Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02249

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02249

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Шинэ цэргийн хотхоны 1 дүгээр байр, 5 тоотод оршин суух, Халзан мөнх овогт Диваагийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, 17 хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40-В байрны 103 тоотод байрлах Билгүүн глобал ХХК

Хариуцагч Баянгол дүүрэг, 17 хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40-В байр, 103 тоот хаягт оршин суух, Шангас овогт Далайгийн Ядамсүрэн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлт 5.003.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Оюунчимэг БНХАУ-ын Эрээн хот, Улаанбаатар хотын хооронд нөхөр Б.Амарсайханы хамтаар ачаа тээврийн бизнес эрхэлдэг.

2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Д.Ядамсүрэнгийн ачааг Эрээн хотоос, Улаанбаатар хот руу тээвэрлэхээр харилцан тохиролцож, Дорноговь аймгийн Замын-Үүдийн монголын гааль дээр бүрдүүлэлт хийхээр болсон.

Д.Ядамсүрэн гаалийн татвар төлөх мөнгийг намайг зээлээч гэхээр нь би БНХАУ-ын иргэн н.Наранмандалаас 10.000 юанийг дансаар авч, өөрийн биеэр Эрээн орж нэмж 3.000 юань, нийт 13.000 юанийг өгсөн ба н.Наранмандал надад итгэсэндээ зээлдүүлсэн.

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ядамсүрэнтэй Замын-Үүдэд биечлэн уулзаж, зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгааг бичгээр хийлгүүлсэн болно.

Гэтэл Д.Ядамсүрэн 2.000 юанийг н.Наранмандал руу шилжүүлээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй, Наранмандалын өрийг төлөхийн тулд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр арилжааны банкнаас 5.000.000 төгрөг зээлсэн.

Иймд хариуцагчаас ногдох хувь 1.100.000 төгрөг, үндсэн зээл 11.000.000 юань буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар /1 юань-354.87 төгрөг/ 3.903.570 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.100.000 төгрөгнөөс татгалзаж, 3.903.570 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ядамсүрэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 903.570 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн тул шүүхээс бидний эвлэрлийг баталгаажуулж, өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг, хариуцагч Билгүүн глобал ХХК болон Д.Ядамсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.003.570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.100.000 төгрөгнөөс татгалзаж, 3.903.570 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 903.570 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Билгүүн глобал ХХК, болон Д.Ядамсүрэн нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.003.570 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 1.100.000 төгрөгнөөс татгалзаж, 3.903.570 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 903.570 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95010 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47505 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 47505 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА