Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000890115 дугаартай, 146/2022/0021/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: ***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* гэх газар иргэн *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр малдаа явж ирээд гэртээ ороод унтсан. Би босоод хажуу айлын н.******* гэх айлынхаа хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд зурагт үзээд байж байтал манай саахалтын н.******* гэх айлд ******* эхнэртэйгээ ирсэн. Би н.******* ахынд орчхоод гэртээ орж иртэл ******* эхнэртэйгээ манай гэрт орж ирсэн. Би мэнд мэдээд байж байтал ******* надаас хэрүүл өдөөд, намайг Баянхонгорын гуйлгачин гээд хэл амаар доромжлоод байсан. Би чи согтсон байна одоо харьж амар гэж хэлээд гэрээс гарах гэтэл миний араас надтай чихэлдэж гарч ирээд миний зүүн шанаа руу алгадаад авсан. Би өмнөөс нь нэг удаа цохисон. Тэгээд цааш нь түлхсэн. Удалгүй гэрээс ******* эгч гарч ирээд *******ыг машинд нь суулгаад явуулсан. Тухайн өдөр ийм л үйл явдал болсон гэв.

хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 809 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, эмнэлэгт өвчтөн илгээх 13А хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд гэрч , гэрч нарын мэдүүлэг зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* гэх газар иргэн *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ын ...Гэрт нь ороод мэндэлсэн чинь надтай зөрүүлээд мэндэлсэн тэгээд би дээшээ найранд яваад ирлээ гэтэл тэр чинь надад ямар хамаатай юм пизда минь гэсэн. Би тавагтай юм амсаад буруу хараад эхнэртээ өгөөд эргээд харсан чинь миний зүүн нүд рүү өшиглөсөн тэгээд миний нүднээс цус гарсан. Тэгээд нүдээ дараад босоод иртэл намайг ******* гэрээс чирээд гаргаж ирсэн. Гэрийн гадаа гарч ирээд намайг дахиад цохиод хамар руу гараараа цохисон. Тэгтэл н. эгч нөхөртэйгөө гарч ирсэн. Н. эгчийн нөхөр мөн над руу дайраад яах гээд байгаа “пизда” вэ гээд дайрсан. Тэрний дараа би машиндаа эхнэртэйгээ суугаад н.Батхуяг гэх айлд оройн 20 цаг өнгөрч байхад очсон утсаар ярих гэж очсон. Тэднийд очоод цусаа цэвэрлэсэн. , н. нар гарч ирсэн. Намайг үзээд юу болчихов гэсэн тэгээд тэднийхээс шууд гэртээ харьсан. Гэртээ хариад эмнэлэг, цагдаа руу хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...******* гэх хүн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. *******ыг үзэхэд биеийн хэсэг газрын үзлэгт зүүн нүд хавдсан улайсан байсан. Харааны таблиц харуулахад том үсэгнүүдыг бүдэг харж байсан, жижиг үсэгнүүдыг харахгүй байсан. 1 метрийн зайд тод харахгүй байсан. Би юм тод харахгүй байгаа учир нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж онош тодруул гэж хэлээд БОЭТ-руу 13А маягтаар явуулсан. Урд өдөр нь хүнд зодуулаад нүд рүүгээ цохиулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/,

гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад хургаа ирээд гэрээсээ нөхөр *******ын хамт гарсан. Тэгээд бид 2 н.******* гэх айлаас хургаа асуух гэж орсон юм. гийн гэрт ороход тэр ах ганцаараа согтуу гэмээр унтаж байсан бөгөөд бид 2-ийг орсны дараа босоод ирсэн. Тэгээд сууж байтал н.******* ах ундааны савтай монгол архи гаргаж ирээд аягалсан бөгөөд манай нөхөр тэр архинаас нь амсаад л өгсөн. Тэгж байтал *******гийн эхнэр гаднаас орж ирээд бид 2-т тавагтай идээ өгсөн. *******гийнхээс гараад тэдний хүүхэд гэх айлд орсон. гийнд ороход 2 хүүхэд мөн ******* нар байсан. гийнд ороод сууж байтал эгч гаднаас орж ирээд бид 2-т тавагтай идээ авч өгчхөөд гараад явсан. Тэгээд манай нөхөр *******тэй мэндлээд би дээшээ гуйлгад явчхаад ирлээ гэсэн чинь ******* юу байдаг юм чиний хаашаа явах надад ямар хамаатай юм пизда минь гэсэн. Манай хүн зөрүүлээд чи юу гээд байгаа юм пизда минь гээд надад тавагтай идээгээ надад өгөөд би тэрийг нь тавиур дээр тавьчхаад эргээд хартал манай нөхөр орилоод яачихав гээд нүдээ дараад босоод ирсэн. Тухайн үед нүднээс нь цус гарч байсан. Тэгээд ******* босож ирээд манай нөхрийг заамдаад гараад явсан. Гэрийн гадаа гарч ирээд манай нөхрийн нугас, тархи руу нь 3-4 удаа цохисон мөн 2-3 удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Би хориод дийлэхгүй байсан намайг *******г чи холд гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэрийн гадаа байж байтал *******, нар гарч ирсэн эгч манай нөхөр дээр очсон би болохоор *******г холдуулсан юм. Тэгсэн чинь н.******* манай нөхөр лүү чи яагаад байгаа юм пизда минь гээд дайраад байсан. ...Тэгээд бид 2 тэр айлын гаднаас хөдлөөд дээд талын айл болох Бүлтнээ гэх айлд очсон /цусаа цэвэрлэх/ тэднийд очоод тэдний гадаа ус авдаг цэнхэр өнгийн савнаас ус авч нүүрийг нь цэвэрлээд гэр лүүгээ очоод ээжийн гэрт ороод болсон явдлын талаар яриад сумын эмнэлэг рүү явахаар болсон. Тэгээд доошоо хөдлөөд эмнэлгийн жолооч ахынд очсон. Тэгээд ахаас гуйгаад сумын төв рүү машин унаад хүргээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэгтэл ах мал харах хүн байвал ах нь яваад өгье гэж хэлсэн. Тэгээд мал орох хүн олдоогүй. ах явж өгөөгүй. Бид 2 сумын төв рүү явсан тэгээд явсаар сумын төвд шөнийн 03 цаг болж байхад ирээд Сумын эрүүл мэндийн төв дээр очоод жижүүр эмчид үзүүлсэн тэр эмч үзлэг хийгээд өвчин намдаах тариа хийгээд өглөө эрт ирээрэй гэж хэлээд бид 2-ыг явуулсан. Тэгээд бид 2 маргааш нь ******* эмчид үзүүлээд аймгийн төв явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

Шүүх хуралдаанд гэрч гийн ...******* *******г нэг удаа цохисон. Дараа нь ******* хохирогч *******ыг гараараа алгадсан. *******ын зүүн нүдний доод хэсгээс зураас гарсан цус гарч байсан гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...1. *******ын биед зүүн хоншоорын хөндийн ар хана, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Урьд гарсан 352 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ...” гэх 809 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

эмнэлэгт өвчтөн илгээх 13А хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн хохирогч *******ын нүүрэн тус газар цохиж зодсон шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал нь гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч *******гийн хохирогч *******ыг нэг удаа алгадсан үйлдэл нь аргагүй хамгаалалт юм. Иймд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******гийн хохирогч *******ыг гараараа зүүн хацарт цохисон үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан гэж үзэх нөхцөл байдал болон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Аргагүй хамгаалалт гэдэг нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэлнэ.

Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй, *******ын хууль бус халдлага эхэлсэн өөрөөр хэлбэл бусдын амь нас эрүүл мэндэд халдсан довтолгоо эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* болон гэрч *******гийн мэдүүлгийг няцаасан баримт байхгүй, гэрч /*******/ ...******* манай хүүгийн гэрт орсон би араас нь орж гал түлсэн. Би гэрт орж гараад байсан, ...******* *******ыг нэг удаа алгадсан, нүдний доод зовхи хэсгээс цус гарч байсан... гэх мэдүүлдэг.

Шүүгдэгч ******* нь *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч ******* хавтаст хэргийн 71-78 дугаар хуудсанд эмчилгээний зардлын баримт хавсаргаж нийт 2,063,520 төгрөг нэхэмжилсэн байна.

Эдгээр зардлаас эмчилгээнд явахад гарсан унааны шатахууны болон Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхэд гарсан шатахууны зардал, эмийн сангаас авсан эм, тарианы зардал, эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардалд болох 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн эмчилгээ, үзлэгийн баримт 50000 төгрөг, Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн 35000 төгрөг, Намуун эмийн сан 54000 төгрөг, Болор мэлмий эмнэлэг 69000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ 290000 төгрөг, автобусаар Улаанбаатар хот руу явсан хот хоорондын зорчих тасалбар 62000 төгрөг, шатахууны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 75000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25000 төгрөг, 90000 төгрөг, эмнэлгээр үзүүлэхэд гарсан шатахуун 20000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шатахууны 20000 төгрөг зэрэг зардалд нийт 790000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгчээс хохирогчид 790000 төгрөгийг төлж баримтыг гаргаж өгөв. Хохирогчийн гаргаж өгсөн бусад баримт нь эмчилгээний зардалтай хамааралгүй баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,273,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан болно.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч *******аас эмчилгээний зардалд 2,063,520 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт гаргаж өгснөөс эмчилгээний зардалтай хамааралгүй зардал болох 1,273,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 790,000 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч хохирогчид төлсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.ДУЛМАА