Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001310039 дугаартай, 146/2022/0033/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* /РД:***********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Баян түрүү” гэх газарт байх Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн байнга амьдрахад зориулагдсан байшинд оршин суугч *******ы зөвшөөрөлгүйгээр хаалгыг эвдэн нэвтрэн орж түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч *******ын гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан №ӨХЦ22-10 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Баян түрүү” гэх газарт байх Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн байнга амьдрахад зориулагдсан байшинд оршин суугч *******ы зөвшөөрөлгүйгээр хаалгыг эвдэн нэвтрэн орж түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ы ...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Баянтүрүү” гэх газар тусгай хамгаалалттай газрын байшинд амьдарч байхад гаднаас хаалга нүдсэн. Тэгээд би хэн бэ, би хүүхэдтэйгээ хоёулаа байна гээд цонхоор харахад ач хүү *******ын ээж *******, *******гийн төрсөн ах *******, төрсөн эгч *******, төрсөн дүү ******* нар приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд гаднаас ******* нь хаалгаа онгойлго би хүүхдээ аваад явмаар байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь өгч явуулахгүй гэж хэлсэн. Тэгвэл гаднаас чинь эвдээд орлоо шүү гээд орилоод байсан. Тэгэхээр би та нарыг байшиндаа оруулмааргүй байна гэж хэлэхэд гаднаас ******* шууд хаалгыг эвдээд орлоо шүү гэж орилсон. Тэгэхээр нь би та чаддаг юм бол эвдээд ор гэхэд гаднаас хаалга хөшиж байсан. Тэгээд хаалга онгойход нь би өөдөөс нь гарсан чинь намайг ******* нь араас тэвэрч аваад ******* нь миний гар утсыг шүүрч аваад хувинтай ус руу хийчихсэн. Тэгээд ******* нь миний араас тэвэрчхээд тавихгүй байсан. Би тавиулах гэж хичээсэн боловч залуу хүүхдийг дийлэхгүй байсан. Тэр хооронд манай байшин руу ******* нь ороод ач хүү н.*******ыг аваад шууд машин руугаа яваад өгсөн. Тэгээд тэд бүгдээрээ машиндаа суугаад яваад өгсөн. Хаашаа явсаныг мэдээгүй. Тухайн үед би ач хүүтэйгээ хоёулаа байсан юм. Манай байшингийн хаалганы цоож нь эвдэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч *******ын ...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ах *******, *******, ******* нарын хамт Хөвсгөл рүү явахаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгтэл замд явж байхад төрсөн эгч ******* нь замаараа хадмынхаас хүү *******ыг аваад явна гэхээр нь чиглэлээ өөрчилж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт зам дагуу нэг айлд очсон юм. Тэгтэл тэнд дүү н.******* байсан. Тэгээд тухайн айл руу орох гэтэл хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. ...Тэгтэл ******* ах цоожийг эвдсэн ба орохын өмнө надад тухайн ******* гэх хүнийг ямар нэгэн байдлаар зодож болохгүй шүү, намайг н.*******ыг аваад гартал хөдөлгөлгүй барьж байгаарай гэж хэлсний дагуу би ******* гэх хүнийг хоёр гарыг зөрүүлээд араас нь тэвэрч барьж байсан юм. Тэр хооронд ******* ах н.*******ыг аваад гарсан ба би та нар машиндаа орж бай би араас чинь очъё гэж хэлсэн. Тэгээд тэд нар ч машиндаа суусан би ******* гуайг тавьж үлдээгээд араас гүйж очоод машиндаа суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч *******ийн ...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ах ******* цоожийг эвдэж орсон. Өөдөөс ******* гэх хүн гарч ирэхэд нь дүү ******* араас нь тэвэрч авсан. ******* нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь гар утсыг нь аваад шидчихсэн чинь хувинтай ус руу орчихсон, би тэр утсыг нь нөхөн төлнө... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй Samsung J7 маркийн гар утас болон хаалга нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 25- ны зах зээлийн үнэлгээгээр нийт 215,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх №ӨХЦ22-10 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 45-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг гэрийн хаалгаа тайлж өгөхгүй гэхэд хаалгыг нь эвдэж орсон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ДУЛМАА