| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01434/И |
| Дугаар | 102/ШШ2017/02255 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/02255
| 2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/02197 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12-125 тоотод оршин суух, Сайхан ургийн овогтой Дэмбэрэлдоржийн Ерэнбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8 байр, 24 тоотод оршин суух, Наваан ургийн овогтой Сайнбилэгийн Батбилэгт холбогдох,
59,271,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар, түүний өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч С.Батбилэгийн өмгөөлөгч Б.Манлайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ерэнбаатар миний бие нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр С.Батбилэгтэй түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 3604 УБ улсын дугаартай экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 16,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг байхаар тохиролцсон. С.Батбилэг нь дахин нэг экскаватор хэрэгтэй байна гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 2054 УН улсын дугаартай экскаваторыг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түрээсэлсэн. Экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 16,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг байхаар тохиролцсон байсан. С.Батбилэг нь түрээсийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд өгч байхаар тохирсон байсан. С.Батбилэг нь 3604 УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрт 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68,000,000 төгрөг төлөх ёстой байтал 43,500,000 төгрөгийг төлсөн. Мөн 2054 УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрт 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 34,166,650 төгрөгийг төлөх ёстой байсан ч түрээсийн төлбөрөө төлөхгүй, түрээсийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд дараах үндэслэлээр түрээсийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байна. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны болон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээний дагуу Д.Ерэнбаатар нь өөрийн өмчлөлийн 3604 УБ, 2054 УН улсын дугаартай экскаваторыг С.Батбилэгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримт нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг нотолж байна. Харин С.Батбилэг нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу 24,500,000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээнээс 34,166,650 төгрөгийг төлөөгүй байна. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөр 58,666,650 төгрөг, трайлерийн төлбөрт 605,000 төгрөг нийт 59,271,650 төгрөгийг С.Батбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 04 сарын 18-ны өдөр С.Батбилэгтэй түрээсийн гэрээ байгуулж өөрийн 3604 УБ улсын дугаартай экскаваторыг түрээслэхээр болж 2014 оны 04 сарын 20-ноос хойш 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 16,000,000 төгрөг байхаар тохирсон. Мөн ирж очих зөөврийн хөлсийг түрээслэгч тал төлөхөөр тохирсон. Ингээд дараа нь С.Батбилэг дахин холбогдож манайд дахиад нэг экскаватор хэрэгтэй байна дахин нэгийг түрээслүүлэх боломж байна уу гэсэн. Ингээд 2014 оны 05 сарын 16-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулж 2054 УН дугаартай экскаваторыг түрээслүүлсэн. Гэхдээ энэ экскаватор нь 2014 оны 05 сарын 20-ноос 2014 оны 07 сарын 11 хүртэл ажиллахаар түрээсэлсэн. Эхний гэрээний дагуу төлбөл зохих ёстой төлбөр нь 68,000,000 төгрөг болсон. Хариуцагч С.Батбилэг нь энэ гэрээний дагуу 24,500,000 төгрөгийг төлсөн. Харин 2 дахь түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих түрээсийн төлбөр нь 34,166,650 төгрөг болсон ч энэ төлбөрөө ерөөсөө төлөөгүй. Энэ хоёр түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр нийт 58,666,650 төгрөг болж байна. Гэрээнд зааснаар ажил дууссаны дараа экскаваторыг түрээслэгч тал өөрөө хөрөнгө гаргаж наашаа явуулах ёстой байсан ч хариуцагч талаас төлөөгүй учир бид өөрсдөө 605,000 төгрөг гаргаж 3604 УБ дугаартай экскаваторыг авчирсан. Ингээд энэ төлбөрийг нэмэхэд бүгд 59,271,650 төгрөг болж байгаа учир энэ төлбөрийг хариуцагч С.Батбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот түрээсийн гэрээний үүрэгт нийт 59,271,650 төгрөгийг С.Батбилэг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот гэрээг хариуцагч С.Батбилэг би нэхэмжлэгч Д.Ерэнбаатартай байгуулаагүй. Тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Д.Ерэнбаатарын гарын үсэг биш. Иймд энэ гэрээний үүргийг Д.Ерэнбаатар надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй ба гэрээний үүрэг шаардах эрхгүй. Энэ гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 325 дугаартай нотариат ач гэрээний хуулбар үнэн гэж баталсан байна. Гэрээний аль нэг тал байхгүй бол гэрээг ямар нэг байдлаар нотариат батлах эрхгүй гэж ойлгож байна. Иймд дээрх гэрээгээр түрээсийн төлбөрт 24,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот түрээсийн гэрээний үүрэгт 34,166,650 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээнд би гарын үсэг зурсан болохоос үүний цаана н.Батжаргал гэгч түрээсэлж ажиллаж байсан болно. Иймд төлбөр тооцооны асуудал надад огт хамааралгүй ба н.Баяржаргалтай түрээсийн төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэх ёстой. Би хариуцагч биш учраас хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Батбилэгийн өмгөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2014 оны 04 сарын 18-ны өдрийн 08 тоот гэрээг хариуцагч С.Батбилэг нь Д.Ерэнбаатартай байгуулаагүй учир Д.Ерэнбаатар нь гэрээний дагуу гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь биш учир бидний зүгээс 24,500,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Гэрээнд зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулах гэсэн боловч энэ гарын үсгийг Д.Ерэнбаатар өөрийнх нь гарын үсэг биш манай эхнэр миний өмнөөс зурсан гэж хэлсэн байгаа. Мөн 2014 оны 05 сарын 16-ны өдрийн гэрээгээр 2054 дугаартай экскаватор түрээсэлж үүний төлбөрт 34,166,650 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хариуцагч С.Батбилэг нь 34,166,650 төгрөгийн төлбөрийг төлсөн. 2014 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 сарын 11-ний өдөр хүртэл 2054 дугаартай экскаваторыг түрээсэлсэн нь үнэн. Ингэхдээ 2014 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 сарын 10 хүртэл нийт 49 хоног ажилласан. Үүнийг нэг сард 16,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон байсан бөгөөд сарын 30 хоногт хуваахад нэг өдрийн 533,333 төгрөг гарч байгаа. Энэ төлбөрийг ажилласан 49 хоногт үржүүлэхээр 26,133,000 төгрөгийн түрээс төлөх ёстой байсан. Гэтэл С.Батбилэг нь 43,500,000 төгрөгийг төлсөн байгаа учир илүү төлөлт хийсэн гэж үзэж байна. Иймд эдгээр төлбөрийг бүгдийг нь төлсөн. Тээвэрлэлтийн зардал гэж 605,000 төгрөг нь анхны гэрээ буюу Д.Ерэнбаатартай байгуулаагүй гэрээнд байгаа учир бид энэ үүргийг хүлээхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар нь хариуцагч С.Батбилэгт холбогдуулан 2014 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу 3604 УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 24,500,000 төгрөг, экскаватор тээвэрлэж авчирсан зардал 605,000 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу 2054 УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 34,166,650 төгрөг нийт 59,271,650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч С.Батбилэг эс зөвшөөрч “...2014 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд нэхэмжлэгч Д.Ерэнбаатар гарын үсэг зураагүй тул түрээсийн төлбөр 24,500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 605,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн төлбөрийг би хариуцахгүй н.Батжаргал хариуцна. Харин 2014 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 сарын 11-ний өдөр хүртэл 2054 УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн. 2014 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 сарын 10 хүртэл нийт 49 хоног ажилласан. Түрээсийн төлбөр нэг сард 16,000,000 төгрөг төлөхөөр тохирсон тул нэг өдрийн төлбөр 533,333 төгрөг, 49 хоногт тооцоход 26,133,333 төгрөгийн түрээс төлөх байсан ч 43,500,000 төгрөг төлсөн учир илүү төлөлт хийсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 18-ны өдрийн 08 дугаартай Түрээсийн гэрээ-ний удиртгал хэсэгт “...нэг талаас Д.Ерэнбаатар, нөгөө талаас түрээслэгч нь С.Батбилэг “lonking” маркийн экскаваторыг 3604 УБ улсын дугаартай ...харилцан тохиролцож гэрээ байгуулав” гэж гэрээний талуудыг тодорхойлжээ.
Уг гэрээнд Т.Мягмарсүрэн нь тухайн үед нөхөр Д.Ерэнбаатарын өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан байна. Улмаар хариуцагч С.Батбилэг гэрээний дагуу 3604 УБ улсын дугаартай экскаваторыг өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, түрээсийн төлбөрийг багасгахаар Д.Ерэнбаатартай тохирч, төлбөр төлж байсан тухайд талууд маргаагүй. Хэдийгээр гэрээнд Д.Ерэнбаатар гарын үсэг зураагүй боловч түүний нэрийн өмнөөс Т.Мягмарсүрэн гэрээнд гарын үсэг зурсан нь нөгөө талд ач холбогдолгүй байсан байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагавар, шаардах эрх Д.Ерэнбаатарт үүснэ.
Зохигчид “Түрээсийн гэрээ” гэж байгуулсан байх боловч хариуцагч С.Батбилэг нь нэхэмжлэгч Д.Ерэнбаатарын экскаваторуудыг жолоочийн хамт хөлслөн авч, газар шорооны ажил хийлгэсний төлбөрт хөлс төлөхөөр тохиролцсон талуудын хүсэл зорилгоос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Нэхэмжлэгч 2014 оны 05 сарын 16-ны өдрийн 10 дугаар гэрээний дагуу 34,166,650 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаад гаргасан “...2054 УН улсын дугаартай экскаваторын 2014 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 сарын 10 хүртэл нийт 49 хоногийн түрээсийн төлбөрт 26,133,333 төгрөг төлөх үүрэгтэй байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрч маргаагүй тул талууд тус гэрээ, түүний төлбөрийн тооцоотой холбоотой маргаангүй, харин 2014 оны 04 сарын 18-ны өдрийн 08 дугаар гэрээтэй холбоотой маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн тайлбар болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлэгчээс шалтгаалах ямар шалтгаанаар экскаваторыг бүрэн ашиглаагүй, сул зогссон, гэрээний үүргийг хариуцах этгээд биш болохоо, нэхэмжлэгч 3604 УБ улсын дугаартай экскаваторыг тээвэрлэж авчрахад 605,000 төгрөг зарцуулсан болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Харин нэхэмжлэгч “...2014 оны 08 сарын 05-ны өдрөөс 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд экскаватор ажилласан” гэж, хариуцагч “...2014 оны 08 сарын 18-ны өдрөөс 2014 оны 09 сарын 01 хүртэл хажуу улаан гэх газарт ажилласан” гэж маргасан боловч хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн экскаватор ажиллуулсан өдрийг тэмдэглэсэн тэмдэглэл гэх баримтад “Тулга 08/05 нд хагас ажилласан, 08/7 нд ажилд гарсан” гэж бичсэн байгаагаас үзэхэд “...2014 оны 08 сарын 05-ны өдрөөс ажил эхэлсэн” гэж тайлбар баримтаар нотлогдож байна.
Талууд гэрээндээ 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын төлбөр 16,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс нэг сарын төлбөр 15,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч С.Батбилэг нь 2014 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан 08 дугаартай гэрээний дагуу 3604 УБ улсын дугаартай экскаваторын 2014 оны 04 сарын 20-ны өдрөөс 07 сарын 31-ний өдөр хүртэл 3 сар 11 хоногийн төлбөр 53,866,633 төгрөг, 2014 оны 08 сарын 05-ны өдрөөс 09 сарын 01-ны өдөр хүртэл 24 хоногийн төлбөр 12,000,000 төгрөг нийт 65,866,633 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн 10 дугаартай гэрээний дагуу 26,133,333 төгрөг бүгд 91,999,966 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид 43,500,000 төгрөг төлсөн нь маргаангүй байх тул үлдэх 48,499,966 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч С.Батбилэгээс 48,499,966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ерэнбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,771,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч С.Батбилэгээс 48,499,966 /дөчин найман сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ерэнбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,771,684 /арван сая долоон зуун далан нэг мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ерэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,308 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 400,449 /дөрвөн зуун мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР