Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Шүүгдэгч: О.Дуламжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч Эмээл овогт Осорын Дуламжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000380042 дугаартай, 146/2022/0040/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багт оршин суух, алдарт эхийн 2 дугаар одонтой, урьд ял шийтгэлгүй, Эмээл овогт Осорын Дуламжав /РД: *********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Дуламжав нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг “Манлай тод” зах дотор хохирогч Т.Энхтуяагийн “Самсунг-А50” загварын гээгдэл гар утсыг олж, бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Т.Энхтуяад 426,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Дуламжавын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би газар хэвтэж байсан утсыг авч ашигласан нь үнэн. Миний буруу. Ийм тохиолдолд цагдаад мэдэгдэх ёстойг сайн мэдэж авсан. Хохирогчид 105000 төгрөг төлсөн. Гар утсыг нь буцааж өгсөн... гэв.

хохирогч Т.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Мобиком Корпораци ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны 4/1734 дугаартай албан тоот /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ӨХЦ22-06 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч О.Дуламжав нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг “Манлай тод” зах дотор хохирогч Т.Энхтуяагийн “Самсунг-А50” загварын гээгдэл гар утсыг олж, бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Т.Энхтуяад 426,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Т.Энхтуяагийн ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хархорин сум Ганган Орхон баг Манлай Тод захын өөрийн ********* дугаартай лангуугаа 12 цаг 40 минутын үед нээгээд тухайн үед цагаан сар болох гэж байсан учраас ууц авахаар болсон. ...Би буцаж орж ирээд н.Нэргүйтэй ярьж байхдаа гэнэт гар утасаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд н.********н гар утсаар өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Манай лангуу болон лангууны ойролцоо хяналтын камер байхгүй. Миний алдсан гар утас нь Самсунг А50 маркийн цэнхэр өнгийн бөгөөд улаан өнгийн дэлгэдэг хавтастай дотор талд нь хаан банкны карт, иргэний үнэмлэх зэрэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мобиком Корпораци ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны “...****************** IМЕI кодтой утсанд ашигласан *********** дугаарын эзэмшигч нь ***********ын *************** РД: *************...” гэх 4/1734 дугаартай албан тоот /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...2019 онд Мобикомоос худалдаж авсан гэх Samsung А50 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 426,700 төгрөг...” гэх ӨХЦ22-06 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл буюу цэнхэр өнгийн Самсунг А50 загварын гар утсыг иргэн О.Дуламжаваас хураан авсан болон хохирогч Т.Энхтуяад хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Дуламжавыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Дуламжав шүүх хуралдаанд ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай.. гэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 426,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж байна.

Иймд шүүгдэгч О.Дуламжавд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч Т.Энхтуяад гар утсыг нь буцаан олгож, хохиролд 105000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хор уршиг арилсан зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эмээл овогт Осорын Дуламжавд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж, хувийн байдлыг харгалзан шүүх ялаас чөлөөлж болох тул шүүгдэгчийг дээрх нөхцөлийг хангасан байна гэж үзэж оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эмээл овогт Осорын Дуламжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эмээл овогт Осорын Дуламжавыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дуламжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ДУЛМАА