Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 548

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.О, хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, С.Ч, Ж.Н, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Л.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-О, Д.Т нарыг оролцуулан “С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “УСУГ” ОНӨААТҮГ, Ү.Х-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгч: “С.М” ХХК /РД:25777../

Хаяг: Сүхбаатар дүүрэг, . дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, СТӨргөө . корпус

Хариуцагч: “УСУГ” ОНӨААТҮГ

Хаяг: Б******* дүүрэг, . дугаар хороо, Т*******гийн гудамж .

Хариуцагч: УСУГ-БМ-2018-19 дугаар Т.Ү.Х

Хаяг: Б******* дүүрэг, . дугаар хороо, Т*******гийн гудамж .

Гуравдагч этгээд: “П” ХХК РД:52419..

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж - .

Нэхэмжлэлийн шаардлага: УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дугаар зөвлөмж, “УСУГ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулахыг Ү.Х-д, гэрээ байгуулахыг “УСУГ” ОНӨААТҮГ-т тус тус даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “С.М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Саяхан Нийслэлийн Ус сувгийн удирдах газраас “УСУГт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-2018-19” гэсэн тендер зарлаж, тендерийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн.

            Уг тендерт газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний салбарт автобензин болон дизелийн түлш импортлох борлуулах зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон манай компани материал авч оролцлоо.

            Манай компанийн хувьд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний салбарт автобензин болон дизелийн түлш импортлох зах зээлийн 7-8 хувийг хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

            Харин уг зах зээл дээр манай өрсөлдөгч болох “П.Г” ХХК /“П” ХХК, “Н” ХХК, “П.Т” ХХК гэх мэт/ компани нь автобензин болон дизелийн түлш импортлох борлуулах зах зээлийн 40 хувийг атгаж, давамгай байдалтай, асар хүчтэйгээр тэргүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа болохыг олон нийт, хэвлэл мэдээлэл, төр засаг сайн мэдэх билээ.

            Монгол Улсын автобензин болон дизелийн түлш борлуулах зах зээл дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч олон компаниуд хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөж эхэлсэн.

            Гэтэл сая энд дурдсан УСУГ-БМ-2018-19 тендерт оролцсон “П.Г” ХХК нь бусад оролцогч компаниудыг тендерээс, зах зээлээс шахан гаргах зорилгоор автобензин болон дизелийн түлшний үнийг зардлаас доогуур тогтоож, өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан үйлдэл гаргасан.

            Тодруулбал, дээр дурдсан өрсөлдөгч групп компанийн төлөөлөл болох “П” ХХК нь өнөөдрийн зах зээл дээр тогтсон ШТС-ын үнээс даруй 12-16 хувь доогуур буюу бүтээгдэхүүний бодит өртөг болох гадаад импортын Оросын Холбооны Улсын үнэ, валютын ханш, гааль, онцгой татвар, хураамж, тээврийн болон үйл ажиллагааны зардал, ашиг тооцоогүй бодит зардлаас даруй 10-14 хувь доогуур хасах үнийн санал өгсөн нь автобензин болон дизелийн түлш борлуулах зах зээлээс биднийг шахан гаргах бодит үйлдэл болсон. Ингэж “П.Г” ХХК нь биднийг хасах үнээр ажиллуулж, шууд дампууралд хүргэх, зах зээлээс шахагдан гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.

            “П.Г” ХХК, “П” ХХК-ийн удирдлага нь Засгийн газрын үнийн комиссын хуралдаанууд дээр Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийн өмнө борлуулж байгаа тонн шатахуунд 225,000-280,000 төгрөгийн үйл ажиллагааны тогтмол зардал байдгийг хэлж ирсэн. Энэ нь үнэн бол зардлаас доогуур үнээр борлуулах санал гаргах учиргүй.

            Ийнхүү бага үнэ өгснөөр манай компанийн эрх ашгийг шууд зөрчиж байна. Учир нь манай “С.М” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шударга өрсөлдөж, бусад өрсөлдөгч компаниудын эрх ашгийг нь зөрчихөөргүй шударга үнийн санал өгч оролцсон.

            Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр гартал түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичиг ирснээр манай компанийн шударга үнийн санал бага мэтээр бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл болсон бөгөөд хэрэв “П” ХХК нь шударга үнийн санал өгсөн бол манай компани энэхүү тендерт ялалт байгуулж, өнөөдөр шатахууныг нийлүүлж ашиг олох байсан.

            Манай компанийн ашгийг УСУГ-ын дарга Ц.Т-ийн албан бичиг хаан боогдуулж байна. Мөн “П” ХХК нь холбогдох хуулиудыг уландаа гишгэж, хуурамч үнийн санал өгч манай компанийн эрх ашгийг шууд зөрчих үйлдэл гаргаж байгаад тус тус гомдолтой байна.

            Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээдэг.

            Дээр дурдсан нэр бүхий “П.Г” ХХК, “Н” ХХК, “П” ХХК зэрэг компаниуд нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хамтран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж заасны дагуу давамгай байдалтай болох нь бодит байдалд үнэн билээ.

            Энэхүү давамгай байдалтай аж ахуй эрхлэгч компаниас зах зээлд борлуулах бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зардлаас доогуур тогтоож, тендерт оролцсон үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгоно”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасантай яв цав нийцсэн хууль бус үйлдэл болсон юм.

            Хэрэв “П” ХХК-ийн зардлаас доогуур санал өгч тендерт оролцож буй үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэгдвэл тухайн компани нь төрөөс болон хувийн хэвшлээс зарлаж буй бүх тендер шалгаруулалтад энэ аргаараа ялж, тухайн зах зээлд өрсөлдөгчдөө богино хугацаанд шахан гаргаж, улмаар дангаар ноёлох боломж нь бүрэлдэх билээ. Чухамхүү аливаа этгээдийн энэ мэт зүй бус үйлдэл нь өрсөлдөөн болон тендерт өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд сөрөг үр дагаврыг үүсгэдэг тул Өрсөлдөөний тухай хуулиар онцгойлон зааж, хориглож, энэ төрлийн үйл ажиллагаанд нягт хяналт тавьж ажиллах үүргийг төрийн байгууллага Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүлээдэг гэж бид үздэг.

            Энэ ч утгаараа Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байна.

            Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгүүдэд зааснаар тендерт оролцогч нар нь худалдан авах ажиллагааны бүхий л шатанд өрсөлдөх тэгш боломжоор хангагдах зарчмыг баримталдаг.

            Гэтэл “П” ХХК нь зах зээлийн үнээс хэт доогуур буюу зардлаас доогуур үнийн санал өгч оролцож байгаа нь тухайн тендерт ямар ч хамаагүй /шударга бус үнэ бүхий/ аргаар ялж, улмаар цааш цаашдын тендерт энэ мэт аргаар ялалт байгуулан тухайн зах зээлд өрсөлдөгч компаниудыг зах зээлээс шахан гаргах атгаг муу санаа зорилготой байгаа нь илэрхий байна. Ийнхүү үр дагавар нь бага үнийн саналаар ялж, тухайн тендер үр ашигтай мэт өнгөц харагдах боловч цаашид тухайн зах зээлд дангаар ноёлж улмаар үнийг хүссэн хэмжээнд өсгөх зэрэг үр дагавартай болохыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн байгууллагын хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, төсвийн асуудал эрхэлсэн Сангийн яам, түүний албан хаагчид сайтар мэдэх учиртай билээ.

            Өөр нэг өнцгөөс нь авч үзвэл “П” ХХК нь өнөөдрийн байдлаар зардлаас доогуур үнийн санал өгч өрсөлдөгчдөө тухайн тендерээс шахан гаргаж, улмаар хэсэг хугацааны дараа тухайн үнэд өөрчлөлт оруулах замаар бараа бүтээгдэхүүний алдагдлыг нөхөх санаа зорилготой байхыг үгүйсгэхгүй юм.

            Мөн нөгөөтээгүүр “П” ХХК-ийн өгсөн үнийн санал нь нэгэнт зах зээлийн бодит үнэ бус зардлаас доогуур болох нь баримтаар нотлогдон тогтоогдох тохиолдолд энэ нь илт худал тендерийн үнийн санал болох буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар тухайн компани нь тендерийн ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй билээ.

            Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит захиалагч байгууллага болон Сангийн яамны үүрэг хариуцлагыг зохицуулсан, харин Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлд өрсөлдөгчийг шударга өрсөлдөх нөхцөлийг хангах талаар аж ахуйн нэгжүүд болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүрэг хариуцлагыг зохицуулсан гэж ялгаж, тусгаарлаж ойлгож байдаг.

            Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-д зааж хориглосон үйлдэл мөн эсэхийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх зүйлүүдэд заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим алдагдсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Ер нь тендер нээх хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, тендер шалгаруулсан шийдвэр гарсан өдрөөс хойш Сангийн яам гэж асуудлыг харьяалсан байх боловч тендер нээсэн өдрөөс тендер шалгаруулсан өдөр хүртэлх 45 хоногийн хугацааны дотор хууль зөрчигдсөн асуудлыг хуулиар харьяалалгүй орхигдуулсан байгаад төрд гомдолтой байна.

Ингэж төрийн байгууллагууд руу албан гомдол шаардлага хүргүүлээд уг тендерт шалгалт хийхийг хүлээх хугацаанд УСУГ-аас 2018.04.19-ний өдрийн 6/875 албан бичиг ирсэнтэй танилцахад уг тендерт хууль бусаар тендерт оролцогчийг шалгаруулсан болох нь, манай компани уг зах зээлээс шахагдан гарсан болох нь илт тодорхой боллоо.

Энэхүү мэдэгдлийг хүлээн авч бидний зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18/1269 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасны дагуу манай гомдолд Сангийн яамнаас 6-1/2618 тоот хариу гаргасныг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 40 минутад Сангийн яамны бичиг хэргээс Я.Х гаас хүлээн авч танилцаад шүүхэд хандаж байна.

Иймд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж УСУГ-БМ-2018-19 тендерт оролцсон “П” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоож, УСУГт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн, А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т-ийн 2018.4.19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулахыг УСУГ ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Үнэлгээний хорооны дарга Л.Э нар шүүхэд хамтран ирүүлсэн хариу тайлбартаа: “С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй УСУГ-т холбогдох УСУГ-т шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулахыг УСУГ ОНӨААТҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

УСУГт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй, УСУГ-БМ-2018-19 /УСУГ201801035/ цахим дугаартай тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн А/17 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулан 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын мэдээ, Үндэсний шуудан сонин болон tender.gov.mn сайтад цахимаар нээлттэй зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад тендерийн нээлт хийхэд 5 нь оролцогч материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдан материалаа ирүүлсэн оролцогчдын тендерийг тус хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлага хангасан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3 Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7.3 Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4 Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу төсөвт өртөгт багтсан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК-ийг шалгаруулан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн.

“С.М” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тендерийн баримт бичгийг Сангийн яаманд өгч гомдлыг хянан шийдвэрлүүлэхэд Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/2618 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3, 28.7.3-д заасны дагуу захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн шийдвэр гарсны дагуу гэрээ байгуулан хамтран ажиллахаар болоод байна.

“С.М” ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлд: 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичиг ирснээр манай компанийн шударга үнийн санал баг мэтээр бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл болсон бөгөөд хэрэв “П” ХХК нь шударга үнийн санал өгсөн бол манай компани энэхүү тендерт ялалт байгуулж, өнөөдөр шатахууныг нийлүүлж, ашиг олох байсан. Гэсэн нь тухайн компанийн дотоодын асуудал нь тендер шалгаруулалттай шууд хамааралгүй, шалгараагүй тухай албан бичгийг явуулснаар бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл бус хуульд заасан хууль ёсны үйлдэл юм. Иймээс “П” ХХК нь хуурамч үнийн санал өгсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай байгууллага “С.М” ХХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Тендер шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн саналууд манай тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-Д “шаардлагад нийцсэн тендерийн үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-Д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс УСУГт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018- 19 дугаар тендерийг үнэлсэн, А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулахыг УСУГ ОНӨААТҮГ-т даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “П” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй УСУГ ОНӨААТҮГ, Ү.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээд “П” ХХК дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь УСУГт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах №УСУГ-БМ-2018-19 цахим тендерт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр оролцсон. Тендерийн баримт бичигт А-80 авто бензин 387557 литр, АИ-92 авто бензин 232726 литр, Дизелийн 442294 литр гэж заасан бөгөөд энэхүү шатахууныг манай компани нийт 1,713,642,502 төгрөгт нийлүүлэхээр үнийн санал хүргүүлсэн. Улмаар Ус сувгийн удирдах газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/873 тоот албан бичгээр манай тендер хамгийн сайнаар үнэлэгдсэн тул ажлын 5 хоногийн дараа гэрээ байгуулж хамтран ажиллах болсныг албан мэдэгдэж байна гэсэн албан бичиг ирсэн. Уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахаар тендерт заасан нөхцөлийн дагуу гэрээг албажуулан УСУГ хүргүүлсэн боловч өнөөг хүртэл гэрээ байгуулагдаагүй байна. Тендерийн үнийг санал болгохдоо компанийн үнийн үндсэн зорилгыг баримтлан гаргасан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “УСУГ” ОНӨААТҮГ шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-2018-19 дугаар тендер зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээсэн байна. Тус сонгон шалгаруулалтад таван компани оролцсон бөгөөд дараах үнийн саналыг ирүүлжээ. Үүнд:

  1. “Ш т” ХХК – 1,846,847,971 төгрөг
  2. “С.М” ХХК – 1,863,439,252 төгрөг
  3. “А т” ХХК – 1,792,672,455 төгрөг
  4. “П” ХХК – 1,713,642,502 төгрөг
  5. “М т” ХХК – 1,832,054,324 төгрөг

Хариуцагч Т.Ү.Х нь дээрх таван компаниас ирүүлсэн тендерийг үнэлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК-ийг шалгаруулсан гэж тайлбарлаж байна.

Харин нэхэмжлэгч “С.М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлохдоо нэгдүгээрт, “П” ХХК нь зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгж болохынхоо хувьд шатахууны өөрийнх нь өртгөөс бага үнээр үнийн санал хүргүүлсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, бусад тендерт оролцогчдыг шахан боогдуулсан явдал болсон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендерийг хянан үзэх шатыг алгасч шууд үнэлгээ хийсэн. Гуравдугаарт, “П” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангаагүй, тухайлбал “П” ХХК-ийн цахим картыг ашигласан, “Н” ХХК, “П” ХХК-ийн лабораторид хийсэн судалгааны дүгнэлтийг өгсөн, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүн нь “П” ХХК-ийн бүтээгдэхүүн болох нь эргэлзээтэй учир тендерт “П” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулж, уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гарган маргажээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг шинжлэн судлаад, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг дараах байдлаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэг. “П” ХХК нь зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгж болохынхоо хувьд шатахууны өөрийнх нь өртгөөс бага үнээр үнийн санал хүргүүлсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, бусад тендерт оролцогчдыг шахан боогдуулсан явдал болсон” гэх үндэслэлийн тухайд. Шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг[1] нотлох баримтаар гаргуулсан бөгөөд тус тогтоолын 2-т “Газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд “П” ХХК, “П.О” ХХК, “П.Т” ХХК, “П” ХХК-уудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэж заасны дагуу “П” ХХК нь автобензин, дизелийн түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж болох нь тогтоогдож байна.

            Гэхдээ энэхүү давамгай байдлаа ашиглаж шатахууны өөрийнх нь өртгөөс бага үнээр үнийн санал хүргүүлж, зориудаар зах зээлд хууль бус өрсөлдөөн үзүүлж, бусад тендерт оролцогчдыг шахан гаргаж байна гэх үндэслэлийг шүүх энэхүү хэргийн тухайд дүгнэх боломжгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй юм.

            Хоёр. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендерийг хянан үзэх шатыг алгасч шууд үнэлгээ хийсэн” гэх үндэслэлийн тухайд. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус заасан боловч Т.Ү.Х хянан үзэх шатыг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Тендерт ирүүлсэн материалыг хянан үзсэн хүснэгтээс[2] тодорхой харагдаж байна. Тендерт оролцогч 5 компани тус бүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг хариуцагч Т.Ү.Х хянан үзэж, улмаар тендерийг үнэлэх ёстой байжээ.

            Т.Ү.Х-ны бүх гишүүд шалгараагүй 4 компанийг төсөвт өртөг давсан гэж үзээд 19 шалгуур үзүүлэлтийн тухайд огт дүгнээгүй, тендерийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж тус тус заасны дагуу Т.Ү.Х хянан үзэх шатыг хэрэгжүүлж, тендер шаардлагад нийцсэн эсэхийг дүгнэж, улмаар үнэлэх шатанд бага үнийн саналаар уралдуулан шалгаруулах ёстой байсан.

            Хариуцагч хуулиар тодорхойлсон журмыг хэрэгжүүлээгүй ба энэ нь шалгараагүй 4 компанийн тендерээ бүрэн гүйцэд үнэлүүлэх, тухайн тендерт тэгш оролцох эрхийг зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс хэтэрсэн тохиолдолд захиалагч 5 хүртэлх хувиар хэтэрсэн үнэтэй тендер ирүүлсэн тендерт оролцогчтой гэрээний үнийг төсөвт өртөгт багтаах зорилгоор хэлэлцээ хийх бөгөөд ийнхүү хэлэлцээ хийхдээ захиалагч тендерт оролцогчийн санал болгосон үнийг үндэслэлгүйгээр бууруулахыг шаардахыг хориглоно” гэж заасны дагуу үнийн санал төсөвт өртгөөс хэтэрсэн гэж үзвэл хэлэлцээ хийх үүрэгтэй байжээ.

            Гурав. “...“П” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангаагүй, тухайлбал “П” ХХК-ийн цахим картыг ашигласан, “Н” ХХК, “П” ХХК-ийн лабораторид хийсэн судалгааны дүгнэлтийг өгсөн, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүн нь “П” ХХК-ийн бүтээгдэхүүн болох нь эргэлзээтэй” гэх үндэслэлийн тухайд. Гуравдагч этгээд “П” ХХК нь тендерийн баримт бичигтээ “П.Т” ХХК-ийн агуулах, “Н” ХХК-ийн автоцистернүүд[3], “П” ХХК-ийн шатахууны карт[4], “П” ХХК болон “Н” ХХК-ийн товч танилцуулга[5] бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Т.Ү.Х эдгээр баримтыг хянан үзээд баримтын бүрдлийг хангасан гэж дүгнэжээ. Гэтэл “П” ХХК, “П” ХХК, “Н” ХХК, “П.Т” ХХК-ууд хоорондоо ямар хамааралтай болох Компанийн тухай хуульд зааснаар хараат болон охин компани, компанийн нэгдэл эсэхийг тодорхойлсон баримтууд байхгүй байна. “П” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм байхгүйгээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан “П” ХХК-ийн охин компани эсэхийг тогтоох боломжгүй байна.

            Улмаар яагаад “П.Т” ХХК-ийн агуулах, “Н” ХХК-ийн автоцистернүүд, “П” ХХК-ийн шатахууны картыг тус тус ашиглах болсон, мөн эдгээр компаниудын товч танилцуулгыг ирүүлэх болсон шалтгаан ойлгомжгүй байна. Хамтран ажиллах гэрээ, өөр бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд харилцаа хамааралтай бол тэр талаарх баримт ч хангалтгүй байна.

            Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд тодорхой хэмжээнд тогтоогдож, тендер сонгон шалгаруулалт хуулиар тогтоосон журмын дагуу явагдаагүй бөгөөд гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг хангалтгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дугаар зөвлөмжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Тендерт оролцогч 5 компани, ялангуяа “П” ХХК-ийн тендерийн баримтуудтай холбоотой тайлбар, тодруулгыг “УСУГ” ОНӨААТҮГ болон Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу шаардан гаргуулж болох байсан бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна.

            Харин “УСУГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, энэхүү албан бичиг нь захиргааны акт биш, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг хэмээн шүүх дүгнэж байна. Учир нь энэхүү албан бичиг нэхэмжлэгч “С.М” ХХК-д ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй бөгөөд зөвхөн Т.Ү.Х-ны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг мэдэгдсэн төдий юм.

            “Уг тендерт “С.М” ХХК-ийг шалгаруулахыг Ү.Х-д, гэрээ байгуулахыг “УСУГ” ОНӨААТҮГ-т тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн бөгөөд шүүх захиргааны байгууллага болох Т.Ү.Х-ны “Хянан үзэх, үнэлэх” чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй тул “С.М” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан, хамгийн сайн тендер гэж үзэх эсэхийг дүгнэж, тогтоох боломжгүй учраас, цаашлаад гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шийдвэр гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Энэхүү шийдвэрийн улмаас тендерийг дахин үнэлэх, дахин сонгон шалгаруулалт явуулах үр дагавар үүсч байгаа бөгөөд тендерт оролцогчдын тэгш эрхийг хангах үүднээс аль нэг компанийн тендер давуу болон сул хэмээн дүгнэх боломжгүй. Эс бөгөөс хуульд заасан худалдан авах ажиллагааны зарчимтай зөрчилдөх юм. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.7, 28.7.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмжийг тус тус хүчингүй болгож, “УСУГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, уг тендерт “С.М.Г” ХХК-ийг шалгаруулахыг Ү.Х-д, гэрээ байгуулахыг “УСУГ” ОНӨААТҮГ-т тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 6 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 42-46 дугаар хуудас /ар, өвөр тал/

[3] “Петростар” ХХК-ийн тендерийн баримт, Файл №4

[4] “Петростар” ХХК-ийн тендерийн баримт, Файл №12

[5] “Петростар” ХХК-ийн тендерийн баримт, Файл №13