| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00237/и |
| Дугаар | 102/ШШ2017/01272 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/01272
| 2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/01272
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байр, 57 тоот хаягт оршин суух, Бүс хайрхан овогт Мөнхсүхийн Дэлгэрсайхан /РД:ЧА86072905/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 13 дугаар байр, 59 тоот хаягт оршин суух, Шинэ овогт Батдоржийн Энхцолмон /РД:ХЖ85010606/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 13 дугаар байр, 59 тоот хаягт оршин суух, Гарам овогт Батдэлгэрийн Мижиддорж /РД:ТГ85100914/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Зулзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Дэлгэрсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Энхцолмон, Б.Мижиддорж нартай уулзаж Алтай хотхонд байрлах “Титэм Ордон” цэцэрлэгийн 1 жилийн эрхийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 4 дүгээр сарын 01-ний өдөр нь Баасан гараг таарсан тул М.Дэлгэрсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр буюу Даваа гарагаас тухайн цэцэрлэгт хүүхдээ 2 хоног явуулсан боловч хүүхэд нь хатгаа авч эмнэлэгт хэвтсэн. Иймээс 9 дүгээр сард үргэлжлүүлэн явуулахаар цэцэрлэгийн эрхлэгчтэй харилцан тохирсон. Хэсэг хугацааны дараа цэцэрлэг нэрээ өөрчилж, хаягаа буулгаж эхлэхээр нь М.Дэлгэрсайхан цэцэрлэгийн эрхлэгч н.Одончимэг рүү ярихад эргээд хариу өгье гэж хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч 8 дугаар сарын 25-ны өдөр хүүхдээ явуулах гэж цэцэрлэгт очиход тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн тул хүүхдийг нь авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Иймээс М.Дэлгэрсайхан Б.Энхцолмонтой холбогдож хэлэхэд “... би уулзаж үзье, хохирлыг нь барагдуулна” гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш Б.Энхцолмон М.Дэлгэрсайхантай ярьж “...хүүхдээ аваад ир цэцэрлэгт явуулахаар болсон” гэж хэлэхэд нь очсон. Ингээд очиход гэрээс нь хол, өөр цэцэрлэг байсан бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан тул хүүхдээ явуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч хариуцагч нартай дээрх хугацаанд ярьж байсан бөгөөд хариуцагч нар боломжтой болохоороо өгнө гэсний дагуу эрхийн бичиг худалдаж авсан мөнгийг буцааж өгөхийг хүлээж, харж үзэж удаан явсан боловч одоог хүртэл өгөөгүй байх тул 1.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Мижиддорж, Б.Энхцолмон нар нь Боловсрол ТВ-ийн “Зөв үгийг таа” гэх цэнгээнт нэвтрүүлэгт оролцож ялагч болсноор “Алтай хотхон”-д байрлах “Титэм ордон” цэцэрлэгт нэг жилийн хугацаанд хүүхдээ үнэгүй явуулах эрхийн бичиг хожсон. Хариуцагч нар нь 2 ихэр охинтой бөгөөд нэгийг нь явуулах боломжгүй байсан тул эрхийн бичгийг олон нийтийн сошиал сүлжээгээ зарахаар зар тавьсан. Ингээд М.Дэлгэрсайхантай холбогдож эрхийн бичгийг худалдаж, уг эрхийн бичиг М.Дэлгэрсайханы мэдэлд очиж түүний хүүхэд тодорхой хугацаанд “Титэм Ордон” цэцэрлэгт суралцсан. Ямар шалтгаанаар цэцэрлэгт явахаа больсон тухай мэдэхгүй. Сая тайлбарыг сонсоход хатгаа авсан гэж байна. М.Дэлгэрсайханы хүүхэд нь цаашид уг цэцэрлэгт үргэлжлүүлэн явах боломжтой байсан. Нэхэмжлэгч болон цэцэрлэгийн эрхлэгч н.Одончимэг нарын хооронд ямар үл ойлголцол үүссэнийг бид мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь худалдах худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагч нар ямар нэгэн эд хөрөнгө болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн. Доголдолтой холбоотойгоор 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Дэлгэрсайхан нь хариуцагч Б.Энхцолмон, Б.Мижиддорж нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь доголдолгүй эрх худалдсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Хариуцагч Б.Энхцолмон, Б.Мижиддорж нар нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Боловсрол” телевизийн “Зөв үнийг таа” цэнгээнт нэвтрүүлэгт оролцож, Алтай хотхонд байрлах “Титэм ордон” цэцэрлэгт 1 жил үнэгүй сурах эрхийн бичиг хожсон байна.
Хариуцагч нар нь олон нийтийн сүлжээгээр дээрх нэг жилийн үнэгүй сурах эрхийн бичгээ зарах зар өгч, улмаар 2016 оны 4 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч М.Дэлгэрсайханд 1.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь зохигчдын тайлбар, бусад баримтаар тогтоогдлоо.
Талуудын хооронд амаар байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээ байна.
Нэхэмжлэгч нь “энэхүү эрхийн бичгийн дагуу хүүхдээ тус цэцэрлэгт 4 сард цөөхөн хоног явуулж сургасан боловч хүүхэд нь өвдсөн учир цэцэрлэгт явуулахаа больж, 8 дугаар сарын сүүлээр хүүхдээ бүртгүүлэх гээд очиход нь цэцэрлэгийн удирдлага солигдсон, эрхийн бичгийн хүүхдийг сургахгүй гэсэн тул доголдолтой эрхийн бичиг худалдсан гэж үзэн хариуцагч нараас мөнгөө буцааж авахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч нар нь “доголдолгүй эрхийн бичиг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч хүүхдээ сургаж чадаагүй нь өөрөөс нь болсон” гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 260.3-д “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын эхээр биет байдлын болон эрхийн доголдолгүй шаардах эрхийг шилжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь дээрх эрхийн бичгийн дагуу нэхэмжлэгч нь хүүхдээ “Титэм ордон” цэцэрлэгт тодорхой хугацаанд сургасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон болно. Мөн хуулийн 260.1-д зааснаас эрх шилжүүлэх гэрээнд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний бусад зохицуулалт үйлчлэхээр байх ба Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”гэж зааснаар нэхэмжлэгч нь хүүхдээ цэцэрлэгт явуулснаар эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сард хүлээн авчээ. Улмаар 8 дугаар сарын сүүл хүртэл тухайн шаардах эрхийн талаар доголдолтой гэж үзээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зааснаар 1 жил үнэ төлбөргүй сургах эрхийн бичиг хүчингүй болсон эрсдэл нэхэмжлэгчид өөрт нь шилжин ирсэн тул нэхэмжлэгч нь төлбөрөө буцаан шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд худалдсан эрхийн бичиг нь эрхийн доголдолтой байсан болон 6 сарын дотор илрүүлж, шаардлага гаргаж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.
Дээрх үндэслэлээр Б.Энхцолмон, Б.Мижиддорж нараас худалдах худалдан авах гэрээний дагуу 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн М.Дэлгэрсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3, 247 дугаар зүйлийн 247.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Энхцолмон, Б.Мижиддорж нараас худалдах худалдан авах гэрээний дагуу 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн М.Дэлгэрсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 620 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ