэх хүнийг 2-3 жилийн өмнөөс мэддэг болсон. 2020 оны 06 дугаар сард байх он сарыг нь тодорхой санахгүй байна. Нэг удаа дамаргүй хуучин оёдлын машин, цахилгаан тогоо, нэг улбар шар өнгийн хивс зэрэг эд зүйл авч ирээд зарна гэхээр нь би аваагүй. 2020 оны 06 дугаар сарын 20-доор шиг санаж байна, ногоон өнгийн хөргөгч, хуучны том төмөр дөш зэрэг эд зүйлийг зарна гээд авч ирсэн. Би дөшийг нь 8000 төгрөг, хөргөгч нь ажиллахгүй байхаар нь би авахгүй гэтэл тэгвэл эвдээд зэсийг нь авч зарна гэхээр нь би зэсний мөнгийг нь өгье битгий эвд гээд 10,000 төгрөг өгөөд уг хөргөгчийг авсан. Би авсан дөш болон хөргөгчийг буцааж эзэнд нь өгнө. аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Маргааш орой нь 19 цагийн орчимд хашаанд ирэхэд хүн байхгүй байшин нь цоожтой байхаар нь цоожийг нь татаж онгойлгоод байшин дотроос оёдлын машин, цахилгаан тогоо зэргийг аваад шууд зах руу явсан. ...тэгтэл нэг танихгүй залуу ирээд би зараад өгөх үү гэхээр нь би тухайн хүнд оёдлын машин, тогоо хоёрыг өгөөд явуулсан. Удалгүй тухайн залуу нэг машинд зарчихаад ирлээ гээд надад 36,000 төгрөг өгсөн. ...Тэр хүнд би өөрийнхөө эд зүйлийг зарж байгаа гэж хэлсэн. Маргааш нь би өглөө 08 цагийн орчимд гэр болох ******* ******* тоотод мөн урьдын адилаар орж ногоон саарал өнгийн маркийг нь мэдэхгүй хөргөгч, дөш, хивс, тавиур зэргийг хулгайлсан. Ширээ сандлыг нь хулгайлах гэсэн боловч гаргаж чадахгүй үүдэнд нь орхисон. Би тухайн хулгайлсан эд зүйлээ Дүлий гэх хүнээс түр гуйж авсан усны тэргэн дээр ачиж баруун урагшаа хоёрын хороонд байх Дүлий гэх /Батболд/ хүнд хулгайлсан эд зүйлээ нийтдээ 23,000 төгрөгт зарсан. Түүнээс хойш би 2-3 хоногийн дараа байшингийн эзэнд баригдаж бүх эд зүйлийг нь буцааж өгсөн. Харин оёдлын машины хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэжээ. /хх-ийн 94-95/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-89/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 96/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 98/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-111/ болон  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Булгачид овогт ******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод байрлах хохирогч ******* эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч, оёдлын машин, дөш, цахилгаан тогоо, хивсэнцэр, гоо сайханы тавиур, ширээ зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 567,990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...орой 19 цагийн орчимд хашаанд ирэхэд хүнгүй, байшин цоожтой байхаар нь цоожийг нь татаж онгойлгоод байшин дотроос оёдлын машин, цахилгаан тогоо зэргийг аваад шууд зах руу явсан. ...маргааш өглөө нь 08 цагийн орчимд ******* ******* тоотод мөн урьдын адил орж ногоон саарал өнгийн маркийг нь мэдэхгүй хөргөгч, дөш, хивс, тавиур зэргийг хулгайлсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хашаандаа 20 цагийн үед очтол манай хөрш айлын гэх эмэгтэй “Танайх нүүж байгаа юм уу, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед нэг хүн ирээд танай байшингаас хөргөгч, хоёр хивс тэргэн дээр түрээд авч явсан. Танай хамаатан хүн юм уу, би утсан дээрээ зураг авсан” гээд зураг үзүүлсэн. Тэгээд энэ хүн мөн 2 хоногийн дараа цагаан өнгийн машинтай ирээд хивс аваад явсан гэхээр нь байшингийн цонхоор юмаа хартал улаан өнгийн 2х3 хэмжээтэй хивсэнцэр, ногоон өнгийн 2х3 хэмжээтэй хивсэнцэр, орос оёдлын машин, төмөр дөш, ногоон өнгийн хөргөгч зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотлох гэрч Д.гийн “...манай хажуу хашаанаас нэг залуу усны тэргэн дээр хөргөгч өөр бусад юм ачаад гарч байгаа харагдсан. Би тухайн залуугаас “Зулаа хэзээ ирэх юм бэ” гэж асуухад “маргааш ирнэ” гэж хэлсэн. Би лавшруулаад нөгөө залуугаас “чи хэн юм бэ” гэхэд “Зулаагийн нөхрийнх нь дүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш удалгүй хашаан дотор нь ороод ширээ сандал зөөж байхыг нь харсан...” гэх, гэрч ын “... дамаргүй хуучин оёдлын машин, цахилгаан тогоо, улбар шар өнгийн хивс зэрэг эд зүйл авч ирээд зарна гэхээр нь би аваагүй. Үүний дараа ногоон өнгийн хөргөгч, хуучны том төмөр дөш зэрэг эд зүйлийг зарна ... гэхээр нь би авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Ганхуяг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг тогтоолд дурдав.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-111/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас түүний цагдан хоригдсон 1 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 хоногийн хорих ялыг 2 жил 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 9 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******д 567,990 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, хохирогч алдагдсан эд зүйлээсээ оёдлын машинаас бусад эд зүйлийг /хөргөгч, дөш, цахилгаан тогоо, хивсэнцэр гэх мэт/ буцааж авсан болох нь эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь 120,000 төгрөгөөр үнэлэгдсэн оёдлын машиныг буцааж өгөөгүй, үнийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 120,000 төгрөгийг гаргуулж  хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгачид овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* т 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас цагдан хоригдсон 1 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 хоногийн хорих ялыг 2 жил 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 9 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, Боржигон овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА