| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00237/и |
| Дугаар | 102/ШШ2017/01690 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01690
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/01690
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 45 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Тугтан овогт Сүхээгийн Сайнбилэг /РД:ЧИ72082113/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог хотхон, 203 дугаар байр, 152 тоот хаягт оршин суух, Онход овогт Баттулгын Амарбат /РД:УУ87111614/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3б хэсэг, Улиастай гудамж, 89 тоот хаягт оршин суух, Өвгөн овогт Бэгзсүрэнгийн Алтангэрэл /РД:ХИ87021070/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7а байр, 39 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Сүхээгиийн Цэцэгмаа /РД:УП88052121/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 2 дугаар гудамж, 75 тоот хаягт оршин суух, Сономцэрэн овогт Сумъяагийн Нямбаатар /РД:ЦЖ77041017/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86а байр,
70 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Пүрэвдоржийн Болормаа /РД:РВ77102806/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16 дугаар байр, 34 тоот хаягт оршин суух, Ишдо овогт Зоригийн Сайнгэрэл /РД:УХ88062501/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороолол, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, 8 тоот хаягт оршин суух, Базар овогт Даньхүүгийн Батбаяр /РД:ЧИ73090616/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 60 дугаар байр, 4 тоот хаягт оршин суух, Тавхайнх овогт Цогтын Дөлгөөн /РД:ХГ79012696/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 1-49 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, Ядамжавын Ариунбат /РД:УК65030313/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7б байр, 17 тоот хаягт оршин суух, Их Монгол овогт Буянбатын Мандалмаа /РД:ЕЙ67121408/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 00 тоот хаягт байрлах, “Актлабс эйшиа” ХХК /РД:5043557/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 405.668.148 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайнбилэг, Ц.Дөлгөөн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сайнбилэг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр анх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр уг хэрэг харъяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэж байна. Нэр бүхий 11 иргэн нь шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинд нийт 405.668.148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр нэр бүхий 11 иргэнийг овог нэртэй нь дурдая. Үүнд: Б.Алтангэрэл, С.Цэцэгмаа, Б.Амарбат, Б.Мандалмаа, Д.Батбаяр, Я.Ариунбат, С.Нямбаатар, П.Болормаа, Ц.Дөлгөөн, С.Сайнбилэг, З.Сайнгэрэл гэсэн 11 иргэн байна. Дээрх 11 иргэн анх 234.511.875 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх гэж багагүй хугацаа өнгөрсөн тул 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 405.668.148 төгрөгийг хариуцагч компани болох “Актлабс Эйшиа” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг иргэн тус бүрээр задалж хүснэгт гаргаж хэрэгт өгсөн. Үүнийг тодруулж хэлье. 1. Б.Алтангэрэлийн хувьд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 444 хоногийн цалин болох 31.205.208 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь нийт 444 хоногийн цалин бөгөөд түүний нэг өдрийн цалин 70.282 төгрөг. Нэхэмжлэгч нарын ажилласан хоногийн тоо бүгд адил боловч нэг өдрийн цалингийн хэмжээ өөр өөр байгаа юм. 2. С.Цэцэгмаагийн нэг өдрийн цалин 73.402 төгрөг бөгөөд нийт 32.590.488 төгрөг, 3. Б.Амарбатын нэг өдрийн цалин 85.729 төгрөг бөгөөд нийт 38.063.676 төгрөг, 4. Б.Мандалмаагийн нэг өдрийн цалин 69.309 төгрөг бөгөөд нийт 30.773.196 төгрөг, 5. Д.Батбаярын нэг өдрийн цалин 77.867 төгрөг бөгөөд нийт 34.572948 төгрөг, 6. Я.Ариунбатын нэг өдрийн цалин 73.016 төгрөг бөгөөд нийт 32.419.104 төгрөг, 7. С.Нямбаатарын нэг өдрийн цалин 86.156 төгрөг бөгөөд нийт 38.253.264 төгрөг, 8. П.Болормаагийн нэг өдрийн цалин 69.269 төгрөг бөгөөд нийт 30.755.436 төгрөг, 9. Ц.Дөлгөөний нэг өдрийн цалин 81.039 төгрөг бөгөөд нийт 35.981.316 төгрөг, 10. С.Сайнбилэгийн нэг өдрийн цалин 108.322 төгрөг бөгөөд нийт 48.094.968 төгрөг, 11. З.Сайнгэрэлийн нэг өдрийн цалин 119.276 төгрөг бөгөөд нийт 52.958.544 төгрөг нэхэмжилж, дээрх 11 нэхэмжлэгч нар нь нийт 405.668.148 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэнд болно нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү гэв.
Хариуцагч “Актлабс эйшиа” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Актлабс Эйшиа” ХХК нь эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын улмаас 2015 оноос үйл ажиллагаагаа зогсоосон байсан бөгөөд хувьцаа эзэмшигчийн 2016 оны 3 дугаар сарын 16- ны өдрийн шийдвэрээр албан ёсоор татан буугдсан. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа доголдсон, хэвийн ажиллаж чадаагүй, цалин олгох чадамжгүй байсан тул татан буугдах шийдвэр гарах хүртэлх хугацаанд тухайн үед ажиллаж хүмүүсийг бөөнөөр нь амраах, ажлын цагийг нь багасгах зэрэг арга хэмжээ авч байсан. Ингэж явсаар “Актлабс Эйшиа” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон байдаг. Энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архиваас 2015 оны 9 сарын 28-ны өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж олгосон гэрчилгээнээс харагдана. Гэрчилгээн дээр “ажиллах хугацааг 2014.01.17-ний өдрөөс 2016.01.17-ны өдөр хүртэл сунгасныг бүртгэв” гэсэн бичилт хийгдсэн байгаа. “Актлабс Эйшиа” ХХК нь үйл ажиллагаа явуулах хугацаагаа сунгуулаагүй бөгөөд дээр дурдсанчлан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор татан буугдсан. Иймд Иргэний хуулийн 32.2-т зааснаар Татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэх комисс томилогдсон болно. Иргэний хуулийн 32.3 дахь хэсэгт “Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Өглөөний сонины 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 053 (2314) дугаарын 4 дэх талд компани татан буугдсан тухай нийтэд зарлан мэдээлсэн. Улмаар иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хуульд заасан дээд хугацаагаар буюу 6 сарын турш хүлээн авсан бөгөөд нэхэмжлэл хүлээн авах хугацаа дууссан. Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар татан буугдсан хуулийн этгээд нь шүүхэд хариуцагч болох чадамжгүй, нөгөө талаас татан буулгах ажиллагаа нь хуульд заасан тусгайлсан журмаар явагддаг тул тухайн хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлүүдийг Татан буулгах комисс хүлээн авч нэхэмжлэгч нарын тэгш эрхийг хангаж холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг. Дээрх нэхэмжлэлийг гаргаад буй нэр бүхий иргэд нь бусад нэхэмжлэгч нарын адилаар нэхэмжлэлээ Татан буулгах комисст ирүүлснийг комисс бүртгэн хүлээн авсан (Комиссын хүлээн авсан нэхэмжлэлийн хувийг хавсаргав). Татан буулгах комисс нь иргэн, хуулийн этгээдийн нийт 8 нэхэмжлэлийг хүлээн аваад, шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Татан буулгах комисс томилогдож татан буугдсан хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй талаар Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хуульд дараах байдлаар зохицуулсан байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 32.4, Компанийн тухай хуулийн 27.2-т тус тус зааснаар компани татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хуулийн 32.5, Компанийн тухай хуулийн 27.10-т зааснаар татан буулгах комисс нь нэхэмжлэлүүдийг хуульд заасан журам, дарааллаар барагдуулна. Иймд татан буулгах комиссын хүлээн авч энэ журмын дагуу шийдвэрлэх нэхэмжлэлийг дээрх зохицуулалтыг зөрчиж шүүх хүлээн авах үндэслэлгүй. Мөн Компанийн тухай хуулийн 27.7-д “Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл татан буулгах балансыг батлахаас өмнө шүүхэд гомдол гаргаж болно” гэж шүүхэд хандаж болох тохиолдлыг заасан. Ийм нөхцөл үүсээгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч нар энэ асуудлаар Татан буулгах комисстой ярилцаж, шийдэлд хүрэх, харин комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. Мөн Иргэний хуулийн 32.5.1 дэх хэсэгт заасан тэргүүн ээлжинд барагдуулах шүүхийн шийдвэрээр гаргуулах төлбөр гэдэг нь татан буугдахаас өмнө гарсан шүүхийн шийдвэрийг ойлгох бөгөөд татан буугдсанаас хойших асуудал нь шүүхээр бус дээрх журмаар шийдвэрлэгдэнэ. Нөгөө талаас аливаа нэг нэхэмжлэгч нь дээрх журмыг зөрчиж, бусад нэхэмжлэгч нараас давуу эрх эдлэхээр шүүхэд хандах, түүнийг нь шүүх хүлээн авч шийдвэрлэх нь нийт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол, тэгш байдалд нийцэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн бусад хуулийн зохицуулалтуудаас дурдвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар ч мөн Шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг татан буулгах комисст шилжүүлэх тухай заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 63.2-т “Татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ" гэж заасан. Эндээс үзэхэд ч татан буугдах ажиллагааг тусгай журмаар Татан буулгах комисс эрхлэн гүйцэтгэхийг зөвшөөрсөн байгаа нь харагдана. Хуульд заасан дээрх чиг үүргийг гүйцэтгэхдээ татан буулгах комисс нь Иргэний хуулийн 32.7, Компанийн тухай хуулийн 27.8-д зааснаар компанийн эд хөрөнгийг худалдаж, төлбөрийг барагдуулах бөгөөд Татан буулгах комисс нь Иргэний хуульд заасан журмын дагуу тус компанийн хөрөнгийг худалдан борлуулах 2016 оны 9 сарын 22-ны өдрийн дуудлага худалдааны зарыг Өдрийн сонины 2016 оны 9 сарын 23-ны өдрийн 220 (5485) дугаарын 4 дэх талд нийтэд мэдээлсэн бөгөөд татан буулгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 65.1.10 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Сайнбилэг, нар нь “Актлабс Эйшиа” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 234.511.875 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлс 405.668.148 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын дүнг ихэсгэж байна.
Компани нь хувьцаа эзэмшигчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр татан буугдсан бөгөөд нэхэмжлэгч нар нь Татан буулгах комисст нэхэмжлэл гаргасан тул шүүх түүнийг харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй гэж хариуцагч тал татгалзсан тайлбар гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяаллыг зөрчөөгүй байна гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3727 тоот шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 891 тоот Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Б.Алтангэрэл, С.Цэцэгмаа, Б.Амарбат, Б.Мандалмаа, Д.Батбаяр, Я.Ариунбат, С.Нямбаатар, П.Болормаа, Ц.Дөлгөөн, С.Сайнбилэг, З.Сайнгэрэл нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч “Актлабс Эйшиа” ХХК нь нэхэмжлэгч Б.Алтангэрэл, С.Цэцэгмаа, Б.Амарбат, Б.Мандалмаа, Д.Батбаяр, Я.Ариунбат, С.Нямбаатар, П.Болормаа, Ц.Дөлгөөн, С.Сайнбилэг, З.Сайнгэрэл нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй байжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны тоот, бусад баримтаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй болох нь тогтоогдож байна.
Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3727 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн нэг өдрийн цалин хөлсийг 70.282 төгрөг, С.Цэцэгмаагийн нэг өдрийн цалин хөлсийг 73.402 төгрөг, Б.Амарбатын нэг өдрийн цалин хөлсийг 85.729 төгрөг, Б.Мандалмаагийн нэг өдрийн цалин хөлсийг 69.309 төгрөг, Д.Батбаярын нэг өдрийн цалин хөлсийг 77.867 төгрөг, Я.Ариунбатын нэг өдрийн цалин хөлсийг 73.016 төгрөг, С.Нямбаатарын нэг өдрийн цалин хөлсийг 86.156 төгрөг, П.Болормаагийн нэг өдрийн цалин хөлсийг 69.269 төгрөг, Ц.Дөлгөөний нэг өдрийн цалин хөлсийг 81.039 төгрөг, С.Сайнбилэгийн нэг өдрийн цалин хөлсийг 108.322 төгрөг, З.Сайнгэрэлийн нэг өдрийн цалин хөлсийг 119.276 төгрөг болохыг тогтоосон тул шүүхээс энэхүү цалин хөлсийг баримталлаа.
Нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 444 хоногоор тооцон нэхэмжилсэн байна.
“Актлабс Эйшиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана”, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” бол хуулийн этгээдийг татан буулгана гэсэн заалтыг баримтлан компанийг татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комиссыг байгуулсан байна.
Энэ талаар компанийг Татан буулган комисс нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Өглөөний сонины 053/2314/ дугаарт нийтэд мэдээлжээ. Нэхэмжлэгч нар энэхүү мэдээлэл болон Татан буулгах комиссоос ирүүлсэн мэдэгдлийн дагуу татан буулгах комисст хандан ажилгүй хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэлийн нэг хувиар тогтоогдлоо.
Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно” гэж зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болж, энэ өдрөөс Татан буулгах комисст шилжсэн байна.
Хэдийгээр компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх Татан буулгах комисст шилжиж байгаа боловч Татан буулгах комисс нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн эрх эдэлж, үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэгч нар нь компанийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс компанийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 191 хоног байна.
Иймд Б.Алтангэрэлд /70.282 төг х 191 хон/ 13.423.862 төгрөг, С.Цэцэгмаад /73.402 төг х 191 хон/ 14.019.782 төгрөг, Б.Амарбатад /85.729 төг х 191 хон/ 16.374.239 төгрөг, Б.Мандалмаад /69.309 төг х 191 хон/ 13.238.019 төгрөг, Д.Батбаярт /77.867 төг х 191 хон/ 14.872.597 төгрөг, Я.Ариунбатад /73.016 төг х 191 хон/ 13.946.056 төгрөг, С.Нямбаатарт /86.156 төг х 191 хон/ 16.455.796 төгрөг, П.Болормаад /69.269 төг х 191 хон/ 13.230.379 төгрөг, Ц.Дөлгөөнд /81.039 төг х 191 хон/ 15.478.449 төгрөг, С.Сайнбилэгт /108.322 төг х 191 хон/ 20.689.502 төгрөг, З.Сайнгэрэлд /119.276 төг х 191 хон/ 22.781.716 төгрөг, нийт ажилгүй хугацааны олговорт нэхэмжлэгч нарт 174.510.397 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231.157.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 174.510.397 төгрөгөөс тооцон шимтгэл төлж, нэхэмжлэгч нарын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.332.950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул тэдний төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тооцсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “Актлабс Эйшиа” ХХК-иас 174.510.397 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтангэрэлд 13.423.862 төгрөг, С.Цэцэгмаад 14.019.782 төгрөг, Б.Амарбатад 16.374.239 төгрөг, Б.Мандалмаад 13.238.019 төгрөг, Д.Батбаярт 14.872.597 төгрөг, Я.Ариунбатад 13.946.056 төгрөг, С.Нямбаатарт 16.455.796 төгрөг, П.Болормаад 13.230.379 төгрөг, Ц.Дөлгөөнд 15.478.449 төгрөг, С.Сайнбилэгт 20.689.502 төгрөг, З.Сайнгэрэлд 22.781.716 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарт олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Актлабс Эйшиа” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231.157.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.332.950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч “Актлабс Эйшиа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.030.502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ