Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000210010 дугаартай, 146/2022/0025/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг, Майхан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: **********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэр “*******” гэх газарт тус сумын иргэн *******ын 1 тооны хар зүсмийн үхрийг хулгайлан авч нядалж зарсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хулгай хийсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу... гэв.

хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ӨХЦ21-34 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-115 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-55 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 106-107 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэр “*******” гэх газарт тус сумын иргэн *******ын 1 тооны хар зүсмийн үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч *******ын ...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай үхэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Өргөн ширгэ” гэх газар 45 үхэр байсан. Би тухайн өдөр 13 цагийн орчим үхрээ очиж шалгаж үзтэл тоо ёсоороо 45 үхэр байсан. Тэр өдрөө манай үхэр хээр бэлчээр дээрээ хоносон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим би нөгөө газар буюу Өргөн ширгэ гэх газар очоод үхрээ шалгатал 44 үхэр болчихсон байсан. Тухайн өдөр үхрээ хайгаад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг “******* ам” гэх газар нядлагдаад арьс, шир, шийр, толгой, гэдэс, дотор зэргийг нь үлдээгээд махыг нь хулгайч аваад явсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

гэрч *******гийн ...Д.Бат-Эрдэнэ, ******* нар 2019 оны 12 дугаар сарын үеэр ирж байсан. Манай хүргэнтэй уулзчихаад явсан. Малын саравч барьсан мөнгөө авах гэж явж байна гэж хэлсэн гэсэн. Мотоциклтой ирж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Шүдлэн насны эр үхэр тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 15-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 800,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ21-34 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 50-55 дугаар хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 106-107 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа бөгөөд сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлттэй хийснийг харуулдаг.

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж байгаа үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй, ашиг хонжоо олох зорилготой үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохоо зөвшөөрч байгаа гэж дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Иймд шүүгдэгч *******ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын хувьд хохирогч *******ад нэг үхрийг 800000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч шүүгдэгчээс 400000 төгрөгийг хохирогчид төлсөн, 400000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгчээс хохиролд 400000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг хорих ял онгодуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруутай гэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэсэн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг хэрэглэхийг ойлгоно.

2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан тул Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг дурдав.

Тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн мотоциклыг ашигласан болох нь тогтоогдож байх ба шүүх хуралдаанд шүүгдэгчээс одоо энэ мотоцикл байхгүй эвдрээд үрэгдсэн гэж мэдүүлж байгаа учраас шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклын үнэ 671232 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклын үнэ 671232 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ДУЛМАА