Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1039

 

Б.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

          шүүгдэгч Б.Ө- /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

          Ц.Тодгэрэл,

          хохирогч Б.М-,

          иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т,

          иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т болон хохирогч Н.Э,

          О.А, Г.О нарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ц.Тодгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Ө-д холбогдох эрүүгийн 1734 0050 40165 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О.Б овгийн Б-ийн Ө, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............... жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Д аймгийн Х сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........../;

Шүүгдэгч Б.Ө- нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний 16 цаг 45 минутын орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр, Автобусны буудлын замд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эзэмшлийн “Toyota land cruiser 200” загварын ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Г-ийн жолоодож явсан иргэн Н.Т-ын эзэмшлийн “Toyota prius” загварын 19-80 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 1 нас 6 сартай Н.М-, жолооч Б.Г- нарын амь насыг хохироож, зорчигч О.А, Р.Б-, 2 настай Н.Э- нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.М-, 15 настай Ж.Н-, Д.Н-, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota prius” загварын 19-80 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.575.000 төгрөгийн шууд, нийт 4.905.000 төгрөгийн, “Toyota land cruiser 200” загварын ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23.930.000 төгрөгийн шууд, 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар Б.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 8 сарын хугацаагаар хасаж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-ын эдлэх 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Ө-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т нар нь эмчилгээний болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлаа буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Ө-ын BCD ангиллын 309871 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ....  улсын дугаартай “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн 01567991 дугаартай гэрчилгээг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах дараах гомдлыг гаргаж байна.

 

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

1.1. Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг Б.Ө- зөрчсөн нь уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт мөн боловч түүнийг буруутгаж буй нөгөө нэг үндэслэл болох “хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ...” гэснийг зөрчсөн гэдэг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нөгөө талаар жолооч Б.Г- “хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэж явсан нь ослын үед хүний амь нас хохирох, олон хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол, хор уршиг учрахаас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чадаагүй, замын хальтиргаа, гулгааг арилгаагүй байсан нь уг осол гарахад нөлөөлсөн” гэх зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, тэдгээрт хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаарт зүйлд “Иргэний нэхэмжлэгч, түүний эрх, үүргийг тодорхой заасан” бөгөөд мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно. ...” гэж заажээ. Иймд иргэний нэхэмжлэгч Б.Ц, хохирогч Б.Г-ийг төлөөлж, бусад байдлаар гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар 2 хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй /хуульд хор уршиг заавал арилсан байхыг хуульчилсан заалт байхгүй/ гэж үзэж болох хэдий ч талийгаач Б.Г-ийн хууль ёсны эхнэр буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, талийгаач Н.М-ын ээж Д.Н- нар шүүхэд хандаж “шүүгдэгч Б.Ө-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байхад шүүх тэдгээрийг харгалзан үзэлгүйгээр иргэний нэхэмжлэгч Б.Цын  “Би маш гомдолтой байна” гэсэн мэдүүлгийг үндэслэл болгож, хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

2.2. Шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт “учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг заавал хэрэглэхээр хуульчилсан заалт биш. ...” гэж үзсэн атлаа хохирогч Б.Г- аюулгүйн бүсгүйгээр зорчигч тээвэрлэж явсан нь ослын үед бусдын амь нас хохирох, гэмтэж бэртэхэд нөлөөлсөн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийлгүй, Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын “Би маш их гомдолтой” гэсэн мэдүүлгийг, “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой адилтган”, шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлууд нь Б.Ө-д холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт дээрх байдлуудаар тогтоогдож байх ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна.

Нөгөө талаар шүүгдэгч Б.Ө- “өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал буюу өөрийн хийсэн үйлдэлдээ тэр маш их гэмшдэг, түүний эхнэр Б.М- эрхэлсэн ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй, тэдний амьдралын нөхцөл хүндэрч байгаа зэрэг нөхцөл байдлууд, дээр дурдсан хуулийн үндэслэлүүдийг тус тус харгалзан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 8 сарын хугацаагаар хасаж, 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хуульд нийцэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр “ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Б.Ө-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ц.Тодгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч нарыг давхардуулан тогтоож нэг айлаас 2-3 хүнийг хохирогчоор тогтоон хохирлын мөнгийг давхардуулан олгосон нь миний үйлчлүүлэгчийн эдийн засгийн болон эрх зүйн байдлыг дордуулсан болох нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна.

Тухайлбал талийгаач Б.Г-ийн эхнэр Н.Э, эх Б.Ц-, мөн 2 оюутан охиныг хохирогчоор тогтоож, Н.Эд 6.250.000 төгрөг, талийгаач Б.Г-ийн 2 оюутан охинд тус бүр жилийн сургалтын төлбөр, cap бүрийн байрны түрээсийн төлбөр, эх Б.Цд 13.380.335 төгрөг олгохоор тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-т “Хохирогч гэж гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаас өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг эх, эхнэр нөхөр, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгч” гэж заасан байна.

Тухайн хэргээс харахад Н.Э, Б.Ц, талийгаач Б.Г-ийн 2 оюутан охины хэн нь хохирогч, хэн нь хууль ёсны төлөөлөгч болох тодорхойгүй байна. Мөрдөгч нь мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа нэг гэр бүлээс 2-3 хүнийг хохирогчоор тогтоож хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин, шүүгдэгчийн эдийн засгийн болон эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай.

Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас багасгаж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохиролд 13.000.000 төгрөг авсан нь үнэн. Анхан шатны шүүхээс зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гомдолтой...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т болон хохирогч Н.Э, О.А, Г.О нарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг одоо болтол бүрэн арилаагүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Ө- нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний 16 цаг 45 минутын орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр, Автобусны буудлын замд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эзэмшлийн “Toyota land cruiser 200” загварын ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Г-ийн жолоодож явсан иргэн Н.Тын эзэмшлийн “Toyota prius” загварын 19-80 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 1 нас 6 сартай Н.М-, жолооч Б.Г- нарын амь насыг хохироож, зорчигч О.А, Р.Б-, 2 настай Н.Э- нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.М-, 15 настай Ж.Н-, Д.Н-, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota prius” загварын 19-80 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.575.000 төгрөгийн шууд, нийт 4.905.000 төгрөгийн, “Toyota land cruiser 200” загварын ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23.930.000 төгрөгийн шууд, 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жаргалсайхан /1-р хх-39-41/, А.Пүрэвсүрэн /1-р хх-53-54, 55-56, 2-р хх-108/,  Н.Э /1-р хх-42-45, 2-р хх-96/, хохирогч Р.Б- /1-р хх-47-49/, Г.О /1-р хх-50-52, 2-р хх-141-142/, Б.М- /2-р хх-45-48/, насанд хүрээгүй хохирогч Л.С- /1-р хх-57-59/, Д.Н- /1-р хх-223-225, 226-227, 228, 2-р хх-2/, насанд хүрээгүй хохирогч Ж.Н- /2-р хх-48-51/, гэрч Б.Сувд-Эрдэнэ /1-р хх-64-65/, А.Бурмаа /1-р хх-66-67/, Т.Бийраа /1-р хх-68/, Б.М- /1-р хх-69/, Л.Баатарням /1-р хх-229/, Б.Баярсайхан /1-р хх-230/, Ө.Жаргалсайхан /1-р хх-63-65/, Т.Моломжамц /2-р хх-153-154/, Д.Баатарням /2-р хх-156/, Б.Баярсайхан /2-р хх-158/, иргэний нэхэмжлэгч Н.Т /2-р хх-40/, Э.Бямбажав /2-р хх-54-55/, Б.Ц /2-р хх-76-77/, иргэний хариуцагч Э.Бямбажав /2-р хх-147-148/ нарын мэдүүлгүүд,

Төв аймаг дахь Замын Цагдаагийн газрын 00000135 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-70-71/,

Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-72-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10828 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10829 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10957 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10961 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-81-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10960 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-82-83/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-105/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-149/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14963 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14962 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-167/,

Багануур дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн 09шэ/021 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-180-181/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-182-183/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-194-195/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 66 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-208/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-237-239/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-185-186/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-187-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1468 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-190-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1014 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-203-216/,

Техникийн шинжээчийн 191 дугаартай дүгнэлт /2-р хх-219-220/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-7-8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-9-12, 13-17/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-20, 21, 22-23, 24-25, 26-30/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-31/, хохирогч Н.Э-, Д.Н-, О.А, Г.О, Р.Б- нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-158-163, 169-178, 184-191, 196-199, 209-220/, хохирлын баримтууд /2-р хх-5-21, 27-31, 82-95, 98-106, 113-139/, хохирол төлсөн баримтууд /3-р хх-1-19, 67, 69, 111, 114-119/, хохирогч Л.С-, Б.М-, Р.Б-, Д.Н-, Г.О, Н.Э нарын гаргасан хүсэлт, өргөдлүүд /3-р хх-49-52, 65-66, 124, 125/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Ө- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Б.Ө-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

Өмгөөлөгч Ц.Тодгэрэл “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ө- нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, 2 хүний амь нас хохироосон, 3 хүний эрүүл мэндэд хүнд, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, “Toyota prius” загварын 19-80 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.905.000 төгрөгийн, “Toyota land cruiser 200” загварын ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарт тохирсон хүнд биш ял шийтгэл оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх талаар өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ц.Тодгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ц.Тодгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ