| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0125/э |
| Дугаар | 2022/ШЦТ/119 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч У.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Оюунбатад холбогдох эрүүгийн 2221000000119 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Хар чулуут” гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Дорнод Их сургуулийн дотуур байрны 09 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Оюунбат /РД: ЖВ 98080919/.
Шүүгдэгч У.Оюунбат нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Дорнод их сургуулийн дотуур байрны 09 тоотод гэртээ 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Амарзаяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Оюунбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч С.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөртөө хандаж “битгий хурдан уугаад бай, тайван уу, чи архи уугаад согтчихоороо их агсам болчихдог биз дээ” гэж хэлсэн чинь манай нөхөр Оюунбат уурлаж босч ирээд миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгээд би нөхөртөө хандаж “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэсэн чинь “чи миний үгэнд ордоггүй биз дээ” гэж хэлээд миний зүүн талын нүд рүү гараа зангидаж байгаад 3 удаа цохиод авсан. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11, 13/
Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Оюунбат нь манай охины зүүн нүдийг цохиж гэмтэл учруулсан тохиолдол гарсан байна. ...Манай хүргэн Оюунбат жоохон түргэн ууртай бөгөөд уурлаж дуусаад цагаахан уучлалт гуйж байдаг. Мөн заримдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд архи уусан үедээ тогтворгүй ууртай болдог...” гэжээ. /хх-ийн 20/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 204 тоот дүгнэлтэд:
1. С.Амарзаяагийн биед зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/
У.Оюунбат мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай эхнэр 4 сартай бага охиноо хөлнөөс нь татах, гэрийн эд зүйл, тавилга өшиглөх зэрэг зүй бус үйлдэл хийгээд байхаар нь гэнэт уур хүрч түүнтэй ам хэлээрээ ширүүн маргалдаж нүүр хэсэгт нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэжээ. /хх-ийн 34-35/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7/
У.Оюунбатын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 38/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Оюунбат нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Дорнод их сургуулийн дотуур байрны 09 тоотод байх гэртээ хохирогч С.Амарзаяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун тохойн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч У.Оюунбатын “...манай эхнэр 4 сартай бага охиноо хөлнөөс нь татах, гэрийн эд зүйл, тавилга өшиглөх зэрэг зүй бус үйлдэл хийгээд байхаар нь гэнэт уур хүрч түүнтэй ам хэлээрээ ширүүн маргалдаж нүүр хэсэгт нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.Амарзаяагийн “...Би нөхөртөө хандаж “битгий хурдан уугаа бай, тайван уу, чи архи уугаад согтчихоороо их агсам болчихдог биз дээ” гэж хэлсэн чинь манай нөхөр Оюунбат уурлаж босч ирээд миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгээд би нөхөртөө хандаж “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэсэн чинь “чи миний үгэнд ордоггүй биз дээ” гэж хэлээд миний зүүн талын нүд рүү гараа зангидаж байгаад 3 удаа цохиод авсан...” гэх, гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Оюунбат нь манай охины зүүн нүдийг цохиж гэмтэл учруулсан тохиолдол гарсан байна...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 204 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Оюунбат нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч У.Оюунбатын үйлдлийн улмаас хохирогч С.Амарзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 204 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Урьдбишийн Оюунбатад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Урьдбишийн Оюунбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Оюунбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч У.Оюунбатын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оюунбатад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч У.Оюунбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Амарзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.Оюунбат нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.Оюунбат нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Оюунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урьдбишийн Оюунбатад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оюунбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.Оюунбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Амарзаяа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч У.Оюунбатын ЖВ 98080919 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Оюунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА