Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001050017 дугаартай, 146/2022/0035/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн ********* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр тус сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******, цагдаагийн дэд ахлагч ******* нарыг хариуцсан сумандаа эргүүлийн үүргээ гүйцэтгэж байх үед алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны дүрэмт хувцаст гэмтэл үүсгэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирлоо төлсөн... гэв.

хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 402 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Шинжээч Б.Мягмардоржийн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр гаргасан ӨХЦ22-08 дугаартай шинжээчийн дүгнэлт /ххийн 141-142 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 106-109 дүгээр хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр тус сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ы тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны дүрэмт хувцаст гэмтэл үүсгэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ы ...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцсан сумандаа цагдаагийн дэд ахлагч *******ийн хамт эргүүл, хяналт, шалгалт хийж байсан. 15 цагийн орчимд Өлзийт сумын иргэн ******* нь хамгаалах өмсгөлгүй мотоцикл жолоодож байсан тул дохиур модоор дохиж зогсоож шалгах гэтэл шалгуулахаас зайлсхийн зугтаасан. Тэгэхээр нь бид 2 зөөлөн дагаж гэрийнх нь гадна очиж хашааных нь үүдэнд очоод *******од хандаж хашаанаасаа гарч ирэх шаардлагатай талаар хэлсэн чинь яах гээд байгаа хоёр пизда вэ гэж хэлээд гараад ирсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1-т заасны дагуу зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгч цагдаагийн хэсэг рүү хамт явах талаар мэдэгдсэн. Тухайн иргэн нь ******* бид хоёрт хандаж та нар надаар битгий оролдоод бай би та нартай цуг явж чадахгүй гэж хэлсэн. Хамт явахгүй гэхээр нь манай цагдаа хамт явах шаардлагатай эрхийн үнэмлэхгүй болон хамгаалах малгайгүй мотоцикл жолоодсон зөрчил дээр нь арга хэмжээ авах гэж байгаа талаар хэлэх үед уурлаж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. *******ын эхнэр гэх эмэгтэй хашаан дотроос гэнэт гарч ирээд зүүн гараараа миний баруун хацар луу нэг удаа цохисон. Тухайн хүмүүст хандаж *******ын эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд цагдаагийн хэсэг дээр очиж арга хэмжээ тооцох шаардлагатай талаар олон дахин давтаж хэлээд байхад л үгүй явахгүй гээд ******* болон түүний эхнэр миний хувцаснаас зэрэг шахуу зуураад байсан. Удаан хэлж байж цагдаагийн хэсгийн байранд *******ыг хүргэж очсон. Очоод албаны дүрэмт хувцсаа хартал ноосон цамцны баруун талын зах оёдлоороо ханзарч, харин зүүн халаасны доод хэсэгт урагдал үүссэн байсан. ******* хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн тул хэсгийн цагдаа ******* *******ыг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Миний биед гэмтэл шарх үүсээгүй. *******ын эхнэр Л.Дашдэлэг гэх эмэгтэй надад гэмтэл учруулалгүй нэг удаа цохисон. Албаны дүрэмт хувцаснаас дээрх хоёр иргэн барьж авч зуурсаар байгаад урагдал гэмтэл үүсгэсэн. Өөр техник хэрэгсэлд бол гэмтэл үүсээгүй. Би болон ******* дээрх хоёр иргэнийг цохисон зүйл болоогүй. Харин ******* эсэргүүцэл үзүүлсэн тул биеийн хүч нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж гарыг нь гавласан. Албаны дүрэмт хувцаст урагдал, гэмтэл үүссэн тул хохирлоо барагдуулж авах л хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч *******ийн ...Хариуцсан сумандаа эргүүлийн үүргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******ы хамт Өлзийт сумын төв “Агуйт” гэх газар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тус сумын иргэн ******* нь эрхийн үнэмлэх болон хамгаалах малгайгүй мотоцикл жолоодож явж байсан. Улаан өнгийн дохиур модоор зогсох дохио өгөх үед миний биеэс 1 метрийн зайтай зогсолгүй хурдан яваад өнгөрсөн. Зогсолгүй явсаар байгаад гэртээ очсон. Араас нь очсон чинь хашаандаа орчихсон байсан. Хашааны гадна талаас нь ******* гэх хүнийг гарч ирэх талаар чанга дуугаар хэлсэн чинь хашаанаасаа ганцаараа гарч ирээд яах гээд байгаа пизданууд вэ гэж хараахаар нь яагаад цагдаагийн алба хаагчийг хараагаад байгаа юм бэ гэсэн чинь надаар битгий оролдоод бай гэж хэлсэн. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгчийн хамт тухайн иргэнд хандаж сумын цагдаагийн хэсгийн байранд очиж шалгах шаардлагатай байгаа талаар хэлсэн чинь би явахгүй гэж хэлээд хашаа руугаа орсон. Тэгэхээр нь дагуулаад явах гэтэл хашаан дотроос түүний эхнэр гэх эмэгтэй гарч ирээд хэсгийн төлөөлөгч *******ы толгойн тус газар гараараа нэг удаа цохисон. Хэсгийн төлөөлөгчтэй ******* болон түүний эхнэр ноцолдоод байсан. Эхнэр нь миний гар утсыг булааж авах гээд хувцаснаас зулгаагаад байсан. Эхнэр нь муусайн бузар гээд хэсгийн төлөөлөгч бид хоёртой хэрэлдээд нөхөр нь гарч ирэхгүй гэр лүүгээ явж ороод байсан. Миний бие болон албаны техник хэрэгсэлд гэмтэл учраагүй. Харин хэсгийн төлөөлөгч *******ы толгой руу нь цохиж ноосон цамцны баруун талын зах, өмдний зүүн талын халаасны доод хэсгийг ханзалж, зүүн гарын гарын салаанд жижиг хэмжээний шарх үүссэн. *******ын биед халдаж гэмтэл учруулсан зүйл болоогүй. Харин биеийн хүч мэх хэрэглэж гарыг нь урд талд нь л гавласан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч *******гийн ...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн нутаг Найрамдал бригад гэх газар руу албан ажлаар явж байх замдаа Өлзийт сумын төвөөр дайрч өнгөрсөн. Намайг Өлзийт сумын төвд очиж хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* руу залгахад дэлгүүрийн урд талын гудамжинд дуудлага дээр ирчихсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол дэслэгч *******, дэд ахлагч ******* нар цэнхэр өнгийн хашааны хаалгатай айлын гадна талд хашаа руу нь орох гээд, тухайн хашааны хаалганы дотор талд нэг эмэгтэй цагдаагийн алба хаагч нарыг оруулахгүй гээд хашааны хаалгаа татаад зогсож байсан. Төд удалгүй тухайн хашаанаас намхан, бор арьстай залуу гарч ирээд дэслэгч *******ы автомашинд суугаад цагдаагийн хэсэг рүү явсан. Намайг очих үед тухайн хашааны хаалганы дотор талаас татаж байсан эмэгтэй хэлэхдээ “Та нар яахаараа манай нөхрийг авч явдаг юм, явуулахгүй” гэх зүйл хэлж, дэслэгч *******, дэд ахлагч ******* нар хариуд нь “бид 2 ажлаа хийж байна” гэж хэлж байсан. Өөр маргалдаж муудалцаад байсан зүйл байгаагүй. Намайг очсоноос хойш цагдаагийн алба хаагч нар хууль бус үйлдэл гаргаагүй, харин цагдаагийн дэслэгч *******ы өмсөж байсан дүрэмт хувцасны өмдний халаас хэсэг, цамцны зах хэсэг урагдчихсан, аль нэг гарын алганы хэсэгт бага зэргийн цус болчихсон байсан. Тухайн үед хашааны гадна талд цагдаагийн дэслэгч *******, дэд ахлагч *******, нэг үл таних 50 орчим насны эрэгтэй, хашаан дотор дэслэгч *******ы автомашинд суусан намхан, бор арьстай залуу, хашааны хаалгыг дотор талаас нь татаж байсан эмэгтэй гээд нийтдээ 2 цагдаагийн алба хаагч, 3 иргэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч *******ын ...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би хашаа руугаа алхаж яваад харсан чинь хашааны гадна нэг хар машин ирсэн түүний дэргэд манай хашаанд байдаг ******* хоёр цагдаагийн голд нь орчихсон зогсож байсан. Би алсаас харахад барилдаад байгаа юм болов уу гэж бодсон, ойртоод очсон чинь хэсгийн төлөөлөгч *******, цагдаа ******* нар *******ын хоёр талд нь хоёр гарыг нь нэг нэгээр нь бариад авчихсан газар унагаах гээд байгаа юм уу эсвэл машиндаа суулгаж авч явах гээд байгаа нь мэдэгдэхгүй ноцолдоод байсан... Би гэртээ орчхоод байж байсан чинь хүүхэд нь уйлаад, авгай нь орилоод чанга чанга дуугараад байхаар нь гарсан чинь *******ын эхнэр Л.Дашдэлэг манай сумын хоёр цагдаад хандаж та хоёр хоёул хоёулаа байж нэг хүн рүү яагаад дайраад байгаа юм гээд л орилоод байсан. ******* нь *******од хандаж энэ удаа дараа ийм хэрэг хийж байгаа юм доошоо авч явна гээд хашааны гадна чанга чанга яриад байсан удаа дараа болж байна дандаа хамгаалах малгай өмсөхгүй мотоцикл унаж явдаг гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан “...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх 402 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан “...*******ы биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх 403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шинжээч Б.Мягмардоржийн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцанд 250х78мм, өмдөнд 15мм, 45мм урттай шинэ ханзралт, өмдний ар 30мм урттай хуучин ханзралт байна. 2. Цамц болон өмдөнд гарсан ханзралтууд нь гараар татах болон чирэх үйлдэл хийх үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүдийн гарсан цаг хугацааг тодорхойлох шинжилгээний арга, аргачлал байхгүй тул хэрэг болсон гэх өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх 115 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хар хөх өнгийн өвлийн цамц, зуны хээрийн өмд нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны үнэлгээгээр нийт 82,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ22-08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 106- 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчээс шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд ...Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Яллах, өмгөөлөх талаас шүүх хуралдаанд мэтгэлцэж, шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг албан үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй улмаар эсэргүүцэл үзүүлж хүч хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Хохирогч *******д хохиролд 82500 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, эд хөрөнгөтэй тул торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ДУЛМАА