Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0180

 

Ч.Х-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ч.Х-н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Х-н нэхэмжлэгчтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн хойд талд үйлчилгээний зориулалтаар иргэн Ч.Х-нид олгосон 300 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байсан тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 270 дугаар захирамжийн иргэн Ч.Х-нид уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2009 оны 214 дүгээр захирамжийн иргэн Ч.Х-нид холбогдох зйалтыг тус тус хүчингүй болгосон.

... Иймд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд иргэн Ч.Х-н нь 2013 оны 09 дүгээр сарын 25-нд нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахдаа ЗХХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг баримтдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна’’ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Ч.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/290 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: "... Иргэн Ч.Х-н нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 270 дугаар захирамж: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр захирамжийн Ч.Х-нид холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 / Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгоно /.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага: албан тушаалтан өөрөө... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.Үүнд:

Нэг.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны12 дугаар сарын 19-ний өдрийн 270 дугаар захирамж нь дараах үндэслэлээр Газрын тухай хууль

 

тогтоомжийг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актаар хүчингүй болгосон болно.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин хотын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга иргэн Ч.Х-нид газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан.

Иргэн Ч.Х-нид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь нийтийн эдэлбэрийн зам талбайд байрлаж байгаа нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т хот,тосгон,бусад суурийн газрын нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасныг зөрчсөн болно.

Нийслэлийн нутаг дэвсгэр нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангиллын хот, тосгон, бусад суурины газрын ангилалд хамаарах ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1- д хот, тосгон, бусад суурины ангиллын газрыг хот, тосгон, бусад суурины “барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр” болон “нийтийн эдэлбэрийн газар”, иргэн.аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар гэсэн 3 дэд ангилалд хувааж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг. оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарахаар заасан.

Тухайн газар нь иргэн Ч.Х-нид эзэмшүүлэхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэрийн газар нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог.Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр захирамж нь дараах үндэслэлээр газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн болно.

Нийслэлийн Засаг дарга нь “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” дээрх захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шинээр олгоогүй тул энэ захирамжийг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Энэ захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль тогтоомж зөрчиж

гаргасан захирамжаар олгогдсон газрын эрхийг “баталгаажуулж]\газар эзэмшүүлсэн.Гэтэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэгэнт олгогдсон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг баталгаажуулж шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй юм.

Иймд нийслэлийн Засаг даргын доод шатны Засаг даргын хууль зөрчиж гаргасан шийдвэрийг “газрын эрхийг баталгаажуулах” нэрээр гаргасан 2009 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 214 дүгээр захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн захирамж юм.

Гурав.Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт нийслэлийн Засаг дарга болон газрын алба нь маргаж буй газрыг эзэмших эрх хэзээ үүссэн, нийтийн эдэлбэрийн гудамж талбай мөн эсэх, уг газрын талаарх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл,уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор үүсэх үр дагавар, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байсан иргэн

Ч.Х-н газар эзэмших эрх болон хууль ёсны бусад ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг нягтлан судлалгүй.анхны газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш 8 жилийн дараа газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн.

Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-аас 2012 онд зөрчилтэй газруудын судалгаа гаргасан бөгөөд судалгааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид хотын төвийн суурьшлын бүсэд, дуудлага худалдаа: төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр нийтийн эдэлбэрийн зам талбайд газар эзэмшүүлсэн бөгөөд энэ шийдвэрийг нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн “баталгаажуулах” шийдвэр гаргасан нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон болно.

Шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон нь хууль бус болжээ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Анхан шатны шүүх анхны газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш 8 жилийн дараа газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон нь хууль бус болжээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.Цаг хугацааны хувьд олон жилийн дараа биш 2 жил болоод хүчингүй болгосон бол хууль зүйн үндэслэлтэй захирамж байхаар байсан гэдэг ойлголт төрж байна.

Дөрөв. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК,”М.Ч” ХХК, “А.Д” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 214 дүгээр захирамжаар иргэн

Ч.Х-нид олгогдсон газар нь нэхэмжлэгч нарын орц гарцыг хааж, эрх ашиг нь

зөрчигдөж байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 393 тоот шийдвэрээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.Энэ шийдвэр нь нийслэлийн Засаг дарга иргэн Ч.Х-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой хамааралгүй юм.Яагаад гэвэл шүүхээс нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь иргэн Ч.Х-н газар эзэмших эрх нь хууль зүйн үндэслэлтэй олгосонд дүгнэлт өгөөгүй юм. Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/290 тоот захирамжаар иргэн Ч.Х-н газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа: төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

Тав. Гэтэл Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2014 оны 52 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон хууль ёсны бусад ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг нягтлан судлаагүй гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иргэн Ч.Х-н газар эзэмших эрх нь цуцлагдсанаар түүнд эдийн болон эдийн бус хохирол учраагүй бөгөөд учирсан хохирлын талаар анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм. Одоо маргаан бүхий газар дээр барилга байшин баригдаагүй, төр өөрийн мэдэлд авсан пайз байршуулсан болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/290 дүгээр захирамжаар “Чингэлтэй дүүргийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Х-нид газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хотын нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан ба хариуцагчаас Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 224 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын дагуу Ч.Х-н газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарагдсан гэж маргажээ.

Тус журмын 4.2.4-т нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газруудыг тодорхойлж, нийтийн эдэлбэр газрын хүрээ заагийг хэмжиж, бүртгэх талаар тогтоосон байх бөгөөд энэ журмаас өмнө батлагдан гарсан аливаа эрх зүйн актаар Ч.Х-н газрын нийтийн эдэлбэрийн газар гэж тогтоосон зүйл байсан эсэх талаар нотлох баримт байхгүйгээс гадна 2006 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий 300 м.кв газрыг эзэмших эрх Ч.Х-нид үүссэн байсан тул 2009 онд дээрх журмын дагуу нийтийн эдэлбэрийн газрыг тогтоож, бүртгэх үед маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн биш харин бусдын эзэмшлийн газарт хамаарч байсан байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаар шийдвэрээр “Ч.Х-нид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны ар талд 300 м.кв газар эзэмшүүлж, үүнийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн нэхэмжлэгч “М Ч” ХХК, “А” ХХК, “А-Д” ХХК-иудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 227 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Ч.Х-нид 300 м.кв газрыг эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчөөгүй, ... нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа ч түүнийг хүсэлт гаргахаас өмнө уг газар иргэн Ч.Х-нид олгогдсон байсан” гэж дүгнэж, “М.Ч” ХХК-ийн захирал М.Т-н “нийтийн эзэмшлийн талбайд Газрын тухай хууль зөрчиж газар олгосон” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл Ч.Х-нид Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны ар талд 300 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга өөрийн захирамжаараа зөвшөөрч баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчөөгүй буюу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалт зөрчигдөөгүй гэж дүгнэсэн, энэ хэрэгт хамаарал бүхий, маргааны үйл баримтынх нь талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул инженерийн шугам сүлжээ бүхий газарт, нийтийн эдэлбэрийн зам талбайд газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Ч.Х-нид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болох дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан гэх тухайд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд “... тухайн үед дуудлага худалдаа зарлагдаж байсан, гэхдээ яг энэ газар зарлаж байсан эсэхийг мэдэхгүй, ... анхнаасаа дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа явуулалгүйгээр захирамж гаргасан нь хууль бус[1]” гэж маргасан нь тэмдэглэгдсэн байх ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болж чадахгүйгээс гадна газар эзэмшигчийн зүгээс буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад зөвхөн “шийдвэрээ зөвтгөх, хуульд нийцүүлэх” эрх олгогдсон гэдгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, түүнд олгогдсон байсан газар эзэмших эрхийг хэрхэх талаар шийдвэрлэхгүйгээр орхигдуулах нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг ДУРДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэргийн 119-120 дахьтал