Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч: С.Оюунбанзрагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овогт Сансрайдоржийн Оюунбанзрагчид холбогдох эрүүгийн 201626021620 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр Ариунтамир, хүү Баясгалан, охин Цэнгэл, Мишээлт, Энхжаргалан нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 40 дүгээр байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Харчин овогт Сансрайдоржийн Оюунбанзрагч, /РД: ШБ64011516/

 

Шүүгдэгч С.Оюунбанзрагч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” зах дээр гурил, будаа, элсэн чихэр бөөний үнээр худалдан борлуулж хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Ганзоригоос 4 тонн буюу 160 ширхэг шуудай Вьетнам цагаан будааг 7 хоногийн хугацаатай борлуулж өгнө гэж хуурч мэхлэн авч, 7 120 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оюунбанзрагч мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ганзоригоос будаа авсан нь үнэн. Гэхдээ Ганзориг падаан бичихдээ 02 дугаар сарын 03-ны өдрөөр бичсэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч-Д.Ганзориг мэдүүлэхдээ:

“....2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр БГД-ийн 3 дугаар хороо Барс зах дээрээс Оюунбанзрагч гэх хүнд 7 120 000 төгрөгийн үнэ бүхий будаа 7 хоногийн хугацаатай олгосон юм. Тэгээд би цагаан сар өнгөрөөд эмнэлэгт хэвтэж гараад 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хархорин зах дээр очиж Оюунбанзрагчтай уулзах гэсэн чинь Хархорин зах дээр гурил, будаа зардаг байсан контейнерээ зараад Хархорин зах дээр ажиллахаа больсон байсан. Тэгээд Оюунбанзрагчийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 04 дүгээр сард Оюунбанзрагчийн утас нь холбогдоод бид хоёр уулзсан чинь 14 хоногийн дотор олж өгнө гэж хэлээд алга болсон. Үүнээс хойш бас алга болоод хайж байгаад барьж авч өөрөөр нь цагдаа шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхэд ямар нэгэн гомдол байхгүй гэсэн бичиг хийлгэж авсан....Би Оюунбанзрагчийг Хархорин зах дээр гурил, будаа зардаг юм чинь гэж бодоод надаас будаа байна уу гэж асуухаар нь итгээд будаа өгсөн. Оюунбанзрагч Хархорин зах дээр гурил, будаа зардаг байсан. Оюунбанзрагч анх будаа авахдаа өөрөө 7 хоногийн дотор борлуулаад өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед бөөний үнэ 45 000 төгрөг байсан би харин 44 500 төгрөгөөр бодож өгсөн. Надаас авсан будаагаа бөөний үнээр багаар бодоход 45 000 төгрөгөөр бодоод зарах боломжтой. Надаас 4 тонн буюу 160 ширхэг шуудай цагаан будаа авсан. Нэг шуудай будаа 25 кг, нэг шуудай будааг нь 44 500 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 7 120 000 төгрөгийн хохирол учирсан байна....Хүн итгээд ямар нэгэн гэрээ, хэлцэл болохгүй 4 тонн будаа өгч байхад ажлын байраа өөрчилж итгэл эвдэн алга болсонд гомдолтой байна” гэжээ. /хэргийн 7 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ариунтамир мэдүүлэхдээ:

“...2015 оны 10 сараас манай нөхөр С.Оюунбанзрагч Хархорин зах дээр гурил, будаа зарж эхэлсэн. Тэгтэл ашиг орохгүй алдагдалтай ажиллаж өрөнд орж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сард манай нөхөр Ганзориг гэж хүнээс будаа авсан гэж 2016 оны 05 дугаар сард хүмүүсийн ярианаас мэдсэн. Уг зээлээр авсан будаагаа хааш нь хэнд өгсөн талаар мэдэхгүй, миний бодлоор байрны түрээс болон хүмүүсийн өрөнд өгсөн байх...” гэжээ. /хэргийн 27 дугаар хуудас/

 

  Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 32 дугаар хуудас/

           

            Зарлагын баримт /хэргийн 18 дугаар хуудас/

 

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: С.Оюунбанзрагч нь урьд ял шийтгэгдээгүй гэх /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч С.Оюунбанзрагч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” зах дээр гурил, будаа, элсэн чихэр бөөний үнээр худалдан борлуулж хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Ганзоригоос 4 тонн буюу 160 ширхэг шуудай Вьетнам цагаан будааг 7 хоногийн хугацаатай борлуулж өгнө гэж хуурч мэхлэн авч, 7 120 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Ганзоригийн мэдүүлэг, гэрч А.Ариунтамирын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Хохирогч Д.Ганзориг нь шүүгдэгч С.Оюунбанзрагчийг өөрөөс нь цагаан будаа авч, 7 120 000 төгрөгийн хохирол учруулсан талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Оюунбанзрагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй ба түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч түүний үйлдсэн хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Ганзориг нь шүүгдэгчээс хохиролд нийт 7 120 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч С.Оюунбанзрагч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 1 250 000 төгрөгийг төлсөн байх тул хохирлын үлдэгдэл 5 870 000 төгрөгийг шүүгдэгч С.Оюунбанзрагчаас гаргуулан хохирогч Д.Ганзоригт олгуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Сансрайдоржийн Оюунбанзрагчийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюунбанзрагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оюунбанзрагчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Оюунбанзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгчээс 5 870 000 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 316-504 тоотод оршин суух Д.Ганзоригт олгосугай.

 

6. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Оюунбанзрагчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ