Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001240014 дугаартай, 146/2022/0027/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* /РД: **********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Сумын Эрүүл мэндийн төвийн баруун урд талын уулзвар дээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй “Хайрхан” загварын мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодон явсан улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг мөргөн *******ын эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би сумын төв орж ирээд бензин авсан. Тэгээд найз дээрээ очиж хамт дэлгүүр орж нэг сав пиво авсан. Айлд очиж пиво уусан. Айлаасаа гараад дахин дэлгүүр орж нэг пиво авсан. Найзтайгаа сумын төвөөс гарч уугаад найзыгаа хүргэж өгөөд явж байгаад мотоциклтой мөргөлдсөн... гэв.

хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч ы мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /ххийн 41 дүгээр хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, шинжээч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10729 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/, цагдаагийн ахмад *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 21/03 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 70-73 дугаар хуудас/, Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Сумын Эрүүл мэндийн төвийн баруун урд талын уулзвар дээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй “Хайрхан” загварын мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодон явсан улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг мөргөн *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ын ...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед би гэрээсээ мотоциклоо асаагаад ын дэлгүүр орж давс, сонгино худалдан авчхаад буцаад дэлгүүрээс гарч мотоциклоо асаан гэр рүүгээ явж байтал эрүүл мэндийн төвийн урд замаар их хурдтай, хүн нь савласан, гуйвж дайвсан байдалтай мотоцикл ирж яваа харагдахаар нь би мотоциклоо дөнгөж зогсоогоод гар утасныхаа гэрлийг асаатал тас гээд ирээд мөргөчихсөн. Тэр үед бид хоёрын мотоцикл хоёулаа газарт унасан. Тэгээд би босоод тэр залууд “Чи намайг алчихлаа ш дээ” гээд орилтол тэр залуу мотоциклоо хаячхаад алга болчихсон. Тэгээд н. гэдэг хүн эмнэлэгт дагуулж ирсэн. ...Би энэ мотоциклоо 2019 онд Дорноговь аймгаас худалдан авч байсан, гаалийн бичиг нь байгаа. Надад мотоцикл жолоодох А ангиллын үнэмлэх байхгүй. Би тэр өдөр огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг эмнэлэг дээр ирж эмчид үзүүлэхэд хамар хугарч, дээд толгой урагдаж, задарсан, доод үүдэн 4 шүд, дээд үүдэн 2 шүд суларсан байна гэж байсан. Миний мотоцикл гэрэлгүй байсан нь үнэн, харанхуй болчихсон байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч ы ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11.00 цагийн үед ******* манай гэрт мотоциклтой ирж бид хоёр дэлгүүр орж би 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво худалдан авч ******* гэдэг айлд очиж бид гурав хувааж уусан. Тэднийхээс бид хоёр гарч бензин аваад дахиж дэлгүүр орж 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво худалдан авч сумын хойно гарч хоёулаа хуваагаад уусан. ******* намайг гэрт хүргэж өгчхөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч *******гийн ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал утаснаас дуудлага ирээд байхаар нь утсаа автал дүү яриад “ ах эмнэлэгт ирчихсэн байна, мотоциклд мөргүүлээд аймар болчихсон байна” гэхээр нь би шууд ажил дээрээсээ эмнэлэг ортол дүү , хүргэн нар ирчихсэн, манай нөхөр болох ******* эмнэлэгт хүргэгдчихсэн, ******* эмч анхны тусламж үзүүлж байсан. Тэгээд би юу болсон бэ? гэж *******аас асуутал өөдөөс "Мотоциклтой хүнд мөргүүлчихлээ” гэж байсан. Намайг эмнэлэгт очиход *******ын ам, хамраас нь зэрэг цус гоожоод, нүүр нь хавдчихсан, хавтгай хэлбэртэй болчихсон байсан. Дээл хувцас нь шороо болчихсон, өмсөж явсан хромон гутлын түрий нь огол татчихсан юм шиг урагдчихсан байсан. Тэгээд би гутлыг нь тайлаад хөлийг нь үзтэл хөл нь зүгээр байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

гэрч *******ын ...2021 оны 10 дугаар сарын 28-ны оройн 19 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв рүү мотоциклтой явж сумын төвд байдаг гэр рүүгээ орох гэж байтал ******* мотоциклтой дэлгүүрийн өмнөөс хөдөлж байгаа харагдсан. Тэгээд би гэр рүүгээ орох гээд хашааныхаа үүдэнд байж байтал эмнэлэг талаас нэг гэрэлтэй мотоцикл гарч ирэх шиг болсноо тас няс хийсэн чимээ гарсан. Тэгээд хүн алчихлаа ш дээ гэж хүн орилох шиг болохоор нь би гүйж очтол хоёр мотоцикл мөргөлдсөн байдалтай, *******ын хамар, амнаас цус гоожоод байхаар нь би эмнэлэг рүү хөтөлж орсон. Тэр үед нэлээн харанхуй болчихсон, тэр газарт хоёр мотоцикл, хоёр хүн л байсан. Намайг тэр үед очиход н., н. хашаанаасаа гарч ирээд бид гурав зэрэг шахуу хамт очсон. Намайг тэр газарт очиход хоёр мотоцикл босоо байрлалтай, маркийг нь анзаараагүй, хоёр хүн хажууд нь зогсож байсан. *******ын амнаас нь нэлээн цус гарчихсан байснаас өөр зүйл ажиглаагүй. Би зөвхөн *******ыг эмнэлэгт хүргэж өгөөд л гэр рүүгээ явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

гэрч *******гийн ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би ажил дээрээ ээлжийн эмчээр ажиллаж байхад 18 цаг 20 минутын үед гаднаас ******* гэдэг хүн орж ирээд “энд мотоциклд мөргүүлсэн хүн эмнэлгийн гадаа байна” гэхээр нь гарч тэр хүнийг эмнэлэг рүү оруулж анхны тусламж үзүүлсэн. Анх тэр хүний биеийн байдлыг үнэлэхэд хамар, амнаас нь зэрэг 300-400 миллитр орчим цус алдсан, ухаан санаа саруул, орчинтой харьцаатай, ил харагдах шарх сорвигүй, толгойндоо доргилт авсан шинжтэй, толгой өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Амин үзүүлэлт хэвийн байсан. Цус тогтоох анхны тусламжийн эмчилгээ, өвчин намдаах тариа хийж байтал гаднаас их эмч н. орж ирж үзлэг хийж үнэлгээ хийж Улаанбаатар хот явах талаар зөвлөгөө өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

гэрч *******ын ... буюу *******г танина. Бид нар найзууд байгаа юм. Би хөдөө гэрээсээ сумын төвд ирчхээд гэдэг айлд байж байтал гаднаас ******* ганцаараа орж ирсэн. Тэгээд бид хэд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво нэгийг уучхаад ******* хүнтэй уулзана гээд гараад явчихсан. Тэр үед ******* согтуу байсан. Тэгээд төд удалгүй буцаж орж ирээд би мотоциклтой мөргөлдчихлөө гээд орж ирснээ н.Батбуян бид хоёрыг миний мотоциклыг очоод аваад ир гээд байхаар нь мотоцикл чинь хаана байгаа юм бэ? гэтэл н. гэдэг айлын хашааны хойд талд түрж авч ирээд тавьчихсан байгаа гэхээр нь бид хоёр очоод мотоциклыг нь асаагаад гэдэг айлын хашаанд нь оруулаад тавьсан юм. Би мотоциклууд мөргөлдсөн гэх газарт нь очоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

шинжээч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...1. *******ын биед дух, хоёр талын ухархайн бүх хана, эмтойд хөндийг дайрсан нийлмэл хугарал, хоёр талын жигүүр сэртэн, хоёр талын хацар яс, хоншоор, тагнай, хамар ясны хугарал, тархины зүүн талын духны хэсэгт няцрал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, дээд урууланд зулгаралт, доод үүдэн баруун 1, 2-р шүднүүд, доод үүдэн зүүн 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 10729 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

цагдаагийн ахмад *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “...Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь улсын дугааргүй "Хайрхан” маркийн улбар шар өнгийн мотоцикл жолоодож явсан ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 3.7 дахь хэсгийн а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5 дахь хэсгийн а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5 дахь хэсгийн б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд байсан улсын дугааргүй "Даюун" маркийн улаан өнгийн мотоциклыг мөргөж замын тээврийн осол гаргаж, ослын газраас тээврийн хэрэгслийг зөөвөрлөж, зориуд орхиж зугтаасан байх магадлалтай байна” гэх 21/03 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 70-73 дугаар хуудас/,

согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй “Хайрхан” загварын мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодон явсан улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг мөргөн *******ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь гэм буруугийн дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, шүүгдэгч гэм буруутай гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал шүүгдэгч эмчилгээний зардалд нэг сая гаран төгрөг төлсөн. Одоо мотоциклд учирсан хохирол хөрөнгийн үнэлгээг үндэслэн 110000 төгрөг нэхэмжилнэ. Мөн хохирогч цаашид шүдээ эмчлүүлэхэд гарах зардал 6,720,000 төгрөгийг гаргуулна гэв.

Шүүгдэгчээс би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мотоциклын хохиролд 110000 төгрөгийг төлнө гэв.

Шүүгдэгч ******* нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчоос эмчилгээний зардалд 689,870 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт хавсаргасан байх ба шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс хохиролд нэг сая гаран төгрөгийг хохирогчид төлсөн. Одоо мотоциклын эвдрэлд 110,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна, шүдээ эмчлүүлэхэд 6,720,000 төгрөгийн зардал гарах тул гаргуулна гэжээ.

Хохирогчийн мотоциклд хөрөнгийн үнэлгээгээр /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ 110,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгчээс энэ хохирлыг төлөөгүй цаашид төлнө гэж тайлбар гаргаж байна.

Мөн хохирогч шүдээ эмчлүүлэхэд гарах зардал 6,720,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бөгөөд “Цагаан титэм” ХХК эмнэлгийн магадалгаагаар төлбөр 6,720,000 төгрөг болно гэжээ. Шүүгдэгчээс өөр баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ миний шүд суларсан гэхдээ унаагүй байгаа цаашид эмчилгээ хийлгэнэ гэснээс өөр зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болон эмчилгээ хийлгэсэн баримтыг хэрэгт гаргаж ирүүлээгүй тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 110,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн гэрэлгүй мотоциклтой хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал нөлөөлсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн гэрэлгүй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан болно.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 110000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ДУЛМАА