Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2227000000044 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, энхэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 1 дүгээр баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:*********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, ******* гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас модоор толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум 1 дүгээр баг ******* гэх газар гэртээ байж байсан чинь манай саахалт айлын *******, ******* нар ирээд манай гэрт очиж сууж байгаад ирье гэхээр хамт ******* ах, эхнэр ******* нарын хамт *******ын гэрт очсон. Тэгээд очоод сууж байгаад ганц нэг архи ууцгааж байгаад би гэртээ ******* ах, эхнэр ******* нарын хамт ирсэн. Тэгээд ирээд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед *******, ******* нар согтуу ирээд хэн унтаж байгаа гэхээр эхнэр, ах хоёр унтаж байна битгий сэрээ гээд *******ыг гэрээс аваад гараад та хоёр яв гэсэн араас ******* гарч ирэхээр та ор гээд түлхчхээд буцаад ******* дээр очих гээд эргээд харсан чинь араас ******* миний толгой руу модоор цохьчихсон. Тэгээд миний толгой дагзнаас цус гарсан чинь эхнэр араас гарч ирээд толгойноос цус гарч байсныг дарсан чинь цус тогтохгүй байхаар эмнэлэг дуудсан. Би тухайн үед ******* юугаар цохисныг мэдээгүй, дараа нь би харсан чинь гэрийн тотгон дээр тавьдаг модоор цохисон байсан. *******ад цохиулснаас болж толгойн ар дагзаа хагалуулж, эмнэлэгт очиж 8 оёо тавиулсан. Тухайн үед манай эхнэр *******, *******, ******* нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

Гэрч Ч.*******ы мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр үед ******* Амарбаатарын гэрт сууж байсан ба хаалга нь онгорхой хаалганы үүдэн дээр Амарбаатар *******ын дээр нь гарчихсан алгадаад байсан. Тэр үед араас нь гэрт байсан ******* нь гэрээс гараад гэрийн тотгон дээр байсан модыг аваад Амарбаатарын ар хэсгээс толгой руу 1 удаа модоор цохисон юм. Тэгээд модоо цааш шидчихсэн...” гэсэ мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...1. Үзүүлэгч *******ын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-49-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 49, 60-61-р хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-аас 2022 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг ******* гэх газрын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас модоор толгой руу нь цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 6-р хуу/, гэрч Ч.******* /хх-ийн 13-14-р хуу/, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 190 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28-29-р хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-49-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас/, шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 49, 60-61-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ад нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЭНХ-АМГАЛАН