Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Гарамсэд,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,  

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Батзолбоо /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 1499/

шүүгдэгч Б.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөртө овогт Баатархүүгийн Цогтсайханд холбогдох 201519000746 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн байгаль хамгаалагч ажилтай, ам бүл-2, 7 настай хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Өгөөмөр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Бөртө овогт Баатархүүгийн Цогтсайхан, /РДНЮ84050777/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Б.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөр хуурай гэх газар хатуу хучилттай замд Тоёота ист маркын 29-96 УНС улсын дугаартэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг зөрчин, эсрэг урсгалд орсны улмаас Н.Мандуулын жолоодож явсан Тоёота королла маркын 69-04 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, замын хажуу руу орсны улмаас М.Төгөлдөрийн бие махбодид хүнд, Х.Бямбаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, Н.Мандуулд 4.790.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Б.Цогтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулж гомдол саналгүй болгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй тул тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөр хуурай гэх газарт хатуу хучилттай замд Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон байх ба уг тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хатуу хучилттай замд хойд хэсэгт баруун хойш харсан байдалтай 4 дугуй дээрээ зогсож байв... гэснээр үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3, 5, 7 дугаар хуудас,

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4, 161 дүгээр хуудас/

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд Нөхөн үзлэг хийхдээ Тоёота Ист маркийн 29-96 УНС улсын дугаартай авто машины байрлалыг А хэсэг, онхолдсон Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай автомашин онхолдсон газрын В хэсэг болгон тэмдэглэн үзлэгийг хийв... гэснээр болон үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Нөхөн үзлэгээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Б.Цогтсайханы согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд Дрегарь багажаар шалгахад 0.40 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа илэрсэн 1.7 хувийн этилийн спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Мандуул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамт өөрийн Тоёота королла маркийн 69-04 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад авто осолд орж эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан, авто ымашины эвдрэлийн үнэлгээ 4.790.000 төгрөгөөр үнэлэгдсэн, эхнэр Бямбаа, хүү Төгөлдөрийн эмчилгээний зардал болон бусад зардал нийлээд 2.129.710 төгрөг, нийт 6.919.700 төгрөгийн хохирол нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Итгэл эстимэйт ХХК-ний 69-04 НАА улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээ /хх-ийн 55 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мандуул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Миний хүү М.Төгөлдөр 2009 он 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, М.Төгөлдөр авто ослоос гавал тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархины хагалгаанд ороогүй, эмчилгээний, хяналтанд байгаа, баруун чихний ар хэсэгт 9 оёдол тавиулсан тархиндаа 2 газар уйланхайтай болсон, өөр бэртэл гэмтэл байхгүй, хүнд зэргийн гэмтэл учирсан, одоогоор эмчийн хяналтанд биеийн байдал дунд зэрэг байна. Машин эсрэг урсгалаас гэнэт орж ирэхээр нь сигнал дараад рүлээ баруун гар руугаа аюулаас зайлах гэж дарсан, тэгээд юу болсныг бүү мэд, машиныг нам зогсоох зай, хугацаа бол байгаагүй, учир нь гэнэт машин эсрэг урсгалаас орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлт М.Төгөлдөрийн биед тархи доргилт, баруун тал бөмбөлөгийн дагз хэсгийн тархины эдэд няцрал, цус харвалт, энэ хэсэгт сэлтэрсэн яс тархины эд рүү шигдсэн, гавлын дагз ясанд сэлтэрсэн, яс тархины эд рүү, яс хуйх руу шигдсэн ба баруун талд лямбада заадас, зүүн талд хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн чихний дэлбээ, хуйханд шарх, зүүн гуя, сээр нуруунд цус хуралт, зүүн хацарт зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас /

 

М.Төгөлдөрийн 12148 дугаартай өвний түүх /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

Хохирогч Х.Бямбаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 14-ний үдээс хойш 16 цаг өнгөрч байхад нөхөр Н.Мандуул, хүү Төгөлдөр, Төгсбилэг нарын хамт Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай Төв аймгийн Эрдэнэ сум руу хүнтэй уулзах ажлаар явж байтал цайвар өнгийн суудлын жижиг машин манай явж байсан урсгал руу урсгал сөрөөд ороод ирсэн, манай нөхөр баруун гар тал руугаа шороон хэсэг рүү дараад цааш юу болсныг мэдэхгүй байна, би бага хүү Төгсбилэгийг өвөр дээрээ тэврээд том хүү арын суудал дээр сууж явсан. Манай нөхөр Мандуул 70-80 км хооронд хурдтай явсан. Миний толгой нүүр хэсэг хөхөрсөн хугарал бэртэл байхгүй, дандаа зөөлөн эдийн гэмтэлтэй, хүү Төгөлдөр гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт сэхээнээс гараад эмчилгээ хийлгэж байгаа, тархиндаа хүнд гэмтэл авсан, хүү Төгсбилэгийн биед ил хөхрөлт байсан, бэртэл хугарал байхгүй. Нэхэмжлэлийн асуудлыг нөхөр Н.Мандуул гаргана, гомдолтой... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 422 дугаартай шинжээчийн дүгнэлт Х.Бямбаагийн биед баруун нүдний зовхинд, баруун зүүн өвдгөнд цус хуралт, духанд хаван хавдар тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6006 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Автомашины баруун, зүүн талын далбаа зурагдаж хонхойсон, баруун урд, баруун хойд хаалганы цонхны шил хагарсан, урд салхины шил хагарсан, дээвэр хонхойсон, баруун, зүүн талын багана зурагдаж дотогшоо налж хонхойсон, баруун хойд талын далбаа хонхойсон, баруун хойд талын доод хормой хонхойсон, урд гэрэл байхгүй, урд нүүр байхгүй, урд бамбай байхгүй, хойд бамбай салсан, капуд зурагдаж хонхойсон, баруун зүүн талын толь суурь хэсгээрээ хугарсан, аворын дэр задарч гарсан хөгжим салж унжсан баруун талын хаалганы дотор хавтас хагарсан урд талын дээд, доод хөндлөвч төмөр гулзайж хэлбэр дүрсээ алдсан, Коллекторын оруулах хоолой хугарсан, радиогоор гулзайсан, сэнсний хүрээ салсан, агаар шүүгчийн гэр хагарсан, ус шүрчигчийн сав хагарсан, гал хамгаалагчийн гэр хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. Тооромзны механизм ажиллаж байна. Автомашин асаж явах боломжгүй тул тооромзны хүч болон идэвхжилтийг тогтоох боломжгүй байна. Автомашин жолооны механизмыг шалгахад автомашиныг асаалтын түлхүүр эргүүлээгүй тул жолооны хурдыг эргүүлэх боломжгүйгээс жолооч механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Автомашинд үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх тул осолд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 58-72 дугаар хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 115 дугаартай дүгнэлт Тоёота Ист маркийн 29-96 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Цогтсайхан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно гэх заалт зөрчсөн байна. Тоёота Королла маркийн 69-40 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Мандуул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалт зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Б.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй. Энэхүү зам тээврийн осол нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөрхуурай гэх газар хатуу хучилттай замд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр асфальтан шулуун тэгш, хуурай, халтиргаагүй, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, цасгүй хоёр эгнээтэй, эсрэг хоёр эгнээтэй эсрэг хөдөлгөөнтэй замд гарсан байна. Иймд замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй... гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай автомашины жолооч Н.Мандуул эсрэг урсгалаас өөдөөс гэнэт орж ирсэн Тоёота ист маркийн 29-96 УНС улсын дугаартай автомашинтай мөргөлдөхгүйн тулд аюул саадыг зайлуулсан үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тоёота королла маркийн 69-04 НАА улсын дугаартай автомашины жолооч Н.Мандуулын мэдүүлэгт зам тээврийн осол 2-3 секунтын хугацаанд болсон гэх тул дээрх хугацаанд зам тээврийн осол болсон тохиолдолд Н.Мандуул нь автомашиныг зогсоох арга хэмжээ авах боломжгүй бөгөөд учир нь шууд урдаас нь орж ирсэн тул зогсоох арга хэмжээ авахаас нэн түрүүнд тээврийн хэрэгслээ аюул саадаас зайлуулах хугацаа байсан нь харагдаж байна. Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай автомашины жолооч Н.Мандуул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл зөрчсөн гэх үндэслэлгүй, Тоёота ист маркийн 29-96 УНС улсын дугаартай автомашины жолооч Б.Цогтсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаар бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 149-150 дугаар хуудас/

 

Гэрч М.Батаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Тоёота Королла маркийн 69-04 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замын ертөнцийн зүгээр хойд талд 4 дугуйн дээрээ баруун хойшоо харсан байрлалтай зогсож байсан. Тоёота ист маркийн 29-92 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл хатуу хучилттай замын урд хэсэг шороон хөвөөн дээр ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан байрлалтай 4 дугуйн дээрээ байсан ба буруу рультэй тээврийн хэрэгсэл байсан ба жолооч нь руль дээрээ согтуу унтаж байсан, жолооч Цогтсайханыг сэрээж Эрдэнэ сумын төв дээр аваачиж түр саатуулсан, буцаж ослын газрыг хамгаалалтанд авсан. Жолооч Цогтсайхан нь ганцаараа явсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд согтуу байсан. Жолооч Цогтсайхан нь ослын талаар мэдэхгүй байсан ба гав зүүхэд яагаад гавласан талаар асууж байсан. Осол болсноос баруун тийш 1 км орчим зайд Ист маркийн 29-96 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Б.Доржсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан авто ослын дуудлагыг замын зохицуулагч ахлах ахлагч М.Батаад мэдэгдсэн. Ослын газар ирэхэд хатуу хучилттай замын хойд талд Тоёота Королла 64-09 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон 4 дугуйн дээрээ ертөнцийн зүгээр баруун хойшоо харсан байрлалтай, баруун талд 1 км орчим зайд Тоёота Ист маркийн 29-92 дугаартай тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгалд ороод зогссон, жолооч нь рулээ дэрлээд согтуу унтаж байсныг сэрээж, сумын төв рүү авч явсан, машиныг нь үлдээсэн машинд өөр хүн байгаагүй, нилээ согтолттой байсан, юмаа мэдэхгүй согтуу байсан. Тоёота ист маркийн 29-96 улсын дугаартай машин нь эсрэг урсгалд ертөнцийн зүгээр баруун урагшаа хатуу хучилттай замаас гарч шороон хөвөөн дээр баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Цэдэвмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би Цогтсайханы том ах Цогбадрахын эхнэр Ист маркийн 29-96 УНС дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин, би энэ машиныг 2003 онд худалдан авч байсан. Цогтсайхан Эрдэнэ сумын байгаль хамгаалагч хийдэг, эргүүл тойруул хийдэг гэсэн, миний машиныг хэд хоног ажилдаа унаад, өгье гэхээр нь зөвшөөрсөн юм, машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, санал хүсэлт байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас,

 

Гэрч Б.Цэдэнбал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот руу 2015 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17-18 цаг өнгөрч байхад болов уу гэгээтэй, харанхуй болоогүй байхад Төв аймгийн Эрдэнэ сумаас баруун тийш Улаанбаатар хот  явах замд 1 км хиртэй газар хатуу хучилттай замын зүүн хойд талд тоос, шороо боссон энэ чинь юу болов гэж бодоод авор гарчихлаа гэж бодоод очиход замын хойно баруун хойшоо харсан Тоёота Королла маркийн машин осолд орсон байсан. Тэгэхэд хар хөх өнгийн форд жип машин дөнгөж зогсоод хажууд нь нэг эрэгтэй, хүүхдээ тэврээд энэ машин яахаараа намайг ингэдэг юм бэ гээд орилоод байж байсан, туслаарай гээд орилоод ослын газар нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр бага хүүхэд байсан. Тэгээд тэр хар хөх өнгийн форд машинтай хүн осолд орсон хүмүүст тусламж үзүүлэхээр авч явсан, би сумын хэсгийн төлөөлөгчид ослын талаар мэдээлэл өгсөн, ослын дараа намайг Улаанбаатар хот руу хэргийн газраас хөдлөөд явж байхад осол гарснаас баруун тийш 500 орчим метр зайд хатуу хучилттай замын ертөнцийн зүгээр баруун талд эсрэг урсгалд шороон хэсэг дээр мөнгөлөг саарал өнгийн ист маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөр хуурай гэх газар хатуу хучилттай замд Тоёота ист маркын 29-96 УНС улсын дугаартэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг зөрчин, эсрэг урсгалд орсны улмаас Н.Мандуулын жолоодож явсан Тоёота королла маркын 69-04 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж замын хажуу руу орж онхолдон, М.Төгөлдөрийн бие махбодид хүнд, Х.Бямбаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, Н.Мандуулд 4.790.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, хохирогч Н.Мандуулын мэдүүлэг, хохирогч Х.Бямбаагийн мэдүүлэг, гэрч М.Батаа, Б.Доржсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 419 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6006 дугаартай дүгнэлт, Б.Цогтсайхан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн хохирлын баримтууд, Б.Цогтсайханы ял шалгах хуудас болон бусад нотлох баримтуудаар Б.Цогтсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Б.Цогтсайханд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. 

 

Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох Б.Цогтсайханы 995350 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, Б.Цогтсайхан нь хохирогч нарт учирсан хохирол төлбөр болох 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бөртө овогт Баатархүүгийн Цогтсайханы тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд, 1 хүний махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Цогтсайханд оногдуулсан 2 хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Цогтсайханд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Б.Цогтсайхан нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цогтсайханы тээврийн хэрэгсэл жолоодох 01 жилийн эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Ялтан Б.Цогтсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Төгөлдөр, Х.Бямбаа, Н.Мандуул нарт 3.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Б.Цогтсайханы  995350 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Цогтсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ