Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01529

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01529

 

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж-12/1, Ди Би Бюлдинг, 901 тоот хаягт байрлах, “Очир төв” ХХК /РД: 2031256/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, 4 дүгээр ДЦС ТӨХК-ийн зүүн хашаа, өөрийн байранд байрлах, “МЭЗ” ХХК /РД: 2565536/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 522.413.601 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Очир төв” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлага болох 487.413.600 төгрөг нь дараах 4 үндсэн хэсгээс бүрдэж байна.  1.            Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 356.167.087 төгрөг нэхэмжилж байна. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд барилга угсралтын үйлчилгээний туслан гүйцэтгэгчийн М2014-22 тоот гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох “Очир төв” ХХК нь Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудлын дулааны станцын барилга угсралтын ажлыг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр, харин захиалагч тал болох “МЭЗ” ХХК нь гэрээний 3 болон 5 дахь заалтад заасан 3.732.718.511 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Энэ мөнгөн дүн нь хийж гүйцэтгэсэн бодит ажлын тоо хэмжээнээс хамаарна гэсэн нөхцөлтэй харилцан тохирсон. Гэрээний үүргийг хэрэгжүүлэх явцад 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр талууд харилцан тохирсны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний нийт үнийн дүнг багасгаж 2.061.514.499 төгрөг болгон өөрчилсөн. Ажил гүйцэтгэсэн тоо хэмжээг баталгаажуулах үед буюу 2015 онд хамгийн сүүлийн байдлаар гүйцэтгэлийн тайлан гаргаж тулгалт хийсэн. Энэ тулгалтаар нийт 422.741.325 төгрөгийн ажил хийгдсэн боловч уг санхүүжилтийг олгоогүй байна гэсэн дүгнэлт гарч энэ нь үнэн болох нь тайлангаар баталгаажсан. Үүнээс “МЭЗ” ХХК нь машин механизмыг барилга угсралтын явцад ашиглуулж байсан, бараа материал нийлүүлж байсан зэргээр төлөх ёстой байсан дүнгээс нийт 35.576.238 төгрөгийг хасч, үлдэх 391.165.087 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Энэхүү үлдэгдэл төлбөрийг бид нэхэмжилж байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байдаг. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч талаас 10.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр дахин 10.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 15.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөж, нийт 35.000.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн тул манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 35.000.000 төгрөгөөс татгалзаж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 356.165.087 төгрөг болгон өөрчилсөн. Энэхүү төлбөрийг бид дараах үндэслэлээр нэхэмжилж байна. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил буюу дээрх мөнгөн дүнгийн талаар тусгасан тайлан хавтас хэргийн 24-25 дахь хэсэгт авагдсан. Энэхүү тайланд талууд хэн аль нь гарын үсэг зурсан байдаг. Уг тайланд 422,741,325 төгрөгийг гаргуулахаар тусгасан. Мөн хавтас хэргийн 30 дахь талд авагдсан үлдэгдэл санхүүжилтийн тооцоо байдаг. Үүнд дээрх үнийн дүнгээс машин механизм ашиглуулсан гэх мэт ямар санхүүжилтийг хассан зэргийг нарийвчлан тусгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дахь хэсэгт “...захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, гэрээний үүргээр хүлээсэн бусад ажлуудаа гэрээний төлбөрийг гэрээний хугацаанд заасны дагуу төлөх үүрэгтэй” гэсэн байдаг. Мөн гэрээнд зааснаар захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх ёстой тухай заасан. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.  2. Алдангид анх 89.000.000 төгрөг тооцож нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөлт хийгдсэнтэй холбогдуулан тооцоо өөрчлөгдөн ихэсгэж 108.679.874 төгрөг болгон нэхэмжилж байна. Энэ нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцсон алданги юм. Алдангийг хавтас хэргийн 24-25 дахь талд авагдсан хүснэгтээр нарийвчлан харж болно. Алданги нь гэрээний 7.3, 7.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрээгүй бөгөөд төлөх ёстой төлбөрийн 0.05 хувиар бодсон. Энэ тооцооллоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүртэл бодсон. Алдангийг нэг бүрчлэн задалвал алданги нь төлөх ёстой байсан 422.741.325 төгрөгөөс тооцон бодогдсон. Үүний 0.05 хувь нь 211.370 төгрөг 66 мөнгө  болж байна. Үүнийг 141 хоногт үржүүлвэл 27.689.470 төгрөг болж байна. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бид түрээсийн төлбөрийг суутгаж үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс хойш үнийн дүн багасч, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 412.523.173 төгрөгөөс алданги бодсон. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагч тал 15.000.000 төгрөгийн төлбөр төлснөөр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцож, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 110 хоногоор бодож 19.589.075 төгрөг байна. Нийт 8 хэсгээс бүрдэж байгаа алданги тооцсон өдрүүдийг нэмж тооцон 108.679.874 төгрөгийг алдангид нэхэмжилсэн. Үүнийг гэрээний 7.3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг баримталж нэхэмжилсэн ба хавтас хэргийн 40-41 дэх талд тодорхой байгаа. 3. Нийгмийн даатгалын шимтгэлийн алдангид 17.339.221 төгрөг нэхэмжилсэн. “Очир төв” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэж байсан. Захиалагч тал санхүүжилтийг хугацаанд нь оруулаагүйгээс болж “Очир төв” ХХК нь нийгмийн даатгалын төлөлт хоцорч 2015 онд нийт 39.413.829 төгрөг 95 мөнгөний алдангийг нийгмийн даатгалын байгууллагаас ногдуулсан. Үүнээс 5 болон 6 дугаар сарын нийгмийн даатгалын төлбөрийн алдангийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Учир нь тухайн үед санхүүжилт удааширсан тул санхүүгийн байдал хүнд байсан. Ингээд 2015 оны 5 болон 6 дугаар сарын нийгмийн даатгалын алдангийг тооцвол 17.339.221 төгрөгийг нэхэмжилсэн.  4. Зээлийн хүүнд 24.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс багасгаж 5.229.418 төгрөг болгосон. “МЭЗ” ХХК-ийн зүгээс санхүүжилт хугацаандаа хийгдээгүйн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд “Очир төв” ХХК нь хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэхүү гэрээнүүдээс 5.229.418 төгрөгийн үнийн дүнд тохирохоор онцолж хэлэх гэрээ нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Д2-16 тоот зээлийн гэрээ юм. Энэхүү гэрээ нь иргэн У.Отгонбаяр болон “Очир төв” ХХК нарын хооронд байгуулагдсан. Гэрээний үнийн дүн 100.000.000 төгрөг бөгөөд энэхүү мөнгийг 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. 3 сарын хүү нь 12.000.000 төгрөг орчим болж байгаа юм. Дараагийн онцлох гэрээ нь 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ. Энэхүү гэрээгээр “Очир төв” ХХК нь 60.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэ зээлийн гэрээний зөвхөн хүүнд 10.000.000 төгрөг төлсөн. Бусад гэрээний хувьд хэргийн нөхцөл байдалтай шууд хамааралтай гэж нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх 2 гэрээг илүү онцолж тайлбарлаж байна. Дээрх зээлийн гэрээнүүдийн хувьд зөвхөн 5.229.418 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар “МЭЗ” ХХК нь төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс “Очир төв” ХХК-д учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байна.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Очир төв” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч “МЭЗ” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч тал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ алдангийн задаргааг гаргаж өгсөн. Анх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэмэлт ажлын хөлс болох 391.165.087 төгрөг гээд үүнд ногдож байгаа алданги гэж оруулж ирсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн алдангийн задаргаанаас харахад үндсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой  асуудлыг оруулж ирсэн. Алдангитай холбоотой шаардлага нь нэмэлт ажлын хөлстэй хамтатган шийдвэрлэх боломжтой асуудал биш юм.  Бидний хүлээн зөвшөөрч байсан хэсэг нь нэмэлт ажлын хөлсний үлдэгдэл болох 391.165.087 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйл алга гэсэн бөгөөд эвлэрлийн байр сууринаас хандаж байсан. Энэ нөхцөл байдлыг сүүлд ялгаж салгах болов уу гэж харж байтал алдангийг нэмж тооцож бодсон байна. “Очир төв” болон “МЭЗ” ХХК нарын хооронд нэмэлт ажил гүйцэтгэсэнтэй холбоотой ямар ч гэрээ байгуулагдаагүй юм. Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нийт үнийн дүн болох 3,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэрээ байгуулагдсан. Үнээс хойш 2014 оны 8 дугаар сард 2014/22 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр ажлын хэмжээг бууруулж үүнтэй холбоотойгоор үнэлгээ өөрчлөгдсөн. Анхны захиалагч болох “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн 16,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажлын 3,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хэсэг ажлыг “Очир төв” ХХК авсан юм. Явцын дунд туслан гүйцэтгэгч болох “Очир төв” ХХК нь хийх ажлынхаа хэмжээг багасгах болсон тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ асуудлаар бид “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай ярилцах, зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Учир нь “МЭЗ” ХХК-ийн авсан 16,7 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлын хэмжээнд багтсан байсан юм. Иймээс бид ямар нэгэн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр бид өөрсдөө шийдвэрлэсэн.  Эндээс эрх зүйн ач холбогдол бүхий 2 нөхцөл байдал бий болж байгаа юм. Нэгдүгээрт бидний ажлын хэмжээнд багтсан ажил тул бид “Очир төв” ХХК-тай харилцан тохирч талуудын хооронд тусдаа бие даасан гэрээ байгуулагдаж түүнд нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд 2015 оны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Очир төв” ХХК ажлаа гүйцэтгэсэн. Энэ гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийг “МЭЗ” ХХК-иас бүгдийг санхүүжүүлсэн. Өнөөдөр энэ асуудалтай холбоотой төлбөрийн ямар нэгэн маргаан байхгүй. “МЭЗ” ХХК-ийн зүгээс 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээ болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны гэрээгээр хүлээсэн үргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “МЭЗ” ХХК-иас 35.000.000 төгрөгийг төлж үүнийг 391.165.087 төгрөгөөс хасч байгаа юм. Энэхүү төлбөрийг төлснөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа байдлаас харахад 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт болох 2015 оны гэрээний харилцаа дууссан байна. Талуудын хооронд одоо нэг л тооцооны асуудал байгаа. Энэ нь “Очир төв” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээний 5 хувь нь гүйцэтгэлийн баталгаанд барьцаалагдана гэсэнтэй холбоотой юм. Гүйцэтгэлийн баталгааны хугацаа өнгөрсний дараа тухайн 5 хувийг шилжүүлж өгөх байсан. “Очир төв” ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын баталгаа нь 90.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдэхгүй барьцаалагдсан байсан. “МЭЗ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын 5 хувь болох 800.000.000 төгрөг орчим үнийн дүнгийн санхүүжилт хийгдээгүй мөн адил барьцаалагдсан. Энэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас бидэнд олгосон санхүүжилт юм. Үүнтэй холбоотой 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр талууд тооцоо нийлсэн. Энэхүү тооцоо нийлсэн актаар “Очир төв” ХХК нь Хөшигтийн дулааны станцын барилга угсралтын ажлын баталгаат хугацааны авлага 90.295.192 төгрөг байна. Нэмэлт ажлын хөлс нь 391.165.087 төгрөг байна гэж тооцоо нийлсэн юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээтэй холбоотой харилцаа талуудын хооронд дуусгавар болсон юм. Харин талуудын хооронд гүйцэтгэлийн баталгаатай холбоотой 90.295.192 төгрөгийн тооцоо үлдсэн. Үндсэн төлбөр 391.165.087 төгрөгийн шаардлагын тухайд энэ асуудлаар тухайлсан гэрээ байгуулаагүй. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд 2 болон 3 дахь удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 391.165.087 төгрөгийн ажил гүйцэтгэх харилцаа бидний хооронд тусдаа байсан. Гэтэл энэ нь 16,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нэмэгдэж орох ёстой юу эсхүл энэ үнийн дүнд багтаж орох ёстой эсэх нь одоогийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Энэ тухай бид “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай ярилцаад явж байгаа. 2016 оны 12 дугаар сард болсон шүүх хуралдаанаар би энэ талаар дурдаж эхэлсэн бөгөөд үүнийг шийдвэрлэж дуусах хүртэл бидэнд хугацаа хэрэгтэй байна гэж тайлбар өгсөөр өдийг хүрсэн. Энэхүү яриа хэлэлцээр одоо болтол шийдэгдээгүй байгаа. Энэ мөнгө нь Япон компанийн санхүүжилтээр хийгдэх юм. Хэдийгээр “Эс Си Ти И Си Эм” ХХК үндсэн гүйцэтгэгч боловч Япон компаниас орж ирэх санхүүжилт шийдвэрлэгдэхгүй удаад байгаа тул “Эс Си Ти И Си Эм” ХХК ч мөн адил бидэнд хариу өгч чадахгүй байдалд орсон. Харин “МЭЗ” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа болох 800.000.000 төгрөгөөс 1 хувийн гүйцэтгэлтэй тэнцэх хэмжээний мөнгө болох 165.000.000 төгрөгийг эхний ээлжинд шилжүүлэх санал тавьсан. Үүнийг бид авмагцаа “Очир төв” ХХК-руу шилжүүлэх санал тавьсан. “Очир төв” энэхүү мөнгийг шилжин орж ирэхэд “МЭЗ” ХХК нь өөр өр төлбөрт өгч болзошгүй гэж байсан тул бидний зүгээс 165.000.000 төгрөгийг “Очир төв” ХХК руу шууд шилжүүлэх санал тавихад тийм боломж байхгүй, танай компани өөрсдөө “Очир төв” ХХК руу шилжүүл гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх бүх нөхцөл байдлыг тодруулахын тулд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт тавихад шүүх хангасан. Гуравдагч этгээдээс өгсөн тайлбар  болох үндсэн гэрээнд заагдсан ажлын гүйцэтгэлтэй холбоотой нийт санхүүжилтийн 95 хувийг хийсэн гэдэг тайлбар нь нэмэлт ажилтай хамааралгүй харагдаж байгаа юм. Энэ нь нэгэнт шийдвэрлэгдээгүй байгаа асуудлаар гуравдагч этгээд тайлбар өгөх боломжгүй байгаа тухайгаа илэрхийлж байна гэж би ойлгож байна.  Гэрээнд дурдагдаагүй боловч зайлшгүй хийх шаардлагатай ажил байна гэдгийг “Эс Си Ти И Си Эм” ХХК хүлээн зөвшөөрсний үндсэн дээр “Очир Төв” ХХК-иар гүйцэтгүүлсэн боловч одоогоор энэ ажлын санхүүжилт шийдвэрлэгдээгүй байна. “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас үндсэн төлбөрийг төлнө гэж байсан боловч одоо болтол хэрэгжихгүй байна. Иймээс одоогийн байдлаар бидний гаргаж байгаа тайлбар нь 356.165.087 төгрөгийг ч төлөх үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч тал “МЭЗ” ХХК-ийг хариуцагчаар татах бус бид хамтдаа энэ асуудлаар “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас нэхэмжилж шүүхэд хандах ёстой байсан юм. Би дээр дурдсан. “Очир төв” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа 391.165.087 төгрөгт ногдож байгаа алданги мэтээр оруулсан байсан. Гэтэл задаргааг нь харахад 2015 оны нэмэлт ажлын санхүүжилттэй холбоотой алданги гэж тооцсон байсан. Нэхэмжлэгч тал энэ дээр ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Энэ нь хамтдаа шийдэгдэх эсэхэд шүүх дүгнэлт хийх байх. Бид үндсэн төлбөрийн үүргийг цаг тухайд нь гүйцэтгэсэн. Үндсэн үүрэг гүйцэтгэгдсэнээр дагалдах нэмэлт үүрэг дуусгавар болдог. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл манай зүгээс санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож байсан. Өмнөх санхүүжилт хийгдэж 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэл хугацаанд 2015 оны ажлын гүйцэтгэл эсхүл 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажлын гүйцэтгэл гэх мэт гүйцэтгэлүүдтэй холбоотой ямар ч шаардлага бидний зүгээс гаргаж байгаагүй. Хэрэв энэ төлбөрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд яах вэ гэвэл санхүүжилт цаг тухай үедээ ороогүй бол нөгөө тал тэр даруйд нь мэдэгдэл өгдөг. Иргэний хуульд ч ийм зүйлийг шаарддаг. Өөрөөр хэлбэл аль үүргийн гүйцэтгэлийг аль үүрэгт тооцож авч байгаа талаар төлбөр хүлээж авч байгаа тал нэн даруй мэдэгдэж байх ёстой. Энэ мэдэгдлийг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд 2-3 жил өнгөрсний дараа гэнэт алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бид “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас 100 хувь санхүүжилт авсан байж төлбөрийг төлж байсан бол магадгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх алданги төлөх хариуцлага бидэнд ногдож болох юм. Гэтэл бидний хоорондын харилцаа өөр байсан. Ажлын гүйцэтгэлээ нэгтгэн “Эс Си Ти И Си Эм” ХХК-д тайлагнадаг. Харин “Эс Си Ти И Си Эм” ХХК эргээд ажлын гүйцэтгэлүүдээ нэгтгэн хүлээн авч дараа нь Японы “Митсубиши Чиёодо” гэх компанид тавьж шийдвэрлэдэг. Энэ бүх процесс дунд төлбөрийн асуудал үүсдэг. Гэрээ байгуулсан талуудын хооронд ажлын гүйцэтгэлийг бүрэн гүйцэд хүлээж авсны дараах хугацааны алданги байж болно гэсэн тайлбарыг бид гаргаж байна. Алданги бол гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд яригдах хариуцлагын арга хэрэгсэл юм. Бидний хувьд гэрээний төлбөрийг санаатайгаар зөрчсөн буруутай үйл ажиллагаа байхгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Иймээс гэрээг зөрчсөн байх гэсэн үндсэн шаардлага бий болоогүй юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгээ тодруулах хэрэгтэй байна. Нэмэлт ажилд ногдуулсан алданги уу эсхүл 2,4 тэрбум ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор тооцсон алданги уу. Үүнийг тодруулах хэрэгтэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги нэхэмжилж байна. Гуравдагч этгээдийн тайлбараар нэг зүйл нотлогдож байна. Энэ нь бидний хооронд гэрээтэй холбоотой маргаан байхгүй бөгөөд 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрэн хийж гүйцэтгэсэн. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ямар хугацаа хэтрүүлсэн зүйл болон төлбөрийн үлдэгдэл “МЭЗ” ХХК-ийн хувьд байхгүй. Ямар үндэслэлээр биднээс нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. “Очир төв” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй үйлдэлд “МЭЗ” ямар буруутай байгаа болон түүний шалтгаант холбооны талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Цаг хугацаа давхцаж байгаа гэдгээр харуулсан байна. Нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан акт дээр 2015 онд хуримтлагдсан төлбөр гэсэн боловч яг хэдий хугацаанаас эхэлсэн нь тодорхой харагдахгүй байна. Бидний хоорондын харилцаа 2014 оны 7 дугаар сард байгуулагдсан боловч бодитоор гэрээ хэрэгжиж эхэлсэн хугацаа нь 2015 он юм. 2015 онд хийгдсэн ажлын санхүүжилт хийгдсэн байхад тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс тооцогдсон алдангиа биднээс нэхэмжилж болохгүй юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг харахад “Очир төв” ХХК-ийн 2013 болон 2014 оны зөрчлийн асуудал харагдсан. Энэ бол “Очир төв” ХХК-ийн өөрсдийнх нь хариуцлагын асуудал юм. Хэрэв “Очир төв” ямар нэгэн ажлын бригадаар гэрээний дагуух ажлыг хийж гүйцэтгүүлэн тухайн ажилчдын нийгмийн даатгалын төлбөрийг санхүүжилтээс төлөхөөр байгаад түүнийг нь бид удаасан бол энэ нөхцөл байдалд шалтгаант холбооноос хамаарч бид нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийг төлөхөөр байж болно. Гэтэл дээрх жишигт нийцэхээр шалтгаант холбоо байхгүй байгаа нь бид үүнийг төлөх үндэслэлгүй гэдгийг харуулж байна. “Очир төв” ХХК нь ямар нэгэн өөр эх үүсвэрээс төлдөг байсан байж таарна. Ганцхан “МЭЗ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу орж ирсэн орлогоор “Очир төв” ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг бидэнд байхгүй юм.  Зээлийн хүү нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад “Анар капитал” ХХК, Хас банк, хувь иргэдээс авсан зээлийн төлбөрийн хүүг “МЭЗ” ХХК төлөх үүрэгтэй гэж нэхэмжилсэн байсан. Хэрэгт байгаа зээлийн гэрээнүүдийн зориулалтыг харахад манай ажлыг гүйцэтгэх ажилтай холбоотойгоор авсан гэдэг нь нотлогдохгүй байна. “Очир төв” ХХК нь миний мэдэхээр олон ажил гүйцэтгэдэг, зөвхөн “МЭЗ” ХХК-ийн 2,4 тэрбум төгрөгийн ажилд бүх хувь заяагаа даатгасан компани биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй. Хэрэв уг хүсэлт хангагдаж “Очир төв” ХХК-ийн санхүүгийн тайлан болон орлогын эх үүсвэртэй холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байсан бол “Очир төв” ХХК нь хэр хэмжээний данстай, ямар орлогын эх үүсвэртэй холбоотой гэдэг нь маш тодорхой харагдах байсан. Манай үйл ажиллагааны хүрээнд зээлээр санхүүжих ямар ч ажил байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил гүйцэтгэхтэй холбоотой тээврийн зардлыг “МЭЗ” ХХК хариуцаж байсан тухай хэлж байсан. Тухайн ажил нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний зээл авахаар тийм их ажил байгаагүй. Нэхэмжлэгч талаас экскаваторын ажлын баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байсан. Түүнийг харахад хэдэн зуун сая төгрөгийн зээл авах шаардлага байгаагүй нь харагдаж байна. Зээлийн хүүг “МЭЗ” ХХК хариуцах ёстой гэсэн уялдаа холбоо мөн л тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал шаардах эрхийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлахгүй өөрчлөлт, тооцооллуудыг гаргаж өгсөн байна. Улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх сонирхолгүй байна гэж харж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд тааруулан тооцоо гаргаж байна. Тэгсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар асар их ялгаатай өөрчлөлтүүдийг гаргасан. Энэхүү өөрчлөлтүүдтэйгээ холбоотой ямар ч тайлбар хэлэхгүй байна. Тодорхой тайлбар хэлэхгүй байгаа тул бидний зүгээс тааварлаж хариу тайлбар гаргахад хэцүү хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг харахад 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай яг ижил шаардлага оруулж ирсэн байсан. Зүйл заалтыг нь харахад үндэслэл нь өөр зүйлүүд байна. Нэхэмжлэгч тал шаардлагаа тодорхой ойлгомжтой тавьбал бидний зүгээс хариу тайлбар гаргах, няцаалт өгөх үндэслэл нь илүү тодорхой болох юм. Ийм тодорхойгүй шаардлага гаргаж байгаа нь уг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. “Очир төв” ХХК нь 356.165.087 төгрөгийн нэмэлт ажил хийсэн гэдгийг хамгийн гол нь “Эс Си Ти И Си Эм” ХХК  өөрөө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Иймээс энэ ажлыг хүлээж авсан. Тэр утгаар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өгсөн тайлбарыг харахад энэхүү төлбөрийг нэмж өгөхөөргүй болж байх шиг байна гэж харсан. Бид “Очир төв” ХХК-тай хамтран ажиллах харилцаагаа хүндэтгэж энэхүү төлбөрийг төлсөн ч гэсэн уг төлбөрийг цаашид “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас жич нэхэмжлэх болно. Өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдээс гаргасан тайлбар өөрчлөгдөх байх гэж харж байсан. Бидний зүгээс харахад тэдний гаргасан тайлбар нь үндэслэл бүхий биш байна. Тиймээс бид шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдэг мэдэгдлийг өгсөн байгаа. Бидэнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мэтгэлцэх боломж байгаа боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаас шалтгаалан гэрээ байгуулсан болон хамтын ажиллагаагаа хүндэтгэж хэрэв шүүх төлүүлэхээр шийдвэр гаргавал татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байна. Харин зээлийн хүү, хохирол болон алдангид нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “МЭЗ” ХХК-ийн хоорондын гэрээний нийт үнийн дүн 16,5 тэрбум төгрөг болно. Үүнээс “Эс Си Ти И Си Эм” ХХК-тиас 95 хувийн төлөлт хийгдсэн. “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “МЭЗ” ХХК-ийн гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 5 хувь нь барьцаа юм. Энэ нь 825.000.000 төгрөг болно. Гэрээний заалтын дагуу захиалагчаас барилга хүлээн авсан батламж авсны дараа 2.5 хвийн төлөлт хийгдэх ёстой ба үлдэгдэл 2.5 хувийг Баталгаат засварын хугацаа дуусахад буюу 2018 оны 1 дүгээр сарын 18-нд төлөлт хийгдэнэ. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “МЭЗ” ХХК-иас “Эс Си Ти И Си Эм” ХХК-д албан бичиг ирүүлсэн бөгөөд энэ албан бичгээр дамжуулан барьцааны 1 хувь болох 165.00.000 төгрөгийг “Очир төв” ХХК-д шилжүүлэх хүсэлт тавьсан. Гэвч “Эс Си Ти И Си Эм” ХХК талаас “Очир төв” ХХК-д төлбөрийг шилжүүлэх үндэслэл байхгүй. Иймээс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “МЭЗ” ХХК-ийн албан бичгийн хариу болох SCT-NUBIA-LTR-5962 дугаар бүхий албан бичгийг “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас илгээсэн болно. “МЭЗ” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 30 хүртэл барьцааны 1 хувь болох 165.00.000 төгрөгийг “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас шилжүүлэх болно гэжээ.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Очир төв” ХХК нь хариуцагч “МЭЗ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 391.165.087 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 67.471.358 төгрөг, хугацаандаа санхүүжилт хийгдээгүйн улмаас учирсан хохиролд нийгмийн даатгалын шимтгэлийн алданги 17.339.221 төгрөг, зээлийн хүү 46.437.936 төгрөг, нийт 522.413.601 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 35.000.000 төгрөгөөр багасгаж, ажлын хөлс 356.165.087 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 108.679.874 төгрөг, хугацаандаа санхүүжилт хийгдээгүйн улмаас учирсан хохиролд нийгмийн даатгалын шимтгэлийн алданги 17.339.221 төгрөг, зээлийн хүү 5.229.418 төгрөг, нийт 487.413.600 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч нь ажил гүйцэтгэсний хөлс болох 356.165.087 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги болон хохирлыг хариуцахгүй гэж маргав.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох ажлын хөлс 356.165.087 төгрөг гаргуулах  тухайд:

            “Очир төв” ХХК, “МЭЗ” ХХК нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээгээр Шинэ Улаанбаатар Олон Улсын нисэх буудлыг дулааны станцын барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, архитектурын ажил, механикийн ажил, цахилгааны ажил, барилгын хийцийн ажил гэсэн 4 төрлийн ажлыг 3.732.718.511 төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар, бодит ажлын тоо хэмжээгээр тооцон төлөхөөр тохиролцжээ. Дээрх гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, архитектурын ажил 975.349.382 төгрөг, механикийн ажил 479.249.638 төгрөг, цахилгааны ажил 324.440.045 төгрөг, нийт 1.779.039.065 төгрөгийн ажлыг хасч, барилгын хийцийн ажил 1.953.679.446 төгрөгийн төсвийг 2.349.337.445 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

            Зохигчдын гэрээ байгуулан ажил гүйцэтгэх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 12.2-т “Барилгын гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна”,  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

            2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д гэрээний үнийг “....гүйцэтгэгчээс ажлыг зохих ёсоор явуулсны бүрэн хөлс, нөхөн төлбөрт 3.732.718.511 төгрөгийг, энэ нь хийж гүйцэтгэсэн бодит ажлын тоо хэмжээнээс хамаарч төлөх ба үүнд НӨАТ болон гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бусад зардлууд бүрэн багтсан болно ...” гэж тодорхойлсон байна.

            Дээрх гэрээгээр тохиролцсон төсөвт өртөг, ажлын тоо хэмжээнээс илүү ажлыг гүйцэтгэгч “Очир төв” ХХК нь хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн хариуцагч компанид удаа дараа явуулсан албан тоот, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Очир төв” ХХК-иас хүлээлгэн өгсөн, “МЭЗ” ХХК шалгасан, “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн зөвлөхийн хянасан гэсэн гарын үсэг бүхий Дулааны станц-1 нээлттэй асуудлууд гэх баримт, 2015 оны BOQ-ээс давж нэмэлт хийж гүйцэтгэсэн ажлын талаар “Очир төв” ХХК, “МЭЗ” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн баримт зэргээр 422.741.325 төгрөгийн ажлыг нэмж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь төсөөлөлд ороогүй, урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд захиалагчийг ажлын үнийг нэмэгдсэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж үзэж болохгүй бөгөөд ийнхүү нэмэгдсэнийг захиалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцах үүрэг үүсдэг.

            Энэхүү нэмэлт ажлын үлдэгдэл төлбөрт 356.165.087 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “МЭЗ” ХХК хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч “МЭЗ” ХХК-иас 356.165.087 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Очир төв” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох хугацаа хэтрүүлсний алдангид 108.679.874 төгрөг гаргуулах тухайд:

            Нэхэмжлэгч “Очир төв” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д “Захиалагч нь төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги төлнө” гэсэн заалтыг баримтлан хариуцагч “МЭЗ” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд алдангийг тооцон 108.679.874 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч нь нэмэлт ажлын талаар гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, дуусгавар болсон гэрээний  дагуу алданги шаардах эрхгүй гэж маргав.

             2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д “Захиалагч нь төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги төлнө” гэж заасан байх бөгөөд уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төлбөрийг дараах хуваарийн дагуу Гүйцэтгэгчийн ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор Гүйцэтгэгчид төлнө” гэж төлбөр төлөх хуваарийг тохиролцсон байна. 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Очир төв” ХХК, “МЭЗ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээ, дээрх гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу төлбөр 2.349.337.445 төгрөгөөс баталгаат хугацааны төлбөрөөс бусад хэсэг нь төлөгдсөн болох нь нотлогдож байна.

            Харин нэхэмжлэгчийн төсөвт өртөг болон гэрээт ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажлыг гүйцэтгэсний төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс алданги тооцон шаардаж байгаа нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн М-2014/22 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д заасан алданги шаардах эрхэд хамаарахгүй байна гэж дүгнэлээ. Учир нь энэхүү алданги тооцох заалт нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хуваарийг хариуцагч зөрчснөөс үүсэхээр байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Очир төв” ХХК нь гэрээний дагуу болон гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэн өгсөн, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр илүү хийж гүйцэтгэсэн ажлынхаа тооцоог нийлсэн байна.

            Ажлын тоо хэмжээ болон төсөвт өртөг нэмэгдэж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлд өөрчлөлт орох үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хариуцагчид мэдэгдээгүй, талууд энэ талаар тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт бичгээр оруулаагүй тул ямар хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх үүргийг ажил гүйцэтгэгч хүлээсэн, ямар хугацаанд төлбөрийг захиалагч төлөх үүрэг хүлээсэн нь тодорхойгүй тул төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж алданги тооцох талаар тохиролцсон байна гэж үзэх боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл, нэмэлт ажлыг гүйцэтгэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар тооцон анз шаардах эрхгүй байна гэж дүгнэж, “МЭЗ” ХХК-иас хугацаа хэтрүүлсэн алдангид 108.679.874 төгрөг гаргуулах тухай “Очир төв” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох хохиролд 22.568.639 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч нь энэхүү хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан захиалагч тал санхүүжилтийг хугацаанд нь оруулаагүйгээс болж “Очир төв” ХХК-ийн нийгмийн даатгалын төлөлт хоцорч 2015 онд нийт 39.413.829 төгрөг 95 мөнгөний алдангийг нийгмийн даатгалын байгууллагаас ногдуулсны 2015 оны 5 болон 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн алданги 17.339.221 төгрөг, бусдаас зээл авсны хүү төгрөг, нийт 22.568.639 төгрөгийг хариуцах ёстой гэж тодорхойлж нэхэмжилсэн. 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орж ирэх байсан орлогыг тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын байгууллагад дээрх алдангийг төлөөгүй, түүнчлэн дээр дүгнэснээр зохигчид нэмэлт ажлын тоо хэмжээг баталгаажуулж, тооцоо нийлсэн баримт нь 2016 оны 5 дугаар сарын 03, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байх тул 2015 онд үүссэн нийгмийн даатгалын өр төлбөр, алданги нь хариуцагчийн ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үйлдэлтэй хамааралгүй буюу хариуцагчийн нэмэлт ажлын хөлс төлөх хугацаа нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байна.

            Энэ өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал, зайлшгүй орох байсан орлогыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь бусдаас цалин болон бараа материал авах зорилгоор зээл авч, тодорхой хэмжээний хүү төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч 5.229.418 төгрөгийн хүү нь хариуцагчийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үйлдэлтэй хэрхэн хамаарч байгаа шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч “Очир төв” ХХК нь барилга барих, барилгын засварын ажил гүйцэтгэх үйл ажиллагаанаас гадна өөр 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлого олдог болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн тайлангаар тогтоогдож байх бөгөөд нэмэлт ажлын төлбөр болох 356.165.087 төгрөгийн хэд нь ажилчдын цалин хөлс, хэд нь хугацаа хэтэрсэн бусдад төлөх ёстой төлбөр байсан, тэрхүү төлбөрийг бусдаас зээл авч төлж барагдуулсан болох нь  нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул хохиролд нэхэмжилсэн зээлийн хүү болон нийгмийн даатгалын шимтгэлийн алданги болох 22.568.639 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.770.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЭЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.938.775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “МЭЗ” ХХК-иас 356.165.087 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Очир төв” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166.248.514 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.770.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЭЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.938.775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Очир төв” ХХК-д олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ