Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000098 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, Боржигон овогт ******* ******* /РД: *******/

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Зангиатын 22 дугаар эгнээгээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2 “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******, нарыг дайрч, хохирогч *******ын биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед болсон зүйл бүгд тодорхой байгаа. Өөрийн бурууг ойлгож байна” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр машинд дайруулаад эмнэлэгт хүргүүлсэн. Хөлний хагалгаанд ороод эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. Тухайн эмнэлэгт хэвтсэн хагалгаанд орсон зардлыг ******* бүгдийг төлсөн. Миний хувьд зүгээр ажлаа хийгээд явж байсан бол ослоос болоод одоо ямар ч ажил хийх боломжгүй болсон. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Иймд үүнтэй холбоотойгоор ажилгүй байх хугацааны буюу 6 сарын цалин болох 9,000,000 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... бид хоёр манай гэрт 0,5 литрийн Хараа архи хувааж уугаад нар жаргах үед буюу 17 цагийн үед хүргэж өгөхөөр бид хоёр  Зангиатын 22 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүн тийш засмал зам руу такси барих гээд явж байхад гудамжны эцэст дэлгүүрийн баруун талын хашааны гадаа өөдөөс машин гарч ирээд бид хоёрыг мөргөчихсөн. бид хоёр газарт унасан. Машинд мөргүүлээд шоконд ороод тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байгаа бөгөөд эмнэлэгт ухаан орсон. Миний хөл хугарч, рентген зураг авхуулна гэж байсан. Ингээд миний баруун дунд чөмөг хугарч хагалгаанд орсон. Би эмнэлэгт 10 гаруй хоног хэвтээд эмнэлгээс гарсан. ...намайг мөргөсөн ******* гэх жолооч хагалгаанд орох үед зардал гэж 1 сая гаруй төгрөг өгсөн байх. Мөн миний хэрэглэх ёстой эмчийн бичиж өгсөн эм тариаг авч өгсөн. ...миний хувьд гомдолтой байна. Зүгээр явж байгаад өвдгөө хугалуулаад өөрийн хийж байсан ажлаа хийж чадахгүй болсон, үнэхээр хэцүү байна. ...манай найз бид хоёрыг мөргөсөн ******* жолооч ямар ч сигнал болон дуут дохио өгч анхааруулсан зүйл байхгүй. Гэнэт л орж ирээд шууд мөргөчихсөн. ...ямар ч байсан өөрийн ажлаа хийж чадахгүй болсон учраас хэд хоног ажил хийгээгүй хугацааг бодож өөрт учирсан хохирлыг төлүүлнэ. Ойролцоогоор 6 сар ажлаа хийж чадахгүй болсон тул 6 сарын цалинтай тэнцэх 9,000,000 төгрөг, эм тарианы зардлаа тооцоод 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 18-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хоёр нүд 100 хувь юм хардаггүй, би группэд байдаг. ...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай найз манай гэрт ирээд намайг дагуулаад гарсан. Бид хоёр Зангиат хорооллын 22 дугаар эгнээнд байрлах ын гэрт ороод 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Архи ууж дуусаад намайг хүргэж өгнө гээд бид хоёр такси барих гээд Зангиат хорооллын 22 дугаар эгнээнд зам руу алхаж байхад нэг машин ирээд бид хоёрыг мөргөчихсөн. Тухайн машины жолооч ******* гэх залуу бид хоёрыг мөргөсөн машинаараа БОЭТ-ийн хүлээн авах тасагт хүргэж анхны тусламж үзүүлсэн. Үзүүлэхэд манай найз ын өвдөгний дээд хэсгээр хугарсан гэж байсан. ******* гэх залуу намайг өөрөө дагуулан явж нуруу, гуя хэсэгт рентген зураг авхуулсан. Зураг авхуулахад надад ямар нэг хугарсан яс байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. ******* гэх залуу эмчилгээний бүх эм тариаг авч өгсөн. ...миний хувьд одоогоос 1 сарын өмнө нүдний хагалгаанд орсон. Хагалгаанд ороод удаагүй машинд мөргүүлсэн болохоор тархинд юм үлдээд толгой өвддөг болчихож магадгүй гэж бодоод Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгч үзүүлж харуулмаар байна...“ гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гэртээ байж байхад манай найз ******* өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа ирсэн. Тэгээд манай найз ******* бид хоёр Зангиат хорооллын 22 дугаар эгнээнд байрлах найз Гантулгын гэр рүү Зангиат хорооллын голын засмал замаар хойшоо явж байгаад 22 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруун тийш эргээд хорооллын голын шороон зам руу дөнгөж эргээд явж байхад замын голд хоёр эрэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Найз ******* бид хоёр зэрэг шахуу хүн хараад зогсож чадалгүй тухайн хоёр эрэгтэй хүнийг машинаараа мөргөчихсөн. Тухайн үед засмал замаас баруун тийш эргээд хорооллын голын замаар явж байхад нар жаргах гээд өөдөөс гялбаад юм харагдахгүй байсан. Гэнэт л хүн гараад ирсэн. Зогсож чадахгүй, манай найз ******* тоормос дараад амжихгүй, тухайн хоёр эрэгтэй хүнийг мөргөчихсөн. Машинаас гараад харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эрэгтэй хүн байсан. Нэг нь огт юм харахгүй, нөгөө эрэгтэй нь түшээд явж байсан юм билээ. Тэгээд бие нь гайгүй юу гэхэд хоёр ах нь зүгээр явлаа гээд байхаар нь манай найз ******* бид хоёр тийм юм байхгүй яаралтай эмнэлэгт очиж үзүүлье гээд тухайн хоёр хүнийг машиндаа суулгаад эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Хараа муутай ах болох нь гайгүй, гэмтсэн зүйл байхгүй, харин нөгөө гэх залуугийн хөл нь өвдөөд хөдөлж болохгүй байна гээд байхаар нь рентген зураг авхуулахад өвдөгний ясны тойгны дунд чөмөг нь хугарсан байсан. Манай найз ******* , нарын эмчилгээний зардал, эм тариаг авч өгсөн. Эмнэлэгт хэвтсэн цагаас нь хойш эргэж тойрч, биеийг нь асууж эм тариаг нь дөхүүлж өгч байгаа...” гэжээ. /хх-ийн 27-28/  

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 124 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.    

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31-32/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гадуур явж байгаад найз Ууганбаатарыг Дэнж хорооллоос очиж аваад Зангиат хороололд байрлах найз Гантулгын гэр рүү хоол цай идэхээр явсан. Зангиатын 22 дугаар эгнээнд ороод ертөнцийн зүгээр баруун тийш гудамжаар явж байхад тухайн үед нар жаргах болчихсон, өөдөөс гялбаад юм харагдахгүй байсан, тухайн 22 дугаар гудамжны замын голд 2 хүн явж байсныг харалгүй зүүн талаас нь өөрийн тээврийн хэрэгслээр мөргөчихсөн. Гараад харахад тухайн хоёр хүн газар хэвтэж байсан. Манай найз Ууганбаатар бид хоёр машинаасаа гараад харахад тухайн хоёр эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг залуу нь хараа муутай харахгүй, найзыгаа түшээд явж байсан юм билээ. Тэр хоёр зүгээр зүгээр, дэлгүүрийн харалдаа буулгаад өгчих гээд байхаар нь эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд эмнэлэгт авчирч анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед би өөрөө шоконд орчихсон, машинаа барьж чадахгүй гар салгалаад байсан болохоор найз Ууганбаатар миний машиныг бариад явсан. ... гэх залуугийн хөл хугарч хагалгаанд орсон. Миний хувьд гэх залуугийн эмчилгээний зардал, эм тариа, хагалгааны төлбөр гээд нийт 1,380,000 төгрөгийг зарцуулсан...” гэжээ. /хх-ийн 51-53/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 10-11/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 41/

“Бүрэн сүх” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 91/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 64/

*******ийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82-83/

*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 85-89/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Зангиатын 22 дугаар эгнээгээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Toyota Prius – XW20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2 “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******, нарыг дайрч, хохирогч *******ын биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...баруун тийш гудамжаар явж байхад тухайн үед нар жаргах болчихсон, өөдөөс гялбаад юм харагдахгүй байсан, тухайн 22 дугаар гудамжны замын голд 2 хүн явж байсныг харалгүй зүүн талаас нь өөрийн тээврийн хэрэгслээр мөргөчихсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн *******ын “...Зангиатын 22 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүн тийш засмал зам руу такси барих гээд явж байхад гудамжны эцэст дэлгүүрийн баруун талын хашааны гадаа өөдөөс машин гарч ирээд бид хоёрыг мөргөчихсөн. бид хоёр газарт унасан...” гэх, гэрч ийн “... намайг хүргэж өгнө гээд бид хоёр такси барих гээд Зангиат хорооллын 22 дугаар эгнээнд зам руу алхаж байхад нэг машин ирээд бид хоёрыг мөргөчихсөн...” гэх, гэрч ын “...баруун тийш эргээд хорооллын голын шороон зам руу дөнгөж эргээд явж байхад замын голд хоёр эрэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Найз ******* бид хоёр зэрэг шахуу хүн хараад зогсож чадалгүй тухайн хоёр эрэгтэй хүнийг машинаараа мөргөчихсөн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 124 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ыг дайрч, түүний биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 124 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний төлбөрт  1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан мэдүүлэг, тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Харин шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгч *******аас ажилгүй байгаа хугацааны 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлого 9,000,000 төгрөг, цаашид эмчлүүлэх зардал 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд ирүүлээгүй тул хохирогчийн 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын 10,000,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******т эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА