| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/0259/и |
| Дугаар | 102/ШШ2017/01182 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/01182
| 2017 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01182
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35Б байр, 11 тоот хаягт байрлах, “Стандарт форм” ХХК /РД: 5709873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, НДН бизнес төвийн 203 тоот хаягт байрлах, “Санк” ХХК /РД: 5404509/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 6.372.150 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа /ШТҮД:0234/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, гэрч Б.Мөнхжаргал, Ж.Батсүх, Д.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санк” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай компанитай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардагдах барилгын хэв хашмалыг түрээсэлж авсан. “Санк” ХХК нь хүлээн авсан эд материалын түрээсийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон боловч, санхүүжилт орж ирэхгүй гэсэн шалтгаанаар түрээсийн төлбөрөө төлөөгүй. Ийм учир хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6.372.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал үлдэгдэл төлбөртөө бүгдэд нь тооцож арматур төмөр өгсөн гэж байна. Тийм тохиролцоо байгаагүй. Түрээсийн төлбөрийн нэг хэсэгт арматур төмөр авахаар тохирсон. Хэрэв үлдэгдэл төлбөрт арматур төмөр нийлүүлэхээр тохирсон бол талуудын хэн алины тайланд 29.007.010 төгрөгийн үнийн дүнгээр тусгагдсан байх ёстой. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нотлох зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу “Санк” ХХК-иас 6.372.150 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлд авах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлагад нийцсэн гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч талтай тооцоо нийлсэн. “Санк” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2 удаа төлсөн байдаг. “Санк” ХХК нь төлбөрийн нэг хэсэгт 22.000.000 төгрөгийн арматур төмөр өгсөн гэдэг нь татварт бүртгэгдсэн баримтаар тогтоогдож байгаа юм. Манай зүгээс бүх талын нотлох баримтыг бүрдүүлсэн бөгөөд баримтаар тогтоогдож байх тул хариуцагч тал 6.372.150 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч “Санк” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санк” ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хэв хашмал ашигласан. Талуудын хооронд 29.007.010 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тооцоо нийлсэн акт байгаа. Санхүүгийн асуудлаас болж төлбөрийн төлж чадахгүй байдалд хүрч, үлдэгдэл төлбөрт “Цаст констракшн” ХХК-иас авсан арматур төмрийг “Стандарт форм” ХХК-д нийлүүлэхээр тохирч нийлүүлсэн. Гэрч Д.Эрдэнэбаатарын мэдүүлэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. ОХУ-ын арматур төмөр нь Дархан болон Хятад улсын арматур төмрөөс үнэтэй байдаг. Гэрчийн хэлж байгаагаар арай үнэтэй тооцож авсан гэлээ. Үүнийг бодит байдалд харьцуулж үзвэл худал ярьж байгаа нь харагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь төлбөрийн үүргийг солилцохоор тохирч арилжааны гэрээ болж өөрчлөгдсөн. Арилжааны гэрээ нь худалдах худалдан авах заалтын дагуу зохицуулагддаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.5 дахь хэсэгт зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон гэж харж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь хариуцагч “Санк” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6.372.150 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь төлбөрийг бүрэн барагдуулсан гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь “Санк” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай хэв хашмал, бараа материалыг түрээслүүлэхээр тохиролцжээ.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.
Зохигчдын хооронд барилгын ажилд шаардлагатай хэв хашмал, бараа материал түрээслэх харилцаа үүссэн болох нь, хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон учир нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь “Санк” ХХК-иас түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх заалтыг үндэслэн шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ түрээсийн төлбөрийн үлдэх хэсэг буюу 29.007.010 төгрөгт Дарханы арматур төмөр өгч тооцоо дууссан тул төлөх төлбөргүй гэж маргасан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсанаар нотлох баримтаар нотолж чадаагүй, түүнчлэн хариуцагчийн дээрх татгалзал нь зохигчдын гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд арматурын үнийг 22.634.860 төгрөг гэж тусгасан байх тул үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээний үүрэг нь арилжааны гэрээний үүргээр солигдсон буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар талууд өмнөх үүргийн солихоор тохиролцож дуусгавар болсон гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Түрээсийн гэрээгээр хөрөнгийг түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлдэг бөгөөд гэрээний хугацаа дуусахад түрээслүүлэгч нь эзэмшил, ашиглалтдаа буцаан авдагаараа худалдах, худалдан авах болон арилжааны гэрээнээс ялгаатай. Харин түрээсийн төлбөрийн үлдэх хэсэгт арматур төмөр нийлүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй, нийлүүлсэн арматур төмөр нь гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн хангаж чадахгүй байх тул түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.
Гэрчүүд арматур төмрийн гарал үүслийн талаар ОХУ-д үйлдвэрлэсэн арматур төмөр, Дарханы арматур төмөр байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн боловч тоо хэмжээний хувьд зөрөөгүй, Дарханы арматур төмөр байсан ч төлбөр бүрэн барагдах боломжгүй байхаас гадна, хариуцагч нь санхүүгийн ямар ч бүртгэл, журнал хөтлөөгүй, анхан шатны баримт үйлдээгүй, баримт шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчдын харъяа татварын байгууллагад тайлагнаж баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан дүнгээр арматур төмрийн үнийг тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын “Стандарт форм” ХХК нь “Санк” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээний түрээсийн нийт төлбөр нь 33.287.010 төгрөг болохыг зохигчид хүлээн зөвшөөрсөн, хариуцагчаас 2 удаагийн шилжүүлгээр 4.280.000 төгрөг төлсөн талаар маргаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар түрээсийн төлбөрт авсан арматур төмрийн үнэ 22.634.8620 төгрөг байх тул түрээсийн гэрээний төлбөрт 6.372.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Санк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 117.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “Санк” ХХК-иас 6.372.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Санк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 117.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ