Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00035

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар магадлалтай,

Н.Агийн нэхэмжлэлтэй

С.Ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С.Агийн гуйлтын дагуу түүнд Зээлийн гэрээг байгуулж 7 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1/нэг/ жилийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Өмчлөх эрхий гэрчилгээ Ү-2101006564 дугаарт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-95 тоот хаягт байршилтай 17м2 бүхий 1 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ мөн байгуулсан. С.А нь мөнгө зээлэх үедээ маш чухал мөнгөний хэрэг гарсан учраас мөнгө зээлээч хэмээн гуйсаар байгаад гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 01 дугаар сарын 19-ний өдөр надаас 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш С.А нь үндсэн зээл болон хүүгээс нэг ч удаа төлөлт хийгээгүй ба утсаар холбогдох үед удахгүй төлнө гэж хэлдэг байсан сүүлдээ утсаа авахаа больсон. Уг зээлийн гэрээний дагуу С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлж дуусгах ёстой байсан боловч өдийг хүртэл зээл төлөх байтугай утсаар ч холбогдохгүй байна. Иймээс үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг /1 жилийн хүү/ зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан алданги 3 462 500 төгрөг нийт 15 462 500 төгрөг С.Агаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Н.Агаас би мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 7.500.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хүү гэж үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Оргилуун Алт ХХК ийн 5125085477 дансанд төлбөрийг төлж байсан боловч хугацаанд төлбөрийг хийж чадаагүй билээ. Хувь иргэн Н.Агаас мөнгө зээлээгүй, уг хоршооны эрхлэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Хоршооны нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үлдэгдэл зээл 6.900.000 төгрөг байгаа бөгөөд хүү болон үндсэн зээлийн төлбөрийг хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 15.462.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Өмнө нь шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. С. С.А нь зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг Уурхайчин 3-6-95 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай нэг өрөө бүхий орон сууцыг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15 462 500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Агийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Н.Агаас мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 2017.01.07-нд 7.500.000 төгрөгийг зээлсэн бөгөөд ҮХ-27 тоот зээлийн гэрээ байгуулсан . Үүнээс хэд хоногийн дараа тус хоршооны эрхлэгч гэх Н.А зээлийн гэрээг дахин байгуулдаг гэж 2017.01.19-ний өдөр гэрээг нотариат дээр орж байгуулж байсан ба гэрээ байгуулсан өдөр түүнээс мөнгө аваагүй. Анх байгуулсан ҮХ-27 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байна. 2017.01.19-ний өдрийн Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.А гэх иргэнээс мөнгө аваагүй учир барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч С.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “....Н.А нь С.Ад зээлийн гэрээний дагуу 7 500 000 төгрөг шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг буцаан төлөх график, мөнгө хүлээн авсан баримт зэргийг огноо, мөнгөн дүн зэрэг нөхцөл байдлууд нь нийцэж байхад шүүх мөнгө шилжүүлэн өгөөгүй гэж үзэж байгаа нэхэмжлэгч Н.Агийн өгсөн мөнгөө буцаан нэхэх эрхийг хязгаарласан шийдвэр болсон. Нэхэмжлэгч мөнгийг хүлээлгэн өгсөн болохоо бичгийн нотлох баримтаар хангалттай нотолсон байтал өөр ямар байдлаар нотлох ёстой гэж шүүх үзээд байгааг ойлгохгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хаан банкны Орхон салбарын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр 5125085477 тоот дансны эзэмшигч нь Б.Эрдэнэбаяр дансны нэр нь “Оргилуун алт” ХХК болох нь, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 албан бичгээр 5120123441 тоот дансны эзэмшигч нь Н.А болох нь тус тус тогтоогдож байна. “...5125085477 тоот дансны депозит дансны хуулгаас Б.Эрдэнэбаярын данснаас С.Агийн 5094480150 дугаарын дансруу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөо 6 500 000 төгрөг, С.Агийн 5094480150 дугаарын данснаас Б.Эрдэнэбаярын 5125085477 дугаарын дансанд 2017 оны 03 дугаар сарын 02-нд 375 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-нд С.А гэсэн нэрээр 380 000 төгрөг, С.Н.Агийн 5120123441 данснаас 2017 оны 05 дугаар сарын 18-д С.А зээл гэсэн утгаар 1 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байгаагаас, мөн ҮХ-27 тоот гэрээнд “Оргилуун алт” ХХК 5125085477 дугаарын дансанд зээлийн эргэн төлөлтийг буцаан төлөх үүргийг С.Ад хүлээлгэсэн зэргээс С.А нь Оргилуун алт ХХК-тай зээлийн гэрээний харилцаатай байсан байна гэж үзэн үндэслэл боллоо.” гэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Н.А, хариуцагчаар С.А оролцож байгаа ба тэдэнд огт хамааралгүй Б.Эрдэнбаярын дансны хуулгыг, Б.Эрдэнэбаяр Н.А нарын хоорондын дансны гүйгээ зэргийг үнэлж дүгнэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Үүнээс гадна нэгэнт шүүхээс дансны гүйлгээг үнэлж байгаа юм бол 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С.Агийн Хаан банкны 5094480150 дансанд Б.Эрдэнэбаярын Хаан банкны 5125085477 данснаас 6 500 000 төгрөг шилжсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөх ёстой байсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл С.А нь Н.Агаас 7 500 000 төгрөгийг зээлж авснаас гадна Б.Эрдэнбаяраас 6 500 000 төгрөг авсан нь нотлогдож байна. Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр 7 500 000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна. Харин 6 500 000 төгрөгийг Б.Эрдэнэбаяраас асван болох нь дансны хуулгаар нотлогддог. Б.Эрдэнэбаяр нь С.Агаас зээлийн авлагатай бол энэ талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх нь Б.Эрдэнэбаярт байгаа бөгөөд Н.Агийн хувьд Б.Эрдэнэбаярын өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байхгүй болно. Иймд Н.А нь өөрийн зээлсэн 7 500 000 төгрөгийг зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаа үндэслэж нэхэмжлэл гаргасан болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд 4 дэх хуудсанд “хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан ба тухайн өдөр Оргилуун Алт ХХК-иас бэлэн бусаар хариуцагч С.Агийн дансанд 6 500 000 төгрөг шилжиж орсон байна” гэжээ. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С.Агийн дансанд орсон 6 500 000 төгрөгний гүйлгээ нь иргэн Б.Эрдэнэбаярын Хаан банкны 5125085477 тоот данснаас орсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн. Иргэн Б.Эрдэнэбаярын дансыг Оргилуун Алт ХХК-ийн данс мэтээр үзэж дүгнэлт хийсэн байна. “Оргилуун Алт” ХХК нь Хаан банкны 5122025851 тоот данс эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан “Оргилуун Алт” ХХК-ийн депозит дансны хуулгаар нотлогдоно. Харин нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх байдлаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал магадлалд “...нэхэмжлэгч Н.А хариуцагч С.Ад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7 500 000 төгрөгийг бэлэн эсхүл бэлэн бусаар шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн бөгөөд хавтаст хэрэгт зээлийн эргэн төлөлтийн график түүний доод хэсэгт С.А 7 500 000 төгрөг бэлнээр хүлээн авсан талаарх баримт байгаа болно. Энэхүү бэлнээр 7 500 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа давж заалдах шатны шүүхээс уг С.Агийн бэлэн мөнгө хүлээн авч байгаа бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна. Мөн нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр 7 500 000 төгрөгийг С.А бэлнээр хүлээн авсан гэдгээ хэлсэн. Энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн өмгөөлөгчийн асуусан асуултанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариулсан байдлаар нотлогддог Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч С.Агаас 2017 оны 01-р сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, алданги 3 462 500 төгрөг нийт 15 462 500 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...Н.Агаас 7 500 000 төгрөгийг зээлж аваагүй, харин Н.Агийн ажилладаг Оргилуун алт хоршооноос мөнгө зээлсэн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Гэрээний талууд, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан эсэх талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх олж хараагүй нь буруу болжээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх зохигчийн хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг үгүйсгэх юм.

Зохигч талууд зээлийн гэрээг байгуулсан эсэх талаар маргаж, Н.А нь зээлдүүлэгч мөн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний үүрэг учраас талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх эрх зүйн асуудал шүүхийн хийвэл зохих дүгнэлт юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Аг гэрээний дагуу мөнгө шилжүүлснээ нотлоогүй гэж дүгнэсэн атлаа, С.А нь Н.А бус Оргилуун алт ХХК-тай зээлийн харилцаатай байсан байна гэж дүгнэлт хийсэн нь зөрчилтэй болсон, энэ талаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудал нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх эрх зүйн үр дагавар нь болохоор байхад гэрээний харилцаа зохигчийн хооронд үүсээгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгч мөнгө шилжүүлснээ нотлоогүй гэж гэрээний үүргийн талаар дүгнэж, анхан шатны шүүх эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.

Нөгөө талаар энэ хэрэгт Оргилуун алт ХХК оролцоогүй, маргааны талаар ямар нэгэн тайлбар баримт өгөөгүй байхад шүүх түүнийг гэрээний нэг тал гэж урьдчилан дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчинө.

Хариуцагч нь Оргилуун алт ХХК-иас зээл авсан гэж байгаа бол яагаад Н.Атай гэрээ байгуулж, гэрээнд гарын үсгээ зурсан, Н.А нь Оргилуун алт ХХК-тай ямар холбоотой, улмаар тус компанийг төлөөлж хэлцэл байгуулсан эсэхийг тодруулах шаардлагатай юм.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд гэрээний талууд, гэрээг байгуулсан гэж үзэх эсэх талаар ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, маргааны зүйлийн талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА