| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/0259/и |
| Дугаар | 102/ШШ2017/01310 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01310
| 2017 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/01310
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамж, 43 тоот хаягт байрлах, “Арбаян шанд” ХХК /РД:2892413/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6к байр, 15 тоот хаягт оршин суух, Харчу овогт Яйчилын Ганболд /РД:ШЕ61063110/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6к байр, 15 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн Наранцэцэг /РД:ШЕ63062866/ нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114.844.213 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 1.796.363 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг /ШТҮД:0744/, хариуцагч Я.Ганболд, Д.Наранцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч О.Чулуунчимэг /ШТҮД:0309/, гэрч Ж.Гэрэлсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Ганболдтой барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын үнэлгээг харилцан тохирч барилгын дотор заслын ажил эхэлсэн. Энэ ажил сарын хугацаатай хийх ажил байсан бөгөөд гэрээний хугацаандаа дуусгасан. Барилгын ажил эхлэхэд хөрөнгө оруулагч Я.Ганболд нь манай ажилчид болох Солонгос иргэдийг барилга дотор байрлаж ажиллах зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл ямар ажил гүйцэтгэх тухай ажил эрхлэх зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрөл нь 2 төрөл байдаг. Манай компани ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Я.Ганболд нь гэрээнд гарын үсэг зурдаггүй. Би гарын үсэг зуруулъя гээд өгөхөөр маргааш зурж өгнө гэж авч яваад буцааж өгөөгүй бөгөөд удахгүй зурж өгнө гэдэг байдлаар яваад байсан. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй байж ажил эхлүүлсэн. Иймээс бид шиприц цацах, муруй хананд бетон цутгах багахан ажил үлдсэн бөгөөд энэ үед ажлаа зогсоосон. Хариуцагч талын инженер н.Даваанямд хэлэхэд н.Давааням Я.Ганболд гуайд хэлсэн. Я.Ганболд нь ”...манай ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна, улсын комисс хүлээж авах гээд байна” гэсэн. Би хариуд нь “... та гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжүүлэхгүй” гэж хэлсэн. Ингээд Я.Ганболд нь н.Давааням, П.Наранцэцэг хоёрт борлуулалтын өрөөнд очоод үнэлгээгээ тохироод ир гэж үүрэг өгсөн. Би тухайн үед хажууд нь байсан. Ингээд бид үнэлгээг тохиролцох үед би “... хийж дуусган хүлээж авсан ажил дээр би үнэлгээ буулгахгүй. Харин үлдсэн бага ажил дээр бага зэрэг буулгаж болох юм” гэсэн. Үүний дагуу үнэ тохирч Я.Ганболд гуай дээр очиход тэрээр “... надаас бусад нь инженер болон н.Наранцэцэг нар гарын үсэг зурсан. Баталгаажсан тул ажлаа үргэлжлүүл гэхэд нь би жаахан ажил үлдээгээд яахав гээд дуусгасан. Би өдөр болгон ирж гэрээнд гарын үсэг зурж өгөөч гэж Я.Ганболд гуайгаас гуйдаг байсан. “... та мөнгөө өгөхгүй бол би давхар ажилчдын өмнө хариуцлага хүлээж байна” гэж хэлдэг байсан. Сүүлд ажил дууссаны дараа тогоо тасалж биднийг хөөж эхэлсэн. Байнга тогоо таслаад байсан учир ажлаа дуусгасан байсан тул бид гарсан. Түүнээс хойш Я.Ганболд гуайгаас төлбөрөө төлөхийг шаардахад гарын үсэг зурсан хүмүүстэй ярь гэж өөрөө алга болсон. Би 2-3 сар хүлээцтэй хандсан. Албан бичгээр 4-5 удаа албан бичгээр сануулж байсан. Мөнгө өгөхгүй гэсэн зорилгоор хөөж гаргасан. Түүнээс хойш харьцахаа байсан бөгөөд аргаа бараад шүүхэд өгсөн. Тухайн үед бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж байж олсон. Энэ ажлыг Я.Ганболд гуай нь хүлээн зөвшөөрч үнэ тохирч ажил эхлэх зөвшөөрөл өгсөн. Ганцхан өөрөө л баталгаажуулаагүй байгаа. Биднийг ажлаа чанартай 100 хувь гүйцэтгэж дууслаа гэж акт үйлдэж гарын үсэг зурсан. Иймээс гэрээний төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 114.844.213 төгрөг нэхэмжилж байна. Үүнд алданги 38.281.404 төгрөг орсон байгаа гэв.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хоорондын байгуулсан гэрээ, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа, манайд өгсөн ажлын акт зэрэг дээр манайх 1 давхарт ажиллах зөвшөөрөлгүй бөгөөд хориглосон заалттай байдаг. Барилгын дотор хананд шиприц цацсан гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр үүнийг хэн хийсэн гэдгийг тогтоох боломжгүй байна гэсэн болохоос манай ажилчид хийсэн гэж дүгнээгүй. Бид нэг давхарт ямар ч ажил хийгээгүй. Я.Ганболдын ажил хүлээж авсан акт болох гарын үсэгтэй баримтууд нь дандаа 2 дугаар давхраас дээш хамааралтай байдаг. Шавар нурж унасан нь шиприц цацсан болон өөр хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл биш. Мөн түүнийг манай ажилчид хийгээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргасан тайлбар дээр нэмж тайлбар хэлье. Гэрээ байгуулаагүй гэж ярьж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн талаар гарын үсэг зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн байдаг. Я.Ганболдын зөвшөөрөл байгаа тул гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Иймээс гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Наранцэцэг, Б.Давааням гарын үсэг зурсан гэж өөрсдийн барилга дээр ажиллаж байсныг буруутган ярьж байна. Энэ тал дээр тайлбар хэлэх хэрэгтэй. Хэрэв Д.Наранцэцэг нь гэрээнд гарын үсэг зурах ёсгүй гэж байгаа бол түүнийгээ нотолж хууль зүйн үр дагаврыг нотлох ёстой. Түүний дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах ёстой юм. Үнэлгээ тохироогүй гэж ярьж байна. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1 дэх хэсэгт зааснаар өөр нөхцлөөр хариу илгээсэн бол татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдэх ёстой гэсэн байдаг. С.Дэлгэрмаа гуайн хэлсэн үнийн санал өөрчлөгдсөн бол тэр дор нь хэлж ажлаа зогсоох ёстой байсан. Энэ талаар баримт хэрэгт байдаггүй. Баримт үндэслэж ярих хэрэгтэй юм. Хууль мэдэхгүй байж болно, гэхдээ баримжаа байна гэж ойлгож байна. С.Дэлгэрмаа нь хийх ёсгүй ажлыг хийсэн гэж байна. Хариуцагч тал ажлыг хүлээж авсан акт дээр гарын үсэг зурсан. Анх тохиролцохдоо бартераар төлбөр төлнө гэж тохирсон хэрнээ мөнгө нэхэмжилж байна гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагатай холбоотой юм. Бартерийн гэрээг тухайн үед байгуулаагүй нь хариуцагч талын өөрийнх нь буруу. Барилгын тухай хуулинд зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жил байдаг. Энэ тал дээр хариуцагч талын буруутай үйл ажиллагаа ч харагддаг. Хэрэв чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн гэж байгаа бол тэр дор нь акт үйлдэх ёстой байсан. Гэтэл хариуцагч хэлэхдээ С.Дэлгэрмаа өөрөө бүх баримтыг үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Я.Ганболд гуайд өөрт нь энэ эрх байхад хэрэгжүүлээгүй. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон үйлдлээ өөр бусдын буруу болгож нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр 2 удаа шинжээч томилж дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтийг үнэлгээчин гаргасан байдаг. Энэ дүгнэлтээр талуудын үнэлгээнээс зөрүүтэй үнээр дүгнэлт гаргаж байгаа нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцсэн гэж үзэхгүй тул үндэслэлгүй үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Дараагийн шинжээчийн дүгнэлт нь “Арбаяншанд” ХХК-ийн хийгээгүй ажлын хүрээнд гаргасан тул хамаарахгүй гэж үзэж байна. Харин хариуцагч тал энэ ажил дээр чанарын доголдол яриад байгаа нь зарим зүйлийг ялгаж салгахгүй байна. Учир нь “Арбаяншанд” ХХК-ийн нь хийгээгүй ажлын хувьд доголдол гарч түүнийг хариуцна гэсэн зүйл байхгүй. Эдгээр байдлуудыг хууль зүйн талаас нь зөв бодитой дүгнэлт хийж тайлбарлаж чадахгүй байна. Иймээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байгаа тухайгаа нотолж чадахгүй байна гэв.
Хариуцагч Я.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Дэлгэрмаа ирж надтай уулзан “...танай барилгын ажилд ормоор байна. Мөнгө төгрөгөө тохирч болно. Нутгийн хүмүүс байна. Та бид 2 хоёулаа Ховд нутгийн хүмүүс байна” гэж хэлсэн. Би ”...таны хүсэлтийг хүлээж авъя харилцан тохирьё” гэсэн. Солонгос ажилчид ажиллуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл авч ирж өг. Улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж болохгүй гэж хэлсэн. С.Дэлгэрмаатай зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь м.кв-ийн үнэ 2.500 төгрөгийн ажлыг 13.500 төгрөгөөр хийнэ гэсэн. Монгол хэл мэдэхгүй солонгос ажилчдаар шууд ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажилчид нь миний үгэнд орохгүй, миний үүрэг болгосноос өөр байдлаар хийж байсан. Шаардлага тавихад С.Дэлгэрмаагийн үгэнд л орно гээд миний үгэнд орохгүй байсан. Анх тохирсон ажил дээр шиприц гэсэн нэг ч үг байхгүй. Гэтэл С.Дэлгэрмаа нь өөрийн хүссэнээр ажлаа хийж миний хэлснээс зөрүүтэй зүйлүүд хийж байсан. Ингээд би бүтэхгүй юм байна гэж өөрт нь хэлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчтай ярилцахад барилгын гадна талд цавуулаг материалаар хийж болно гэсэн. Манай барилгын ажил нь автортойгоо хэрхэн хийгдэх талаар ярилцаж байж барилгын бүх зураг төсөл батлагдсан. Хэрэв өөрчлөх шаардлага гарвал барилгын автортой ярилцаж байж шийдэгдэх асуудал. Гэтэл С.Дэлгэрмаа өөрөө дур мэдэж өөрчлөн шиприц цацсан. С.Дэлгэрмаа аливаа баримт дээр надаар гарын үсэг зуруулдаггүй. Ажлаа 100 хувь хийсэн гэж өөрөө гарын үсэг зурдаг. Би С.Дэлгэрмаагийн хийсэн ажил буюу тоосго, шавар, өрлөг хэсгийг хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрсөн ажлын баримт дээр гарын үсэг зурсан. Шиприц явагдахгүй, автортой ярь гэж олон хэлсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр барилгын гадна талд цавуулаг материал орж болно гэсэн. Нэгэнт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байгаа тохиолдолд гаднах цавуулгийн зүйлийг хүлээн зөвшөөрье. Солонгос ажилчид ажиллах зөвшөөрөлтэй гэрээг авч ирж өг гэхээр өгдөггүй хэрнээ жилийн дараа 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хэрэгт гарган өгсөн байдаг. Бичиг баримтууд дээр миний гарын үсэгтэй баримт маш цөөхөн. Гадна талын хийх ёстой талбай нь 1371 м.кв талбай юм. Дотор талын айлуудын хананд шиприц цацах ёс журам байхгүй. Өрлөг, шавар, шиприцийн шавар дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч, 6.776.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. С.Дэлгэрмаагийн хийсэн ажил яагаад илүү үнэтэй байгааг мэдэхгүй байна. С.Дэлгэрмаа нь байсхийгээд телевиз дууддаг байсан. Миний үйл ажиллагаанд саад болсон үйлдэл ихээр хийж чирэгдэл учруулж байсан. Анх ажил эхлэхэд үнэ тохирсон зүйл байхгүй. Би Я.Ганболд гэж тусдаа хүн байхад манай эхнэрийг хариуцагчаар татсан байгааг ойлгохгүй байна. Манай эхнэр барилга дээр хааяа ирж надад тусалдаг байсан. Танай эхнэр инженер гээд гарын үсэг зуруулсан байсан. Эхнэр маань багш. Би зурахгүй гэж хэлэхэд нь зурах шаардлагатай гэж хэлээд ойлгоогүй зүйл дээр нь зуруулсан. Гэрээнд Д.Наранцэцэг гарын үсэг зурсан болохоор болно гэж бодож байх шиг байна. Би ингэж шүүхэд хандана гэж мэдээгүй. Анх тохиролцохдоо бартераар байр өгч гэрээ байгуулна гэсэн болохоос бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тохирсон зүйл байхгүй. Олохгүй болохоор нь эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж намайг олсон гэж байна. Өдөр болгон таардаг байж ийм зүйл хийх шаардлагагүй. Тохирсоны дагуу төлбөрийнхөө оронд “...нөгөө байраа авна шүү” гэж мессеж хүртэл бичдэг байсан. Түүнийг нь хэрэгт өгсөн. Улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх байсан бэ. С.Дэлгэрмаа бүх зүйл дээр өөрөө гарын үсэг зурсан тул тэдгээр баримтыг баталгаатай баримт гэж үзэхгүй гэв.
Хариуцагч Я.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тохирохдоо байр авна гэсэн болохоор шүүхээр явна гэж огт бодоогүй. С.Дэлгэрмаа нь зөвшөөрөлгүй шиприц цацсанаас болж дараа жил нь давхар болгонд шавар нурсан. Хэл ам хийгээд яахав гээд би өөрөө зарим зүйлийг “Мөрөөдлийн Уул” ХХК-иар засуулсан. С.Дэлгэрмаа ажлын хөлсөнд байр авч охиндоо өгнө гэсэн байранд шиприц цацсан гэдэг. Үүнийг “Мөрөөдлийн Уул” ХХК-иар янзлуулах гэхэд мөнгөө өг гэдэг. Ингээд би шинжээч томилуулах хэрэгтэй гэж бодсон. Шиприц цацаж шавар нурсан асуудал нь С.Дэлгэрмаа болон “Мөрөөдлийн Уул” ХХК-ийн алиных нь буруу болохыг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт хийлгэсэн. Миний ойлгосноор шиприц нь даагаагүй гэж ойлгосон. Иймээс С.Дэлгэрмаагийн хийсэн ажлаас шалтгаалан шавар нурсан гэж үзэж, тухайн доголдлыг арилгахад шаардлагатай гарах зардал төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Улсын байцаагч хэмжилт хийгээд 1.796.363 төгрөг гэж гаргасан тул тэр мөнгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилгын мэргэжилтэй хүн биш багш хүн. Надад барилгын ажлын талаар ямар ч ойлголт байхгүй. С.Дэлгэрмаа нь намайг барилга баригдаж буй талбайн инженер, менежер гэсэн байсан. Би аль аль нь биш. Уг барилгыг манай нөхөр барьж байсан болохоор би завтай үедээ очиж туслах зүйлд тусалж, нөхөртөө хоол хийж өгөх зэргээр очдог байсан. Ийнхүү намайг хааяа очих үед С.Дэлгэрмаа миний зургийг энд тэндээс аваад байдаг байсан. Эдгээр зургаа хэрэгт хавсаргасан байсан. Ямар учиртай зураг аваад байсныг ойлгоогүй. Миний гарын үсэг байгаа гэх баримт дээр С.Дэлгэрмаа намайг гарын үсэг зур гэсээр байгаад зуруулсан. Ямар учиртай зүйл дээр гарын үсэг зурснаа ойлгоогүй. Би тухайн барилгын ажлын талаар ямар нэгэн ажил хийж шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш. Харин С.Дэлгэрмаа нь намайг барилгын талбай дээр очих болгонд “...нөхөр чинь байхгүй байгаа юм чинь чи мэдэх ёстой нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зур” гэдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээ нь амаар харилцан тохирч байгуулагдаж болно. Бичгээр байгуулагдах хууль зүйн шаардлага байдаггүй нь үнэн. Тиймээс талууд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар амаар харилцан тохирч иргэний эрх зүйн харилцаанд орж тодорхой хэмжээний ажил хийгдсэн. Энэ тал дээр маргаагүй. Харин хавтас хэрэгт байгаа үнэ бичсэн, захиалагч биш этгээд гарын үсэг зурсан гэрээг бичгээр байгуулагдаагүй гэж маргаж байгаа юм. Энэ нь их ойлгомжтой юм. Учир нь Я.Ганболд гуайн гарын үсэг байхгүй, доод хэсэгт баталсан хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй тул гэрээг байгуулагдсан гэж үзэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн гэрээний хавсралт нь гэрээний хамт хүчинтэй гэж хэлж байна. Энэхүү хавсралт нь мөн адил үгүйсгэгдэж байна. Учир нь хавсралт нь гэрээний хамт хүчинтэй гэсэн байдаг.Ажил эхлэх зөвшөөрөл өгснийг гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Анхнаасаа байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэдэг нь ойлгомжгүй асуудал учраас бид гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй. Иймээс манай зүгээс шинжээч томилуулсан. Талууд хоорондоо нэг шийдэлд хүрэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байхад шинжээч томилдог байхад нэхэмжлэгч тал талуудын зөрүүтэй хэмжээгээр дүгнэлт гаргасан гэж байна. Талууд харилцан зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч тогтоосон хэмжээ үнэ зэргийг баримталж өөрийн дүгнэлтээ гаргадаг. С.Дэлгэрмаа нь шинжээчид хэмжээ өгөөгүй гэдэг. Гэтэл Р.Зоригт гэх хүн нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үнийг жагсааж, Я.Ганболд гуайн хариу тайлбартаа өгсөн хэмжилтийг хавсарган бичиж өөрийн үнэлгээг бичсэн болохоос хаа хамаагүй хэмжээ бичиж дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Үүнийг ойлгохгүй байна. Хэрэв шинжээч талуудын зөвшөөрсөн хэмжээгээр дүгнэлт хийдэг бол шинжээчийн дүгнэлт гэсэн зүйл гарахгүй юм. Хариуцагч талын зүгээс Хөрөнгийн Үнэлгээний Төвийн үнэлгээг барьж тайлбар хийж байгаа. Ингэхээс өөр арга байхгүй. Учир нь талуудын хооронд үнэ тохирсон зүйл байхгүй тул энэхүү шинжээчийн үнэлгээг барьж тайлбар гаргаж байгаа юм. Нэхэмжлэгч талын хэлсэн шинжээч дүгнэлтдээ тамга тэмдэг дараагүй, харилцан зөвшөөрсөн үнээр, хэмжээгээр хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Шинжээч тамга тэмдэгээ хаана дарах эсэх нь түүний асуудал. Шинжээчид хууль сануулан гарын үсэг зуруулж дүгнэлт хийлгэсэн байдаг тул нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагч нараас 50 хувиар гаргуулна гэж байна. Үндсэн мөнгө 76.562.809 өгрөг байх бөгөөд үүний 50 хувь нь 38.281.404 төгрөг болж байгаа юм. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч талын гаргасан үнэлгээгээр ажлын хөлс гэж 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байна. Ямар ажил хэрхэн хийгдэж энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин бусад ажлын хувьд манай зүгээс Хөрөнгийн Үнэлгээний Төвөөс гаргасан үнэлгээг баримталж байна. Уг үнэлгээнд залруулах зүйлс байгаа юм. Жишээлбэл, 51.962.468 төгрөг гэсэн үнэлгээг шинжээч гаргасан. Энэ үнэлгээний хувьд ялуу суулгах гэх ажил нь С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагад ороогүй гэж ойлгож байна. Тиймээс ялуу суулгах ажил нь шинжээчийн дүгнэлтээс хасагдах байх. Дүгнэлтийн 3,4 дэх хэсэгт бичигдсэнээр 25-ын тоосгон хана өрсөн гэдэг дээр 25.500 төгрөг гэсэн байдаг. Энэ тал дээр шинжээч алдаа гаргасан гэж үзэж байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтийн гуравдугаар хуудсанд заслын ажлын үнийн талаар 500 төгрөгийн зөрүүтэй зүйл бичсэн байсан. Бетон хананы шавардлагаа гэдэг дээр 6000-8000 төгрөг гэсэн хэрнээ хүснэгтэд 500 төгрөгөөр зөрүүтэй бичсэн байсан. Энэ хэдийгээр бага ч гэсэн мөнгөний зөрүү гарч байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шинжээчийн үнэлгээгээр 51.962.468 төгрөг гэж үзээд дээрх зөрүүг хасч үзвэл 51173.498 төгрөг гарч байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч нараас 50 хувиар хариуцагч нараас гаргуулна гэсэн байдаг. Тиймээс энэ зөрүүг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээс өөр аргагүй юм. Д.Наранцэцэгийн хувьд энэ хүн нь яагаад ч хариуцагч биш юм. Учир нь С.Дэлгэрмаа болон Д.Наранцэцэг нарын хооронд иргэний хуульд заасан ямар ч харилцаа үүсээгүй юм. Я.Ганболдын эхнэр байснаар өнөөдөр хэрэгт татагдсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох нийт үнийн дүнгийн 50 хувь буюу Д.Наранцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Барилгын тухай хуулиар захиалагчийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг өөрчлөхийг хориглосон байдаг бөгөөд барилгын зураг хэрэгт авагдсан. Үүнд барилга ямар байх ёстой талаар тодорхой тусгасан. Шинжээчийн дүгнэлтээр гадна хананд шиприц цацаж болох тухай бичсэн байгаа тул дотор ханыг хасч тооцох ёстой юм. Хөрөнгийн Үнэлгээний Төвийн гаргасан хэмжээгээр гаднах хана нь 1257,8 нь зөвшөөрөгдсөн хэмжээ юм. Энэ хэмжээг үнэлж гаргах нь бодитой юм. Дотор заслын жишиг үнэлгээ гэх цэнхэр номноос харахад Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаар тушаал гэж байдаг. Энэ жишиг үнэлгээ нь Хөрөнгийн Үнэлгээний Төвийн үнэлгээнээс эрс бага байсан. Хууль харвал Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар эхлээд жишиг үнийг баримтална, дараа нь зах зээлийн үнийг барина гэсэн учраас энэ жишиг үнийг харж үзнэ үү гэж шүүхээс хүсч байна. Харамсалтай нь энэ жишиг үнэлгээ нь легалинфо сайтад байхгүй байгаа тул урьдчилж хэлж мэдэхгүй байна. Уг үнэлгээгээр харахад манай зүгээс 33.161.500 төгрөгийн үнэлгээтэй гарч байгаа юм. Харин шинжээч Р.Зоригтийн үнэлгээ нь 51.173.000 төгрөг гарч байна. Жишиг үнэлгээгээр задарсан задаргааг нэг бүрчлэн хэлж болно. Ингээд бидний хувьд 45.161.550 төгрөг гарснаас урьдчилгаа төлбөрт өгсөн 2.000.000 төгрөгийг хасвал 33.161.000 төгрөгийн үнэлгээг бид хүлээн зөвшөөрч байна. Шүүх аль үнэлгээг барихыг бид мэдэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч тал нь мөнгө нэхэх болохоор ажил хийсэн болж, алдаа дутагдал гаргасан болох гэхэд ажил хийгээгүй мэтээр ярьж байна. Гэрч хэлэхдээ бид хэмжилтээ 2-9 давхар хүртэл хийгээд явах гэтэл С.Дэлгэрмаа өөрөө бид энэ ажлыг хийсэн гэж нэг давхарыг зааснаар хэмжиж ажлын үнэлгээнд оруулсан гэж хэлсэн. Шинжилгээ хийхэд би очиж байсан бөгөөд бүгд хамт байсан. Хэрэв нэг давхрын ажлыг хийгээгүй бол тухайн үед нь хэлж хийсэн ажлаасаа хасуулах боломжтой байсан. 1.796.363 төгрөгийн төсвийн хувьд тамга тэмдэгтэй эсэх тухай ярьж байна. Тамга тэмдэг байгаа боловч авч амжаагүй байгаа гэдгийг Мэргэжлийн Хяналтын Газрын дарга өөрөө тайлбар хийж тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Үүнийг анхаарч үзнэ үү. Мэргэжлийн төсөвчний хувьд эрхээ аваагүй, хуудас болгон дээр тамга дараагүй гэж миний хувьд маргаж чадахгүй, учир нь төсөвчнийг шүүхээс томилсон бөгөөд ийнхүү томилохдоо хууль сануулсан. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас 50, 50 хувиар гаргуулна гэж байгааг онцгойлон анхаарч үзнэ үү гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн болон шинжээчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч Я.Ганболд нарт холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 76.562.809 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 38.281.404 төгрөг, нийт 114.844.213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Я.Ганболд нь “Арбаян шанд” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2.511.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Я.Ганболд сөрөг нэхэмжлэлээ 1.796.363 төгрөг болгон багасгасан тул шүүх энэ хэмжээнд шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.Наранцэцэгт холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч Я.Ганболд нарт холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 76.562.809 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 38.281.404 төгрөг, нийт 114.844.213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Я.Ганболд ажлын хөлсний зарим хэсгийг зөвшөөрч, бичгээр гэрээ байгуулаагүй учир алданги шаардах эрхгүй гэж, хариуцагч Д.Наранцэцэг бүхэлд нь хариуцах ёсгүй гэж маргаж байна.
Хариуцагч Я.Ганболдын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 тоот “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний хавсралтаар барилгын ажлын үнэ, үнэлгээг тохирсон бөгөөд гэрээнд заасны дагуу алданги тооцсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.
Хариуцагч Я.Ганболд нь барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг үнэ тохироогүй шалтгаанаар бичгээр байгуулаагүй тул алданги төлөхгүй, бүрэн хийж гүйцэтгээгүй учир хийсэн ажлын хэмжээнд нь тохирсон хөлсийг төлнө гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
Дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч Я.Ганболдын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Я.Ганболдоос дотор заслын ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн бичгийн зөвшөөрлүүд, гэрээний дагуу гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан актууд, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлиййн 344.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд хийх ажлын хэмжээ, үнэлгээг тохиролцоогүй буюу барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүйгээс маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Я.Ганболдын барилгын 2, 3, 4, 5, 6 дугаар давхрын дотор өрлөг, тоосгон ханын шавар, техникийн давхрын өрлөг, шаврын ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж акт үйлдэж, Я.Ганболд түүнийг нь баталгаажуулж гарын үсэг зурсан байна. /хх1-15/ 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Я.Ганболдын барилгын 6, 7, 8, 9 давхрын дотор өрлөг, тоосгон ханын шавар, техникийн давхрын өрлөг, подволын давхрын 25-ын ханын өрлөг, шаврын ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж акт үйлдэж, Я.Ганболд түүнийг нь баталгаажуулж гарын үсэг зурсан байна. /хх1-16/
Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Я.Ганболдын барилгын 2- 9 давхрын өрлөг, шавар, подволын өрлөг, шавар, 00 өрөөний өрлөгийн тоосго, элс зөөж, өрлөгийн ажил хийхэд бэлдсэн бетон ханын заагдсан талбайд шиприцтэй шавар хийсэн, шатны хонгилын шавар, бетон ханын шиприцтэй шавар цацсан ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж акт үйлдсэн байх боловч Я.Ганболд түүнийг нь баталгаажуулж гарын үсэг зураагүй байна. /хх1-17/.
Хийсэн ажлыг актаар хүлээн авсны дараах санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ, дүн гэсэн баримт үйлдэж, нэхэмжлэгч нь үүнийг баталж, нийт ажлын хөлсийг 78.562.809 төгрөг гэж тооцсон байх ба үүнээс урьдчилгаа 2.000.000 төгрөгийг хасч тооцон үлдэх ажлын хөлсийг 76.562.809 төгрөг гэж тооцоо гаргасныг хариуцагч Я.Ганболд баталгаажуулаагүй боловч захиалагчийн төлөөлөгч, талбай хариуцсан инженер Б.Давааням хянаж гарын үсэг зуржээ. /хх1-4/
Нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээ, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн ажлын хэмжээ зөрүүтэй байхаас гадна, ажлын үнэлгээ зөрүүтэй байх тул хариуцагчийн хүсэлтээр “Арбаян шанд” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэ цэнийг тогтоохоор шүүгчийн захирамжаар томилогдож, шинжээчийн дүгнэлт гаргасан “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж тайлбарласан тул шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэлд 7 төрлийн ажлын хэмжээ бичсэнээс 25-ын тоосгон ханын өрлөг, бетон шал гараар цутгах, хана, таазны хар замасканы ажлын хэмжээ нь нэхэмжлэгч, хариуцагч, шинжээчийн дүгнэлтэд ижил хэмжээтэй байна.
Харин дотор ханын 12 тоосгон өрлөгийн хэмжээг нэхэмжлэгч 1799.1 м.кв, хариуцагч 1413 м.кв, шинжээч 1582.4 м.кв, 12-ын тоосгон ханын шаврын ажлын хэмжээг нэхэмжлэгч 3812.8 м.кв, хариуцагч 2856 м.кв, шинжээч 3018.1 м.кв, бетон хананд шиприц цацсан ханын шаврын ажлын хэмжээг нэхэмжлэгч 1654.77 м.кв, хариуцагч 1082.86 м.кв, шинжээч 1322 м.кв, бетон хананд шиприц цацсан ажлын хэмжээг нэхэмжлэгч 2012.1 м.кв, хариуцагч 1600 м.кв, шинжээч 1986.м.кв гэж тогтоожээ. /хх1-172, 173/
Нэгэнт зохигчид хийсэн ажлын хэмжээг тохиролцоогүй бөгөөд хийсэн ажлыг актаар хүлээн авахдаа ажлын нэр төрлийг хүлээн авч, ажлын хэмжээг тодорхойлон хүлээн авч баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгчийн болон хариуцагчийн гаргасан ажлын хэмжээгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг тооцох боломжгүй байна.
Иймд хөндлөнгийн байгууллага болох шинжээчийн хэмжилтээр хийсэн ажлын хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ажлын үнэлгээг хариуцагчийн төлөөлөгчтэй тохиролцсон тул тухайн үнээр хөлсийг тооцно гэж, хариуцагч нь ажлын үнэлгээг тохиролцоогүй тул жишиг үнэлгээг баримтлана гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тооцох нь гэрээний чөлөөт байдлыг алдагдуулахаар байна гэж дүгнэлээ.
Иймээс шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлсийг тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажлын хөлс нэхэмжлэхдээ ялуу суулгасан ажлын хөлсийг нэхэмжлээгүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 51.962.468 төгрөгөөс уг ажлын хөлс болох 126.000 төгрөгийг болон урьдчилгаанд авсан 2.000.000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч Я.Ганболдоос ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 49.836.468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
“Арбаян шанд” ХХК болон иргэн Д.Наранцэцэг нарын хооронд Я.Ганболдын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн гэрээний харилцаа, түүн дотроо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь Д.Наранцэцэгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэн, хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох 114.844.213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний 6.21 дэх заалтыг баримтлан хоног тутам 0.5 хувиар алданги тооцож, 38.281.404 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй тул анз шаардах эрхгүй гэж татгалзаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч Я.Ганболд гарын үсэг зураагүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасанчилан хүчин төгөлдөр болоогүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр болоогүй гэрээг баримтлан анз шаардах эрхгүй байх тул хариуцагч Я.Ганболдоос алдангид 38.281.404 төгрөг гаргуулах тухай “Арбаян шанд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Я.Ганболд нь “Арбаян шанд” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2.511.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан 1.796.363 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч Я.Ганболд нь “Арбаян шанд” ХХК нь 1 дүгээр давхрын үйлчилгээний талбайд шиприцээр шавар цацсан бөгөөд энэхүү ажлаа доголдолтой гүйцэтгэсэнтэй холбоотойгоор доголдлыг арилгахад гарах зардлын талаар гомдлын шаардлага гаргаж байна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 дүгээр давхарт барилгын заслын ажил гүйцэтгээгүй тул хариуцахгүй гэж маргав.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, Иргэн Я.Ганболдын 7 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 56 айлын орон сууцны барилгыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 246/260 тоот барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулжээ.
Хариуцагч Я.Ганболд нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч “Арбаян шанд” ХХК-д холбогдуулан 1 давхрын үйлчилгээний талбайд хийсэн шиприцтэй шаврын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хананы шавар нурсан тул түүнийг арилгахад гарах зардлыг гаргуулахаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэгч талд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн дээрх зүйлд заасан гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааны дотор байна.
Шүүх хуралдаан дээр тодруулж асуухад захиалагч буюу хариуцагч Я.Ганболд нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасан үндэслэлийг баримтлан нэхэмжилж байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээсээ тодорхойлсон боловч өөрөө уг доголдлыг арилгаж, холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаагүй болох нь түүний тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр захиалагч Я.Ганболд нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-д “барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах” гэж заасан заалтыг биелүүлээгүйн улмаас хариуцвал зохих этгээд тодорхой бус болсон байна.
Иймд хариуцагч Я.Ганболдын доголдлыг арилгахад гарах зардлыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 35.2.2 дахь заалтыг баримтлан “Арбаян шанд” ХХК-иас 1.796.363 төгрөг гаргуулах тухай Я.Ганболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Я.Ганболдоос 49.836.468 төгрөг гаргуулан “Арбаян шанд” ХХК-д олгож, “Арбаян шанд” ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх 65.007.745 төгрөг гаргуулах болон Д.Наранцэцэгт холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч Я.Ганболдын 1.796.363 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 732.171, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 407.132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчийн хийсэн ажлын үнэлгээг тогтоох болон хариуцагчийн доголдлыг арилгахад гарах зардлыг тодорхойлохоор 2 удаа шүүхээс шинжээч томилсон ба шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан зохигчдод хуваарилан хувааж, шинжээч нарт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Я.Ганболдоос 49.836.468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 65.007.745 төгрөг гаргуулах болон Д.Наранцэцэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтыг баримтлан “Арбаян шанд” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгахад гарах зардалд 1.796.363 төгрөг гаргуулах тухай хариуцагч Я.Ганболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 732.171, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 407.132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-иас 767.800 төгрөг, хариуцагч Я.Ганболдоос 1.432.220 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Я.Ганболдоос 50.000 төгрөг гаргуулан шинжээч Ж.Цээлээд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ