| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2022/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000023 дугаартай, 146/2022/0028/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: ***********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* тоотод 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ын толгой тус газар нь тогоо тавьдаг төмрөөр цохиж, толгойд нь шарх учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ийн шүүх хуралдаанд өгсөн: ...Хохирогч манайд согтуу орж ирээд хэрүүл хийгээд намайг түлхсэн. Би гэрийн хаяа руу арагшаа унасан. Босож ирэхдээ тогоо тавьдаг төмрийг авч хохирогчийн толгой руу цохиж гэмтэл учруулсан. *******ын толгойноос цус гараад байхаар нь цус гарч байгаа хэсэгт үнс хийж тогтоогоод эмнэлэг явъя гэхэд явахгүй цус нь тогтсон гээд байсан. Тэгээд манайд хоносон. Би эмчилгээний зардлыг төлсөн. Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна... гэв.
хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 4-5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* тоотод 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ын толгой тус газар тогоо тавьдаг төмрөөр цохиж, толгойд нь шарх учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч *******ын ...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 5 дугаар гудамжинд 12 цагийн үед н.*******, н.*******, н. нартай 3 шил архи уусан. Тэгээд би тэр гурваас салаад ийн гэрт н.той хамт нэг шил архи аваад орсон. Тэгээд би согтоод юу болсноо санахгүй болоод гэнэт ухаан орсон чинь толгойноос цус их гарч байсан. Тэгсэн ******* ах би чиний толгойг цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явъя гэсэн чинь ******* цусыг чинь тогтоож өгье гээд цус гарч байгаа газар руу үнс хийгээд байсан. Тэгээд цусаа тогтоогоод ийн гэрт унтсан. ийг тухайн үед юугаар цохисоныг мэдээгүй. Дараа нь би тогоо тавьдаг төмрөөр цохисон гэж хэлсэн. Толгойн арын дагзандаа хагалуулж эмнэлэгт очиж 3 оёо тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч *******ын ...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум 3 дугаар баг ******* тоотод гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байсан чинь гаднаас *******, хоёр танихгүй хүнтэй 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд би тэр хүмүүст хоол хийж өгөөд тэр *******ын авчирсан архийг ууцгаасан. Тэгээд тэр архи ууж байгаад манай нөхөр ******* архи ахиж уухгүй явцгаа гээд *******од хэлсэн чинь ******* нөхрийг алгадаад цохиод авсан чинь манай нөхөр ******* газар уначхаад босохдоо зуухны хажуу талд байсан тогоо тавьдаг байсан төмөр суурийг аваад *******ын толгой руу цохисон. Тэгээд *******ын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би үнс тавьж боосон. Тэгээд эмнэлэг рүү манай нөхөр ******* авч явсан чинь ******* цус тогтчихлоо гээд манайд ирж хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Үзүүлэгч *******ын биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 86 дугаартай дүгнэлт /ххийн 23-24 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******ын толгойн тус газар төмрөөр цохьсон үйлдэл, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ын ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч *******од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах нь хуульд нийцнэ. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмрийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА