Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгч: М.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч Хавч овогт Магваны Зоригтбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000010024 дугаартай, 146/2022/0031/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хавч овогт Магваны Зоригтбаатар /РД: **********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газрын “Орхон” голоос зохих зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг загас уурга ашиглан барьсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Зоригтбаатарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.. гэв.

иргэний нэхэмжлэгч Ш.Баасансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч Э.Одсайханы мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39-04-078-01 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/14 дугаартай албан тоот /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /ххийн 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 дүгээр хуудас/, загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газрын “Орхон” голоос зохих зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг загас уурга ашиглан барьсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч Ш.Баасансүрэнгийн ...Бат-Өлзий сумын Орхон гол улсын тусгай хамгаалалтай нутаг учир зөвшөөрөл өгдөггүй. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

гэрч Э.Одсайханы ...Би М.Зоригтбаатар гэдэг хүнийг танина. М.Зоригтбаатар ах зэвэг загас 5 ширхэг, хадран загас 5 ширхгийг нийт 10 ширхэг загас Бат-Өлзий сумын “Орхон” голоос барьсан. М.Зоригтбаатар ах бид хоёр Улаанбаатар хотоос Бат-Өлзий сум руу “Улаан цутгалан” үзэхээр явсан. Би голын эргээр алхаж байхад цагдаа нар ирээд машины бичиг баримт шалгаад тусгай хамгаалалтын газраас загас барилаа гээд бичиг баримт хурааж авсан. Бат-Өлзий суманд улсын тусгай хамгаалалттай газар байдаг гэдгийг ч мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...1. Тус загас нь Зэвгэ, Хадран загас байна. 2. Бие хажуугаасаа хавчгардуу. Ам тэгш, жижиг. Дээд эрүү богино, нүдний дунд хэсэгт хүрнэ. Биеийн зүс алтлаг бор буюу алтлаг бараавтар. Хайрс жижиг. Биеийн хажуу, толгой, нурууны болон сүүлний сэлүүрүүд дугуйвтар том хар толботой. Биеийн хажуугаар 5-6 зэсэн улаан судалтай. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Нурууны сэлүүрт салаалаагүй III-V, салаалсан 10-11, сүвийн сэлүүр салаалаагүй III-V, салаалсан 9-12 гуурстай. Хажуугийн шугаманд 107-152 хайрстай. Эрүү, тагнайд тах хэлбэртэйгээр шүд үргэлж байршдаг. 3. Монгол улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25 өдрийн 23 тоот тогтоолоор 1 ширхэг зэвэг загасны үнэлгээ - 17,000 төгрөг, 5ш*17,000=85,000, Хадран загас нь 1 ширхэг зэвэг - 4000*5=20,000, нийт үнэлгээ 105,000 төгрөг болж байна. 4. Дээрх Зэвэг загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт, Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн болон ховор амьтны төрөлд хамаарагдахгүй...” гэх 39-04-078- 01 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/14 дугаартай албан тоот /хх-ийн 36 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 9-14 дүгээр хуудас/,

загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Зоригтбаатарыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч М.Зоригтбаатар би улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлсөн гэв.

Шүүгдэгч М.Зоригтбаатар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Орхон голоос 10 ширхэг загас агнасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан хохиролд 210,000 төгрөгийг 100101813001 дансанд тушаасан байх ба иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол зэргийг харгалзан, прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хавч овогт Магваны Зоригтбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Тэнссэн хугацаанд шүүгдэгчийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын Цагдаагийн хэлтсийн байранд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж агнасан 5 ширхэг зэвгэ, 5 ширхэг хадран нийт 10 ширхэг загасыг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих уурга нэг ширхэгийн хамт устгах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хавч овогт Магваны Зоригтбаатарыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хавч овогт Магваны Зоригтбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих уурга нэг ширхэг, 10 ширхэг загасыг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ДУЛМАА