Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000002 дугаартай, 146/2022/0015/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Бүрэгтий гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД: ****************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг шинэс мод бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай жижиг гэрийн хана муудсан учир хана хийхээр Бат-Өлзий сумынхаа Урд Агуйтын Бугат гэх газраас унанги мод тайрч сумын төв рүү тээвэрлэсэн. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь миний буруу... гэв.

Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер *******ын 2021 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13- 14 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг шинэс мод бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч *******ын ...Би *******ийг танина, манай сумын иргэн байгаа юм, хамаатан садны холбоо байхгүй. Энэ хүн мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй. нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь гэмт хэрэг гэж тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчих юм бол өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер *******ын 2021 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 27 ширхэг мод нь нойтон, хуурай 4 ширхэг мод нь хуурай унанги мод байх бөгөөд хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ..Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 952,052 төгрөг /есөн зуун тавин хоёр мянга тавин хоёр төгрөг/...” гэх 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13-14 дүгээр хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* би зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Иймд шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан хохиролд 2,856,156 төгрөгийг дансанд тушаасан байх ба иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг хураан авч улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ.

Үнэлгээчин Д.Оюундарь нь 27 ширхэг нойтон шинэс мод, 4 ширхэг хуурай модны зах зээлийн үнэлгээ нь 465000 төгрөгөөр /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, ******* улсын дугаартай цагаан портер маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК 7516529 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

31 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын нярав П.Мягмарсүрэнд хариуцуулж битүүмжилсэн /хх-ийн 20 дугаар хуудас/, ******* улсын дугаартай цагаан портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилж *******д хариуцуулсан байна. /хх-ийн 25 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 465000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 31 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” маркийн 7,516,529 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгах нь зүйтэй. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 465000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 31 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” маркийн 7,516,529 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА