Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2227000000004 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, ********* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг хуш модыг бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг хуш модыг бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******ыг танина, манай сумын иргэн байгаа юм, хамаатан садны холбоо байхгүй, энэ хүн мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй. ******* нь Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг гэж тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчих юм бол өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн инженер шинжээч *******ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 14 ширхэг мод нь “хуш” төрлийн босоо нойтон мод байна. Тухайн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 1,630,483 /нэг сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гэх 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 19-20-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 17-р хуу/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-84-р хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг хуш модыг бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуу/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн инженер шинжээчийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, маэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/, орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 19-20-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р хуудас/, шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 17-р хуу/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-84-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

Шүүгдэгч *******ийн өмчлөлийн 5,743,440 төгрөгийг үнэлгээ бүхий ******* улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 14 ширхэг нойтон хуш модыг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 4,891,449 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын тоот /*******/ дансанд олгож,

Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, цагаан их биетэй, ногоон өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн 5,743,440 төгрөгийг үнэлгээ бүхий ******* улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 14 ширхэг нойтон хуш модыг улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 4,891,449 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын тоот /*******/ дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, цагаан их биетэй, ногоон өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЭНХ-АМГАЛАН