Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1897

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 7 байр, 13 тоотод оршин суух, Галсан овогт Чулуунбаатарын Тэгшээ /РД:СЮ76031871/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 57 байр, 77 тоотод оршин суух, Еншеибү овогт Цэндсүрэнгийн Эрдэнэбэлэг /РД:ШЗ59061974/

Зээлийн гэрээний үүрэгт 6.666.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Тэгшээ, хариуцагч Ц.Эрдэнэбэлэг, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Тэгшээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Эрдэнэбэлэгийн хүсэлтээр 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Ц.Эрдэнэбэлэгийн эзэмшлийн суудлын Бенз Е400 маркийн 04-69 УБЗ улсын дугаартай 1997 оны хуучин машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан. Ц.Эрдэнэбэлэг нь эхний 2 сарын хүү 400.000 төгрөг, 2017  оны 01 сарын 14-ний өдөр 400.000 төгрөгийн хүүг тус тус төлсөн боловч үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа аль хэдийн өнгөрсөн боловч зээлээ удахгүй төлнө гэж элдэв шалтаг тоочсоор өнөөг хүрсэн болно. Барьцааны машиныг зах дээр зарах гэсэн боловч хуучин муу машин учир зарагдаагүй. Иймд Ц.Эрдэнэбэлэгээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 2.666.800 төгрөг нийт 6.666.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Ч.Тэгшээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Тэгшээ би нэхэмжлэлийн шаардлагын 2.066.800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.600.000 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбэлэг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Эрдэнэбэлэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад Ц.Эрдэнэбэлэг би нэхэмжлэгч Ч.Тэгшээтэй харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2.066.800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.600.000 төгрөгийг миний бие 1 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.Тэгшээ нь нэхэмжлэлийн шаардлагын 2.066.800 төгрөгөөс татгалзаж, 4.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Эрдэнэбэлэг төлөхөөр зөвшөөрч, 4.600.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Тэгшээ нь хариуцагч Ц.Эрдэнэбэлэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.666.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч Ч.Тэгшээ нь нэхэмжлэлийн шаардлагын 2.066.800 төгрөгөөс татгалзаж, 4.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Эрдэнэбэлэг төлөхөөр зөвшөөрч, 4.600.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ч.Тэгшээ, хариуцагч Ц.Эрдэнэбэлэг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбэлэгээс 88550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ч.Тэгшээ нь нэхэмжлэлийн шаардлагын 2.066.800 төгрөгөөс татгалзаж, 4.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Эрдэнэбэлэг төлөхөөр зөвшөөрч, 4.600.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбэлэгээс 88550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тэгшээд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА