| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 188/2018/0060/Э |
| Дугаар | 1009 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1009
Б.А-, Т.Б-, Ж.М-нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхтулга,
шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам,
шүүгдэгч Т.Б- өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Ж.М-ийнөмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Ж.М-ийнөмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-, Т.Б, Ж.М-нарт холбогдох 1708020550291 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ийн А, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................................... ажилладаг, ам бүл .., эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;
2. Б овгийн Т-ийн Б, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр ............................. төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, .......................................... ажилладаг, ам бүл ...., ...................................................................................... бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
3. С овгийн Ж-ны М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......................... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...........................газар ажилладаг, ам бүл .., эцэг, эх, ах нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Б.А-, Т.Б-, Ж.М-нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Б.Нэргүйн хамар руу цохиж, газарт унаган өшиглөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-, Т.Б-, Ж.М-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Б овгийн Б-ийн А, Б овгийн Т-ийн Б, С овгийн Ж-ны М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-, Т.Б-, Ж.М-нарт тус бүр хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.М-нэг жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-, Т.Б-, Ж.М-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, гуч хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг Б.А-од 2 /хоёр/ жил 1 /нэг/ сараар, Т.Б-д 1 /нэг/ жил 7 /долоо/ сараар, Ж.М-1 /нэг/ жил 1 /нэг/ сараар тус бүр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Т.Б-, Ж.М-нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А-, Т.Б-, Ж.М-нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын улмаас цаашид эмчилгээний зардал гарвал гэм хороо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хохирогчид үүсгэсэн хөнгөн зэргийн гэмтлийг хэн хэрхэн учруулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулахгүйгээр бүх шүүгдэгч нарыг учруулсан гэж нийтэд нь хамруулж ял халдаасан нь Эрүүгийн хуулийн хууль ёсны ба шударга ёсны зарчимтай нийцээгүй гэж үзнэ.
2. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хууль ёсны зарчимтай бүрэн нийцнэ. Учир нь, хохирогчид үүссэн гэмтэл нь нэг удаагийн цохилтын хүчээр эсхүл олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосны дараа гэмтэл учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн заалтад бүрэн нийцнэ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аливаа зүйл хөдлөшгүй нотлох баримтад тулгуурлах ёстой гэж заадаг билээ. Хохирогчийн эхнэр болох гэрч Уламбаярын өгсөн мэдүүлгээр үндэслэж яллаж байгаад гомдолтой байгаа, ...хянаж үзнэ үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт хэн нь ямар оролцоотой байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгүйгээр, ялгамжгүй хавтгайруулан ялласан. Хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтлүүдийг хэн нь ямар үйлдлээр хэрхэн үүсгэснийг тогтоолгүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн нь харагдаж байна.
2. ...Хавтас хэргийн материалд хохирогчийн эхнэр Д.У-ын мэдүүлгээс өөр хөндлөнгийн ямар нэгэн гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, нотлох баримт, хэн нь хэрхэн яаж танхайрч байгаа, хэн нь турхирч, уриалан дуудаж байгаа, хэн нь ямар оролцоотой байгааг шүүгдэгч нарт тус бүрд нь хөдлөшгүй баримтаар тогтоогоогүй мөртлөө надад бусдаас ялгамжтайгаар 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ шүүгдэгч нараар адил хэмжээтэйгээр хувь тэнцүүлэн төлүүлсэн. Энэ нь гэмт хэрэгт бид нарын оролцоо адилхан байсныг тодорхойлно, ...хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Б.А- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдсан гэж үзсэн нь үндэслэл муутай. Дээрх шүүгдэгч нар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эд хөрөнгө өмчлөх эрхийг үгүй хийсэн зүйл бол байхгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн хэрэг маргаан болсон газарт үйл ажиллагаа явуулж байсан “Оргил Элбэг” дэлгүүрийн худалдагч нар болон тухайн объектийг хамгаалж байсан харуул хамгаалалтын хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Мөн хохирогчийн хохирлын тооцоог буруу тооцож, хохирол нэхэмжилсэн байдаг.
Шүүгдэгч Б.А- нар нийтийн эзэмшлийн зам талбай дээр маргаан хийгээгүй ба энэ нь нотлогдон тогтоогдохгүй байна. Нэгэнт нотлогдон тогтоогдохгүй эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул Б.А-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б- өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Т.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн үйл баримтын хувьд олон нийтийн амгалан тайван байдал аливаа хэлбэрээр алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм.
Тухайн үед дэлгүүр нь цагийн хуваарийн дагуу хааж байсан ба үйл ажиллагаа нь доголдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заажээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинж болох эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчих, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийт буюу бусад хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан шинжүүд тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүхий л шинжийг харгалзан тал бүрээс нь бодитой зөв шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.М-ийнөмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.М-нь 18 настай, бүрэн дунд боловсролтой, Эмээлт зах дахь мал нядалгааны газар ажилладаг, ам бүл 9, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Анхан шатны шүүх нь Ж.М-холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн үйл баримтын хувьд, олон нийтийн амгалан тайван байдал аливаа хэлбэрээр алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тухайн дэлгүүр нь цагийн хуваарийн дагуу хааж байсан ба үйл ажиллагаа нь доголдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заажээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинж болох эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчих, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн буюу бусад хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан шинжүүд тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүхий л шинжийг харгалзан тал бүрээс нь бодитой зөв шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.А-, Т.Б-, Ж.М-нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан иргэн Б.Нэргүйг зодож, нийтийн хэв журмыг зөрчсөн, зодсоны улмаас Б.Нэргүйн биед “....тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугарал, хамрын зүүн хажуу хана хянганы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, нэг шүдний сулрал...” бүхий гэмтэл учирсан болох нь:
хохирогч Б.Нэргүй нь “...эхнэрийн хамт дэлгүүр рүү орох гэж явахад ямар нэг шалтаг, шалтгаангүйгээр “юугаа хараад байна...” гэж хэлээд гурвуулаа нийлж зодсон, энэхүү үйл явдал нь гудамжинд болсон талаар мэдүүлсэн /хх-1 5-6, 17-21, 169/ гэх мэдүүлгүүд,
хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Д.Уламбаярын “...манай нөхрийг “...чи юу хараад байгаа п... вэ” гэж хэлээд гурван талаас нь тархи толгой руу өшиглөж зодсон...” /хх-1 7-8, 170/, гэрч Б.Ариунболдын “...манай ах, Мөнхсүх, Баттулга гэх хоёр найзтайгаа дэлгүүр орохоор явсан. Машиндаа сууж байгаад нэг харсан чинь гурвуулаа зогсчихсон, танихгүй эрэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. ...” /хх 171/, гэрч Б.Үржинтүндэвийн “...Элбэг дэлгүүрийн үүдний орчим Мөнхсүхтэй тааралдсан. Мөнхсүх жаахан халамцуу байсан ба ажил руу явахгүй юм уу гэхэд өнөөдөр би жаахан архи уучихсан, явж чадахгүй гэсэн. Дахиж битгий архи уугаарай гээд салсан. Цаана нь Тулгаа, өөр танихгүй 2 хүнтэй Оргил дэлгүүрийн харалдаа урд нь хоорондоо хэрэлдэж байсан. ...” /хх 174/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13339 дугаартай “...С.Нэргүй-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугарал, хамрын зүүн хажуу хана хянганы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-40/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тус тус тогтоон хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Б.А-, Т.Б-, Ж.М-нарын 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Б.Нэргүйг цохих, тал талаас нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж ...хүний халдашгүй чөлөөтэй байх ...эрхийг зөрчиж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” гэсэн,
Б.Нэргүйг бүлэглэн зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн тус тус гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Т.Б- өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Ж.М-ийнөмгөөлөгч Л.Батаа нарын “...шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй...” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.А-, Т.Б-, Ж.М-нар дэлгүүр орохоор явсан хохирогч С.Нэргүйгийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, гудамжинд шалтгаангүйгээр гурвуулаа хамтран зодож байгаа нь нийтийн хэв журмыг зөрчиж байгаа үйлдэлд хамаарна. Тэдний энэхүү нийтийн хэв журам зөрчиж байгаа буюу олон нийтийн чөлөөтэй зорчих газарт эрээ цээргүй, догшин авирласныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийн талаархи өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Гэхдээ давж заалдах шатны шүүхээр Б.А-, Т.Б-, Ж.М-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанд тэдний 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж зааснаар өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн үндэслэлээр Б.А-, Т.Б-, Ж.М-нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А- “...шүүхээс ялыг яагаад ялгамжтай оногдуулсан нь ойлгомжгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нэг адил гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Ингэхдээ, анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа чухам ямар үндэслэлээр хорих ялын хугацааг ялгамжтай оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй байна. Энэ талаархи дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх боломжтой тул шүүгдэгч Б.А-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.А-, Т.Б- нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Батсүхийн Анхболд, Төмөрчөдөрийн Баттулга, Жаргалсайханы Мөнхсүх нарын тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар үйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-, Т.Б-, Ж.М-нарт тус бүр хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.М-нэг жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Ж.М-ийнөмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан “...хэргийн зүйлчлэл буруу...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Д.ОЧМАНДАХ