| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000107 дугаартай, 146/2021/0085/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бүгд найрамдах Хятад ард улсад төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, “*******” энтернэшнл холдинг ХХК-д геодезийн инженер ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, одоо Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг, ажилчдын байранд тор оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* Монгол Улсад оршин суух үнэмлэхийн дугаар ****************** гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” энтернэйшнл холдинг ХХК-ийн *******” чиглэлийн 57.56 км-н хатуу хучилттай асфальтан зам засварын ажил явагдаж байх үед зам дээр гадас цуглуулж байгаа хүмүүсийн гадсыг шанаганд нь хийх зорилгоор И50С загварын ковшийг хөдөлгөөнд оролцуулан байршуулан тавихдаа гадас түүж явсан хохирогч *******ын хөлөн дээр ковшны шанагыг тавьсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч *******-ы мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 414 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-12 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эйч кэй би” энтернэйшнл холдинг ХХК-ийн *******” чиглэлийн 57.56 км-н хатуу хучилттай асфальтан зам засварын ажил явагдаж байх үед зам дээр гадас цуглуулж байгаа хүмүүсийн гадсыг шанаганд нь хийх зорилгоор И50С загварын ковшийг хөдөлгөөнд оролцуулан байршуулан тавихдаа гадас түүж явсан хохирогч *******ын хөлөн дээр ковшны шанагыг тавьсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
Шүүгдэгч *******-ы ...Тухайн өдөр буюу 2021 оны 10 сарын 02-ны өдөр зам дээр ажиллаж байхад баригдаж байсан зам дээр геодезийн багт байдаг гар ажилчид гадас түүгээд ядарсан байсан. Тиймээс би гадсыг нь урагш нь зөөж өгч тусалья гэж бодоод зам дээр байсан ковш машиныг унаад замыг тойрч очсон ба замын ховил дээр урд хоёр дугуй очиход ковш машины шанага арай дээр байрласан байсан тул ковшны урд хүн байгаа нь харагдаагүй. Тэгээд би ковш машинаа байрлуулах гээд ховил руу урд хоёр дугуй ороход ковшны шанага замын хөвөөн дээр тулсан. Тэгэхэд цаанаас индүүний жолооч над руу дохиод байхаар нь би ухарсан юм. Тэгтэл ковшны шанаганы урд гадас түүгээд явж байсан монгол хүн байсан. Тэгээд ковш машинаас буугаад очиход тухайн гадас түүж байсан монгол хүний хөл нь гэмтсэн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53- 54 дүгээр хуудас/,
хохирогч *******ын ...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би модон гуанзны цаана зам тавьж байгаа ажил дээр 20 гаран хоног ажиллаад байж байсан 16-17 цагийн орчим би гадас сугалах, тороос бөөгнүүлж ковшны шанаган дээр бөөгнүүлэх ажил хийж байсан. Тэгээд ковш нь ачих гээд л давхиад ирсэн. Тэгээд шанагаа буулгахдаа миний баруун сарвуу хэсэг дээр буулгачихсан би орилж дуу тавиад шанага руу нь гадсаар нүдсэн тэгсэн чинь ковш шанага өргөсөн. Тэгсэн ковшны жолооч Хятад хүн байсан нэрийг нь бол мэдэхгүй бас нэг Монгол жолооч ирээд орилж тэр Хятад шанага өргөсөн юм. Тэгээд улсууд овоороод намайг өргөөд аймгийн төв дээр эмнэлэгт авч үзүүлсэн. Миний хөлийн хуруунууд хугараад арай гайгүй нь эрхий хуруу байсан. Одоогоор шохойдчихсон байгаа хөлийн зургийг нь авхуулчихсан байгаа алхаж чадахгүй гэртээ эм уугаад байж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч *******ын ...Би зам засаж байгаа ажилчдыг зөөвөрлөх, хүргэж өгдөг ба тухайн үед засмал зам руу хараад машин дотроо сууж байхад миний араар ковш тойрч ирээд шинээр тавьж байгаа хатуу хучилттай зам руу тулж ирээд зогссон. Бат нь замын хөвөөн дээр байсан гадаснуудыг тэвэрчихсэн ковшны шанага руу очиж байсан. Би тухайн үед ковшноос 3 метр орчим зайтай байсан ба ковшны шанаганы цаанаас толгой нь шоволзоод байсан. Тэр цаанаас ирж байсан индүүний залуу нь хүн аллаа гээд ковш барьж явсан жолооч руу орилсон. Би машинаас буугаад очиход ковшны шанаганы өмнө шанагыг тулаад босож байсан ба асуухад ковшны шанаганд хөлөө даруулчихлаа гэж хэлсэн ба би түшээд машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
гэрч *******гийн ...Индүүний машин зүүнээс баруун чиглэлтэй явж байсан ба замын урд хэсгээс далан руу ковшийн машин орох шиг болсон. Тэр үед ковшийн шанага засмал замын хөвөөн дээр бууж таарсан. Тэгэхэд замын хөвөөн дээрээс гадас түүж явсан монгол залуугийн хөл дээр ковш машины шанага буух шиг болохоор би ковш машин дотор байсан хятад хүн рүү орилсон. Тэгэхэд ковш машинд байсан хятад ковш машинаа ухраагаад ковшноос бууж ирж тухайн хөлөө даруулсан монгол залуу дээр очиж байсан. Миний харснаар ковш машин байрлалаа эзэлж зогсох үедээ урд 2 дугуй нь замын ховил руу ороход шанага нь замын хөвөөн дээр огцом хүчтэй бууснаас болж монгол залуугийн хөл нь дарагдсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Үзүүлэгч *******ын биед баруун хөлийн тавхайн 1, 2, 3, 4, 5 дугаар хуруунуудын 3 дугаар шивнүүрийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтоохгүй” гэсэн 414 дугаартай дүгнэлт /ххийн 46-48 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч ******* нь ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ аюулгүй ажиллагааны зааварчилга зөрчиж, И50С загварын ковшийг хөдөлгөөнд оролцуулан байршуулан тавихдаа гадас түүж явсан хохирогч *******ын хөлөн дээр ковшны шанагыг тавьсаны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардал, төлбөрт нийт 5,000,000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч *******ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцнэ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох прокурорын газраас яллах дүгнэлт орчуулсны зардал 302500 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 302500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 36.2, 36.6, 36, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9- д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох прокурорын газраас яллах дүгнэлтийг хятад хэл рүү орчуулсны зардал 302500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА