Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох 2227000000015 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, ********** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:**********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 60 см урттай 6 ширхэг шинэс модыг бэлтгэн, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өвөлжөө болох “*******” гэх газраас мод бэлтгэж гэрийнхээ гадаа түлээний зориулалтаар буулгасан. Тэгээд манай хүү халуураад Бат-Өлзий сумын төв рүү явах болоод машин дээрээ хүндрүүлэгч хийхээр түлээний модноосоо ачсан. Бат-Өлзий сумын төвд явж байгаад цагдаад шалгуулсан” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

Гэрч *******н мөрдөн байцаалтад өгсөн “...Би ******* гэдэг залууг танина. ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг Батмөнхөд би 2021 оны 5 дугаар сард 8 сая төгрөгөөр зарсан, гэхдээ нэрээ шилжүүлж чадаагүй байгаа. Хавар үзлэгээр нэрийг нь солиод өгье гэхэд ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн №01 дугаар дүгнэлтэд “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 6 ширхэг мод нь “Шинэс” төрлийн хуурай, унанги мод байна... Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 6 ширхэг мод нь шилмүүст төрлийн бөөрөнхий модон материалын техникийн шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний зориулалтын мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 340,311 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50- 51-р хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 20-21-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-42-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 88-90-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 60 см урттай 6 ширхэг шинэс модыг бэлтгэн, 16- 59 ӨВО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнх, гэрч ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 77, 81-р хуу/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81-р хуу/, орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 20-21-р хуу/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18-р хуу/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-42-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуу/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 88-90-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******өд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч ******* нь тухайн модыг бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байгаа, харин тээвэрлэсэн үйлдэл байхгүй” гэж мэтгэлзэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 60 см урттай 6 ширхэг шинэс модыг бэлтгэн, ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын 100100351404 тоот дансанд 1,020,933 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх 42/ тогтоогддог тул ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 5,220,024 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж улсын орлого болгох,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Батөлзий сумын Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 6 ширхэг хуурай шинэс модыг улсын орлого болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 5,220,024 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 6 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН