Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000016 дугаартай, 146/2022/0032/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Могойт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* /РД: ************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг шинэс мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “*******” гэх газар гэрээсээ Бат-Өлзий сум руу өвс ачих зорилгоор явсан. Тэгээд өвс ачих хашлага дутаад байхаар нь дээшээ мод бэлтгэх зөвшөөрөлтэй газраасаа хэдэн мод ачиж явсан. Бат-Өлзий сумын төв рүү орж явах замдаа цагдаа нарт баригдсан... гэв.

иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг шинэс мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч *******ын ...******* нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 11 ширхэг мод нь “Шинэс” төрлийн хуурай, унанги мод байна. ...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 11 ширхэг мод нь шилмүүст төрлийн бөөрөнхий модон материалын техникийн шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний зориулалтын мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ..Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 196,961 төгрөг...” гэх 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5- 14 дүгээр хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* би зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь ээж, аавтайгаа хамт нэг өрхөд амьдардаг бөгөөд түүний аав нь мод бэлтгэх эрхийн бичиг 2021 оны 10 сард авсан байсан. Аавынхаа бэлтгэсэн модыг өвс ачихдаа ашиглаж сум руу явсан. Шүүгдэгч *******ид холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ийн бэлтгэсэн, тээвэрлэсэн мод нь 2м 10см урттай байх бөгөөд Ойн тухай хууль, Монгол улсын стандартад зааснаар түлшний модны урт нь 1м, шинж чанараараа модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлнэ.

Иймд шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан хохиролд 590.883 төгрөгийг 100100351404 дансанд тушаасан байна. Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг 450000 төгрөгөөр торгох дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Үнэлгээчин Д.Оюундарь нь 11 ширхэг хуурай шинэс модны зах зээлийн үнэлгээ нь 165000 төгрөгөөр /хх-ийн 57-60 дугаар хуудас/, ******* улсын дугаартай Hyundai портер маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК 5178198 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 108-113 дугаар хуудас/, 11 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр П.Батбаярт хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 165000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 11 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, “Портер” маркийн 5178198 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 165,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 11 ширхэг хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, “Портер” маркийн 5,178,198 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ДУЛМАА