Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Шүүгдэгч: М.Түмэн-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч Дамбил овогт Мөнхбатын Түмэн-Өлзийд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000046 дугаартай, 146/2022/0039/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дамбил овогт Мөнхбатын Түмэн-Өлзий /РД: **********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Түмэн-Өлзий нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Их зэгстэй” гэх газар хохирогч ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Түмэн-Өлзийгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хохирогчид эмчилгээний зардалд хоёр сая төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

шүүгдэгч М.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, хохирогч Х.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Х.Эрдэнэ-Очирын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Т.Пүрэвдуламын мэдүүлэг /хх-ийн 20- 21 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-ийн 22- 23 дугаар хуудас/, гэрч Э.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч М.Түмэн-Өлзий нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Их зэгстэй” гэх газар хохирогч Х.Батмөнхийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

шүүгдэгч М.Түмэн-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг н.Эрдэнэ-Очир ахын гэрт ороход Х.Батмөнх нь манай ээж Т.Пүрэвдуламтай барилцаад авчихсан ээжийн царай сонин болчихсон, салгах гэхэд салахгүй болохоор нь цохичихсон юм. Нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохисон, тухайн үед би зузаан мөнгөн бөгж зүүчихсэн байсан учраас Х.Батмөнхийн нүүрэнд гэмтэл учирсан байх. Хохирогч Х.Батмөнх ах нь манай аавын эгчийнх нь хүүхэд бид нар хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс. Тухайн үед ээжийг бариад байхаар нь л цохичихсон. Би гэм буруутай... гэв. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

хохирогч Х.Батмөнхийн ...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 1 дүгээр баг “Их зэгстэй” гэх газар байдаг төрсөн ах н.Эрдэнэ-Очирын гэрт 19 цагийн үед орсон. ...Гаднаас Т.Пүрэвдулам гэдэг Э.Мөнхбат ахын эхнэр орж ирэхдээ нөхөр Э.Мөнхбатыг архи уулаа гээд хашгираад цохиж аваад байсан. Тэгэхээр нь би Т.Пүрэвдулам эгчээ боль, та ямар сонин юм гэсэн чинь Т.Пүрэвдулам эгч намайг чи муу архичин юу юм бэ гээд орон дээр дараад, толгой руу цохисон. Тэгээд миний уур хүрээд “хар Т.Пүрэвдулам” гуай зүгээр байгаарай гээд хэлчихсэн чинь гаднаас Э.Мөнхбат ахын хүү М.ТүмэнӨлзий орж ирээд, манай ээж Т.Пүрэвдулам хар байна уу? гээд намайг барьж аваад орон дээр дарж аваад гараараа нүд, толгой руу цохиод хоёр гараараа татаж ирээд намайг мөргөөд, аягаар дух руу цохиод язалсан чинь миний духнаас цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Х.Эрдэнэ-Очирын ...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт гэртээ 2 охины хамт байж байсан чинь манай саахалтын айл Э.Мөнхбат орж ирсэн. Би нэг шил архи задлаад нэг хундага архи уугаад байж байсан чинь гаднаас Э.Мөнхбатын эхнэр Т.Пүрэвдулам орж ирээд Э.Мөнхбатыг загнаж элдвээр хэлээд зодож цохиж аваад байсан. Тэгээд Х.Батмөнх орж ирээд Э.Мөнхбат, Т.Пүрэвдулам нарыг хол очиж хэрэлд айлын гэр буулгалаа гэсэн чинь Т.Пүрэвдулам босож ирээд Х.Батмөнхийг барьж аваад зүүн талын орон дээр дарж аваад цохиод байсан. Э.Мөнхбат ирээд Х.Батмөнхийг цохиод авахаар би салгах гээд Э.Мөнхбатыг араас нь татсан чинь гаднаас Э.Мөнхбатын хүү М.Түмэн-Өлзий орж ирээд Х.Батмөнхийг дарж аваад Х.Батмөнхийн нүүр лүү цохиод мөргөчихсөн. Түмэн-Өлзий цайны аяга барьж аваад Х.Батмөнхийг дух хэсэг рүү цохисон чинь Х.Батмөнхийн духнаас цус гарсан. Би Х.Батмөнхийг сумын эмнэлэгт авчирч эмчид үзүүлж духанд нь оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Т.Пүрэвдуламын ...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт байх гэрээс гараад нөхөр Э.Мөнхбатыг олж ирэх гээд н.Эрдэнэ-Очирынх руу явсан. Тэгээд н.Эрдэнэ-Очирын гэрт орсон чинь манай нөхөр Э.Мөнхбат, н.Эрдэнэ-Очир хүүхдүүдийн хамт байж байсан. Тэгээд орсон чинь манай нөхөр архи ууж байхаар нь архи уучлаа согтсон байна харьяа гэж загнасан чинь гаднаас Х.Батмөнх орж ирээд шууд Э.Мөнхбатыг өшиглөх гэж завдахаар нь би дундуур ороод хойш нь түлхсэн. Тэгээд Х.Батмөнхийг дарж авах үед намайг Х.Батмөнх гараар дэлссэн. Тэгээд би хэсэг ухаан балартсан. Тэгээд нэг харсан манай хүү М.Түмэн-Өлзий ороод ирчихсэн байсан. Тэгээд аавыгаа аваад гар гэсэн. Тэгээд н.Эрдэнэ-Очир би дүүгээ өмөөрнө шүү гээд М.Түмэн-Өлзий аяга дайлгаад байж байсан. Тэгээд М.Түмэн-Өлзий аав Э.Мөнхбатыг аваад гэрээс гарсан. Би ардаас нь гараад хаалгыг нь дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Амарбаясгалангийн ...2022 оны 02 дугаар сарын 09- ний өдөр би гэртээ дүүтэйгээ байж байтал 17 цагийн үед манай аав н.Эрдэнэ-Очир Э.Мөнхбатын хамт орж ирсэн. Тэр 2 архи уугаад байж байтал эхнэр Т.Пүрэвдулам нь орж ирээд хэрэлдээд эхэлсэн. ...Х.Батмөнх ахыг Т.Пүрэвдулам эгч зүүн талын орон дээр дарчихсан бариад байж байсан. Салгах гэж байтал М.Түмэн-Өлзий ах ороод ирсэн. Дөнгөж салгаад байж байтал Х.Батмөнх ах Т.Пүрэвдуламыг хар гэсэн чинь М.Түмэн-Өлзий манай ээжийг хар гэлээ гэнээ гээд Х.Батмөнхийг гараараа цохиод байсан. М.Түмэн-Өлзий нь Х.Батмөнхийг юугаар цохисныг нь хараагүй, тэгэхдээ дээр нь гарч байгаад босож ирэхэд орон дотор цайны аяга байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Э.Мөнхбатын ...Манай эхнэр Т.Пүрэвдулам Х.Батмөнх хоёр барилцаад авсан. Тэгээд удалгүй манай хүү М.Түмэн-Өлзий орж ирээд тэр хоёрыг салгах гээд Х.Батмөнхийг цохиж аваад байх шиг байсан. Тэгээд н.Эрдэнэ-Очир манай хүүхэд рүү дайрах гэхээр нь би бүснээс нь татсан чинь духан дээр тас хийтэл юмаар цохих шиг болсон, тэгээд нэг мэдсэн гадаа цусаа арилгачихсан сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...1. Х.Батмөнхийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний доод зовхи, зүүн гарт цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Бусад гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Түмэн-Өлзийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруутай гэв.

Шүүгдэгч М.Түмэн-Өлзий нь тухай үед үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Х.Батмөнхийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж байна.

Иймд шүүгдэгч М.Түмэн-Өлзийд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Х.Батмөнх нь шүүгдэгч М.Түмэн-Өлзийгөөс хохиролд хоёр сая төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 46 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамбил овогт Мөнхбатын ТүмэнӨлзийд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамбил овогт Мөнхбатын Түмэн-Өлзийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамбил овогт Мөнхбатын Түмэн-Өлзийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Түмэн-Өлзий нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ДУЛМАА