Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1040

 

Н.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор С.Мөнхгэрэл,

          шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяа,

          хохирогч Ж.П-ын өмгөөлөгч Ж.Батзоригт,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Б-ад холбогдох 1709 0000 00140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Н.Б, 1958 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “...”эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, . дүгээр ... мянгатын ... дугаар байрны ... тоотод оршин суух,

 

НАХЯ-ны Хязгаарын ба Дотоодын цэргийн тусгай шүүхийн 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 04 сар 22 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, /РД:ХГ58121471/;

Н.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” өрөөнд Ж.П-ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Б- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.П-ын 5.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан бусад нотлох баримтаа хамтатган бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 28-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба ийнхүү гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэх газар тухайн үеийн нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд: Прокурорын яллах дүгнэлтэд тэмдэглэгдсэн гэрч нарын мэдүүлгээр 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Н.Б- нь ““...”” амаржих газрын хувцас солих өрөөнд Ж.П-ын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  болохыг нотолсон мэдүүлэг байхгүй.

Н.Б- өөрийг нь цохисныг харсан гэж хохирогчийн мэдүүлснээр М.Б, С.Н нарыг гэрчээр асууснаас гадна мөн Ж.Б, хохирогчийн нөхөр Д.Ч, эмч С.А, О.Б нарыг гэрчээр асуусан байдаг.

Дээрх гэрч нарын хэн нь ч Н.Б- Ж.П-ыг цохиж байхыг хараагүй гэж мэдүүлдэг бөгөөд Ж.П- хохирогчоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд өгсөн мэдүүлэгтээ “... би Н.Б- эмчийн компьютер дээр эмч нарын тухай бичсэн байсныг харсан талаараа Мядаг эмчид хэлсэн. Тэгтэл Н.Б- тэр талаар Өнөржаргал гэдэг эмчээс мэдсэн байсан бөгөөд хувцас сольж байхдаа энэ талаар ярихаар нь би Н.Б- эмчид хандаж “юм аа нуухгүй бол, нүдээ нуухгүй” гэж хэлсэн. Тэгтэл Н.Б- эмч шууд над руу хүрч ирээд миний толгой руу 2 удаа цохисон” гэж мэдүүлж байсан. /хх 6/,

Мөн эхний мэдүүлэгтээ “зүүн чихний дээд хэсэг рүү толгой руу цохисон”, 2 дахь мэдүүлэгтээ “зүүн уруулын дээд хэсэг рүү цохисон. Уруулаас цус гарч эхлэхээр нь би доошоо хараад уруулаа дарж байгаад оёо тавиулаад дараа нь цагдаад хандсан. Нямжав, Баясгалан хоёр хувцас солих өрөөнд хувцсаа солиод байж байсан. Тэр бүх зүйлийг харсан” гэж,

Хохирогч 2018 оны 3 дугаар сарын 16-нд өгсөн мэдүүлэгтээ “Н.Б- миний зүүн гар луу гараараа 1 удаа цохисон. Дараа нь миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон, уруул хэсгээс цус гарсан. Тэр үед М.Б-, С.Н- нар байсан. Н.Б- над дээр ирээд шүүхэд битгий өгөөч, учраа ольё гэж хэлж байсан.

Би эмчилгээний зардал 6.400.000 төгрөг болох юм шиг байна, чи ядаж тал мөнгийг нь өгчих” гэж хохирогч Н.Б- эмч өөрийг нь цохисон гэх талаар өөр өөр мэдүүлдэг.

Гэрчийн мэдүүлэг нотолгооны эх сурвалж, нотолгооны хэрэгсэл бөгөөд гэрч М.Б-, С.Н- нар нь хохирогчийн мэдүүлснээр нотлогдвол зохих үйл баримтыг дэргэд нь байсан, өөрийг нь Н.Б- цохисон гэдгийг харсан гэж буй учир эдгээр гэрч нарын мэдүүлэг нотолгооны ач холбогдол өндөр байх ёстой. Гэтэл энэ үйл явдлыг үзсэн, харсан талаар мэдүүлээгүй байдаг.

Ийнхүү шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, дамжмал мэдүүлгүүд юм. Гэрч С.А- “... Н.Б- эмчээс та хоёрын дунд юу болоод байгаа юм бэ, гэж асуухад Ж.П-ыг зодож цохисон зүйл байхгүй, эр хүн эмэгтэй хүнийг зодож цохивол хүнд гэмтэл учруулна шүү дээ ...” гэж хэлсэн гэдэг. Мөн гэрч О.Б- 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “... ер нь эмнэлэг дээр Ж.П-тай маргалдаж үзээгүй хүн байхгүй байх, Ж.П- бусадтай сөргөлдсөн байдлаар хүлээн авч харьцдаг. Чи би дээрээ тулж хэрэлддэг. ...” гэж тус тус мэдүүлжээ.

Шинжээч эмч Н.Т-гийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн мэдүүлэг “... харин 25, 26, 15 дугаар шүдэнд хиймэл шүдний металл ёзоорын үлдэцтэй байсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.П-ын   өөрийн   үндсэн   шүдэнд   ямар   нэгэн   гэмтэл байхгүй. Харин 25, 26, 15 дугаар шүдэнд хиймэл шүдний металл ёзоорын үлдэцтэй байсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Хиймэл шүд унаж гэмтсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар эрүүл мэнд сарниулахгүй. 27 дугаар шүд өөрийн шүд байх бөгөөд ямар нэгэн гэмтэлгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”,  2 дахь хэсэгт “ ... үүний тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заажээ.

Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, зөвхөн яллах талыг барьж хэргийг шалгасан, Н.Б-ад холбогдох эрүүгийн хэрэгт 2-оос 3 мөрдөгч дамжуулан солигдоход ямар үндэслэлээр солигдоод байгаа нь тодорхойгүй, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлсэн тогтоол байхгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад  заасныг зөрчсөн.

Ийнхүү хохирогч Ж.П-д учирсан хөнгөн гэмтлийг Н.Б- учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоогүй бөгөөд энэ хэргийг Н.Б- үйлдсэн болох нь эргэлзээтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй байтал анхан шатны шүүх Н.Б-ыг гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ж.П-ын өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Н.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““...”” амаржих газрын хувцас солих өрөөнд Ж.П-ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.П- /хх-8-9, 10, 52, 81-82/, гэрч С.Н- /хх-13-14/, М.Б- /хх-15, 55-56/, Ж.Б- /хх-53-54/, Э.Б- /хх-89-90, 94-95/, С.А- /хх-92-93/, шинжээч эмч Н.Т- /хх-87-88/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 618 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-83-84/,

 

Хохирлын баримтууд /хх-33-37, 63/, эд мөрийн баримт /хх-58-59/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-60-62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б- нь бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяа “... шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: хохирогч Ж.П-ын “... Н.Б- эмч шууд над руу хүрч ирээд миний толгой руу 2 удаа цохисон. Эхлээд зүүн чихний дээд хэсэг рүү буюу толгой руу цохисон, хоёр дахь удаагаа зүүн уруулын дээд хэсэг рүү цохисон. ...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.П-ын биед “хөнгөн хохирол” учирсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Н.Б-, Ж.П- нар маргалдаж байхыг сонссон гэрч С.Н-, М.Б- нарын мэдүүлэг, Н.Б- өөрийг нь зодсон гэдгийг хохирогч Ж.П-аас сонсож мэдсэн талаар гэрч Ж.Б-, С.Н-, С.А-, Д.Ч- нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б-ын гэм буруу хөтөлбөргүй нотлогдон, тогтоогдсон, эдгээр баримтуудыг үгүйсгэн, няцаасан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ