| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01914/и |
| Дугаар | 102/ШШ2017/01484 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01484
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/01484
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Г.Ариунаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн 33 дугаар байр, 7 тоот хаягт оршин суух, Шаргалжуут овогт Ундралболдын Мөнхбат /РД:ХБ87051995/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 8 дугаар гудамж, 108А тоот хаягт оршин суух, Алаг адуут овогт Түмэнбаярын Отгонбаяр /РД:УХ97051331/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамж, 81 тоот хаягт оршин суух, Хатиган овогт Болортуяагийн Бямбадорж /РД:ЛЮ94081310/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрханы 7 дугаар гудамж, 160А тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамж, 14 тоот хаягт оршин суух, Хан буурал овогт Хашчулууны Буд-Эрдэнэ /РД: ДЗ94100510/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2.086.062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Мөнхбат, хариуцагч Т.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан, хариуцагч Б.Бямбадорж, хариуцагч Х.Буд-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгальмаа, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Т.Отгонбаяр нарт зодуулан, биедээ гэмтэл авсан. Миний гаргасан гомдлын дагуу Т.Отгонбаяр нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Иймд Т.Отгонбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 1.0458.488 төгрөг, 30 цагийн чөлөөний цалин хөлс 170.574 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, куртикны үнэ 70.000 төгрөг, нийт 2.086.062 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч У.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлага 2.086.062 төгрөгийн 286.062 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бямбадорж нь 600.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө, хариуцагч Х.Буд-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 600.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө, хариуцагч Т.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан 600.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Мөнхбат нь хариуцагч Т.Отгонбаяр нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 1.0458.488 төгрөг, 30 цагийн чөлөөний цалин хөлс 170.574 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, куртикны үнэ 70.000 төгрөг, нийт 2.086.062 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 286.062 төгрөгөөр багасгаж, үлдэх 1.800.000 төгрөгийг 3 хариуцагч 600.000 төгрөгөөр тэнцүү хувааж, хариуцагч Б.Бямбадорж, Х.Буд-Эрдэнэ нар нь төлбөрөө 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө, хариуцагч Т.Отгонбаяр төлбөрөө 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 43.750 төгрөгийг хуваан гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. У.Мөнхбатын нэхэмжлэлтэй Т.Отгонбаяр, Б.Бямбадорж, Х.Буд-Эрдэнэ нарт холбогдох гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2.086.062 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 286.062 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь үлдэх 1.800.000 төгрөгийг тэнцүү хувааж, хариуцагч Б.Бямбадорж 600.000 төгрөг, Х.Буд-Эрдэнэ 600.000 төгрөгийг тус тус 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө, хариуцагч Т.Отгонбаяр 600.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 43.750 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
З.ДОРЖНАМЖИН