| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2017/00973 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00973
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00973
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 2а байр, 29 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдын өндөр 52 дугаар байр, 33 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал /РД:ЦВ71121336/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 2а байр, 29 тоот хаягт оршин суух, Шангас овогт Ядмаагийн Оюунчимэг /РД:ОЗ74091600/-т холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Я.Оюунчимэгтэй 2009 онд Ирланд улсад байхдаа танилцсан. Бидний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Цэлмэг-Аюуш төрсөн. Я.Оюунчимэг нь намайг бие, сэтгэлийн хүчирхийлэлд байлгадаг бөгөөд энэ нь 4 настай хүүгийн минь хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд хүү Б.Цэлмэг-Аюушийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүү Б.Цэлмэг-Аюушийг Д.Батжаргалын асрамжид үлдээхгүй. Би өөрөө асран хамгаалах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Оюунчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Батжаргал бид 2008 оноос хойш хамтын амьдралтай байсан, гэр бүлээ бүртгүүлэх, албан ёсны гэр бүл болох тухай ярилцаж бүр бүртгэлийн товчоонд хүртэл очихоор явж байсан, тодорхой шалтгааны улмаас түр хойшлуулсан байсан. Би Ирландад хүүгээ хүндрэлтэй төрүүлсэн, төрөхийн улмаас авсан өвчин эмгэгийг эмчлүүлэх зорилгоор Ирландад амьдарч байсан, одоог хүртэл би эмнэлгийн хяналтаас гаргаагүй эмчилгээтэй байгаа. Хүү Б.Цэлмэг-Аюушийг эх Я.Оюунчимэг миний асрамжид үлдээн, Я.Оюунчимэг намайг хүүгийнхээ хууль ёсны асран хамгаалагч нь болохыг тогтоож, Д.Батжаргалаас хүү Б.Цэлмэг-Аюушийг 18 нас хүртэл тэтгэх хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмждэгч Д.Батжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Цэлмэг-Аюушийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ярилцаад эвлэрч, нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлээ татан авч, хүү Б.Цэлмэг-Аюушийг эх Я.Оюунчимэгийн асрамжид үлдээж, хүүдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөөр болсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ярилцаад эвлэрэхээр болсон. Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлээ татан авч, хүү Б.Цэлмэг-Аюушийг эх Я.Оюунчимэгийн асрамжид үлдээж, хүүдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д.Батжаргал би өөрийн тус шүүхэд гаргасан хүү Б.Цэлмэг-Аюушийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг баримтлан татан авч байна. Харин Я.Оюунчимэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хүү Б.Цэлмэг-Аюушийг өөрийн асрамжид авч, эцэг Д.Батжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүү Б.Цэлмэг-Аюушт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2012 оны 1 дүгээр сарын 21-нд төрсөн хүү Б.Цэлмэг-Аюушийг өөрийн асрамжид авч байгаа эх Я.Оюунчимэг нь сард 2-оос доошгүй удаа эцэгтэй нь уулзуулах үүрэгтэйг шүүгчийн захирамжид тусгаж өгнө үү гэжээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батжаргал нь хариуцагч Я.Оюунчимэгт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг-Аюушийг эх Я.Оюунчимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд заасан хэмжээгээр тогтоолгохоор тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг-Аюушийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал /РД:ЦВ71121336/-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй” болохыг эцэг Д.Батжаргалд, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Батжаргалыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг хариуцагч Я.Оюунчимэгт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгох, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс /Үндэсний Статистикийн хорооноос 2017 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.300:2=92.650, 92.650х12=1.111.800 төгрөг болж байна/ 1.111.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 32.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Батжаргал хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг-Аюушийг эх Я.Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг-Аюушийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Д.Батжаргалаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Батжаргалд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 32.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Я.Оюунчимэг нь хүү Б.Цэлмэг-Аюушийг сард 2-оос доошгүй удаа эцэг Д.Батжаргалтай уулзуулж байхаар эвлэрснийг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ