| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00237/и |
| Дугаар | 102/ШШ2017/00979 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00979
| 2017 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00979
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 34/1 хаягт байрлах, “Үүр тээл” ХХК /РД: 2703543/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47/3 дугаар байр, 38 тоот хаягт байрлах, “Алтан зурлага” ХХК /РД: 5443202/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26.224.130 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд, хариуцагчийн төлөөлөгч Т.Сэргэлэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Алтан зурлага” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 тонн арматурыг 1.050.000-940.000 төгрөгөөр бодож, нийт 15.387 тонн буюу тээврийн зардал 400.000 төгрөг нэмж, нийт 17.082.750 төгрөгийн арматур нийлүүлсэн. Хариуцагч тал төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж тохирсон боловч төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 17.082.750 төгрөг, тээврийн зардал 400.000 төгрөг, алдангид 8.741.380 төгрөгийн хамт нийт 26.224.130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай компани Иргэний хуульд зааснаар алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангийг тооцсон. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын 9 хувийн хүү тооцвол алданги болон хүү нь 20.454.817 төгрөг болж байгаа юм. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж хүү болон алдангид 8.741.380 төгрөг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч тал гэрээний үндсэн төлбөр болон гэрээ байгуулагдсан эсэх дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч “Алтан зурлага” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын хэлснээр төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулна гэж арматур төмөр зээлээр худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн барьж байсан барилга улсын төсвөөс хасагдаж хасагдаж компанийн ажил түр хугацаанд зогсож 2016 оны 6 дугаар сард ажил эхэлсэн. Ингээд би 2016 оны 7 дугаар сард А.Даваадорж захирал дээр очиж уулзаж, тулгарсан асуудлаа хэлэхэд “2016 оны 3 дугаар сараас эхлэн 3 хувийн хүү тооцъё, алданги нэхэхгүй. Харин наадмын өмнө 3.000.000 төгрөг өг” гэсэн. Манай компани хөдөө орон нутагт ажил хийхээр болж төлбөрийг 2016 оны 10 дугаар сард төлж барагдуулна гэж тохирсон. Үүний дагуу 2016 оны 10 дугаар сард төлж барагдуулахаар болсон байтал нөгөө талаас шүүхэд хандаж ийм байдалд хүрээд байна. Гэрээний үндсэн төлбөр болох 17.082.750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хувьд сүүлд гэрээг дүгнэж хүүг 2016 оны 10 дугаар сар хүртэл 3 хувиар бодож төлөх саналтай байна. Манай компанийн хувьд 26.224.130 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй байна. Шүүхэд хандаж хэлэхэд манай барилгын ажил улсын төсвөөс хасагдана гэж мэдээгүй тул үүнийг харгалзан үзнэ үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь хариуцагч “Алтан зурлага” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 17.082.750 төгрөг, тээврийн зардал 400.000 төгрөг, алданги 8.741.380 төгрөг, нийт 26.224.130 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алданги төлөх боломжгүй, тохиролцсон ёсоор хүү төлөх боломжтой гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 17.082.750 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь “Алтан зурлага” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” тухай 15/104 тоот гэрээ байгуулж, Дарханы арматур төмөр, БНХАУ-ын Бугатын арматур төмөр 15.387 тн-ыг 17.082.750 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд бичгээр байгуулахыг шаардсан хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч “Алтан зурлага” ХХК-иас гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтад нийцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тооцооллыг гаргаж, үлдэгдэл төлбөрийг 17.082.750 төгрөг болохыг баталгаажуулсан байх бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг хариуцагч зөвшөөрч байх тул гэрээний үндсэн төлбөрт 17.082.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Тээврийн зардалд 400.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК, “Алтан зурлага” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” тухай 15/104 тоот гэрээний 1.7, 1.8 дахь заалтын дагуу тээврийн зардалд 400.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардаж байх ба зохигчид 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тооцооллыг гаргаж, тээврийн зардалд хариуцагч нь 400.000 төгрөг төлөхөөр баталгаажуулсан байна.
Шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбараар тээврийн зардал 400.000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч байх тул 400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Алдангид 8.741.380 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах 15/104 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад “Худалдан авагч барааны төлбөрийг энэхүү гэрээний 2.3 дахь хэсэгт заасан нөхцөлийн дагуу хугацаанд нь төлөлгүй хожимдуулсан хоног тутамд барааны нийт үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг төлөх үүргийг хүлээн” гэж тохиролцсон бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон төлбөр төлөх хугацаа дууссан үеэс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 8.741.380 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Хариуцагч нь алданги төлөхгүй, тооцоо нийлэхдээ сарын 3 хувийн хүүг 2016 оны 10 дугаар сар хүртэл төлөхөөр тохиролцсон тул энэ хэмжээгээр төлнө гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар үүнийг баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.
Нэхэмжлэгч тал “алданги авахгүйгээр хүүгийн хэмжээг багасгаж тохиролцсон ч төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тул хүү шаардахгүйгээр алдангийг гэрээний дагуу нэхэмжилж байна” гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн талуудын өглөг авлага нийлсэн баримтаар анх байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, алданги тооцохгүйгээр сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна гэж шүүх дүгнэлээ. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар анзын гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгож, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа төлөхгүй бол хүү төлнө гэсэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан тохиролцоо байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд барааны төлбөрөөс сарын 3 хувийн хүү шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-ийн нийлүүлсэн барааны үнэ 15.236.310 төгрөг байх бөгөөд сарын хүү нь 457.089 төгрөг 30 мөнгө, өглөг авлагын тооцоогоор 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүнд 2.622.413 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүүнд 3.047.262 төгрөг, нийт 5.669.675 төгрөгийг хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг баримтлан хариуцагчаас 23.601.713 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.622.417 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 275.959 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг баримтлан хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас 23.601.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.622.417 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 275.959 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ