Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 14 өдөр           Дугаар 128/ШШ2020/0253          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК, /РД:50*****/

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт А-Згийн аманд “Х” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх эзэмшдэг.

Тус компанийн газрын зарим хэсгээр “И” Цахилгаан дамжуулах агаарын шугам дайруулан өнгөрүүлэх зорилгоор БОАЖСын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн А/355 тоот тушаалаар нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан бөгөөд тус акттай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэл дэх захиргааны хзргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 0310 тоот “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох БОАЖСын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн А/355 тоот тушаалын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн. Улмаар маргааны гол үндэслэл болсон Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08- ны өдрийн 23 дугаар тоот тогтоолоор баталсан ерөнхий төлөвлөлт, трассыг зөрчин И төслийн А-З хэсгийн трассын хэсгийг өөрөө тогтоон түүний дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд байгаа болно.

Хэрэг түдгэлзсэн байх хугацаанд буюу 2019 оны 06 сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Сын гарын үсэгтэй албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдэл ирсэн бөгөөд түүний агуулгад “нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас... Улаанбаатар хотын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 50 км 2 хэлхээлт цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд бүтцийн барилга угсралтын ажил хийгдэхгүй 2 жилийн хугацаанд саад болсон байна. Иймд

цаашид газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох хугацаа алдсанаас гарах хохирол, зээлийн хүүг тооцон нэхэмжлэн тус компаниас гаргуулахыг мэдэгдэж байна” гэсэн сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл ирсэн.

Улмаар Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/356 тоот тушаалаар “Х” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, нэгдүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заагдсан шүүхэд хандан эрхээ хамгаалуулах эрхээ эдэлснийх нь төлөө газар ашиглах эрхэд нь халдахаар дээрх байдлаар хууль бусаар дарамт шахалт үзүүлж улмаар түүнийгээ ёсоор болгож хууль дээдлэх зарчим, хүний эрхийг уландаа гишгэж “хоёр эрхийн аль нэгийг нь сонгуулах шахалтад оруулдаг дээрэмчний арга барилаар” Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, сайд ажиллаа.

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/356 тоот тушаалд дурдахдаа “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заалтаар Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компаниудад анх газар ашиглах эрх олгосон өөрийн захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч компаниуд тус газрыг тухайн цаг хугацаандаа холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас тавьсан шаардлагын дагуу өргөдөл хүсэлт гарган ашиглах эрх олж авсан. Газар ашиглах эрх олгосон тушаал бол Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан. Гэтэл дээрх эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан цагаас 5-аас илүү жил өнгөрсөн байхад хүчингүй болгосон байх тул Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/356 тоот тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгай хамгаалалтай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.

“Х” ХХК 1,0 га талбай бүхий газрыг Богдхан уулын З аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу БОАЖСын холбогдох тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын З амны хязгаарлалтын бүсэд дээрх талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/356 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулснаар нотлогддог.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019.06.04 ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019.08.02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно.

Тусгай хамгаалалттай газар бол дархан цаазат газар байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрхийг хязгаарласан байдаг. Аялал жуулчлалын зориулалтаар олгохоор заагаад зөвшөөрсөн зүйл байхгүй. Байгалын цогцолборт газарт бол аялал жуулчлалын зориулалтаар олгох эрхийг хуулиар олгож, эрхийг нь өгсөн байдаг. Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгохыг нээлттэй болгосон. Дархан цаазат газар аялал жуулчлалын газрын зориулалтаар газар олгохыг хориглосон байгаа. Зөвшөөрсөн хориглосон тодорхой заалт байгаа учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр тушаал гарсан гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...хариуцагчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан акттай маргаж шүүхээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн, маргааны гол үндэслэл болсон “И төсөл”-ийн  А-З хэсгийн трассын  хэсгийг өөрөө тогтоон түүний дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон эсэхийг тогтоолгохоор  шүүхээс шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааг түдгэлзүүлээд байхад манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт дахин шинээр гаргаж байгаа нь эрх зүйн зөрчилтэй, хуульд үл нийцсэн...” гэж, хариуцагчаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаж, дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа...” гэж маргаж байгаа болно.

Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 311 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “З ам” гэх газарт “Х” ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **7 дугаартай гэрчилгээ олгожээ.

“Х” ХХК нь 2017 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг тус яамны ерөнхий шинжээч Г.Н-р батлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20**/103 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг Х дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулжээ.

БОАЖСын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед хариуцагч захиргааны байгууллагаас дахин 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/356 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн  тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэсэн үндэслэлээр “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг нь хүчингүй болгожээ.

“Х” ХХК нь Богдхан уулын  дархан  цаазат газрын З амны хязгаарлалтын бүсэд 1 га газрын төлбөрт 2012 онд 30,239,000 төгрөг, 2017 онд 66,000,000 төгрөг, 2018 онд 76,000,000 төгрөгийг Улаанбаатар  хотын банкны 2603007906 тоот газрын төлбөрийн дансанд тушаасан болох нь нийслэлийн Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хүргүүлсэн 16/215 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр “...тухайн газрыг  тойруулан төмөр хашаагаар хашаалсан, газар дээр ямар нэгэн барилга байгууламж бариагүй, түүний эргэн тойрны газарт орон сууцны хороололтой, зарим газарт барилгын ажил явагдаж байгаа” бодит байдал тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаа “...И 110 кв-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын байршилтай холбоотой шүүхийн маргаан 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдаж байгаа тул бодит байдал дээр газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5611 дүгээр шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8048 дугаар шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч “...эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жил өнгөрсөн байхад хүчингүй болгосон...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “...эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д ...захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заажээ.

Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд ямар нэгэн эрх, эсхүл эрх зүйн ач холбогдол бүхий ашигтай талыг иргэд, аж ахуйн нэгжийн хувьд үүсгэх эсхүл баталгаажуулж өгсөн байдаг бөгөөд БОАЖСын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 311 дүгээр тушаалаар “Х” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгогдсоноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасан тохиолдлоор 48.3-д заасан хугацаан дотор л хүчингүй болгох эрхийг хуулиар захиргааны байгууллагад олгож, хариуцагч хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “...хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан тусгай зарчмыг мөрдөж ажиллахыг хуулиар зохицуулж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг захиргааны байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг  үүрэг болгожээ.

 Хариуцагч БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалаар “Х” ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгосон  зорилгоо “...нийтийн эрх ашгийн төлөө, хуулийг дагаж мөрдөх үүргээ  биелүүлэх...” гэж тайлбарлаж байна.

Дээрх маргаан бүхий актад “нийтийн эрх ашиг” гэдэгт “И 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс” нэхэмжлэгчийн газраар дайран өнгөрөх нь нийтийн эрх ашиг гэж тодорхойлж байгаа боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “...Зайсан орчмын трасст орох 9 цэгийн байршлыг эцэслэн тогтоосон  Байгаль орчин, аялал жуулчлалын  яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр”-ийг илт хууль бус болохыг тогтоосон, мөн үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн газрын трасст орсон хэсгийг хүчингүй болгосон шийдвэртэй маргаж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад захиргааны байгууллагыг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн бодит байдлаас үзвэл Байгаль орчны сайд 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 311 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчид анх газар ашиглах эрхийг олгожээ.

 1994 онд батлагдаж өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулж, тус хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулжээ.

Тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” гэж зааснаас үзвэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь 1994 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосоор ирсэн байх ба Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу БТ ам, З ам,Б ам, Х ам, А ам, Н ам, Т ам, Ж ам, ТҮ ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, сууршлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээрх нөхцөл байдал болон шүүхийн үзлэгээр маргаан бүхий газрыг дээрх хуулийн заалтын дагуу “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалт”-аар ашиглах  бодит нөхцөл боломж байхгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын эргэн тойронд орон сууцны хороолол баригдсан, тэр дундаа 1 га газрыг “хүн түр буудаллах, отоглох, судалгаа шинжилгээ” хийх зориулалтаар ашиглах ямарч боломжгүй байхад хариуцагчаас  “...хуулийн заалтуудыг дагаж мөрдөх зорилгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон...” гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, захиргааны акт зорилгодоо нийцээгүй байна гэж үзэхээр байна.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа  бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг баримтлан “аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” стандартын “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс” гэх ойлголтод “дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс”-ийг хамааруулан, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад хариуцагч нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэж, үүнийгээ  “...нийтийн эрх ашгийн хамгаалах, хуулийг дагаж мөрдөх...” гэж  тайлбарлаж байгаа нь  “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Иймд  дээрх үндэслэлүүдээр БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ