| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 104/2017/00123/и |
| Дугаар | 102/ШШ2017/01827 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01827
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01827
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран, 7 дугаар гудамж, 12 тоот хаягт оршин суух, Гавал овогт Пүрэвдумаагийн Моломбаяр /РД: ЙГ87060312/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: С.Цэрэнхүүг төрсөн эх болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Пүрэвдумаа, С.Цэрэнхүү, гэрч П.Нандин, Ч.Товуужав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Моломбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Моломбаяр нь 1987 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн бөгөөд түүнийг төрөх үед төрсөн эх болох С.Цэрэнхүү нь түүний аав болох Ч.Товуужавтай албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байснаас гадна өөрийн улаан паспортоо гээгдүүлсэн байсан. Иймээс С.Цэрэнхүү Моломбаярын төрсний гэрчилгээг өөрийн төрсөн эгч болох С.Пүрэвдумаагийн нэр дээр авсан. П.Моломбаяр нь өнөөдрийг хүртэл С.Пүрэвдумаагаар овоглосон. Одоо П.Моломбаярын өөрийнх нь төрсөн эх С.Цэрэнхүү нь амьд сэрүүн байгаа бөгөөд өөрийн төрсөн эх С.Цэрэнхүү дээр бүртгэлтэй болохыг хүсч түүнийг төрсөн эх болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Пүрэвдумаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цэрэнхүү тухайн үед улаан паспортоо хаясан тул би өөрийн нэр дээр П.Моломбаярыг бүртгүүлж авсан. П.Моломбаяр нь миний төрүүлсэн хүүхэд биш юм. П.Моломбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Цэрэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би улаан паспортоо хаясан байсан тул хүүхдээ эгчээрээ овоглосон. П.Моломбаярын төрсөн эх нь би мөн. П.Моломбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Моломбаяр нь С.Цэрэнхүүг төрсөн эх мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.1-д “садан төрлийн холбоо”-г тогтоохоор заасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Моломбаяр нь 1987 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Ч.Товуужав, С.Цэрэнхүү нарын ууган хүү болж мэндэлсэн нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Пүрэвдумаагийн “П.Моломбаярын төрсөн эх нь С.Цэрэнхүү мөн” гэсэн тайлбар, гуравдагч этгээд С.Цэрэнхүүгийн “П.Моломбаярын төрсөн эх нь С.Цэрэнхүү миний бие мөн болно” гэсэн тайлбар, гэрч Ч.Товуужавын “П.Моломбаяр нь С.Цэрэнхүү бид хоёрын ууган хүү юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй, С.Цэрэнхүү улаан паспортоо гээгдүүлсэн байсан тул хүүхдийн төрсний гэрчилгээ авахдаа эгч С.Пүрэвдумаагаар овоглосон байсан. П.Моломбаяр нь бидэнтэй хамт тусдаа гарах хүртлээ амьдарсан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Нандингийн “П.Моломбаяр нь манай нагац эгч С.Цэрэнхүүгийн хүү юм. Би багад нь тэднийд байж 2 хүүхдийг нь хардаг байсан. Миний төрсөн дүү биш” гэсэн мэдүүлэг, гэрч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэгчтэй садан төрлийн холбоотой талаарх лавлагаа, гуравдагч этгээд С.Цэрэнхүүгийн 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1 хүүхэд төрүүлсэн гэх ХААТР-1 маягтын лавлагаа, нэхэмжлэгчийн төрсөн дүү Т.Нямзаяагийн 1991 оны 5 дугаар сарын 05-нд төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар, Т.Нямзаяагийн амбулаторийн картын гэр бүлийн мэдээ хэсэгт ам бүл 4, аав, ээж, ах Моломбаяр нарын хамт бүртгэгдсэн бүртгэл, нэхэмжлэгчийн гуравдагч этгээд С.Цэрэнхүү, гэрч Ч.Товуужав нартай хамт авхуулсан гэр бүлийн зургууд, Товуужавын Моломбаяр гэсэн 8 дугаар анги төгссөн суурь боловсролын гэрчилгээ, гуравдагч этгээд С.Цэрэнхүүгийн 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нөхөж авсан улаан паспортын хуулбар, С.Пүрэвдумаагийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх дурдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч П.Моломбаярын төрсөн эх С.Цэрэнхүү болох нь тогтоогдож байх тул садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар заасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гавал овогт Пүрэвдумаагийн Моломбаярын төрсөн эх нь Майрынхан овогт Сосорбурамын Цэрэнхүү мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ