Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02006

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02006

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35Б байр, 11 тоот хаягт байрлах, “Стандарт форм” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 47/3 байр, 38 тоот хаягт байрлах, “Алтан зурлага” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 2.418.570 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтан зурлага” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай компанитай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардагдах эд материалыг түрээсэлж авсан. “Алтан зурлага” ХХК нь хүлээн авсан эд материалын түрээсийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон боловч, санхүүжилт орж ирэхгүй гэсэн шалтгаанаар түрээсийн төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймээс түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.418.570 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацааг түрээсийн төлбөрөөс хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 1.000.000 төгрөгөөр багасгаж, 2.418.570 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь хариуцагч “Алтан зурлага” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3.418.570 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж 2.418.570 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч “Алтан зурлага” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь хариуцагч “Алтан зурлага” ХХК-тай 2016  оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслүүлэхээр тохиролцжээ.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.

Зохигчдын хооронд барилгын ажилд эд материал түрээслэх харилцаа үүссэн болох нь, хариуцагч төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь “Алтан зурлага” ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх заалтыг үндэслэн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иймд түрээсийн гэрээний төлбөрт 2.418.570 төгрөгийг хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-д олгох нь зүйтэй.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас 2.418.570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-д олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.МӨНХЦЭЦЭГ