Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1038

 

Т.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

          прокурор С.Эрдэнэтуяа,

          хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

          хохирогч Н.М-ын өмгөөлөгч Р.Мөнхтариа,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,       

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.М-ын өмгөөлөгч Р.Мөнхтариагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.А-д холбогдох 2017 2502 0909 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............овгийн Т-ны А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Т.А- нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадам эх, хохирогч Н.М-ын 06-00 УБК улсын дугаартай “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг “солиод, сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авч залилж, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-ийг “хамтран амьдаръя, хамт япон улс руу явъя” гэж итгэл төрүүлэн улмаар “автомашин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Хаан” банкны 5598097608 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-эд “би хүн хутгалчихлаа, шүүх хурал болоод шоронд орох гээд байна, хохирогчийнхоо гомдлыг барагдуулвал шоронд орохгүй, чи надад туслаач” хэмээн Д.Өлзийбадрахыг хохирогчийн ах гэж итгүүлэн автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Б-ийн 82-46 УНЧ улсын дугаартай “Тоёота Рав-4” загварын автомашиныг Д.Өлзийбадрахад худалдан залилж, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-эд “чи надад унаж яваа автомашинаа өгчих, би автомашин сольж авч цааш нь зараад, хоёр автомашины чинь мөнгийг чамд буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Б-ийн 01-30 УБЕ улсын дугаартай “Тоёота Харьер” загварын автомашиныг З.Давхарбаярт шилжүүлэн залилж, 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.А-ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.А- 30 хоног цагдан хоригдсон болон хохирогч Н.М-д төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.А-аас 33.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-эд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Т.А-д гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 33.700.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогч Н.М-ын өмгөөлөгч Р.Мөнхтариа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхиин шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.” гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Т.А- нь хохирогч Н.М-ыг залилж “8.500.000 төгрөгийн үнэтэй “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Гэвч хохирогч Н.М- нь Т.А-ыг өөрийн төрсөн охин Г.А-тай хамтран амьдарч байх хугацаандаа 1 охин төрүүлсэн байдлыг нь харгалзан шүүхээс хэргийг шийдвэрлэхийн өмнө Т.А-ын төрсөн эх Т.Г-тэй уулзаж, тохиролцоод хохирлын үлдэгдэл болох 5.500.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах тухай гэрээ хийж, хохирлыг барагдуулсанд тооцуулахаар шүүхэд уг материалыг нотлох баримт болгон өгсөн.

Үүний дагуу шүүх хуралдаанд оролцоогүй болно. Шүүхийн шийтгэх тогтоолд дээрх гэрээг харгалзан хохирогч Н.М-д төлөх төлбөргүй гэж тусгаад хорихоос өөр төрлийн ял шийтгэлд нь зохих ач холбогдол болсон гэж үзэж байна.

Гэтэл “Хохирол барагдуулах тухай” гэрээнд заасан хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хохирлыг нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг өөрчилж, хорих ял оногдуулж, хохирогч Н.М-ын 5.500.000 төгрөгийн хохирлыг хүүгийн хамт Т.А-аас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлөгдөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоно гэсэн заалтыг зөрчиж “... шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Учир нь, шүүгдэгч Т.А-д холбогдох хэрэгт “... Г.М би Т.А-ыг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж байгаа тул ямар нэгэн гомдол, саналгүй болно. ...” /1-р хх-207/, шүүгдэгч Т.А-ын эх Т.Г, хохирогч Г.М нарын хооронд байгуулсан хохирол, төлбөр барагдуулах гэрээ /1-р хх-208-209, 228-229/, шүүгдэгч Т.А-ын “... Миний бие хохирогч Г.Б-эд учруулсан хохирлоо 00-83 УБС улсын дугаартай “Бенз Е200”, 42-46 УБП улсын дугаартай “Хюндай Соната Фе” загварын автомашинуудыг худалдан борлуулж барагдуулна. ...” /1-р хх-236/ гэх баримтууд авагдсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А-ын өмчлөл эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй талаарх баримт авагдаагүй, мөн 00-83 УБС улсын дугаартай “Бенз Е200” загварын автомашины өмчлөгч нь О.О /1-р хх-230/, 42-46 УБП улсын дугаартай “Хюндай Соната Фе” загварын автомашины өмчлөгч нь “.....” ХХК /1-р хх-231/ болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ тогтоогдсон нөхцөл байдлын талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хавтас хэрэгт авагдсан хохирол төлөх тухай гэрээ, хүсэлтийг үндэслэн “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон” гэж хэт ойлгомжгүй, хийсвэр дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...”  гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.А-ын “бусдын эд хөрөнгийг худалдан борлуулж, гэмт хэргийн хохирлыг барагдуулах” талаарх хүсэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, биелэгдэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар бодитой дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд хохирогч Н.М-ын өмгөөлөгч Р.Мөнхтариагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ