Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 8 байр, 149 тоотод оршин суух, Бүтэмжийнхэн овогт Өнөрмөнхийн Анжелика /РД:УП94093022/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 36 байр, 112 тоотод оршин суух, Лодой овогт Амгалангийн Батсайхан /РД:ОТ94042215/

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Анжелика, хариуцагч А.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                                                                                                                                                                                                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Анжелика шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Анжелика миний бие 2011 оны 8 дугаар сард А.Батсайхантай танилцан үерхэж эхэлсэн. Бид 2014 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Арвинсайхан төрсөн. Бид хоорондын зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 07 дугаар сараас тус тусдаа амьдарсан бөгөөд тухайн үеэс хойш охин Б.Арвинсайхан миний асрамжид амьдарч байна. Бид цаашид хамтран амьдран амьдрах боломжгүй болсон учир охин Б.Арвинсайханд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.Анжеликатай 2011 оны 8 дугаар сард танилцсан. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Арвинсайхан төрсөн. 2015 оны 01 сараас тус тусдаа амьдарсан. Хамт байхгүй гээд охиныг аваад явсан. Би 2015 оны 07 дугаар сар хүртэл ажил хийгээд бүх мөнгөө Ө.Анжеликад өгдөг байсан. Би муудалцаад явдаг байсан ч Ө.Анжеликад мөнгөө өгдөг байсан. Гэвч түүний сэтгэлд хүрээгүй байх. Би 2015 оны 10 сард Япон явж ирсэн. Одоогоор тогтсон ажил байхгүй. Охин Б.Арвинсайхан миний хүүхэд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

   

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

                                         

ҮНДЭСЛЭХ нь:

     

            Нэхэмжлэгч Ө.Анжелика нь хариуцагч А.Батсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ө.Анжелика, А.Батсайхан нар 2011 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Арвинсайханыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний №1107004553 дугаартай гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.      

Зохигчид цаашид хамт амьдрахгүй гэж тайлбарласан, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Арвинсайханы эцэг нь Амгалангийн Батсайхан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй тул эцэг А.Батсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг А.Батсайхан нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.

              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                                               

                                                  ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Арвинсайханыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Батсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч А.Батсайханаас 70.200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                

                                  

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.КУЛЬДАНА